НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүг сонгогчид нь ингэж дүгнэлээ

10-р сарын 8, 2015 1:59 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 86
zms

С.УЯНГА, Д.БАТБААТАР

Сонгогчийн үгэнэ удаад НИТХын 19 дүгээр тойргоос сонгогдсон Ц.Баатархүүгийн сонгогчдын үгийг хүргэж байна. Тэрээр Чингэлтэй дүүргийн Xll, Xlll, XV, XVl хорооны иргэдийг НИТХд төлөөлж байгаа юм.

01XVl хорооны иргэн Я.Цэвэлмаа:

Ц.БААТАРХҮҮГ ТАНИНА. СУРТАЛЧИЛГАА НЬ ЯВААД БАЙДАГ ЮМ

Ц.Баатархүүг танина. Сурталчилгаа нь яваад байдаг юм. Гэхдээ ямар ажил хийдгийг нь мэдэхгүй. Сонгогдож байхад нь харж байсан. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтоод байхад харж үзэх, бидний зовлон жаргалыг сонсох хүн алга. Харин Г.Баярсайхан гишүүн бол иргэдтэй уулзаж, дүүрэгт ч их зүйл хийж байгаа. Ард түмэнд яг хэрэгцээтэй зүйл гэвэл түлшний асуудал. Л.Гансүхийн хэрэгжүүлж байсанНүүрсхөтөлбөрийг дахиад үргэлжлүүлээсэй гэж хүсч байна. Тэгэхгүй бол иргэд нүүрсний үнээ хүчрэхгүй, энэ өвөл зутарна. Шуудай нүүрс 2000-2500 төгрөгийн үнэтэй байна.

02Xll хорооны иргэн Б.Мядагмаа:

СЭТГЭЛТЭЙ ХҮН БОЛ НЭГ УДАА ИРЭЭД АМРАЛТЫН ӨДРӨӨР УУЛЗЧИХАЖ БОЛНО

Уг нь биднийг төлөөлж, бидний дуу хоолойг төрд хүргэх ёстой хүн нь төлөөлөгч гэж ойлгодог. Гэвч манай хорооноос хэн гэдэг эрхэм Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсоныг мэдэхгүй байна. Ард түмний амьдралд наалдахаар ажил хийж, хорооны иргэдтэй уулзсан бол нэр нь дуулдмаар юм. Хороо гэдэг чинь дүүрэг биш учраас жижигхэн шүү дээ. Сэтгэлтэй хүн бол нэг удаа ирээд амралтын өдрөөр уулзчихаж болно.

03XV хорооны иргэн Б.Буяннэмэх:

ХОРООНЫХОО ИРГЭДИЙГ АНХААРЧ ҮЗДЭГ ХҮН НЭГ Ч АЛГА

Хороон дээр очих нь ховор болохоор хаанахын ямар дарга нар ирж, ямар ажил хийдгийг мэдэхгүй. Иргэдийг төлөөлж гарсан дарга ирж тийм зүйл ярилаа, бидэнд хэрэгтэй шийдвэр гаргалаа  гэж хүмүүс ярихыг сонссонгүй. Ер нь хорооныхоо иргэдийг анхаарч үздэг хүн нэг ч алга. Манай хорооноос сонгогдсон Ц.Баатархүү гэдэг хүнийг хараагүй. Ядаж хороон дээр ирдэг бол сонсогдмоор юм. Дарга нартай уулзах хэрэг гардаггүй болохоор хувийн жаахан бизнесээ хийгээд амьдарч л байна.

04XVl хорооны иргэн Т.Даваасүрэн:

ТЭР ХҮҮГ ТАНИХГҮЙ

Хорооноосоо зайтай амьдардаг болохоор тэр бүр очоод байж чаддаггүй. Тэр Ц.Баатархүү гэдэг хүүг танихгүй. Хороон дээр ирээд иргэдтэй уулздаг юм бол зар өгмөөр юм. Тийм юм дуулдахгүй л юм. Өндөр настны орон сууцанд захиалга өгөх гэж хороон дээр очиж нэг удаа тодорхойлолт авсан. Нэг үеийг бодоход зам талбай сайжирч, байшин баригдаад байхыг бодоход хөгжиж байна л гэж харж байгаа.

05Xlll хорооны иргэн Ч.Баярсайхан:

Ц.БААТАРХҮҮ ГЭЖ ХҮНИЙ НЭРИЙГ СОНСООГҮЙ

Би Үнэгт гэдэг газар ногоо тарьдаг юм. Тийм болохоор хороон дээрээ ирээд байх нь ч цөөн. Хороо бол ажлаар тааруухан. Манай хорооноос иргэдийн төлөөлөгч гэж Нямдорж гэдэг хүн байсан. Харин тэр Ц.Баатархүү гэж хүний нэрийг сонсоогүй. Ард түмний амьдрал хэцүү байна. Саяхан тэтгэврийн зээлээ аваад нүүрс авлаа.Манай дүүрэгт  Багануурын нүүрс портер нь 135 мянган төгрөг, Налайхынх 160 мянган төгрөг гэж байна. Гэтэл Амгаланд буудаг нүүрс тонн нь 80 мянган төгрөгтэй байна лээ.

06Xll хорооны иргэн Ц.Эрдэнэчимэг:

 МАНАЙ ХОРОО 20-30 ЖИЛИЙН ӨМНӨ Л ИЙМ БАЙСАН

Би ер нь хороогоор их явдаггүй. Манай хорооныхон  их хойрго. Ажил хөөцөлдөөд явахаар бүтдэггүй юм. Энд олон жил амьдарч байна. Цэцэрлэг байхгүй. Хаа байсан зам гүүрийн баазын тийшээ нэг цэцэрлэг ашиглалтад орсон. Тэр ганц цэцэрлэгт хэдэн хүүхэд багтах билээ, хороо хэдэн өрхтэй билээ гээд наад захын асуудал олон байна. Тэгсэн хэрнээ жаахан газрын зай гарангуут мөнгөтэй хүмүүс нь байшин барьчихдаг юм билээ. Биднийг төлөөлж нийслэлд сонгогдсон хүн юу хийдэг юм бүү мэд. Ц.Баатархүү гэдэг хүнийг мэдэхгүй.Нэрийг нь ч сонсоогүй. Миний бодлоор манай хороо өөдлөөд байгаа юм алга. 20-30 жилийн өмнө л ийм байсан. Өнөөдөр байдгаараа л байна. Нэмэгдсэн зүйл гэвэл ганц нэг явган хүний зам барьсан байх. Тэрнийх нь тал хувь үерт урсаад явчихаж байна. Иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна. Төр засаг ард иргэдийн төлөө юу хийж байгаа юм. Юмны үнэ нэмэгдэхээр тэр нь ард түмний нуруун дээр л ирдэг. Хэдэн жил ингэж ард түмнээ сөхрүүлэхийг хэлж мэдэхгүй юм. Иргэд туйлдана шүү дээ.

07Xll хорооны иргэн З.Наранбаатар:

ИРГЭДЭЭ ТӨЛӨӨЛЖ СОНГОГДСОН ХҮН ХАМГИЙН ГОЛ НЬ АМЛАСНАА БИЕЛҮҮЛДЭГ БАЙХ ЁСТОЙ

Ц.Баатархүү гэдэг хүнийг ах нь мэдэхгүй. Тийм учраас хаагуур явж, ямар ажил хийснийг хэлэх боломж алга. Иргэдийн амьдрал хэцүү байна гэж яриад байна. Миний хувьд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Амьдрал яахав болж байна. Төр засгаас мөнгө төгрөг авдаггүй, жолооч хийгээд хоногийн хоолоо залгуулдаг. Ер нь иргэдээ төлөөлж сонгогдсон хүн  хамгийн гол нь амласан биелүүлдэг  байх ёстой. Тэтгэвэр, цалин 10 мянган төгрөг нэмлээ гэхэд дагаад хүнс,барааны үнэ тэнгэрт хадаж байна. Өнөөдөр захын нэг худалдагч 1000 төгрөгийн оймсыг 1500 төгрөг болгож нэмчихээд, юанийн үнэ нэмэгдсэн юм чинь бид яах юм бэ гээд зогсч байна. Эцсийн эцэст иргэд л хохирч үлдэнэ. Түүнээс тэр Ц.Баатархүү гэх мэт хүмүүс зөөлөн сандалд, тансаглаад сууж байгаа.

08Xlll хорооны иргэн Д.Ганболд:

ГЭРЭЛТҮҮЛЭГГҮЙ УЧРААС ОРОЙ 17:00 ЦАГААС ӨМНӨ  АЖЛААСАА ЧӨЛӨӨ АВДАГ

Би тэр хүнийг мэдэхгүй. Амьдрал хэцүү байна. Нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал гэвэл гудамжны гэрэлтүүлэг байна. Жишээлбэл, манайх Орд 17 гээд гудамжинд байдаг. Гэрэлтүүлэггүй учраас орой заавал 17:00 цагаас өмнө  ажлаасаа чөлөө авч охиноо цэцэрлэгээс нь очиж авчихаад буцаж явдаг. Ер нь манай хороонд  хэрэг, зөрчил их гардаг. Саналаа хэлээд асуудлаа шийдүүлье гэхээр өглөө гараад орой ажлаасаа ирдэг болохоор хороон дээр ямар  хүн байдгийг сайн мэдэхгүй. Саяхан Г.Баярсайхан гишүүнийг уулзалт хийхэд  хуралд очсон. Тэгэхэд уг нь саналаа хэлсэн. Хүлээж авлаа гэсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *