Олон улсын “цас мөсний баяр” манжуурт болж байна

1-р сарын 4, 2019 7:55 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 11
1-4-4й1

Б.ТУУЛ

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд гурван улсын хилийн боомт хот гэгддэг Манжуурт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ удаа ӨМӨЗО-ы Аялал жуулчлалыг хөгжүүлэх хороо, Манжуур хотын Засгийн газрын ордон, Хөлөнбуйр түрээсийн худалдааны газар, ОХУ-ын Чита хотын Засгийн газар, Монгол Улсын Дорнод аймгийн ЗДТГ, Чойбалсан хотын ЗДТГ хамтран Манжуур хотноо хэд хэдэн чухал арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” гоо бүсгүйн тэмцээнийг  ӨМӨЗО-ны Манжуур хотноо арванхоёрдугаар сарын 23-нд амжилттай зохион байгууллаа. Хоёрдугаарт, олон улсын 20 дахь удаагийн “Цас мөсний баяр”-ыг Манжуур хотноо тэмдэглэж эхлээд байна. Гуравдугаарт, дээрх арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гурван улсын зочид төлөөлөгчид Манжуур хотын удирдлагуудтай уулзаж, хөрш зэргэлдээ улс орнуудын  хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцахын сацуу цаашид хамтран зохион байгуулах олон талт арга хэмжээний тухай, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон чухал уулзалт хэлэлцүүлгийг хийдэг юм байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх трэнд

Аялал жуулчлал гэдэг бага зардлаар эдийн засагтаа хувь нэмэр оруулах, валютын их урсгалыг татан авчрах боломжтой салбар байдаг. Гэсэн ч сүүлийн үед аялал жуулчлалын ашиг орлого зөвхөн байгалийн сайхнаар хэмжигдэхээ больжээ. Дэлхийн өнцөг булан бүрийн улс орон өдөр бүр шинэ зүйлс сэдэж гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татаж, онцлог зүйлсээ сурталчилан танилцуулсаар байна. Үүний нэг нь Манжуур хот юм.

Манжуур бол хөрш зэргэлдээ улс оронтойгоо авто зам, төмөр зам, агаарын тээврээр холбогдсон, аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буй гурван улсын хилийн боомт хот. Тэр утгаараа БНХАУ энэ хотоо ОХУ-тай хийх эдийн засаг, худалдааны чөлөөт бүс болгох зорилготойгоор хөгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд хөрш улс оронтой хамтарсан олон улсын чанартай тэмцээн уралдааныг цөөнгүй зохион байгуулдаг юм байна. Үүний үр дүнд Манжуурт ирдэг жуулчдын тоо өсч байгаа аж. Статистикийн мэдээллээс үзвэл Манжуур хотод жил бүр Орос, Монгол, Хятад болон гадаадын 5-6 сая гаруй жуулчин ирж аялдаг юм байна. Жуулчид тус хотод худалдаа наймаа хийхээс гадна тус хотын өвөрмөц соёл, байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирдэг ажээ.

  Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулж буй “Цас мөсний баяр” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд трэнд болж буй хөтөлбөр юм байна. Уг баяр нь хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ ажлын  хүрээнд цас мөсөн хотхон байгуулах, Орос, Монгол, Хятад гурван улсын тамирчид оролцсон өвлийн спортын тэмцээнүүдийг зохион байгуулдаг юм байна.

“Цас мөсний баяр”-аар жуулчдад урамшуулалтай үйлчилнэ

Манай улсын хувьд одоогоор өвлийн аяллын маршрут нь Хөвсгөлийн “Мөсний баяр” Өмнөговийн “Тэмээний баяр”,  “Чингисийн хүрээ” баазад болдог “Бүргэдийн баяр” гээд л дуусдаг бол Манжуур хот нь өвлийн улиралд зохион байгуулах арга хэмжээнүүдээ жилээс жилд л өргөжүүлсээр байна. Тухайлбал, “Цас мөсний баяр”-ын нээлтийн үеэр Манжуур хотын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ду Ляньхэ “Энэ үеэр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд тус хотод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, гадна, дотны жуулчдад хямдралтай, урамшуулалтай үнээр үйлчлэх олон арга хэмжээ зохион байгуулна” гэдгээ хэлж байв. Мөн Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газрын тэргүүний орлогч Бато Доржиев “Цас мөсний баяр” нь Орос, Хятад, Монгол гурван улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх гүүр болдог” хэмээн онцлон тодотгосон юм.

Олон улсын цас мөсний баяр нь 1999 оны тэртээгээс өнөөдрийг хүртэл 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэ баяр нь тус улсын төрийн зөвлөлөөр зөвшөөрүүлсэн өвлийн наадам гэдгийг албаныхан хэлж байв.

Дорнод аймаг, Чойбалсан хотынхон туршлага судлахаар иржээ

Энэ жил Манжуур хот нь газар зүйн ашигтай байрлалдаа тулгуурлан гурван улсын мөс цасны баярыг зохион байгуулахын зэрэгцээ мөн Орос, Хятад, Монгол гурван улсын сайхан бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнийг гурван улсын “Нэг зам- Нэг бүс” аялал жуулчлалын бодлоготой уялдуулан зохион байгуулж байгаа ажээ.  Түүнчлэн “Тал нутгийн торгон замын аж ахуйн бүс”-ийн хөгжлийн явцын талаар хөрш орны төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах, хамтын ажиллагааг сайжруулах, Манжуур хотын өвлийн улирлын аялал жуучлалын хөгжлийг нэмэгдүүлэхэд энэ наадмын гол зорилго оршдог юм байна. Газарзүйн байршлынхаа хувьд манай улсын Дорнод аймаг, Чойбалсан хот хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймагтай хиллэдэг учраас хамтын ажиллагааныхаа хүрээнд тус аймаг, хотын удирдлагууд дээрх арга хэмжээнүүдэд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцдог юм байна. Энэ үеэр албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

Дорнод аймгаас 20 гаруй төлөөлөгч туршлага солилцож байна

Дорнод аймгийн ИХТ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Л.Түвдэнням:

-Манжуур хотын өвлийн наадам, 20 дахь удаагийн цас мөсний баярт оролцож байна. Дорнод аймгаас ЗДТГ-ын орлогч дарга, Аймгийн ИХТ-чид, Хэрлэн сумын ЗДТГ, ИХТ-ын төлөөлөл, Хэнтий аймгийн төлөөлөл 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон хүрэлцэн ирээд байна. Манжуур хотноо зохион байгуулж буй энэ цасны баяр 1999 оноос эхлэлтэй байдаг. Жил ирэх тусам өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талт арга хэмжээ нь улам өргөжин хөгжсөөр байгаа газар. Дорнод аймгийн хувьд 2002 онд анх энэ арга хэмжээнд оролцож байсан. Түүнээс хойш жил бүр хүрэлцэн ирж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Орос, Монгол, Хятад гурван улсын хамтарсан арга хэмжээнүүд жил ирэх тусам өргөжин хөгжиж байна. Энэ жилийн баяр наадам илүү үзэж харах юм ихтэй, өргөн дэлгэр болж байна.

Бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

-Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Л.Ариунтуяа:

-Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, мөн Иргэдийн хурлын даргын бүрэлдэхүүнтэй баг Манжуур хотын цасны баярт оролцож байна. Бид энэ арга хэмжээнд гурав дахь удаагаа оролцож байна. Хүрэлцэн ирсэн гол зорилго бол Манжуур хотын ардын хуралтай санамж бичигт гарын үсэг зурахаар ирсэн. Санамж бичгийн гол зорилго нь иргэдийн амар тайван амьдрах орчин, бизнесийн таатай орчныг хөгжүүлэхэд чиглэж байгаа. Миний хувьд цас мөсний баярт анх удаа ирж байна. Зохион байгуулалт сайтай, уран нарийн хийцтэй цас мөсөн бүтээлүүдтэй том баяр болдог юм байна. Туршлага судалмаар, суралцмаар зүйл олон байна гэж харж байна. Мөн Манжуур хотод зохион байгуулж буй аялал жуулчлалыг хөгжүүлэх форумд бид жижиг, дунд бизнес эрхлэх чиглэлээр нэлээд ач холбогдол өгч оролцож байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бид олон ажил  хийж байна

-Хэнтий аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн газрын дарга Э.Мөнх- Эрдэнэ:

-Манжуур хотын цас мөсний баярт Хэнтий аймгаас таван хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж, оролцож байна. Энэ “Цас мөсний баяр”-ын нээлтийн арга хэмжээнд анх удаа оролцож байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНХАУ, Манжуур хотынхон нэлээд анхаарч ажиллаж байгаа юм байна. Хэнтий аймгийн удирдлагуудын зүгээс ч  бас 2018-2019 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогод анхаарч ажиллаж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөө батласан. Хэнтийн брэнд бүтээгдэхүүнийг бас гаргаад байна. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хоёр цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Ирэх жил Норвилин суманд Шихихутагийн цогцолбор барьж эхэлнэ. Хэнтий аймгийн зүгээс аялал жуулчалыг хөгжүүлэх чиглэлд  нийт төсвийнхөө 20 хувийг зарцуулж байна. Мөн Хэрлэн голоо дагасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх чиглэлээр орон нутгийнхаа төсөвт 200 сая төгрөгөөр Чингис хааны минимаркет байгуулахаар ажиллаж байна. Өвлийн улиралд Хэрлэн голтойгоо ойрхон учраас жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ийм арга хэмжээг зохион байгуулах боломжтойг харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.4 № 3 (5970)