Оросууд сүүлчийн хаанаа дахин гаргаж ирнэ

9-р сарын 25, 2015 11:15 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 184
Хаан Николай хүү Алексейн хамт. Сибирь.

Н.МӨНХЖИН

Орос улс сүүлчийн хаан II Николайн шарилыг дахин гаргаж ирэхээр болов. Хааныг хөнөөсөн хэргийг шалгаад 2011 онд хаасан ОХУ-ын Зааварчилгааны хороо хааны хамаатан садан болон Оросын ортодокс сүмийн хүсэлтийн дагуу цогцосны жинхэнэ эсэхийг тогтоох шалгалтыг дахин хийхээр болсон байна. “Үүний тулд Санкт-Петербургийн Петр Павлын сүмд байгаа хаан Николай, хатан хаан Александра Феодоровнагийн шарилыг дахин гаргаж ирэх хэрэгтэй боллоо” хэмээн  Зааварчилгааны хорооны төлөөлөгч Владимир Маркин сэтгүүлчдэд мэдээлэв.

II Николай хааны өв залгамжлагчид болох ханхүү Алексей, түүний дүү, их гүнж Мария нарын цогцос 2007 онд олдсон юм. Энэ хэрэг дээр ажилласан шинжээчдийн хэсэг Йерусалимд оршуулсан хатан хааны дүү Элизабет Феодоровнагийн цогцос үлдэгдлийг шинжилж, цусны дээж авах санал гаргасан байна. Улмаар сүүлчийн хааны өвөө, хаан IIАлександр болон царь Николай, гэргий нарын үлдэгдэлд шинжилгээ хийх шаардлага гарсан бололтой.

“Интерфакс” агентлаг уламжилснаар, Зааварчилгааны хорооны ажилтнууд зохих мэргэжилтэн, шинжээчдийн хамтаар Николай хааны араг яс болон 1881 онд тэсрэх бөмбөгт өртөн амиа алдсан өвөөгийнх нь хувцаснаас дээж, шинжилгээ авчээ. Николай хааны гэх цогцос, үлдэгдлийн жинхэнэ эсэхт байнга эргэлзэж, дахин шинжилгээ хийхийг шаардаж ирсэн Оросын хааны ордон эрх баригчдын шийдвэрийг талархан хүлээж авчээ. “Цогцсуудыг шаардлагатай бол гаргах л хэрэгтэй. Энэ бол маш чухал бөгөөд эмзэг сэдэв” хэмээн Оросын хааны ордны төлөөлөгч Александр Закатов хэллээ. “Дахин шинжилгээ хийнэ гэсэн Москвагийн шийдвэр тун зөв. Олон хүн асуудаг, эргэлздэг. Эргэлзээг тайлах учиртай. Шинжилгээний бүх явц, шатанд сүмийнхэн байлцаж “Энэ бол Оросын сүүлчийн хаан, хатны цогцос мөн байна” гэдгийг баттай тогтоох хэрэгтэй” хэмээн Мадридад суудаг Оросын хааны ордны тэргүүн Мария Романова өгүүлэв.

Оросын сүүлчийн хаан, гэргий болон гурван хүүхдийнх нь гэх цогцсыг 1991 онд дахин ухан гаргаж, 1998 онд Санкт-Петербургийн сүмд ёслол төгөлдөр оршуулсан юм. Оршуулган дээр тэр үеийн Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин болон хааны гэр бүлийн төлөөлөгчид байсан билээ. 2007 онд Оросын шинжээчид Екатеринбург орчмын Уралын ойгоос хэд хэдэн араг яс олсон нь АНУ-д хийсэн шинжилгээгээр сүүлчийн хааны өв залгамжлагч болох Алексей, Мария нарынх болохыг тогтоосон билээ.

2008 оны аравдугаар сард ОХУ-ын Дээд шүүх хаан Николай, гэргий Александра болон Ольга, Татьяна, Мария, Анастасия болон хаан ширээг залгамжлагч Алексей нарын таван хүүхдийнх нь нэр төрийг сэргээж, тэднийг большевик бодлогын золиос болсон хэмээн үзсэн байна. II Николай, гэргий болон таван хүүхдийг нь 1918 оны долдугаар сарын 17-нд (1917 оны аравдугаар сарын Октябрийн хувьсгалын дараа Орост дэгдсэн иргэний дайны үеэр) Екатеринбург дахь Ипатьевийн байшингийн доод хонгилд буудан хороосон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *