Огцорсон дарга нарын “орны хүн”-ий сураг

3-р сарын 26, 2015 9:36 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 387
Сонгууль жил гаруйхны дараа болно.

Б.ДАМДИН

Сонгууль жил гаруйхны дараа болно. Харин хоёр аймаг эдүгээ засаглалын асуудалтай байна. Эхнийх Дорнод аймаг. Энэ аймаг засаглалын хямралтайгаа байсаар дараагийн сонгуультай золгож магадгүй нь.

2012 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын 35 суудлын 18-ыг МАН авчээ. 14-ийг нь АН, хоёрыг ИЗНН, нэг суудлыг бие даагч авсан байгаа юм. Аймгийн ИТХ бүрдсэн цагаас л эх толгой нь мэдэгдэхгүй хэрүүл уруул үргэлжилсэн гэхэд болно. 18 суудалтай МАН нь М.Бадамсүрэн гэдэг залууг аймгийн Засаг дарга болгохоор нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд хүлээж авсангүй. Гурван ч удаа батламжлахаас татгал­захдаа “…М.Бадамсүрэн нь төрийн албанд гурван жил ажиллаагүй, шатахуун түгээгүүрийн станцад түгээгч хийж байсан байна” гэсэн шалтгаан хэлэв.

Ийм маягаар ярилцаж, зөвшилцөж, хуралдсаар АН-аас аймгийн Засаг даргыг тавихаар болж 2013 оны арванхоёрдугаар сард С.Ганбат гэдэг мэс заслын маш сайн эмчийг томилуулсан юм. Харин М.Бадамсүрэн нь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллах болсон юм.

Сүүлдээ Дорнодыг тойрсон хэрүүл УИХ-ын танхимд ч үргэлжлэх болсон. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрын дунд тун чиг ширүүн маргаан өрнөдөг байв. М.Бадамсүрэнг томилохоос татгалзсан нь хэрүүлийн алим болсон хэрэг.

Тэгвэл аймгийн ИТХ-ын X хуралдаан энэ сарын 17-нд болж аймгийн Засаг дарга С.Ганбатыг огцрууллаа.  ИТХ-ын 28 төлөөлөгчийн 18 нь огцруулах санал өгчээ.

Засаг дарга С.Ганбатыг Төрийн албаны тухай, Газрын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Концессын тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Аймгийн ИТХ тогтоолоо Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа. Одоогоор аймгийн Засаг дарга болох магадлалтай хоёр хүний нэр яригдаж байна. Нэг нь Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа М.Бадамсүрэн. Тэрээр МАН гаралтай. Гэхдээ энэ албан тушаалд дур мэдэн очсон тул аймгийн Намын хороо нь түүнийг “шийтгэж” намаас нь хөөсөн гэдэг. Дээрээс нь М.Бадамсүрэн төрийн албанд гурван жил болоогүй гэдэг шалтгаанаар өмнө нь нэр дэвшсэн ч аймгийн Засаг дарга болж чадаагүй юм. Тиймээс энэ суудалд очих магадлалтай хоёр дахь хүнээр тодроод байгаа П.Мөнхтөрд боломж илүү байгаа гэх. П.Мөнхтөр нь Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн ажилтай. Аймгийн МАН-ын хорооны нөлөө бүхий хүн юм.

Дорноговь аймгийн ИТХ мөн л саяхан хуралдаж Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэр гаргажээ. Олон хуулийн заалт зөрчсөн гэж үзсэн байна. ИТХ нь түүнийг танил талаараа Тамгын газрыг дүүргэсэн. Чөлөөт бүсийн газрыг “өөрийнхөө” хүмүүст өгсөн гээд олон шалтгаан ярьдаг.

Одоогоор ИТХ-ын тогтоол Ерөнхий сайдын гар дээр ирээгүй байгаа аж. Аймгийн ИТХ-аас Ерөнхий сайдын шийдвэр гарах хүртэл Засаг дарга П.Ганхуягийн албан өрөөг битүүмжилж, лацадсан гэнэ.

П.Ганхуягийн хувьд аймгийн Засаг даргаар хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж байгаа. 2013 оны арванхоёрдугаар сард ИТХ нь огцруулах шийдвэр гаргасан ч Ерөн­хий сайд Н.Алтанхуяг хүлээж аваагүй юм. Харин одоо Ч.Сайханбилэг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээгээр Ерөнхий сайд асуудалтай байгаа аймгийн дарга нарыг хэрхэхээ удаахгүй шийдэх гэнэ. Дорноговийн ИТХ-ын саналыг хүлээж авахгүй. Дорнодын даргаар санал болгосон хүнийг батлаад явуулна гэж байна. Ингэхээр П.Ганхуяг хэвээрээ үлдэж, С.Ганбат ажлаа өгнө гэсэн үг.

 

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр Дорноговийн Засаг даргаар одоо Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Б.Төмөрхуягийг томилох бололтой. Тэрээр өмнө нь аймгийн ЗДТГ-ын дарга, Аудитын газрын даргаар ажиллаж байсан юм. Харин П.Ганхуяг Улаанбаатарт ирж нэгэн агентлагийн дарга болж магадгүй гэнэ.

1 Сэтгэгдэлтэй

Adele
2016 оны 12-р сарын 1

Hey, good to find soonmee who agrees with me. GMTA.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *