“Оюутолгой” төсөлд хийх аудитыг эхлүүллээ

5-р сарын 14, 2018 9:12 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 16
5-14-5

Б.ТӨГС

Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд 2018 онд гүйцэтгэх батлагдсан сэдвийн дагуу “Оюутолгой” төсөлд хийх аудитыг эхлүүллээ. Энэ ажлыг 2018-2019 онд хийж гүйцэтгэх бөгөөд “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүү­жилтийн төлөвлөгөө”, “Оюутолгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулал­тын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал гэсэн хоёр бүлэг сэдвээр гүйцэтгэх юм байна. Өнгөрсөн баасан гаригт Үндэсний аудитын газарт “Оюутолгой” төсөлд хийх аудитын төлөвлөгөөг танилцуулсан юм. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар болон аудитын баг бүрэлдэхүүн оролцлоо. Харин “Оюутолгой” компаниас гүйцэтгэх захирал Армандо Торрес нарын төлөөлөгчид ирсэн байв.

Монгол Улсын Ерөн­хий аудитор Д.Хүрэлбаатар аудитын төлөв­лөгөөг “Оюутолгой” ком­панийн төлөөлөгчдөд гар­дуулж өглөө. Төрийн аудитын байгууллага нь олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу олон улсын аудитын дээд байгууллагад тавигддаг хараат бус байдлын шалгуур үзүүлэлтүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Олон улсын стандартад “Аудитын дээд байгууллагууд хараат бус байдлаа бууруулахгүйгээр олон нийтийн хүлээлт буюу таамаглалыг мэдэж авч, түүнд цагаа олсон, тохиромжтой хариулт өгч байх хэрэгтэй” гэж заасны дагуу мэргэжлийн зөвлөх, шинжээч, инженер, техникийн багуудтай хамтран бодит мэдээлэл, баталгаат баримт бичигт тулгуурлан тус аудитуудыг хууль, эрхзүйн хүрээнд гүйцэтгэж дүгнэлт гарган, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг гол зарчим болгон ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар онцоллоо. Мөн тэрээр хэлэхдээ “Төрийн аудитын хуулийн дагуу төрийн аудитын баг, бүрэлдэхүүн тухайн компаниас аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, шуурхай авах эрхтэй. Тиймээс төсөлтэй холбоотой баримтуудыг үнэн зөв, шуурхай, саадгүй гаргаж өгөхийг хүсч байна. Аудитын байгууллага нь үнэн зөв дүгнэлтийг гаргахаас гадна дэмжин туслах чиглэлтэй ажиллах ёстой. Тиймээс энэхүү аудитыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хийхэд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд “Оюутолгой” төсөл нь манай улсад нийгэм, эдийн засагтай шууд холбоотой томоохон төсөл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс олон нийтийн хүсэн хүлээж байгаа олон асуултад төрийн аудит хариултыг нь эцэслэн гаргаж өгөх үүрэгтэй. Төр засаг, иргэд, олон нийт ч энэ аудитын дүгнэлтийг хүлээж байгаа. Бид зөвхөн бичиг цаас үзэх биш уурхай, технологи, нөөц гээд бүгдийг нь үзнэ. Өнөөдрийг хүртэлх бүх хөрөнгө оруулалтын зардлыг баталгаажуулна. Мөн нэг удаа аудит хийгээд дуусахгүй. Цаашид тогтвортой, тодорхой давтамжтайгаар аудитуудыг үргэлжлүүлэн хийнэ” гэлээ.

Харин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес аудитын төлөвлөгөөг хүлээн авч талархал илэрхийлээд “Оюутолгой төсөл нь Монгол Улсын ард түмний төсөл. Тиймээс амжилттай хэрэгжүүлэхэд бид бүгдийн хариуцлага маш чухал. Олон нийтийн дунд төслийн талаарх ойлголт олон янз байна. Энэхүү аудит нь үүнд тодорхой хариулт өгөх боломж гэж харж байна. Тиймээс бид та бүхний ажилд туслаж, хуулийн хүрээнд хамтан ажиллахад бэлэн байна. Нэг зүйлийг хэлэхэд, манай компанид өнөөдрийн нөхцөлд маш олон шалгалт орчихсон, ажилчдын маань ачаалал дээд цэгтээ байгааг ойлгоорой” гэж хариулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *