О.Эрдэнэ: Монголын говь яг л харь гариг шиг

8-р сарын 17, 2018 9:56 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 37
8-17-1

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор кино зохиолч, найруулагч О.Эрдэнийг урилаа. Тэрээр “UBS” телевизийн ээлжит бүтээлГовийн домогкиноны II найруулагчаар ажиллажээ.

-“Говийн домог”-ийг үзлээ. Монголын кино урлагт дутагдаад байсан содон сэдэв гэж харсан. Ялангуяа монголчуудын дээдлэн тахидаг морин хууртай холбосон нь гайхалтай?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав гуайн унаган мэргэжил морин хуурч юм билээ. Багш нь алдарт хуурч Г.Жамъян.

Анх “Содура”-г хийж байхад багшдаа зориулаад морин хуурын домгоор кино хийхсэн гэж санаагаа цухалзуулж байсан юм. Тэр санаа нь дуншсаар кино болсон нь “Говийн домог”. Мөн кино хийх далимдаа эх орныхоо үзэсгэлэнт байгалийг харуулахсан гэсэн хүсэл манай багийнханд байдаг. Түүндээ хүрч, тайгын цэнхэр хязгаараас өмнийн цэнхэр говийг зорьсон.

Киног үзэхэд үйл явдал хэддүгээр зуунд өрнөж байгаа нь тодорхойгүй байдаг. Он цагийн хувьд ямар баримжаа авсан бэ?

-Анхнаасаа домог, туульсын шинжтэй кино хийе гэж зорьсон учир он цагийн хувьд тухайлсан баримжаа гаргаагүй. Гол нь монгол хөрсөнд суурилсан, монгол домог зохиох нь чухал байсан.

Зураг авалт, зураглаачийн уран чадвар гайхалтай санагдаж байсан. Утга санаагаа дүрсээр өгүүлнэ гэдэг л тэр байх?

-Бид эхний зураг авал­таа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь алдарт “Хэрмэн цав”-аас эхэлсэн. Ёстой л киночин хүний очиж баймаар сайхан газар юм билээ. Даанч “Үзье гэвэл хоёр машинтай яв. Үхье гэвэл ганц машинтай яв” гэдэг аман хэлцтэй. Эргэн тойрны 100 гаруй километрт нь айл нутагладаггүй, ус унд, булаг шандгүй ангамал хязгаар байсан. Гэхдээ л хараад ханашгүй гайхамшиг тэнд л байсан. Тэр гайхамшигт зорьж хүрээд, Эгээрэл гүнж, Хөгөлжиргэн хуурч хоёрын Иглэр хааны ордноос оргож яваа хэсгийн зургийг авснаар киноны маань зураг авалт эхэлсэн.

Нэмэх 40 хэмийн халуунд элсэн цөлд зураг авна гэдэг бас л амаргүй байсан биз?

-“Говийн домог” кино олон хүний хүч хөдөлмөрөөр, гурван он дамнаж боссон бүтээл. Манай кино баг “Чадна гэсэн л бол шантарч халширахгүй, тайлбар тавихгүй” гэсэн зарчимтай. Үүнийгээ групп бүрдүүлж эхлэхдээ л ярьж тохирсон. Бид -40 хэмээс +40 хэмд ч ажрахгүй  ажилласан. Бэрхшээлийг давах тусам кино баг маань ган шиг бат бөх, хариуцлагатай болж байлаа. Гол нь хариуцсан ажлаа л асуудалгүй хийгээд байвал халгах юм гардаггүй. Энэ чинь бидний мэргэжил, ажил шүү дээ.

Монголын говийг гайхамшгийн өлгий нутаг гэж шагшин магтдаг. Харин танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Говь гэхээр л элчилгүй их улайдсан, шаргалтсан элс гэж хүмүүс боддог. Гэтэл Монголын говь амьтай, амьдралтай хөдөө нутаг. Бид өдөржин яваад шөнө хагаслаж “Хэрмэн цав”-д очсон юм. Өглөө нь сэрээд харсан чинь харь гаригаа, харь гариг. Хаана, юун дээр гишгээд байгаа юм бүү мэд. Үнэхээр сонин. Өглөө нь алтан шаргал, өдөр нь хул хонгор, орой нь цусан улаан. Нар дагаж зүс нь солигддог, өнгө хуарын гайхамшиг. Үлэг гүрвэлийн ертөнц рүү нь өнхрөөд орчихмоор, дэндүү алс мөртлөө дэндүү ойрхон. Нартын зовлон, ертөнцийн түүх уншигдмаар сонин. Яг л ээжийн өвөр шиг. Би кино урлагийн буянаар Монголынхоо бүх аймгаар явсан. “Бурхан халдун” гэдэг дагшин хангайг үзэхэд надад нэг тийм сонин мэдрэмж төрж билээ. Тэр мэдрэмж “Хэрмэн цав”-д давтагдсан.

Дүр сонголтыг хэрхэн хийсэн бэ. Таны хувьд жүжигчидтэй илүү ойр ажилласан байх. Ямар тоглолт хүсч, юуг зөвлөж байв?

-Дүр сонголтыг “UBS” телевизийнхэн хийсэн. Жүжигчдээсээ аль болох энгийн байхыг, илүү дутуу маяггүй тоглохыг л хүсдэг. Орчиндоо дасч, нөхцөлдөө зохицуулж амьдар гэж зөвлөнө. Түү­нээс “Ганцаард” гэдэг даал­гавар өгчихөөд хөм­сөгөө зангидаад, дэлгэц шир­тээд сууж болохгүй шүү дээ.

Гол дүрийн жүжигч­дийн хувьд турш­лагатай уран бүтээлчид байсан. Харин киноны гол шугам болсон эрэлхэг гүнжийн дүрд залуу жүжигчин сонгосон нь эрсдэлтэй алхам гэж эмээгээгүй юу?

-Б.Замилан үнэхээр оносон сонголт байсан. Шалгаруулалт хийнэ гэдэг найруулагчийн айдсыг үргээдэг үйл ажиллагаа. Оносон хүнээ олж сонгоно гэдэг хэцүү. Өнөөдөр хууртагдвал, маргааш нь махлуулна. Тийм “мах бардаг” жүжигчин байдаг. Харин манай Б.Замилан анхнаасаа ондоо байсан. Авлаа гэхэд айдсын сэжүүр ч үлдээхээргүй хүүхэд гэдэг нь илт мэдрэгдсэн. Кино бол жүжигчний нүүрээр тахлагддаг урлаг. Тиймээс шинэ, залуу, чадварлаг жүжигчдийг олноор нь гаргаж ирэх хэрэгтэй. Жүжигчнийг найруулагч төрүүлдэг гэж ярьдаг. Мэдээж эрсдэлтэй. Гэхдээ эрсдэлээс эмээж байвал найруулагч байгаад яах юм. Нэрнээс нь эхлээд дүрээ боддог найруулагчийн хувьд Эгээрэл гүнж алдаж болдоггүй сонголт байсан.

Кинонд яруу эгшиглэн, дуу хөгжим, морин хуур монголчуудын хувьд эрхэмлэх ёстой үнэт зүйл гэж гардаг. Найруулагчийн хувьд морин хуурын тухай судалгаа их хийсэн байх. Сонир­холтой, содон баримттай учирч байв уу?

-Судалгаа хийлгүй яахав. Аргасун гэдэг хүн хуурч юм уу, хорч юм уу гэдгээс улбаалаад уртын дуу хүн уйлснаас уу, чоно ульснаас уу гээд эргэцүүлэн бодож, харьцуулан жиших юм олон гарна. Онцлууштай сонин, содон баримт гэвэл Лувсан хуурч байна. Тэр хүн хуураа дарж суухдаа мэргэлдэг байсан юм билээ. Бөө хүн хэнгэрэгээ дэлдэж байгаад онгодын орон руу орчихдог шиг. Орчин үеэр бол бясалгалын дээд төвшинд хүрлээ гэсэн үг. Тийм хэмжээнд хүрч, хуур дарна гэдэг гайхамшиг юм.

Яруу эгшиглэнгийн тухай домгийн сэдэвтэй мөртлөө байлдаан, тулааны хэсэг давамгай байсан нь сонин?

-Хуурын тухай кино учир уянгалчихаж гэж үзэгчдийг үргээхгүйн тулд аялгуу эгшиглэнгийн тухай боловч тулаант кино хийе гэж ярилцсан. Дархан хүний гарт алх байдаг бол тулаант киноны найруулагчид барих алх нь орлон тоглогчид юм. Тэдний нуруун дээр энэ кино боссон. Тулаант кино хийх туршлага бидэнд байгаагүй. Гэхдээ кино гэдэг чинь аргын урлаг. Тэр аргад гарших хэрэгтэй гэдгийг яс махандаа тултал ухаарсан.

Киноны амин сүнс нь зураачийн ажил юм гэдгийг “Говийн домог”-ийг үзэхдээ л бодож суулаа?

-Манай эх орон өөрөө их сайхан дизайнтай орон. Байгалиасаа эхлээд хувцас, эд өлөг нь хүртэл харж л чадвал чамин гаргалгаатай. Түүнийг нь олж мэдрэхгүй юм бол таг сохортой адил. Зураачид маань их сайн ажилласан.

Та бол Монголын кино урлагийн салбарт шинэ хүн биш. Хашир туршлагатай уран бүтээлчдийн нэг уран бүтээлүүдээс чинь “Говийн домог” юугаараа онцлог, өөр байв?

-Ачаа үүрч, тэн татсан талаасаа арай хүнд нь “Говийн домог”. Бас сурсан, мэдсэн талаараа ч хамгийн өгөөжтэй нь “Говийн домог”. Сурах тусмаа алдаад, алдах тусмаа сураад байдаг хачин мэргэжил бол кино найруулагч.

Таны хувьд кино урлагтай хэдийнээс хол­бог­дов. Өмнө нь ажиллаж байсан уран бүтээлээсээ дурьдаач?

-Намайг есдүгээр ангид ордог жил манай Хөтөлд  “Би эмээ болохгүй” гэдэг кино хийг­­­дэв ээ. Тэр бү­тээлд оролцоод л эр­гэлт буцалтгүй кино­чин болохоор шийд­сэн.Түүнээс хойш “Яллагч”, “Говийн домог”, “Содура”,  “Ар хударга”, “Хоёулаа унтах уу”, “Дэлхийд дурласан сар”, “Жексон амьд”, “Аравт”, “Учиртай гурав”, “Зөрлөг”, “Үхэж үл болно-Чингис хаан” зэрэг 20 гаруй уран бүтээлд оролцсон байна.

Найруулагч хүнээс Монголын кино урлагийн хөгжлийн тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Туршлагатай уран бүтээлчийн хувьд та нэг зүйл хэлнэ дээ?

-Чадвартай за­луус байна. Гэм нь академийн боловсрол нь нойл заагаад байна. Кино гэдэг чинь тусдаа шинжлэх ухаан. Нэг, хоёрыг хийгээд амжилт олж болох ч насаараа хийнэ гэвэл зайлшгүй боловсрол шаарддаг салбар. Би ч ялгаагүй дүү нартаа гологдохгүй, салбартаа хэрэгтэй хүн байхын тулд өдий 40 гарчихаад явж сурна гээд шийдчихсэн сууж байна. Зөв чиглүүлвэл баялаг түүхтэй, барагдашгүй ухаантай ард түмэн шүү дээ, бид чинь. Буруу сурцтай, партизан маягаар боловсорсон киночин олон бий. “Зам нь мухар, хавцал битүү” гэдгийг л санаж явмаар.

Арилжааны, хөнгөн бүтээл л гэх юм. Одоогийн энэ нийгэмд жинхэнэ бүтээл ямар байх ёстой вэ?

-Кино угаасаа л арилжааны урлаг. Сэтгэлийн үнэ, мөнгөн дүн хоёроо өсгөж байж л  кино болно. Хаа газар л хамгийн хөнгөн, өнгөлөг мөртлөө хямдхан юм руу хошуурч байдаг. Үнэгүй юм амьгүй гэдгийг санаад сэтгэл, өртөг хоёроо өндөрсгөчихвөл сайн бүтээл төрөлгүй дээ.

Тэгвэл манай киночид жинхэнэ бүтээл хийж байна уу?

-Ховорхон юм аа. Өнөө л академийн боловс­рол дутаж бай­гаагийн шинж. Академик боловсрол гээд дахин дахин үглээд байгаагийн учир нь хүн юу хийж болох вэ, юу хийж болохгүй вэ, ямар санааг дуугарч болдог юм, ямар санааг дуугарч болдоггүй юм зэрэг олон юмыг ялгаж, салгах ухаантай болно гэсэн үг. Энэ улсын, нийгмийн урд нь явдаг улс киночид. Гэтэл манайхан араас нь элдээд байна. Гүйцэхгүй байна. Гологдож байна. Энэ чинь боловсролгүйн шинж биз дээ.

Найруулагчийн хувьд таны баримталдаг зарчим юу вэ?

-Энэ амьдралын зөв талд нь, зөөлөн талд нь, гэгээн талд нь, гэрэлтэй талд нь байхыг л хүсдэг.

Шинэ уран бүтээл төлөвлөсөн гэж дуулсан. Сонирхуулаач?

-14 жилийн өмнө бичсэн “Чонын гүйдэлтэй нутаг” зохиолоо кино болгох гээд амьсгаа дээгүүр явж байна. Нас минь ч болж. Миний багш Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар “Най­руулагч хүн дөч гарч байж л жинхэнэ найруулагч болдог” гэж хэлж байж билээ. Тэр үг одоо л орой руу орж, бүхнийг шинээр эхлэх гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *