“Олигархиудын тавьсан өр, зээлийг ард түмнээр төлүүлэх гэж байна” гэв

3-р сарын 10, 2017 2:06 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 16
3-10-9

Ч.ЗОТОЛ 

МАХН-аас өнөөдөр хэд хэдэн асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийж, байр сууриа илэрхийллээ. Тус намын Бага чуулганаас  “Эрдэнэт”-ийн 49 хувь, дундын өмчлөлийн асуудлаар мэдэгдэл гаргасан бол  ОУВС-гийн  хөтөлбөрийн тухайд олигархиудын авсан өр, зээлийг ард түмнээр төлүүлэх гэж байгааг буруушааж байр сууриа илэрхийлсэн юм. Өөр нэг асуудал нь Бага чуулганы гишүүдийн оролцоотойгоор Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж “Бүгд найрамдах Монгол Улсын дээд  хууль нэртэй эцсийн хэлэлцүүлэгт бэлтгээд байгаагаа  танилцуулав. Хэвлэлийн хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Нарийн бичгийн дарга Бага чуулганы гишүүн Б.Тулга нарын Бага чуулганы гишүүдийн төлөөлөл оролцсон юм.

 МАХН-ын Бага чуулганы гишүүд “Эрдэнэт”-ийн хувьцааны 49 болон   51 хувь, Монросцветметийн хувьцааны 50 хувийн  талаар гаргасан мэдэгдэлдээ:

“Эрдэнэт”  УБҮ-ийн эзэмшилд байдаг “Эрдэнэт”-ийн зэс-молибдений орд, Монросцветмет ХХК-ийн эзэмшилд байдаг Асгатын мөнгөний орд нь Монгол Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 18 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан ордууд бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ хэлцэл, хууль тогтоомжийн дагуу ард түмний мэдэл, төрийн өмчид байх ёстой. Гагцхүү УИХ эдгээр орд, эзэзмшиж буй хувьцаа, өмч, эзэмшлийн талаарх эцсийн шийдвэр гаргах хуультай. Иймд манай нам  Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордыг ард түмний дундын өмчид байх ёстой гэж үздэг бөгөөд гагцхүү ард түмний санал асуулгаар хэрхэн ашиглахыг шийдвэрлэж байх ёстой гэсэн байр суурийг баримталдаг болно.

УИХ, Засгийн газар болон хууль шүүхийн байгууллагууд “Эрдэнэт”  УБҮ-ийн ОХУ-ын мэдэлд байсан хувь эзэмшлийг Монголын талд шилжүүлэх явцад хууль зөрчин хувийн хэвшлийн байгууллагад зувчуулсан асуудлыг шалг&н тогтоож, улс, ард түмний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Түүнчлэн төрийн өмчид байгаа хувьцааг ӨАБНУ-ын банкинд хууль бусаар нууцаар барьцаалсан, эрх мэдлээ хэтрүүлэн хувьдаа завшсан шинжтэй гэмт үйлдлийг шалгах Ажлын хэсгийг УИХ-д байгуулж, нэн даруй олон нийтэд ил тод болгохыг шаардаж байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагууд, АТГ, Прокурор нь хууль зөрчин авилга авах, өгөх, зуучлах, мөнгө угаах, эрх мэдлээ хэтрүүлэх, банкны тухай хууль тогтоомж зөрчих зэрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дагуу хэрэг үүсгэн, хариуцлага тооцож, шударга ёсыг тогтоох арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой.Ард түмний өмчийг хамгаалж, цаг алдалгүй олон түмний сонорт хүргэж ажилласан МАХН-ын удирдлага, Гүйцэтгэх товчооны байр суурь, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон УИХ-ын гишүүдийн шийдвэрийг зөв зүйтэй хэмээн дүгнэж, талархал илэрхийлсүгэй. Цаашид Эрдэнэт УБҮ, Монросцветмет ХХК-ийн төрийн мэдэлд шилжин ирсэн хувь хувьцааг монголын ард түмний нийтийн, дундын өмч болгон зарлах, төрийн өмчийн ашиглалт, үр ашигтай байдлыг сайжруулан олон нийтэд нээлттэй, ил тод болгохыг шаардсугай.МАХН-ын Бага чуулганы гишүүдийн энэхүү мэдэгдэлийг үндэслэн ард түмний өмч, эрх ашгийг улс төрийн аргаар хамгаалж ажиллахыг МАХН-ын Гүйцэтгэх товчоо, МАХН-ын гишүүдэд даалгасугай” гэсэн байна.

Харин ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүгийн  хөтөлбөрийн тухайд “Монгол Ардын Нам нь 2016 оны УИХ-ийн сонгуулиар ард түмэндээ амалсан амлалтаасаа бүрэн ухарч татварыг нэмэгдүүлэх, цалин тэтгэвэрийг нэмэхгүй байх замаар олигархуудын авсан өр, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

2016 оныг хүртэл МАН,  АН-тай хамтран засаг барьж байсан бөгөөд 2012- 2016 онд Сангийн сайд хийж байсан хоёр хүн МАН-ын 65-ын бүлэгт байгаа бөгөөд, нэг нь Ерөнхий сайд хийж байна. 2012-2016 онд Шадар сайд хийж байсан хоёр хүн МАН-ийн бүлэгт байгаа бөгөөд нэг нь өнөөдөр ч Шадар сайдаа хийсээр л байна. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга хийж байсан МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр ч УИХ-ын дарга бөгөөд МАН- ын даргын үүрэгт ажлаа хийсээр л байна. Өмнөх Засгийн газрын тавьсан өр, хөгжлийн бондын мөнгийг МАН болон АН-ын улс төрд нөлөө бүхий хүмүүс л хувааж авсан бөгөөд ард түмэн огт хүртээгүй, ард түмэнд огт хүртээлгүй юм. Улсын өр гэгдэж буй их хэмжээний өр зээлийг хувааж авсан бүх хүн өнөөдөр УИХ-д сууж, УИХ-ын гишүүн, зарим нь сайдын албыг хашиж байна.

Иймд МАН нь өмнөх Засгийн газрын ажлыг мэдээгүй, эдийн засгийн тэр дундаа өр зээлийн асуудлыг мэдээгүй байсан гэх ямар ч үндэслэлгүй бөгөөд хэрвээ хариуцлага хүлээх бол адилхан хариуцлага хүлээх зүй ёсны үүрэгтэй.

2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмэндээ “өр нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэвэрийг нэмэгдүүлнэ” гэж амалсан бөгөөд ард түмэн чухамхүү энэхүү амлалтыг үндэслэн итгэл хүлээлгэж та бүхэнд 65 суудал өгсөн.

Хэрвээ ОУВС гэх олон улсын байгууллагын нэрийг урдаа барьж сонгуулийн амлалтаас ухарч байгаа бол үүнийг өмнөх Засгийн газрын үеийн ажил байдлыг мэдээгүй байснаас үүдсэн гэж үзэх ямар ч боломжгүй ба харин ч мэдсээр байж ард түмнийг хууран мэхэлсэн, хууль бусаар худал амлаж төр, засгийн эрх мэдлийг авсан гэж үзэх болно. Хэрвээ цаашид сонгуулийн амлалтаас ухран буцах, хууран мэхпэх ажлаа үргэлжлүүлсээр байвал МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардах болно.

УИХ, Засгийн газрыг Монгол Улсын эдийн засагт зөв зүйтэй бодит үнэлэлт өгч, цалин тэтгэвэрийг цаг алдалгүй нэмэх замаар эдийн засгийн хямралаас гаргах арга замыг хайж олохыг Ард түмний нэрийн өмнөөс шаардаж байна” гэлээ.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *