О.Хуягцогт: 21 мянгын санхүүжилтийг хийсэн. Банкнаас асуу

7-р сарын 4, 2012 11:40 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 308

Д.ОЮУНЧИМЭГ

 

Иргэдэд сар бүр олгодог 21 мянган төгрөг тараах ажил өнгөрсөн сараас дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор мөнгөө тухай бүрт нь аваагүй иргэд хоосон хоцрох нь гэсэн яриа үүсээд буй. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг наадмаас өмнө тараана хэмээн хүлээлт үүсгээд байгаа.

Сангийн яамны “Хүний хөгжил сан”-гийн ажлын албаны дарга О.Хуягцогтоос энэ талаар тодрууллаа.

 

-Хувь хишгээ цаг тухайд нь авч чадаа­гүй иргэдийн мөнгийг яа­гаад олгохгүй байна вэ. Сар бүр санхүүжилтийг нь дутуу хийж байсан хэрэг үү?

-Үүнийг хэрэгжүүлж буй Хөдөлмөр халамж үйл­чилгээний газраас тод­руулах хэрэгтэй. Бидний зүгээс хэдэн хүнд олгосон, бас хэдэн хүн дутуу байгаа тухай тооцоо нийлж авах хүсэлт гаргасан байгаа. Ер нь иргэдэд олгох мөнгө бүрэн очсон байх ёстой. Яагаад гэхээр сар бүр 2,8 сая хүнээр тооцож санхүү­жил­тийг хийдэг байсан.

-Хүний хөгжил сангаас олгож байсан 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдийн мөнгийг улсын орлого болгоно гэж яригдаад байгааг юу гэж тайлбарлах вэ?

-Улсын орлого болгоно гэсэн ойлголт огт байхгүй. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх иргэнд сар бүр 21 мянган төгрөгийг хуваарилж санхүүжил­тийг бүрэн хийдэг байсан. Сан­гийн яамнаас энэ оны эх­ний таван сард нь 21 мянга, зургадугаар сард 23 мянган төгрөг олгохоор төсөв бат­луулсан. Нийт 358,4 тэрбум төгрөгийг Хөдөлмөр халамж үйл­чил­гээний хэлтсүүдэд хүсэл­тийнх нь дагуу санхүү­жүүлсэн. Тэгэхээр тус хэлтэс, арилжааны бан­куу­­дын хооронд байгуул­сан гэрээний үндсэн дээр хүн тус бүрт харилцах данс нээсэн байх шаардлага­тай. Тиймээс иргэдийн мөнгө өөрийнх нь дансанд байх ёстой.

-Иргэдэд олгох ёстой, үлдсэн 340 мянган төгрөгийг хэ­зээ­нээс олгож эхлэх вэ. Санхүүжилт хийх мөнгө байгаа юу?

-Өнгөрсөн сарын 25-ны байдлаар 660 мянган төгрөгийг бүх аймаг, дүү­рэг, сумдад олгосон. Үлдэгдэл 340 мянган төг­рөгийн олголт удаашрал­тай байгаа нь үнэн. Энэ оны төсөвт 12 сарын турш хуваарийн дагуу ор­лого орох ёстой. Уул уур­хайн үйлдвэрлэл явуулж буй компаниуд экспортод гаргасан бүтээгдэхүүний хэмжээгээр татвараа төл­дөг. Гэтэл “Хүний хөгжил сан”-гаас гарах зардал нь эхний зургаан сард 100 хувь гарах болж байна. Харин орлого нь 12 сард хуваагдаж төвлөрөх уч­раас богино хугацаанд санхүүжилтийн эх үүсвэр дутагдсан. Гэхдээ бид то­дорхой арга хэмжээ авсны дүнд эхний хоёр ээлжийн мөнгийг олгосон. Гурав дахь ээлжийнхийг нь тат­ва­рын орлого төвлөрсөн хэмжээгээр хэсэгчлэн аймгуудаар олгохоор ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Ар­хангай, Дундговь, Дархан-Уул аймагт 340 мянган төгрөг авах иргэ­дийн тоо­гоор санхүүжилт хийсэн байгаа.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *