О.Магнай: “Петровис” хууль зөрчиж, үнээ нэмвэл хариуцлага тооцно

11-р сарын 7, 2012 2:05 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 207

Б.СОЛОНГО

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өчигдөр сэтгүүлчдэд хандаж, “Петровис” компани мэдэгдэлгүйгээр шатахууны үнээ нэмсэн тохиолдолд хариуцлага тооцно гэлээ. Мөн бусад асуудлаар ямар шалгалт хийж байгаагаа танилцуулав. Түүнтэй ярилцлаа. 

ШӨХТГ-ын хурлын дараахан “Петровис” компани хэвлэлийн хурал зарлаж, шатахууны үнийг 200-300 төгрөгөөр нэмэхээр болсноо дахин зарласан юм.

 

-”НИК”-ийн гүйцэтгэх захирал шатахууны үнийг нэмэх тухайгаа өнгөрсөн долоо хоногт зарлачихсан. Энэ асуудалд танай газрын байр суурь ямар байна?

-Би захирлынх нь өгсөн ярилцлагыг уншсан. Нийгэмд ч шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн хүлээлт үүсчихлээ. “Петровис” бол зах зээл дээр давамгай аж ахуй нэгж. Тэгэхээр үнээ тогтоохдоо тооцоо, су­далгаагаа манай байгуул­лагад албан ёсоор ирүүлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар үнээ ингэж нэмнэ гэсэн албан ёсны тооцоо ирүү­лээгүй. Хэрэв өнөө, мар­гаашгүй үнээ нэм­чихвэл Өрсөлдөөний хуулийг зөрч­сөн үйлдэл болно. Тэ­гэ­хээр манайд тооцоогоо ирүүлэхээс нааш нэмэх­гүй байх гэж итгэж байна. Хэрэв хууль зөрчвөл ха­риуцлага тооц­но.

-Хариуцлага гэдгийг хэрхэн ойлгох вэ?

-10 сая төгрөг хүртэл мөнгөн торгууль оногдуулах үндэстэй гэж үзэж байгаа.

– Шатахууны үнийг 230-250 төгрөгөөр нэмнэ гээд байна. Энэ хэр үндэслэлтэй тоо юм бэ?

-Оросоос ирж байгаа үнэ 70 орчим ам.доллараар нэмэгдсэн байгаа. Тэгэхээр шатахууны үнэ литр тутамдаа 40-50 төгрөгөөр нэмэгдэх болов уу гэж тооцоолж сууна. Гэхдээ албан ёсны тооцоо биш шүү. 230-аар нэмнэ гэж хэлснийг хэвлэлээс авсан мэдээлэл гэдгийг дахин хэлье. Хэрэв нэмлээ гэдгээ манайд мэдэгдвэл тооцоог нь эхлээд харна.

-Тооцоог нь шалгаад бодитой байвал нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Бодитой бол нэмэхээс аргагүй.

-Онгоцны түлшний үнийн асуудал бас яригдаад байна.  Энэ асуудлыг та яах гэж байна?

-”Содмонгол” ком­пани онгоцны түлшийг монополь байдлаар оруулж ирдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Би саяхан энэ асуудлаар ОХУ-ын өрсөл­дөөний байгууллагын нөхдүүдтэй уулзсан. Дэндүү гэмээр зүйл их байна л даа. Бээжинд нэг тонн нь 850-900 ам.доллараар цэнэглэж байгаа түлш Монголд 1700 ам.долларын үнэтэй байна. “Содмонгол”-той холбоотой хууль бус иймэрхүү асуудлыг бид шалгаж байна. Ойрын үед арга хэмжээ авна. Дахиж ингэж давруулахгүй. Дэндүү их даварсан байна. Дэндүү их ашиг олсон байна. Бусад компаниуд  онгоцны түлш авъя гэхээр зөвхөн “Содмонгол”-д өгнө гэсэн хариу өгдөг. Хэдийгээр бусад компанид импортлох боломж байгаа ч оросууд тийм боломжийг нь өгдөггүй. Тэгэхээр “Содмонгол” захзээлд монополь байдлаа ашиглаж байна. Тус компанитай холбоотой шалгалт удахгүй дуусна.

-Шатахуун импортлогчдоос авах 17 тэрбум төгрөгийн асуудал юу болсон бэ. Таныг томилогдсоноос хойш идэвхтэй яригдаж байгаад намжчихлаа?

-Өмнөх удирдлага энэ шийдвэрийг хүчингүй болгосныг бүгд мэдэж байгаа. Энэ торгуулийг сэргээхийн тулд манай байгууллагын дээр байдаг зөвлөлийг шинээр байгуулах ёстой. Энэ зөвлөлийг бүрдүүлэх эрх нь Ерөнхий сайдад байгаа. Ерөнхий сайд  ойрын хугацаанд шинэ зөвлөлийг томилно. Энэ зөвлөл 17 тэрбумтай холбоотой асуудлыг сэргээх ёстой. Төрийн ажил өдөртөө шийдэгдчихгүй гэдгийг ойлгоорой. Ямар ч байсан 17 тэрбумын торгуулийг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна.

 

НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХЭД ХҮНД БАЙНА

 – “АПУ” компанийн архины лицензийг түдгэлзүүлэх асуудал ямар шалтгаантай вэ?

-Би өнгөрсөн сарын 4-ний өдөр хэвлэлийн хурал хийх үеэр энэ компани өмнө нь 26 удаагийн торгуулиар 51 сая төгрөг хүлээж байсныг хэлсэн. Хэрэв дахиад хууль зөрчсөн асуудал гарвал лицензийг түдгэлзүүлэх асуудал яригдана гэдгийг анхааруулсан. Түүнээс хойш “АПУ”-тай холбоотой хоёр гомдол ирсэн. Нэгдүгээрт, “Улаан­баатар” гэсэн архины сурталчилгаа үдэшлэг нэрийн дор хийгдэж байна гэж.  “Аврора Жет” гэдэг компани “АПУ”-гийн логог хууль бусаар ашигласан нь тогтоогдсон. Харин хоёр дахь нь “Мөрөөдлийн театр” тоглолтынхоо үеэр “АПУ”-гийн архийг уугаад байна гэсэн гомдол ирсэн. Энэ гомдлын дагуу шалгалт үргэлжилж байна. Би Х.Баттулга сайдад лицензийг нь түдгэлзүүлэх албан бичгээ хүргүүлэхээр бэлдчихсэн. Маш ойрын хугацаанд энэ албан бичиг явна. Шалгалт арай дуусаагүй байна.  Үнэхээр дээрх зөрчил үнэн нь тогтоогдвол архины зөвшөөрлийг нь нэг сарын хугацаатайгаар түдгэлзүүлнэ.

-Таныг байр сууриасаа ухарчихлаа. “АПУ”-тай тохирчихлоо гэсэн хардлага үүсчихлээ шүү дээ. Энэ хурлын үеэр зөвшөөрлийг нь түдгэлзүүлснээ зарлана гэж хэвлэлийнхэн ойлгож байсан?

-Үнэхээр хуулийн дагуу зөрчил нь тогтоогдвол түдгэлзүүлнэ. Үүнийг амлаж байна. Цаг хугацааны асуудал л даа. Шалгалт хийгдэж байна. Арай дуусаагүй байна. Өглөө надад АПУ-гийнхан энэ бичиг баримтуудыг авчирч өгсөн/үзүүлэв/. Өмнө нь торгуулсан бүх мөнгөө төлсөн, зөрчлөө арилгасан гэсэн утгатай бичгүүд байна. Бас “Мөрөөдлийн театр”-ын захирал А.Алтаншагай бичиг ирүүлсэн байна. Энд “Манай  жүжгийн дундуур архи уудаг хэсэг гардаг нь үнэн. Алтантүрүү архины шилийг ашигласан байна. Гэхдээ энэ бол санаатай үйлдэл биш. Манай ажилчид тайзны араас гарт тааралдсан шилээ гаргаж тавьдаг.” гэх мэт бусад зүйлсийг бичиж өгсөн. Ийм тайлбарууд ирчихээр яалт ч үгүй шалгах хэрэг гарна. Тийм биз дээ.

-Архины бусад компаниуд ч бас далд сурталчилгаа явуулдаг нь нууц биш. Яагаад зөвхөн “АПУ” гэж?

– Иргэдээс ирсэн гомдлын дагуу бид шалгалт хийдэг гэдгийг ойлгоорой. Зөвхөн “АПУ”-тай холбоотой ийм гомдол ирсэн юм. Нэг компани руу дайраад байгаа зүйл огт биш.

-Бизнесийн томоохон байгууллагуудын цаана улстөр байдаг. Тэгэхээр танд энэ компанийн лицензийг цуцлах зориг байна гэж үү?

-Ний нуугүй хэлэхэд маш хүнд байна. Их л эр зориг гаргаж ингэнэ үү гэхээс баргийн хүн хийчихэж чадахгүй байх. Гэхдээ үнэхээр хууль зөрчөөд байвал хийхээс өөр аргагүй. Эцэст нь бүх эрсдэлийг нь би өөрөө үүрнэ.

 

НЭР НЬ ГАРНА ГЭДЭГ 10 САЯАС ИЛҮҮ ХЭЦҮҮ

-Газрын даргаар ирснээсээ хойш богино хугацаанд олон шийдвэр гаргалаа. Дарамт, шахалт ирж байна уу?

-Гайгүй байна. Намайг өмнө нь юу хийдэг байсныг монголчууд бүгд мэднэ. Тэгэхээр намайг шууд дарамталж чадахгүй байх гэж боддог. Миний баримталж байгаа бодлого бол компаниудыг торгож, шалгах гэхээс илүү батлагдсан дүрэм, журам, хуулиа мөрддөг болгох. Өмнө нь энэ газрын дарга байсан хүмүүс хэтэрхий зөөлөн байсан нь зарим нэгэнд дураараа дургих боломжийг олгосон байна. Энэ бүгдийг зайлшгүй цэгцлэх ёстой. Их мөнгө эргэлдүүлдэг том компаниудын асуудлыг ярихаар надад ирэх хариу үйлдэл нь төдий чинээ том байх нь үнэн. Эрсдэл их байгаа нь ч үнэн.

-Таныг иргэдийн төлөөллөөс энэ ажлыг авсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр өмнө нь бодож байсан зүйлүүдээ хэрэгжүүлж байх шиг байна?

-Цаашид ч яг  энэ чиглэлээ л баримтална. Хууль, дүрэм журам хэрэгждэг. Тэр нь мөнгөтэй, эрх мэдэлтэй байна уу үгүй юу гэдгээс хамаарахгүй бүгдэд үйлчилдэг тийм нийгмийг хүсч байна. Энэ бол шударга ёс. Үүний төлөө ажиллахад цаг хугацаа, эр зориг гээд олон зүйл хэрэгтэй байна.

– Яг шийдэх эрхийг нь өгчихөөр саад болох зүйл олон байх шиг. Хуулийн заалтад хүртэл 10 саяар торгохоос өөр дорвитой хариуцлага алга байна шүү дээ?

– Ямар ч зүйлийн тэнцвэрийг олох ёстой. Би бизнесийг зөв явуулах гээд байгаагаас биш унагах гээд байгаа юм биш. Хуулийг өөрчлөх гэхээс илүү бизнесийн компаниудтай тулж ажиллахыг хичээж байна. Эдний торгуулж байгаа мөнгөн дүнгээс илүү нэр нь гарч байна гэдэг нь цаанаа хариуцлага нэхэж байгаа юм. Аль ч компанийн хувьд нэр нь гарна гэдэг 10 саяас илүү хэцүү асуудал байдаг. Тэгэхээр манай томоохон компаниуд цаашдаа хууль, журмаа ойлгож, хариуцлагатай ажиллах байх.

-Хүн бүрийн дургүйг хүргэж байгаа барилгын салбар руу хэзээ орох бол гэсэн хүлээлт байна?

-Маш ойрын хуга­цаанд орно. Системтэй явахыг хичээж байна. Орон сууцны хөөсөрсөн үнийн асуудлаар ажлын хэсэг шалгалт хийж байгаа. Ойрын хугацаанд та бүхэнд мэдээлэл өгнө. Эхлээд хүнсний асуудлыг авч хэлэлцсэн. Харилцаа холбоо руу орсон. Хэвлэл мэдээллийн салбарыг шалгасан. Яах аргагүй хулгай хийгээд байгаа сайтуудыг хаалаа. Хоёрхон хүн ажиллуул­чихаад танай сонины олон хүний хөдөлмөрийг хуулаад мөнгө олоод байж болохгүй биз дээ. Энэ бол цэвэр хулгай. Энэ бүхнээс маш их дайралт ирж байна. Таньдаг мэддэг хүмүүсээр яриулахаас эхлээд л. Үнэнийг хэлэхэд тэр бүхэнд төмөр нүүр гаргаад л сууж байна даа.

-Цаашид ямар шийдвэр гаргах нь сонирхолтой санагдаж байна?

-Хэд хэдэн асуудлаар шалгалт хийгээд зөрчлийг арилгуулж байна. Ирэх сарын 7 гэхэд Улаанбаатарт байгаа 300 гаруй засварын газрууд үнэ тарифаа хадсан байх ёстой. Кока кола, Пепси, живхний үйлдвэрүүд байна. Яагаад энэ ундаа Европт өөр амттай, Монголд өөр амттай байна. Монголд зарж байгаа памперс яагаад шаардлага хангахгүй байна гэсэн гомдол  их ирж байна. Энэ стан­дартыг хангуулах чиг­лэлээр тодорхой ажлыг хийж байна.

 

1 Сэтгэгдэлтэй

Keisha
2017 оны 2-р сарын 13

How about food from the Stephanie Plum books by Janet Evanovich? St7aepnih&#821e;s mom is always whipping up fantastic comfort food from coffee cake to pot roast. And Stephanie and Lula frequently enjoy unhealthy but delicious things like fried chicken from Cluck in a Bucket or pizza from Pino’s. Yum!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *