Оросын мафийн “хаан”-ыг устгав

1-р сарын 18, 2013 9:12 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 682
Хасан өвөө хэмээн алдаршсан Оросын хам­гийн аюултай гэмт хэрэгт­нүүдийн нэг Аслан Усоян мафийн тухай кинон дээр гардаг шиг өчигдөр Москва хотын төвд мэргэн буучийн суманд өртөн амьс­гал хураав.

 

Н.МӨНХЖИН

Хасан өвөө хэмээн алдаршсан Оросын хам­гийн аюултай гэмт хэрэгт­нүүдийн нэг Аслан Усоян мафийн тухай кинон дээр гардаг шиг өчигдөр Москва хотын төвд мэргэн буучийн суманд өртөн амьс­гал хураав. Хэвлэл мэдээл­лийн­хэн түүнийг “Оросын мафийн хаан” хэмээн нэр­лэдэг байсан юм. Түүнийг нэгэн зоо­гийн газар гүнцэг барьчи­хаад гарч ирэхэд хажуу­гийн байшингийн дээвэр дээрээс мэргэн бууч бууд­сан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. Хасан өвөөг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ. Зоогийн газ­рын ажилтан эмэгтэй бас суманд өртөн шархадсан хэмээн мэдээлж байна. Энэхүү аллага Кремлиэс нэг км-ийн зайд, Москва дахь Испанийн элчин сайдын яамны хажууханд болсон аж.

Гүржид төрсөн, 75 настай Усоян нь Орос болон хөрш орнууд дахь хууль бус наймааг атгадаг нэгэн байв. Хар залуугаа­раа гэмт хэр­гийн ертөнцөд хөл тавьсан тэрээр 19 нас­тайдаа анх шоронгийн хаалга татаж байжээ. Хасан өвөөгийн аллагын дараа Оросын мафиудын хооронд дайн дэгдэнэ хэмээн зарим хүн үзэж байна.

“Өнөөдөр Оросын гэмт хэргийн ертөнц ху­вааг­даж, шинэ хуваа­ри­лалтад орж байна” хэмээн Думын нэгэн депутат Twitter-тээ бичжээ. Хасан өвөө нь Орос дахь хууль бус мө­рий­тэй тог­лоом, хар там­хи, зэвс­гийн наймаа, бай­га­лийн баялгийн үйлдвэрлэл зэрэг гэмт хэргийн ихэнх салбарын “Загалмайлсан эцэг” хэмээн тооцогддог байсан юм. Тэрээр Та­риел Ониани зэрэг мафийн толгой­логч болон бусад бүлэглэл­тэй харгис өрсөл­дөөн өрнүүлдэг байв. Түү­ний өрсөлдөг­чид 1998, 2010 онд амь насанд нь халдсан ч тэрээр амьд үлдсэн юм. 2010 онд Хасан өвөөг мөн л ха­жуу­гийн байшингийн дээв­рээс мэргэн буудагч онилж буудсан ч тэсч үлджээ. Бие хамгаалагч нь халхалж түүний амийг аварсан гэдэг. Харин  энэ удаа бие хамгаа­лагчид нь түүнийг халхалж амжсангүй. Өмнө нь түүний амь насанд хал­даж байсан хүмүүс энэ хэргийг үйлдсэн хэмээн цагдаагийн нэгэн ажилтан “Интерфакс”-т ярьжээ. Хасан өвөөгийн нэртэй хамтран зүтгэгч, Япончик хочит Вячеслав Иваньков 2009 онд алуулсан билээ.