Оросын нисэх хүчин цохилт өгч эхэллээ

10-р сарын 2, 2015 10:54 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 208
10-2-8

М.ХҮСЛЭН

Оросын агаарын хүчин Сири дэх “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг цохилт өгч эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын арми хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах саналыг уржигдар Холбооны зөвлөлд оруулсан юм. Холбооны зөвлөл хуралдаж, Оросын зэвсэгт хүчин хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах зөв­шөөр­лийг өгсөн аж.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Оросын агаарын хүчин Сири дэх “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг цохилт өгч эхэлснийг албан ёсоор мэдэгдээд,  тус яамнаас мэдээлэл авч байхыг сэтгүүлчдэд сануулжээ. Сергей Шойгугийн хэлснээр, Оросын онгоцууд тер­рористуудын цэргийн техник, холбооны зан­гилаа, тээврийн хэрэг­сэл, зэвсгийн агуулах зэрэгт цохилт хийжээ. Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдээлэл хийж, Оросын нисэх хүчин “Исламын улс” бүлэглэлийн Сирийн нутаг дэвсгэр дэх байр­лалд цохилт өгч эхэлснийг мөн мэдэгдээд байна.

Оросын  байлдааны онгоцууд “Исламын улс” бүлэглэлийн байрлалыг бөмбөгдөж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.

ДАЙРАЛТААС 36 ЭНГИЙН ХҮН АМЬ ҮРЭГДСЭН ГЭВ

Сирийн сөрөг хүчний бүлгүүдийн эвслийн удирдагч Халед Хожа есдүгээр сарын 30-нд болсон Оросын агаарын цэргийн хүчний дайралтын улмаас 36 энгийн хүн амь үрэгдсэн хэмээн мэдэгджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор таван хүүхэд байжээ. Халед Хожагийн хэлснээр Хомс мужийн нутаг дэвсгэрт явуулсан агаарын цохилтын үеэр 36 энгийн иргэн алагдсан гэдгийг нутгийн иргэд мэдээлсэн байна. Тэрээр “Оросын Сири дэх гол зорилго бол Башар Асадын засаглалыг дэмжих, энгийн иргэдийг алан хядаж, замбараагүй байдал үүсгэх явдал болох нь тодорхой боллоо” хэмээсэн байна. Халед Хожа ОХУ-ын агаарын хүчнийхэн Сирийн чөлөөт армийн бааз руу мөн цохилт хийсэн гээд тэнд нэг ч хүн амь эрсдээгүй гэжээ. Мөн тэрээр ОХУ-ын онгоцууд цохилт хийсэн газруудад “Исламын улс” бүлэглэлийн дайчид байхгүй хэмээн мэдэгджээ. Харин Москва Сири дэх “Исламын улс” бүлэглэлд агаараас 20 удаагийн цохилт өгсөн гээд, энгийн иргэд өртсөн гэсэн мэдээллийг няцаав. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Халед Хожагийн мэдэгдлийг “худлаа гүтгэлэг, зүгээр л мэдээллийн дайн” хэмээн нэрлэжээ.

Д.ТРАМП ОХУ-ЫН ДАЙРАЛТЫГ ДЭМЖИВ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшээд буй Дональд Трамп ОХУ-ын Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийж буй агаарын цохилтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа хэрэв 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Сирийн олон мянган дүрвэгчдийг эх орондоо буцахад нь боломж гаргаж өгнө хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *