Ойн санг хамгаалахад нөхөрлөлийн оролцоог чухалчлав

11-р сарын 30, 2017 9:08 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 11
11-30-6

Д.ОЮУНЧИМЭГ

Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьс­галд зохицон ургадаг. Тий­мээс байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар нь хязгаарлагдмал байдаг тухай эрдэмтэд хэллээ. Түүнчлэн түймэр, хөнөөлт шавьж болон хүний буруутай үйл ажил­лагаанаас үүдэн сүйтгэгдэж байгааг эх сурвалжууд он­цолж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлын нөлөөгөөр цэвдэг багасч байгаагаас ой модны ургалт саарч байгаа аж. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавьж өвчний тархалт ихэсч ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж байна гэв. Ойн санг хамгаалахаар ямар ажил хийж байгаа талаар БОАЖ-ын яамны төлөөлөгчид болон Төв аймгийн БОАЖГ-ын мэр­гэжилтнүүд, орон нутгийн болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хэвлэлийнхэн уулзаж ярилцсан юм.

“UN-REDD+” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

Манай улсын ойн сангийн нийт талбай 19 сая га. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 13.2 сая га-г эзэлж байна. Ойгоор бүрхсэн талбай нь нийт нутаг дэвсгэрийн 8.5 хувийг эзэлдэг байна. Энэ нь дэлхий нийтийн жишгээр ойн нөөцийн хэмжээгээр ядуу орны тоонд хамаардаг аж.

Улмаар Монгол Улсын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр”-ийг өнгөрсөн оны нэгдүгээр са­раас хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөр гур­ван жилийн хугацаанд хэрэг­жих бөгөөд ирэх жилийн наймдугаар сард дуусгахаар төлөвлөсөн байна.

“UN-REDD+” хөтөлбөр нь ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг буу­руулах НҮБ-ын хам­тар­сан санаачлага юм байна. 2014 оны долоодугаар сард “UN-REDD” хөтөлбөрийн Бодлогын хорооноос Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны баталсан “Монгол орны Үндэсний REDD+-д бэлтгэх төлөвлөгөө”-нд үндэслэсэн аж.

Манай улс энэ хөтөлбөрийг хэрэг­жүүлс­нээр ойн хомс­дол, доройтлын төв­шинг үндэсний хэм­жээнд бууруулах, ойн нүүрстөрөгчийн ху­римтлалыг нэмэгдүүлж хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, түүнийг хэм­жиж баталгаажуулах, улмаар хүлэмжийн хийг багасгасан үр дүнгээр санхүүгийн урамшуулал хүртэх үндэсний чадавхийг бүрдүүлнэ хэмээн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төслийн багийнхан хэллээ. Өөрөөр хэлбэл, ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тодорхойлон мониторингийн системийг сайжруулах юм. Ингэхдээ тус хөтөлбөрийн зарчмыг тогтвортой хадгалах үүднээс иргэний нийгмийн оролцоог хангах, холбогдох сал­баруудын бодлого стра­тегитэй уялдуулах, үр дүнтэй зохион байгуулалтыг бий болгоход анхаарах юм байна.

УИХ болон Засгийн газраас Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээхэд анхаарч байна. Энэ хүрээнд орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэд хамтарч ажиллаж байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлт явагдаж, цөлжилт буурахгүй байна. Мөн ойд сөрөг нөлөө үзүүлж байгаа түймэр хортны үр дагавар маш ихээр гарч байгаа зэрэг шалтгаанууд ойг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсныг илтгэж буй. Ингээд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Төв аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Ж.Отгонбуян, “Хөх дөрвөлжин” компанийн захирал Н.Баасанжаргал, Батсүмбэр сумын Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Батмагнай, “Буянт зуур” нөхөрлөлийн гишүүн Г.Лхагвадорж нарын байр суурийг сонирхлоо.

Ц.Чулуунбаатар: ОЙГ ХАМГААЛАХ НЬ ОРШИН СУУГЧДЫН ҮҮРЭГ 

-Ойг хамгаалах бодлогыг төрийн хэмжээнд авч үзэн иргэн бүрээс эхлүүлэхээр бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр орон нутагт ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах талаар гурвалсан бүтцийг бий болгосон. Нэгдүгээрт, ойн нөхөрлөл, хоёрдугаарт, ойн мэргэжлийн байгууллага, гуравдугаарт сум дундын ойн анги байгуулагдсан. Үүгээрээ орон нутагт тухайн бүс нутгийн ойг хамгаалахын тулд оршин суугчдын үүрэг болгосон нь ач холбогдлоо өгч байгаа юм. Түүнчлэн тусгай хамгаалалтад оруулах замаар ойн биологийн төрөл зүйлийг хамгаалж байна. Ойн сангийн 20 орчим хувийг тусгай хамгаалалтад оруулах зорилт тавьсан. Нөхөрлөлүүд байгуулагдсанаар хяналт тавих, нөхөн сэргээх, хамгаалах менежментийг хэрэгжүүлснээр эерэг нөлөөлөл бий болсон. Тухайн нөхөрлөл ойг хамгаалж, хяналт тавихын зэрэгцээ тодорхой заасан нөхцлийн дагуу ашиглах боломжийг бүрдүүлсэн. Жишээлбэл, байгалийн жамаар унаж хагдарсан модыг бүтээгдэхүүн болгож ашиглах, ялангуяа дурсгалын зүйлс хийх зэргээр ажиллаж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна. Түүнээс гадна байгаль хамгаалах ажлыг нөхөрлөлүүд хийснээр төрийн бодлого орон нутагт хэрэгжих боломжтой боллоо. Мэдээж сөрөг үр дагавар гарах магадлал байна. Учир нь орон нутгийн ойн мэргэжлийн байгууллага өөрийнхөө захиалгын хүрээнд мод бэлтгэх эрх олгогддог. Гэтэл ойн нөөц нь нөхөрлөлийн талбайд хамаарах нь бий. Тиймээс зохицуулалтын арга хэмжээ авч байгаа юм.

Ж.Отгонбуян: НӨХӨРЛӨЛ БАЙГУУЛСНААР ЗӨРЧИЛ БУУРСАН 

-Манай аймгийн хувьд 1.3 мянга га ойтой. Нийт ойн сангийн 17 хувь нь хамгаалалтын бүсэд хамаардаг. Ойг ашиглаж хамгаалах ажилд байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийг дэмжин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 136 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ашиглалтын бүсийн ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх талбай бага гэж болно. Хамгаалалтын бүсээс ахуй хэрэгцээнд мод бэлтгэхийг ИТХ-ын тогтоолоор баталдаг. Ер нь иргэдийн экологийн боловсрол дээшилсэн учраас зөрчил гарах нь бага болсон. Цаашлаад нөхөрлөл байгуулагдсанаар ойн бүсэд гарах зөрчил буурч байгаа. Учир нь тухайн ойн санг хашиж хамгаалахаас гадна идэвхтэн хамгаалагчаар эргүүлж хийлгэж байгаа нь үр дүнтэй байна.

Н.Баасанжаргал:УУЛ УУРХАЙН КОМПАНИТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БОЛНО 

Мод үржүүлгийн компаниудын хувьд тулгамдсан асуудал олон бий. Жишээлбэл, үржүүлсэн модоо борлуулах зах зээл бага. Тиймээс нэгэнт ургасан модыг байгальд нь суулгаж нөхөн сэргээлт хийдэг. Нөгөөтэйгүүр уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах, ханган нийлүүлэлт хийх зэрэг гарц бий. Гэвч үүнийг төдийлөн анзаардаггүй санагддаг. Өөрөөр хэлбэл, мод үржүүлгийн компаниудаас тарьж ургуулсан модыг худалдаж авахаас гадна нөхөн сэргээлтийг хийлгүүлэхээр хамтарч ажиллаж болно. Ингэснээр олон давуу тал бий болох юм. Мэдээж үүнийг зохицуулах төрийн бодлого хэрэгтэй.

М.Батмагнай:НӨХӨРЛӨЛ ТОДОРХОЙ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖТОЙ 

-Нөхөрлөлүүдийн хамгаалж байгаа ойн шатсан хэсгийг цэвэрлэх эрх нь байдаггүй. Түүнийг мэргэжлийн байгууллагатай хамтран гэрээ байгуулж ажилладаг болсон. Нөхөрлөлийн гишүүд ойгоо хамгаалахаас гадна зөвшөөрөгдсөн талбайгаа цэвэрлэдэг. Ингэхдээ босоо модыг унагах эрхгүй. Нөгөөтэйгүүр нөхөрлөлүүд ойг цэвэрлэж авсан модоо борлуулах зэргээр орлого олж болно. Энэ мэдээж ахуйн хэрэгцээнд зориулагдсан байдаг. Түүнээс гадна гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Ер нь нөхөрлөл бий болсноор ойд гарах зөрчил буурч байгаагаас гадна хүмүүс нэгдэж нутаг орноо, уул усаа хамгаалах болсноор экологийн мэдээллийг илүү авдаг болсон.

Г.Лхагвадорж:НӨХӨРЛӨЛҮҮДЭЭ ЧАДАВХИЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА

-Нэг зорилго чиглэлтэй ажиллаж байгаа учраас нөхөрлөлүүд хамтарч холбоо байгуулсан. Ингэснээр жил бүр төлөвлөгөө боловсруул ан батлуулж хийх ажлаа тодорхой болгож байгаа юм. Нөгөөтэйгүүр холбооны журмаар нутагтаа 10 га газар эзэмшихээр болсон. Энэ нь ойг цэвэрлэсэн түүхий эдээ дахин боловсруулах, цаашилбал нэгдсэн зохион байгуулалтад орж орлого олох эх үүсвэрээ бүрдүүлэх зэрэг олон давуу талтай гэж харж байгаа. Ер нь бид хамтарч ажилласнаар гал түймэр, модны хулгай гарахаас сэргийлж байгаа. Тиймээс нөхөрлөлийн гишүүдээ чадавхжуулах, сургалт зөвлөгөөнд хамруулах зэрэг ажлуудад анхаарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *