О.Эрдэнэцог: Хормейстр дуулдаг биш дуулуулдаг мэргэжил

11-р сарын 23, 2018 8:40 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт , Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 14
11-23-8

Р.ОЮУН

Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор ЦДБЭЧ-ын ерөнхий хормейстр, ахмад О.Эрдэнэцогийг урилаа.

Танайх “Чингис хаан” рок дуурь тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?

-“Чингис хаан” рок дуурь 2006 онд анх тавигдаж, Ази тивдээ анх удаа рок хэлбэрийн бүтээл болж ард түмэнд хүрсэн. Дуурийн хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч С.Тараа, цомнолын зохиолчоор рок, попын нэгэн төлөөлөл болсон “Хар чоно” хамтлагийн басс гитарчин Д.Ганзориг, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Болд ажиллаж анх энэ бүтээлийг тайзнаа тавьсан. Чингис хааны дүрд ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатар, УДБЭТ-ын дарга, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Жамухын дүрд Соёлын тэргүүний ажилтан Энхжаргал, Өэлүн эхийн дүрд гавьяат жүжигчин Баярмаа, Бөртэ-Үжинд Соёлын тэргүүний ажилтан Отгонтөгс, Хуагчин эмгэнд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан нар тухайн үед тоглож байсан. Манай уран бүтээлчдийн 50 хувь нь залуужсан, залуу уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ тайзнаа толилуулах гэж байна.

Рок дуурь гэхээр их сонин санагдаж байна л даа?

-Рок гэхээр аймаар рок хөгжим шиг тажигнаад, үс нь сэгсийсэн байх гэж бодож байгаа байх. Яг л дуулаачийн хэлбэрээр бичигдсэн бүтээл. Стилийн хувьд жаахан эстрад тал руу. Дуучид маань рок дуурь дээр бүтээлээ дуурийн дуучны тавилаар дуулж байгаа. Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын дуучид СУИС, хуучнаар Хөгжим, бүжгийн коллежийн бүтээгдэхүүн. Дуулаачид маань дуурийн, уртын, сүүлийн үед ардын дуучин гэж төгсдөг болсон байна. УДБЭТ өөр, энд зөвхөн дуурь л дуулна. ЦДБЭЧ нь концертын байгууллага. Нийтийн, цэрэг, эх орны сэдэвтэй дуугаа ч дуулна. Дуурийн том бүтээл рүү хэлбийж байгаа нь уран бүтээлчдийн чадал чансаа харагдаж байна гэсэн үг. Түүнээс зөвхөн дуурийн театр л дуурь дуулах ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.

Яагаад энэ дуурийг тоглох болсон юм бэ?

-Хөгжмийн зохиолч С.Тараа ОХУ-д хормейстр мэргэжлээр дүүргэсэн. Аль чуулгын ямар уран бүтээлчдэд энэ уран бүтээлийг тавих вэ гэдэг хамгийн тохиромжтой, зохимжтой заставтай бүрэлдэхүүнтэй нь манай чуулга байсан. Яагаад гэвэл оркестрийн бүрэлдэхүүн эстрад, симфони найрал хөгжимтэй учраас энэ рок дуурийг манай чуулгын тайзнаа тавихад тохиромжтой байсан болохоор хөгжмийн зохиолч маань манайхыг сонгож тавьсан байх. С.Тараа багш ЦДБЭЧ-ын ахмад уран бүтээлчдийн нэг. Манай оркестрийн ерөнхий удирдаачаар, найрал дуучдын ерөнхий хормейстрээр ажиллаж байсан болохоор чуулгынхаа уран бүтээлчдийг сайн мэддэг. Сүүлийн хоёр жил “Чингис хаан” рок дуурийг тоглоогүй. Энэ жил тайз дикрац, бүрэлдэхүүн шинэчлэгдсэн, хөгжмийн найруулга дээр хөгжмийн зохиолч маань өөрчлөлтийг хийсэн байгаа.

Энэ удаагийн тоглолт өмнөхөөсөө юугаараа онцлог вэ?

-ЦДБЭЧ гэлтгүй бүх урлагийн байгууллага өвөл цагийнхаа уран бүтээлийг нээж шинэ, содон уран бүтээлүүдээр ард түмэндээ бэлэг барьдаг. Манай чуулга энэ жил “Чингис хаан” рок дууриа сэргээж ард түмэндээ тавъя гэсэн зорилготой. Энэ бүтээл нь өөрөө цэрэг, эх оронч үзлийг хүргэх, энэ бүтээлээр дамжуулж хүүхэд залуусыг үүх түүхээ эргэн санах, танилцах ач холбогдолтой. Тиймээс дахин сэргээе гэдэг шийдвэр гаргасан.

Таны хувьд энэ дуурьт ерөнхий хормейстрээр ажиллаж байгаа гэсэн?

-Би 2002 онд ЦДБЭЧ-д найрал дуучнаар орж байсан. Тухайн уран бүтээл 2006 онд тавигдаж байхад Мэргэдийн Тогтоо хааны баруун гарын баатрын дүрийг анх бүтээж байлаа. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл чуулгадаа хормейстрээр ажиллаж байна. 2006 онд найрал дуучин байхдаа энэ бүтээлийн нээлтэд оролцсон. 2007 оноос хойш “Чингис хаан” рок дуурийн хормейстрээр ажиллаж байна.

Хормейстр гэдэг нь яг ямар албан тушаал юм бэ?

-Би хормейстр мэргэжилтэй. Ажиллах явцдаа 2005-2010 онд СУИС-ийг найрал дууны удирдаач мэргэжлээр Соёлын тэргүүний ажилтан, дэд профессор Оюунхишиг багшийн удирдлага дор дүүргээд мэргэжлийнхээ дагуу чуулгадаа 16 жил ажиллаж байна. Хормейстр нь дуулдаг биш дуулуулдаг мэргэжил. Хормейстр гэдэг нь найрал болон гоцлол дуучдыг дасгалжуулдаг багш. Дуурийн бүтээл нь өөрөө цэвэр дуучдын нуруун дээр дуулаачийн хоолойн чадал чансааг харуулдаг том хэлбэрийн бүтээл. Рок дуурь манай дуучдын чадлыг сорьсон. Мэргэжлийн уран бүтээлч өдөр тутам мэргэжлийнхээ формыг барьж байх шаардлагатай байдаг. Үүнийг байнгын бэлтгэл сургуулилтаар хангаж өгдөг хүн нь би гэж хэлж болно. Тухайн тоглолтод ямар уран бүтээл орох вэ, түүнийг бэлдэж үзэгчдэд хүргэх эхний шатны ажиллагааг хийдэг уран бүтээлч бол яах аргагүй хормейстр багш.

-“Чингис хаан” рок дууриас гадна ямар бүтээлийг тайзнаа амьдруулав?

-Манай чуулга 2006-2013 оныг хүртэл зөвхөн тоглолтын уран бүтээл туурвихаас илүүтэй мэргэжлийн том хэлбэрийн бүтээлүүдийг туурвисан. “Чингис хаан” рок дуурийг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж бүтээсэн. 2011 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулж Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын тэргүүний ажилтан Р.Өнөржаргалын цомнолоор “Хүннү” дуурийг тайзнаа тавьсан. Мөн “Нэр төр” бүжгэн жүжиг, Соёлын тэргүүний ажилтан Н.Жаргалсайханы хөгжим “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжгийг тайзнаа амьдруулж хүүхэд багачууддаа бэлэг барьж байлаа.

-“Чингис хаан”, “Хүннү” дуурь хоёрын ялгаа юу байна?

-“Хүннү” дуурийн хөгжмийн бүрэлдэхүүн нь симфони оркестр дээр ерөнхийдөө суурилагдсан. Тухайн үед манай чуулга энэ дуурийг тайзнаа амьдруулахын тулд Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Улсын филармонийн хөгжимчдийг авч тоглуулсан. ЦДБЭЧ-ын 50 хувь нь утсан, 30 хувь нь үлээвэр, үлдсэн хувь нь цахилгаан хөгжмөөс бүрдэж эстрад, симфони найрал хөгжим болж байгаа. Тэр үед 50 хувиа гаднаас авч “Хүннү” дуурийг тайзнаа амьдруулж байсан. Харин рок дуурь нь одоо байгаа оркестрын заставт тоглох боломжтой бүтээл.

Яаж яваад хормейстр болчихов?

-2002 онд чуулгад дуучнаар ороход олон сайхан ах эгч нар намайг дэмждэг, би хамт олон дотроо өөрийн гэсэн хүндлэл хүлээсэн байсан. Ажиллах хугацаанд манай хамт олон намайг сургуульд сурахад дэмжлэг үзүүлсэн. Би багаасаа үлээвэр хөгжим, урлагт сонирхолтой хүүхэд байсан. Хормейстр болох шийдвэрийн 60 хувийг би өөрөө гаргасан. 40 хувийг нь ЦДБЭЧ-ын дарга байсан хурандаа Ч.Гансүх, хамт ажиллаж байсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Ганбат багш, ерөнхий хормейстр байсан Ариунзаяа багш, манай уран сайхны зөвлөл, байгууллагын удирдлага СУИС-д сурах санал тавьсан. Ингээд таван жил сураад эргээд чуулгадаа багшаар ирэхэд хамт олон маань намайг халуун дулаанаар хүлээж авсан.

Дөнгөж сургууль төгсөөд гаднаас ирсэн багш, дотор нь ажиллаж байгаад багшлах хоёрын хооронд ялгаатай юм билээ. Хамт олон маань хэдийнэ хүлээн зөвшөөрч, О.Эрдэнэцог гэж хэн бэ гэдгийг мэддэг болсон учраас ажиллахад шантрах үе гараагүй. Манай чуулга эстрад симфони найрал хөгжим, үндэсний хөгжмийн, бүжиг, найрал дууны гэсэн албатай. Миний ажилласан цагаас одоог хүртэл баг болсон нэгэн үеийн сайхан залуучууд өнөөдөр хамт олноо удирдаад, зохион байгуулаад ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *