О.Хүрэлбаатар: Дэлхийн хамгийн том дуурийн гол дүрд дуулмаар байна

1-р сарын 16, 2013 10:44 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 895
ДБЭТ-ын гоцлол дуучин, О.Хүрэлбаатар дуурийн театрын авьяаслаг уран бүтээлчдийн нэг.

Ч.ГАНТУЛГА

ДБЭТ-ын гоцлол дуучин, О.Хүрэлбаатар дуурийн театрын авьяаслаг уран бүтээлчдийн нэг. Энэ жил Ц.Пүрэв­доржийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, Б.Шаравын нэрэмжит уралдааны дэд байрын шагналыг хүртсэн амжилттай. Тэрээр алдарт дуучин Ф.И.Шаляпины нэрэмжит олон улсын наадамд  оролцох урилга хүлээн авчээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе. 

Дэлхийн хэмжээний наадамд эх орноо төлөөлж, анх удаа оролцох гэж байна. Сандарч байна уу?

-Би олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан туршлагатай. Ха­рин дэлхийн хэмжээний энэ наадамд анх удаа орол­цох гэж байна. Анхны бүх зүйл сайхан байдаг шүү дээ. Тэр утгаараа бага­хан хэмжээний догд­лол байлгүй яахав.

Та хилийн дээс хэзээ алхах вэ. Уралдаанд ямар улсын дуучид оролцох бол?

-Красноярск хотноо ирэх сарын 7-нд болох юм. Би хоёрдугаар сарын 2-нд “Богема” дуурьт дуулчихаад явна. Арваад жил болж байж зохион бай­гуулж байгаа дэлхийн хэмжээний хамгийн том наадам гэдгээрээ онцлог. Дэлхийн нэр хүндтэй театрын басс хоолойтой дуучид оролцоно. Басс хоолойтнуудын цугларалт гэж хэлж болно.

-Басс хоолойг манай­хан бүдүүн хоолой л гэж ойлгодог. Гол онцлог нь юу вэ?

-Хар ухаанаар тэгж ойлгож болно. Хамгийн цар хүрээтэй хоолой. Манайд басс хоолойгоор дуулдаг дуучин олон бий. Монголчуудын амьдрал ахуй, тал нутагтай хол­боотой байх л даа. Уудам талдаа уртын дуугаа аялж, цэлийсэн талаар салхи исгэрүүлэн давхидаг бо­ло­хоор хоолойны цар хүрээ өргөжиж, дууч хөвгүүд төрдөг байх. Ер нь манай монголчуудын дунд дуул­даггүй хүн гэж байхгүй. Дуу хуурын өлгий нутаг шүү дээ.

-Та нэлээд эх оронч юм шиг санагдлаа ?

Хүн бүрийн сэтгэлд байх ёстой чанар. Хүн бүр Монголд төрсөндөө, монгол хүн болж төр­сөндөө баярлаасай гэж хүсдэг. Манай орон шиг түүхэн уламжлалтай улс цөөхөн шүү дээ. Уран бүтээлч, монгол хүнийхээ хувьд олон улсын тэм­цээнд оролцоод, эх ор­ноороо овоглож, явахдаа бахархах сэтгэл төрдөг.

-Та яриандаа дурьд­сан. Өссөн нутаг ус, байгаль орчноос хамаарч хоолойны цар хүрээ тэлдэг гэж. Та аль нутгийн хүн бэ. Багадаа дуулдаг байв уу?

Би Сүхбаатар айм­гийнх. Гэхдээ хотод өссөн. Зун амралтаараа өвөө эмээгийндээ очиж амардаг байлаа. Үеийнхээ хүүх­дүүдтэй дуулж хуур­дан, монгол хүүхэд яаж өсдөг тэр зарчмаар л өс­сөн. Багаасаа урлагт сонирхолтой байсан. Тэр хүсэлдээ хөтлөгдөөд дуу­чин болохоор шийдсэн.

-Дуурийн театрт ороод нэг жилийн хугацаанд гоцлол дуучин болжээ. Том амжилт шүү?

-Би Цэргийн дуу бүж­гийн чуулгад есөн жил ажилласан. Дуурийн теат­раас надад гоцлол дуучнаар ажиллаач гэсэн санал ир­сэн юм. Нэгэнт л эзэмш­сэн мэргэжил болохоор зөвшөөрсөн. Энэ хуга­цаанд багагүй дүр дээр ажиллажээ.

-Цэргийн байгууллага, урлагийн байгууллага хоёрын хооронд ялгаа их байна уу?

-Ажил амьдралын гараагаа энэ байгуул­ла­гаас эхэлсэн болохоор хамт олноороо бахархаж явдаг. Цэрэг, албаны бай­гуул­лага үргэлж дэглэм шаарддаг. Өглөө найм гэж цуглах ёстой бол цагтаа бэлэн байх ёстой. Орой найм гэж тарах бол тэр цагтаа л яв гэдэг. Нэг талаараа цаг барихыг, хийсэн бүтээсэн зүйлдээ эзэн нь байж, хариуц­лагатай ажиллахыг сурга­сан гэж боддог. Харин дуурийн театрт ороод уран бүтээлийн тал дээр илүү нээлттэй болсон.

Уран бүтээлч хүн байнгын эрэл хайгуул хийдэг. Дуулсан дүрүү­дээсээ ямар мэдрэмжийг авдаг вэ?

-Дүр бүхэн шинэ мэд­рэмжийг өгдөг. Нэг дүр аваад бэлдэх хугацаандаа олон эрэл хайгуулыг хий­дэг. Авсан дүрдээ дурлаж, тэр дүрээрээ амьдарч, бо­дож, сэтгэж, төсөөлж явна гэдэг сайхан. Дүрээ аль талаас нь гаргавал зүгээр бол, ямар хэсэгт яаж дуул­вал үзэгчдэд илүү хүрэх бол гээд хоолойноос эхлээд сэтгэл зүй, биеэ бэлдэнэ. Уран бүтээлч хүн цаг минут бүрт хөдөл­мөр­лөдөг. Дуу хоолой, оюун ухаанаа урлагт зориулна гэдэг уран бүтээлчдийн хувьд нэг насных нь амьд­рал шүү дээ. Энэ урлагаар амьдарч, урлагаас өөрийгөө мэдэрч явна.

-Урлагийн хүмүүсийг ажаад байхад их уяхан болчихдог юм шиг. Дуул­сан дуугаа мэдэрч, хөг­лөгддөг болохоор аргагүй юм болов уу?

-Урлаг, ялангуяа дуу­рийн урлаг уран бүтээл­чээс цэвэр мэдрэмж шаард­даг. Мэдэрч, сэт­гэлээ хөглөж чадахгүй бол хоосон хөндий, хөнгөн уран бүтээл төрөх байх. Нээрээ л одоо бодоход насаараа урлагт зүтгэсэн буурлууд маань их уяхан сэтгэлтэй болчихдог юм шиг. Оюутан байхад багш нар минь загнадаг ч гэлээ бидний төлөө үнэн үг хэлдэг байсан. Нөгөө хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг л тэр байх. Урла­гийнхныгаа харахад ну­лимс нь их ойрхон, мэд­рэмтгий хүмүүс байдаг шүү дээ. Аргагүй урлаг, дуунд хөглөгдөж яваа хү­мүүс чанга, хатуу, харгис, хүйтэн байх гээд ч ча­дахгүй байх л даа. Би ч ялгаагүй уяхан шүү дээ. /инээв/

-Дуурийн урлаг хөг­жиж байна. Нэг үеийн залуусаар сэлбэгдэж байна гэж ярихыг олон удаа сонссон. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Хөгжиж байна гэж үнэлдэг. Таны хэлснээр нэгэн үеийнхэн энэ театрт ажиллаж байна. Залуу, авьяаслаг уран бүтээлч олонтой болсон. Манай дуурийн дуучид эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж чадаж байна. Энэ том амжилт шүү дээ. Улам илүү хөгжинө гэдэгт ч итгэдэг. Үүний төлөө бид хөдөлмөрлөж байна.

-Манай үзэгчид нэг үеэ бодвол дуурь гэдгийг ойл­го­дог болсон цаг. Сонгодог гэдэг үгийн мөн чанарыг ганцхан үгээр тодор­хойлооч?

-Ганцхан үгээр “Оргил” гэж тайлбарлах байна. Энэ бүтээлээс илүү нь дахиж төрөхгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.

-Дуурийн дуучин хэ­мээх мэргэжил асар их тэвчээр шаарддаг байх. Шантрах үе гарч байв уу?

-Оюутан байхдаа хааяа хичээлдээ дарагда­хаараа “Яах гэж ийм хэцүү мэргэжил сонгов оо” гэж бодох үе гардаг л байсан. Гэхдээ бэрхшээлийг да­ваад, амжилтад хүрхээ­рээ энэ мэргэжлээрээ ба­хархаж, хайрлах сэтгэл төрдөг. Буцах зам гэж байхгүй. Дуурийн урла­гийн оргилд нь хүрч, дэл­хийн хамгийн том бүхий л дуурийн гол дүрд дуулмаар байна.

-Урлаг таны хувь хүний төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би дуурийн урлагаас уран бүтээлчээс гадна хувь хүнийхээ талд олон ололттой зүйлүүдийг авсан. Урлаг надад хүн байхын утга учир, тэсвэр тэвчээрийг сургасан. Урлагийнхаа охин тэнгэрт мөргөж амьдаръя даа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *