Орон нутгийн сонгуулиар хутгах “бантан”

10-р сарын 5, 2012 9:57 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 199

Ө.СОНОР

Шинэ  тогтолцоо, ши­нэ­лэг журмаар болж  өнгө­рөх сюрприз ихтэй  ээлжит сонгууль ирэх сарын 21-нд  болно.

Хэдийгээр хугацаа нь  хоолой дээр тулаагүй ч намууд иргэдийн төлөө­лөгч­дийг сонгох сонгуульд  барьж  орох  төлөвлөгөөгөө бүдүүн бааргаар нь гар­гачихсан явна. Ялангуяа УИХ-ын сонгуульд өвдөг  шороодсон МАН “Орон нутагт ямар ч байсан ялна” гэсэн хатуу болзол­тойгоор тулаанд бэлдэж байгааг гишүүдийнх нь ярианаас ойлгож болохоор байна. Энэ намын дарга “Луй­вар­­дуулчихгүй л бол бид  ялна” хэмээсэн яриаг ч  хэвлэлд  өгчээ. Харин  Засагт хамтарсан АН, МАХН, МҮАН дотроо жаахан бужигнаантай, одоохондоо “Би орно, чи  гарна “ гэсээр учир начраа  тунгаагаагүй яваа бо­лол­той юм. 

Нөгөө­тэйгүүр Засгийн ажил гээд МАН-ынхан шиг ганцхан сон­гуульд хамаг анхаарлаа төвлө­рүүлэх завгүй байгаа биз. Намуудын орон нут­гийн сонгуулийн өмнөх дүр  товчхондоо иймэрхүү байна. Гэхдээ тэд  сон­гуульд хэрхэн бэлдэж байгаа гэхээс илүү сон­гууль явуулах хууль  нь юу болчихов гэдэг тухай  дорвитой дуугарч, зүрхтэй хэлж  байгаа улстөрч цөөн байна.

Шинэ  тогтолцоо гэхээсээ орон нутгийн  сонгуульд  заавал ялах  ёстой гэж үзэх  нэгэн шалтгаан нь орон нутагт эрх мэдэл, төсвийг  нь  шилжүүлэхээр  болсон явдал гэдгийг хэвлэлүүд  онцолж  байгаа. Гэтэл  намууд ялах нь чухал гэж үзэж буйгаас биш  ямар аргаар гэдэгт  онцын  ач холбогдол  өгөхгүй байгаа бололтой. Үүний  энгийн жишээ нь   Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  сонгуулийн тухай хууль  нь тоо  бодож, томьёо  хэрэглэхээс наана  ойлгохын аргагүй, энгийн иргэд  байтугай  хуулиа батласан Их  хурлын  ги­шүүний  IQ хүрэхээр­гүй баримт, бичиг  болсон гэдэг шүүмжлэл юм.  Өмнө нь нэг  удаа, одоо хоёр дахь удаа “гар хүрэх”-ээр  болоод  буй дээрх  хуулийн хоёр  заалтыг харъя. / Энэ заалтуудад  сүүлд нэмэлт,  өөрчлөлт  оруулсан/. Хуулийн  4.11.1-д “энэ хуульд өөрөөр заагаагүй бол хувь тэнцүүлэх хэл­бэрээр сонгогдох төлөө­лөгчдийн тоог Монгол Ул­сын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заасан сумын Хурлын төлөөлөгчдийн тоог гуравт хувааж тогтоох бөгөөд хэрэв ийнхүү хуваахад бутархай тоо гарвал ердийн ойролцоо бүхэл тоогоор тогтоох, 4.11.2- т “баг бүрд ногдох олон мандаттай олонх(мажоритар)-ын хэлбэрээр сонгогдох мандатын тоог энэ хуулийн 4.11.1-д зааснаас бусад төлөөлөгчдийн тоог тухайн сумын багийн нийт тоонд хуваан бүхэл хэсгээр нь тогтоох бөгөөд ийнхүү хуваахад үлдэгдэл үлдвэл түүнийг хамгийн олон хүн амтай багаас эхлүүлэн дараалуулан тэдгээрт нэг нэгээр нэмж хуваарилах замаар дуустал тогтоох. Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно”  гэх мэтээр  заасан юм. Орон нутгийн сонгуулийг  УИХ-ын сонгуультай  адил  холимог  тогтолцоогоор  буюу  30  хувь пропорциональ, 70 хувь  мажоритараар зохион  байгуулахаар хуульчилсан. Намуудад  өгсөн саналаар  нийт төлөөлөгчдийн  гучин  хувийг  сонгох,  үлдсэн нь нэр дэвшиж  өөрийн нэрээр сонгогдох УИХ-ынхтай  адил,  бидний  нэг  удаа  хэрэглэж  үзсэн хувилбар л даа. Гэтэл үүн  дотроо бутархайг  ойролцоогоор  нь  бүхэлдэнэ  гэх  мэт  заалтууд яг  яана гэсэн үг  болохыг энгийн сонгогч байтугай эгэл судлаач ч ойлгохгүй будилж суугаагаа хэлсээр байна.

Уг нь манай байшингийн хажуугаар өнгөрөх замыг хэрхэн засах  вэ, амьдрах  орчин  нөхцлийг  маань яаж сайжруулах вэ  гэх мэтээр иргэн  хүнд шууд хамаа­ралтай төлөөлөгчдийг  сон­годгоороо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль  УИХ-ынхаас ч илүү чухал юм. Парламентын сонгууль  бол  ерөнхий, хууль тог­тоох төвшний  төлөөл­лийнх  шүү дээ. Гэтэл иргэд  өөрт  хамгийн ойр  ажиллах  хүнээ  сонгохын тулд ойлгомжгүй хууль, түүнийг дагасан ээдрээтэй  зохион байгуулалттай учрах нөхцөл  бүрдсэнийг онцлох  хүн олон  байна. Бидэнд  9,2 тэрбум хэрэгтэй байна гээд 5,2  тэрбумаар төсвөө  батлуулсан Сонгуулийн ерөнхий  хорооныхон ч мөнгөө хэрхэн  хуваах вэ гэхээс иргэдэд сонгуулийг хэрхэн ойлгомжтой  явуулахав  гэдэгт  ганц үг  ганхийхгүй юм. Бодвол  заншлынхаа  дагуу цагийг нь тулгаж байгаад телевизээр хэдэн шторк цацуулах л  байх. Олон  жил төрийн толгой  дээр суусан МАН  дэмий гэдийж  байгаад бүлэггүй хоцорсон. Тэднийг бүлэггүй байх  хойгуур Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг батласан гэж  өнөөг хүртэл гомдол нэхэж байгаа тус намынхан  энэ хуулийн талаах  шүүмжлэлийг илүүтэй  өрнүүлж  байгаа юм.  Орон нутаг,  цөөн хүн амтай  сум сууринд  улстөржилт  хамгийн бага байх  ёстой,  тиймээс мажоритарын  дагуу  шууд сонгох тогтолцоог  хэрэг­жүү­лэх  гэх  мэт тэдний  хууль  батлагдахаас өмнөх  саналуудаас авах  юм байсан юм.  Харин одоо бол нэгэнт өнгөрсөн учраас АН-ынхан өөрсдөдөө  ашиг­тай  бүх зүйлийг хийж, орон нутгийн сон­гуулийн  хуулийг батлалаа  гэхээс өөр  тайлбаргүй сууж байна. Хамгийн  сүүлд гэхэд хэвлэлүүд  хэд  хэд шүүмжилсний  дараа  л  парламентын бүс­гүй­чүүд  эмэгтэйчүүдийнхээ  кво­тыг мартсанаа  гэнэт са­наж “Хуулиа  өөрчилье”  гээд УИХ-ын дарга руу төсөл  бариад  гүйж  явах жишээтэй. Хууль  батла­сан хүмүүс нь  өөрсдөө  ийм орон гаран байхад орон  нутгийн сонгуулиар  нэг  сайн “бантан”  хутгах нь  ойлгомжтой  болсон бололтой.  Намууд “бантан”-г  хэрхэн хутгах төлөвлөгөөгөө зохиож, СЕХ түүнийг нь  яажшуухан  найруулахаа  бодож сууна. Товлогдсон  учраас ирэх сарын 21-нд ээлжит  сонгууль  болох нь  ч  болох  л  байх.

Нийт: 3 Сэтгэгдэл

Melly
2016 оны 12-р сарын 1

In the cocpeimatld world we live in, it’s good to find simple solutions.

Verle
2016 оны 12-р сарын 3

It’s posts like this that make surfing so much plsuaere

Teiya
2018 оны 9-р сарын 21

At last! Something clear I can undadstenr. Thanks!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *