Онцлох сурвалжлага: Хүмүүс дөлж, зугтаах нь их хэцүү санагддаг

9-р сарын 6, 2018 2:56 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 13
ÿ5

 Ч.ГАНТУЛГА

Азийн улс орнуудад 1980-аад оноос хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын эрхийн төлөө “TRY” хөдөлгөөнийг зохион байгуулсаар иржээ. Харин манай орон 2011 оноос энэ хөдөлгөөнд нэгдсэн аж. Жил бүрийн энэ үйл ажиллагааг Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах “Түгээмэл хөгжил” төв улсын хэмжээнд зохион байгуулдаг юм байна. Энэ жилийн хувьд хүнд хэлбэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн эрх ашгийг дэмжигчид оролцож, нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн юм. Тэд Сүхбаатар дүүргийн Төрийн банк, Улаанбаатар зочид буудал, “Мetro mall” худалдааны төвөөр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхээр нийгмээс тусгаарлагдсан, нуугдмал байх ёсгүй. Тэд бусад хүнтэй адил эрхээ эдэлж, ажил эрхэлж, нийгэмд дуу хоолойгоо өргөх эрхтэй гэдгийг энэ хөдөлгөөнөөр ойлгуулахыг хүсчээ. Мөн хотын хэмжээнд тэргэнцэртэй хүмүүст зориулсан стандартны зам талбай хэр байгааг энэ аяллаараа харуулахыг зорьсон аж.

“Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна”    

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын дунд хүссэнээрээ явж, дуртай ажлаа хийх бололцоо манай нийгэмд одоогоор алга. Гэрээсээ гарахдаа заавал хүний туслалцаа л авахгүй бол зориулалтын зам талбай тун хомс. Үүнээс гадна ямар ч албан байгууллагад ажиллах хүсэлт гаргаад нэмэргүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энэ мэт олон бэрхшээл бий. Харин эдгээрээс хамгийн хүнд нь хүмүүсийн хандлага гэж Ж.Тэмүүлэн онцолж байв. Тэрээр “Би энэ хөдөлгөөнд жил бүр оролцдог. Жилээс жилд цар хүрээгээ тэлж байгаад баяртай байна. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүмүүс дөлж зугтаах нь их хэцүү санагддаг. Уг нь бид я ялгаагүй хүн шүү дээ. Хүмүүсийн хандлагаас болоод гадуур дураараа явах, хүссэн ажлаа хийхээс санаа зовдог. Тиймээс хүмүүсийн хандлагыг л өөрчилмөөр байна” гэсэн юм.

Эхлээд орчны бэрхшээлийг шийдэх хэрэгтэй

Энэ удаагийн TRY” хөдөлгөөнд 20 гаруй тэргэнцэртэй иргэд оролцсон юм.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд оролцохын тулд хүртээмжтэй орчин хэрэгтэй. ХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга    С.Рэгзэн “Сүүлийн үед баригдаж буй барилга, зам талбайнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зориулалтаар баригдаж байгаа. Гэхдээ дэлхийн стандартад хүртэл хол байна. Дор хаяж замын товгор, бариул зэрэг нь шаардлага хангадаггүй. Тиймээс орчны саад бэрхшээлийг нь эхэлж шийдчихээд дараа нь боловсрол олгох, ажил эрхлэх асуудлыг нь ярих нь зүйтэй байх” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *