Олон улсын малчдын зөвлөгөөн болов

5-р сарын 17, 2018 9:44 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 30
5-17-6

Б.ОЮУНЭРДЭНЭ

Завхан аймгийн Засаг даргын санаачилгаарСайн малчинхөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн залуу малчдын зөвлөгөөн болж 24 сумын 360 гаруй малчин оролцлоо. Мөн Канад, АНУ болон Архангай, Булган, БаянӨлгий аймгаас туршлагатай сайн малчдыг урьж, олон улсын малчид харилцан туршлага солилцсон үр дүнтэй зөвлөгөөн боллоо. Мал аж ахуйн салбараа түшиглэн хөгжих боломжтой Завхан аймаг махаа гадны зах зээлд борлуулахын тулд бэлчээрийн мал аж ахуйг суурин мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ удаагийн зөвлөгөөн залуу малчдаа мал маллагааны арга барилд сургах, малчдын залгамж халааг бэлтгэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрүүдийг бий болгох зорилготой юм. Урилгаар хүрэлцэн ирсэн малчинтөлөөлөгчид бэлчээрийн мал аж ахуйг үр ашигтай эрхлэх арга, туршлага, Махны үхэр бордох аж ахуйн туршлага, Монголын махны үхрийн салбарыг одоогийн зах зээлд нийцүүлэн хөгжүүлэх, Бэлчээрийн менежмент зэрэг сэдвээр мэдээлэл өгч туршлагаасаа хуваалцлаа.

Сүүлийн үед малчид хонь малаа мотоциклиор хариулах нь ихэсэж, уламжлалт өв соёлоосоо холдож байгаа билээ. Тэгвэл Завхан аймаг жил бүр “Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-ыг шалгаруулж, нэг сая төгрөгөөр урамшуулахаар боллоо. Энэ жил 20 сумаас 20 малчны материал ирж, ажлын хэсэг 18 шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ. Байгаль эх дэлхийдээ ээлтэй, зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, санаачилга амжилт гарган бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж буй шилдэг таван малчныг шалгарууллаа.  “Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-аар Эрдэнэхайрхан сумын Бага нуур багийн малчин Д.Жигжид, Идэр сумын Дархан-Уул багийн малчин Г.Отгонбилэг, Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Ц.Батбаяр, Цагаанчулуут сумын Дэлгэр багийн малчин Ч.Эрдэнэбат, Тэс сумын Дооно багийн малчин Д.Тэгшбаяр нар тус тус шалгарсан юм. Энэ үеэр мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, малчид өөрсдөө нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх бололцоог хангах зорилгоор тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бол малчид ч өрхийн үйлдвэрлэлийн түвшинд хийж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулж туршлагаасаа хуваалцлаа. Зөвлөгөөнөөр бэлчээр ашиглалтын түр журмыг гаргаж, ирэх долдугаар сард төрийн цогц үйлчилгээг багт хүргэх үеэр малчдаараа хэлэлцүүлэхээр боллоо. Олон Улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд ач холбогдол өгч хамтран ажилласан энэ удаагийн зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гаргасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *