Нударган улс төр

8-р сарын 31, 2012 10:30 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 284

– У.Хүрэлсүх мэддэг “хэл”-ээрээ “ярив” –

М.ГАН

 

Монголын парламентын танхимд гишүүд зодолдсон хэрэг анх удаа гарлаа. Гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар чуулганы танхимын үүдний өрөөнд заамдалцан нэгийгээ цохиж унагаав. Чуулганы танхимд болсон гишүүдийн хэрүүл эцэстээ зодоон болж өн­дөрлөсөн юм.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн ху­ралдааны үеэр МАН-ын гишүүд бүлэг байгуулж чадаагүйдээ бухимдаж, тэдний эсрэг Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн юм.

Ардын намынхан “Бүлэг байгуулах тухай хэлэлцүүлсэнгүй” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд руу дайрсанд С.Эрдэнэ “Та нар УИХ-ын даргыг загнаж болохгүй” хэмээв. Мөн гишүүн Г.Баяр­сайхан ч дуугүй суусан­гүй, 24 цагийн дотор бүлэг байгуулах боломжоо алдсан Ардын намынхан руу үг “шидсэн”. Ардчилсан нам, Ардын намын гишүүд хоорондоо үг хэлээр толхилцож суухад У.Хүрэлсүх гаднаас Я.Сод­баатар, Н.Ном­той­баяр нарын гишүүдийн хамт орж ирсэн. Угийн аархуу, хөөрүү зантай У.Хүрэлсүх танхимд болж байсан хэрүүл рүү шууд  ороод явчихав. Түүний эсрэг гишүүн Г.Баяр­сайхан ч дуугүй байсан­гүй. Ингэтэл У.Хүрэлсүх, Г.Баярсай­ханы ширээн дээр очиж хэсэг ярилц­санаа “Гаръя” гэж гараараа дохин да­гуул­саар гарсан. Чуулга­ны танхимын үүдний өрөөнд хоёр гишүүн нэг, нэгийгээ заамдалцаж У.Хүрэлсүх, Г.Баяр­сайха­ныг цохиж унагаажээ. Тэднийг Я.Санж­­мятав, Ч.Сай­ханбилэг, Н.Энх­болд, С.Дэмбэрэл болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, Төрийн ордны хамгаалалтын албаныхан салгасан  байна.  Дараа нь Г.Баярсайхан чуулганы танхимд буцаж орсон бол У.Хүрэлсүх өөрийнхөө өрөөнд оржээ. Г.Баяр­сайхан чуулганы завсар­ла­гаанаар гарч ирэхдээ “Энэ бол ноцтой хэрэг, шүүхэд хандана” гэсэн тайлбар өгсөн бол У.Хү­рэлсүх нэлээд хугацааны дараа “Тайвширчихаад тайлбар өгье” гэж намын­хаа хэвлэлийн албаар сэтгүүлчдэд дамжууллаа.

Дээрх зодоон Монго­лын парламентын түүхэнд анх удаа болсноороо содон боловч  гол дүрийн “баатар” нь У.Хүрэлсүх учир нэг их сонирхолтой биш гэмээр. Учир нь У.Хүрэл­сүх Ардын намынхны дунд мэр сэр болдог зодоон, цохионд байнга нэр холбогддог. Тухайлбал, 2000-2004 оны парламентад Ардчилсан намынхныг “Дээлийг чинь нөмрүүлнэ” гэж за­нал­­хийлж суусан удаатай. Мөн намын журмын нөхөр Э.Мөнх-Очирыг намын байранд өөрийнхөө өрөөнд зодож гэмтээсэн гэх мэдээлэл ч хэдэн жи­лийн өмнө дуулиан болж байлаа. Тэрээр намын­хандаа гаргадаг аархуу, түрэмгий зангаа парла­ментад нэвт­рүүл­лээ. Гишүүд хэлэл­цүүл­гийн явцад хэрэлдэх, үг хэлээ ололцохгүй толхилцох нь байдаг л үзэгдэл. Гэхдээ Төрийн ордон бол У.Хүрэлсүхийн зодолддог Тусгаар тогтнолын ордон биш. Хоёр гишүүний зодооны дараа Су.Батболд “Парламентад байдаг л зүйл” гэж ярьсан. Энэ зодоон хоёр гишүүний хоорондоо гар зөрүүлсэн төдий асуудал гэхээс илүүтэйгээр Монголын улстөрчдийн улс төрийн соёл, ёс зүйн хэм хэмжээ ямар төвшинд байгааг ха­руулах нэг баримт гэдгийг У.Хүрэлсүхийг өмөөрч “Бай­даг л зүйл” гэж ха­риулахыг оролдож байгаа МАН-ынхан мар­таж бо­лохгүй. У.Хүрэлсүх л өөрийнхөө мэддэг “хэл”-ийг Төрийн ордонд  нэвт­рүүлснээс биш Монголын парламен­тын 20 жилийн түүхэнд болж байгаагүй үзэгдэл гэдгийг санах ёстой.

Гишүүд хэлсэн үгийн­хээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт бий. Ийм хуультай учир гишүүд бие, биенийгээ хэл амаар доромжлох үе байдаг ч  зодооныг зохицуулсан хуулийн заалт одоохондоо алга. Гишүүд хэлсэн үгийн­­хээ төлөө хариуцлага хүлээдэггүй юм бол хийсэн үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт өчигдрийн үйл явдлаас хойш хариулт нэхэх нь. УИХ-ын тухай хуулийн 34.3-т “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбог­дуулан доромжлох, гүтгэ­хээс бусад тохиол­долд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачил­сан хууль, Улсын Их Хур­лын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүү­лэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эр­хийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” хэмээн заажээ. Тэгэхээр энэ хэрэг гишүү­дийн ёс зүйтэй холбоотой асуудал болох нь. Ардын намын дарга Ө.Энх­түвшингээс зодоо­ны тухай лавлахад “Би энэ тухай мэдээгүй, хараагүй. Ги­шүүдийн ёс зүйн хэм хэм­жээг зохицуулсан хууль, дүрэм бий” гэсэн юм. 

Ардын намынхан энэ удаагийн парламентад бүлэг байгуулах боломж­гүйд хүрч болзошгүй учир айдастай байгаа. Тэд асуудлаа шийдүүлэхийн тулд ийнхүү нударгаар “ярьж”, бухимдлаа тайлж байгаа бололтой. Асууд­лыг ингэж хүндрүүлбэл Ардын намынханд ашиг­гүй болно. Тэр тусмаа муу нэр, луу данстай У.Хүрэл­сүхийг урдаа баривал асуудал шийдэгдэхгүй л болов уу.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Pharmacie Kamagra Achat Kamagra Cialis En Ligne Glyburide buy cialis Venta De Viagra Para La Mujer

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *