Олон улсын стандартаар бэлтгэгдсэн инженерүүдтэй боллоо

7-р сарын 18, 2018 9:22 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 58
7-18-6

Ч.ГАНТУЛГА

ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгээр 2013 онд байгуулсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн таван жилийн ой энэ онд тохиож буйн дээр хамгийн анхны инженерүүдээ төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо. Налайх дүүрэгт байрлалтай тус сургуулийн ойн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон холбогдох албаны хүмүүс, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Газрын дарга про­фес­сор, доктор Клаулиа Варнинг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел, зочид, төлөөлөгчид оролц­лоо. МГТИС-ийг энэ жил 16 оюутан механик инженер, ашигт малтмал боловсруулах инженер, хүрээлэн буй орчны инженер гээд уул уурхайн нарийн мэргэжлээр төгссөн байна. Төгсөгчид хэдийнэ гадна, дотоодын том аж ахуйн нэгж, бай­гуул­лага, компаниас ажлын байранд уригдан ажил­лаж байгаа аж. Тэдний сэт­гэгдлийг хүргэж байна.

Төгсөгч М.Чинбаяр:

ЭХ ОРОНДОО БЭЛТГЭГДСЭН ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

-Би ашигт малтмал боловсруулах инженер мэргэжлээр нэг жил бэлтгэл ангид сууж, таван жил суралцаад өнөөдөр сургуулиа төгсч, дипломоо гардан авлаа. Миний хувьд өөрөөс гарч болох бүх эрдэм мэдлэг, оюун ухаан, эрч хүчээ дайчилж сурсан. Гадагшаа явахгүйгээр эх орондоо бэлтгэгдсэн анхны дэлхийн хэмжээний стандартыг хангасан инженерүүдийн нэг болсондоо их баяртай байна. Ажлын байрны тухайд нэлээд хэдэн компаниас ажлын санал ирсэн. Нэгийг нь сонгож таарна. Манай зарим оюутны хувьд хэдийнэ ажиллаад эхэлсэн байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Монгол Улс болон ХБНГУ-ын хамтран хэрэгжүүлсэн амжилттай төслүүдийн нэг бол яах аргагүй Монгол-Германы хамтарсан МГТИС юм. Ийн монгол оюутнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд суралцаж, боловсрол эзэмшихийн зэрэгцээ гаднын инженерүүдтэй ижил төвшинд бэлтгэгдэж эхэлсэн гайхалтай үр дүн боловсролын салбарт гарч эхэлж байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЧАДЛАА

-Монгол-Герман хоёр орны зорьж зүтгэсэн ажил үр дүнгээ үзүүлж эхэллээ. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсaн цагаас эхлэн хоёр талын хүчин чармайлтын ачаар МГТИС өөрийн гэсэн оюутны хотхонтой, авьяаслаг оюутнуудтай, үндэсний болон гадаадын чадварлаг багш, судлаачдын багтай болон бэхэжсэн. Өнөөдөр бид МГТИС-ийн анхны төгсөгчид, дэлхийн төвшинд эх орондоо бэлтгэгдсэн инженерүүдийг өлгийдөн авч байна. МГТИС инженерийн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан Европын стандартыг Монголд нэвтрүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн салбартай нягт хамтран ажиллаж, хэрэглээний судалгааг хөгжүүлснээр бусад их, дээд сургуульд хөгжлийн загвар болж чадна хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Газрын дарга, доктор, профессор Клаулиа Варнинг “Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны хамтын ажиллагаа нь оролцогч талуудын хувьд хамгийн өгөөжтэй, урт удаан хугацаанд үр ашгаа өгдөг. Бид цаашид ч Германы инженерийн боловсрол болон техникийн мэдлэгийг эх орондоо эзэм­ших боломжийг мон­гол залуучуудад олгохыг бүрэн дэмжин ажиллана” хэмээн дүгнэлээ.

МГТИС-ийн захирал Н.Дорждэрэм:

МАНАЙ ОЮУТНУУД УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС ӨНДӨР ҮНЭЛГЭЭ АВЧ БАЙНА

-Дөрвөн жилийн хугацаанд Герман улсад болон Монголын томоохон уул уурхайн компаниудад хоёр удаа дадлага хийх ёстой байдаг.

Хамгийн сүүлд “Оюутолгой” компанид илгээсэн дадлагын оюутнууд маань өндөр үнэлгээ авч, ирэх жил дадлагын хугацааг сунгах талаар ярьж эхэлсэн нь оюутан залуусын ур чадварыг илтгэж байна. Бид Монгол Улсын томоохон уул уурхай, инженерийн компаниудаас гадна ХБНГУ-ын тав, Филиппин улсын нэг, нийт зургаан нарийн мэргэжлийн технологийн их сургуультай санамж бичиг байгуулж, эрдэмтэн багш, оюутнаа солилцох чиглэлд хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Нэмж хэлэхэд, нийт оюутны 50 хувь нь түнш бизнесийн байгууллага, Германы эрдмийн солилцооны алба, Германы их, дээд сургууль гэсэн олон улсын байгууллагаас сургалтын тэтгэлэг авдаг” гэв.

Тус сургууль өдгөө англи хэлээр хичээлээ заадаг. Европын стандарт сургалтын хөтөлбөртэй, дотоод гадаадын эрдэмтэн багш нараас бүрдсэн багшлах бүрэлдэхүүнтэй болсон. Герман улсад төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар бакалавр, магистрын хөтөлбөрөө урьдчилан итгэмжлүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *