Оросын цагаан армийн монгол цустай командлагч

7-р сарын 1, 2013 10:23 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 1149
Европт хөнөөлт дэлхийн нэгдүгээр дайн дэгдэж, Германы арми Оросын газар нутагт нэвтрээд байсан 1917 оны наймдугаар сард манай хойд хөршийн түр Засгийн газар бүх цэргийн командлагчаар Лавр Корниловыг томилжээ.

Б.БАРС

Европт хөнөөлт дэлхийн нэгдүгээр дайн дэгдэж, Германы арми Оросын газар нутагт нэвтрээд байсан 1917 оны наймдугаар сард манай хойд хөршийн түр Засгийн газар бүх цэргийн командлагчаар Лавр Корниловыг томилжээ. Орос-Японы дайн, дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед цэргийн гарамгай удирдагч гэдгээ нотолсон тэрээр монгол цустай нэгэн байсан бөгөөд 1870 онд хаант Оросын Семипалатинск мужид цэргийн албан хаагчийн гэр бүлд төрсөн аж.

Лавр Корнилов нь Оросын цэргийн жанжин штабын дээд сургуулийг онц дүнтэй төгсөөд 1890-ээд онд Афганистан, Иран, Манж чин улсын Кашгар зэрэгт аялан судалгааны болон тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан нэгэн. Тэрээр англи, франц, герман хэлнээс гадна перс, урду, казах хэлийг гаргууд сайн эзэмшсэн байжээ.

Орос-Японы дайны үед тэрээр анх тулалдаанд оролцож, 1905 онд Оросын армийн гол хүч Мугдэнээс ухрах ажиллагааг халхлан цөөн хүчээр Японы давшилтыг тогтоон барих даалгаврыг амжилттай удирдсан юм. Тэрээр нэгэн тосгонд японуудын бүслэлтэд орсон ч цэргүүдээ манлайлан гардан тулаанд орж сэт цохин гарч чадсан гэдэг.

Дэлхийн нэгдүгээр дайны эхэнд тэрээр Карпатын нуруунд мөн л хэд хэдэн амжилттай сөрөг давшилтыг санаачлан удирдаж эзэн хааныхаа сайшаалыг хүртэж байсан юм. 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалаар Орост хаант засаглалаа түлхэн унагаж түр Засгийн газартай болсон бөгөөд коммунистуудын явуулгаар арми дахь сахилга бат ноцтойгоор сулрах болжээ. Ийм эгзэгтэй үед Л.Корнилов Оросын бүх цэргийн ерөнхий командлагчаар томилогдож, фронтоос зугтагсдыг цаазлах тушаал гарган богино хугацаанд армийн сахилга батыг бэхжүүлэн ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээж байсан юм.

Коммунистууд октябрийн хувьсгалаар бүх төрийн эрх мэдлийг гартаа авахад тэрээр цагаантны хөдөлгөөний удирдагчдын нэг болж, Оросын өмнөд хэсэгт большевикуудын эсрэг амжилттай тулалдаж байв. Л.Корнилов улаантнууд Екатеринодар хотыг довтлох үеэр 1918 оны дөрөвдүгээр сарын 13-нд амь үрэгджээ. Арми төдийгүй ард түмний дунд нэр хүндтэй домогт баатрын цогцсыг коммунистууд яаравчлан шатаасан гэдэг юм билээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *