“Нисдэг сүрэг”-ийн эзэд

1-р сарын 5, 2018 5:43 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 23
bee

Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 200 гаруй өрх зөгийн аж ахуйг эрхэлж байна. Сэлэнгэ аймаг төдийгүй Монгол Улсын зөгийн үндсэн бүл энд байдаг. Нийт 3500 гаруй бүл зөгий тус суманд байна. Өнгөрсөн жил зөгийчид бал хураалтаа сайн хийжээ. Аймгийн Засаг даргын зүгээс зөгийчдийнхөө үйл ажиллагааг дэмжиж Туркийн хөрөнгө оруулалтаарЗөгийн өвөлжөө”-г тус суманд барьж ашиглалтад оруулаад байна.  “Нисдэг сүрэггэгдэх зөгийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болгож тус сумын зөгийчин Д.Дэлгэр, Ц.Цэцэгсүрэн нартай ярилцлаа.

 

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Зөгийгөө отроос оруулаад ирчихсэн юмуу?

Д.Дэлгэр:Бид зөгийгөө отроос оруулж ирээд одоо өвөлжүүлж байна. Бид гурав тус тусдаа зөгийн бүлтэй. 10, 10 гишүүнтэй. Нийт 30 хүний төлөөлөл болж байгаа хүмүүс.

Ц.Цэцэгсүрэн: –Манай бүлийгТансаг бүл”  гэдэгЭнэ жил манайх 180 кг бал авсан. Балаа үр хүүхдүүддээ өгч, зарж борлуулж байна. Болж байна аа, болж байна. Зөгий маань миний амьдралыг дээшлүүлж, үр өгөөжөө харамгүй өгч байгаа.

Хураан авч байгаа бал жил бүр тогтмол байдаг уу, өөр өөр байдаг уу?

Д.Дэлгэр:Тухайн жилийнхээ цаг уурын нөхцөл байдлаас шалгаалж янз бүр байдаг. Зөгийнөөс гарч байгаа бүтээгдэхүүний өөрийн өртөг нь бусад ногоо, жимс, тариаг бодоход өндөр шүү дээ. Бид борлуулалтаа нийслэл хотдоо, орон нутагтаа хийдэг. Бүр аваад хэвшчихсэн аж ахуйн нэгжүүд ч байгаа.

Балнууд өнгөөрөө ч амтаараа ч өөр байх юм. Энэ юуных вэ?

Ц.ЦэцэгсүрэнИдэж байгаа ургамал цэцгээсээ хамаарч байгаа. Байгалийн олон цэцгийн бал хүрэндүү өнгөтэй байдаг. Рапсын бал цагаан өнгөтэй. Бүх бал сайн. Гэхдээ эдгээрээс хамгийн сайн нь гурвалжин будааны бал.

Зөгийнөөс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг танилцуулахгүй юу?

Ц.ЦэцэгсүрэнБалыг хүмүүс хамгийн сайн мэднэ. Жилий гэж байдаг. Хүмүүс их хэрэглэдэг болсон. Нойр булчирхай, элэг цөс, таван цулын эрхтэнд сайн. Ходоодны архаг өвчтэй, даралт буурдаггүй, нойр булчирхайн өвчтэй хүмүүс цэвэр спиртэнд дараад хэрэглэж болно. 200 гр цэвэр спиртэнд 5 гр жилий хийгээд 21 хонуулаад эмийн журмаар ууж хэрэглэдэг.

Д.ДэлгэрБалны хаалт гэж байна. Амны хөндийн ариун цэвэрт их тустай. Бактери устгадаг. Өглөө оройд зажилж хэрэглэдэг. Хоол их хурдан шингээдэг. Цэцгийн тоос байна. Хавар байгалийн ургамал цэцэглэж байх үед зөгий өөрөө цуглуулж авчирдаг. Тэр үед нь бид авдаг. Нэг ёсондоо байгалийн өндөр нэгдэлт уураг. Тамирчдын хэрэглэдэг уураг шүү дээ.

Зөгийн аж ахуй хэрэглээд та бүхний амьдралд ямар өөрчлөлт гарав. Хэрхэн үр өгөөжөө өгөв?

Ч.ДолгорҮр өгөөжөө их өгсөн. Хамгийн гол нь эрүүлжсэн. Өглөө болгон өлөн элгэн дээрээ зөгийн балтай усыг гэр бүлээрээ ууж заншаад байна. Элэг, цөс, ходоодны өвчинд үнэхээр сайн. Зөгий тэжээдэг хүн хамгийн өндөр наслах магадлалтай гэж оросын эрдэмтэн судалж тогтоосон байдаг юм билээ. Бодоод байх нээ Монголд зөгийг хамгийн эхлээд оруулж ирсэн Жамц гуай 85 насалсан. Ингээд хараад байхад нээрээ ч үнэн юм уу гэж бодогдохоор байгаа. Бал, тоосонцрыг нь хэрэглэж байна. Байнга зөгийгөөрөө хатгуулдаг. Өвчтэй газраа, нуруу ууц, хөлөндөө. Зөгий маллаж байгаа хүн маш сайн эрүүлждэг. Эдийн засгийн хувьд ч байнгын үр өгөөжөө өгч байна.

Зундаа зөгийг оторлуулдаг юм билээ. Та бүхэн хаашаа оторлуулав?

Д.Дэлгэр:Өнгөрсөн жил Энхтал явж оторлосон. Гурвалжин будаан дээр байж байгаад ирсэн. Бид бэлчээрээ өөрсдөө сонгодог. Хаана ямар цэцэг, ургамалтай газар нутаг байна тэнд л хүрч оторлуулахыг боддог. Бас бэлчээрийн даацыг харна. Олон зөгийтэй газар хэцүү.

Зөгийгөө хаана өвөлжүүлдэг вэ?

Ц.Цэцэгсүрэн: Өөр өөрсдийнхөө өвөлжөөнд хийнэ. Бид гурав зун нь нийлээд явчихна. Өвөл нь өөрсдөө өвөлжөөгөө бэлдэж өвөлжүүлдэг.

Д.Дэлгэр:Манай суманд аймгаас нэг шинэ өвөлжөө барьж өгсөн. Долгор бид хоёр тэнд өвөлжиж байна.

Өвөлжөөг хэрхэн бэлддэг вэ?

Ц.ЦэцэгсүрэнМанайх зоорио өөрсдөө барьсан. Халуун, хүйтэн нь таарсан байх ёстой. Долоо хоног бүр орж хэмийг нь хардаг. Дулааныг байнгын нэг хэмд байлгадаг. Нэг хайрцаг нэг бүл. Түүнд 500-600 зөгий байдаг. Манай зооринд 600 гаруй бүл зөгий орно. Одоо энэ хашаанд гурван хүний 46 бүл зөгий байна.

Хатан зөгийг нь яаж гаргадаг юм бэ?

Д.Дэлгэр:Зөгий үржихэд эх зөгийний сонголт маш чухал. Эх зөгий хөгшрөх тусам өндөглөлт багасдаг. Зөгий байгалийн шалгарлаараа эхээ гаргаж болно. Бид зориудаар эх тавьж бас болно. Бид сонгож тавьж өгдөг. Хамгийн сайн эх зөгий дөрвөн жил насалдаг. Хөгшрөөд ирэхээр нь зөгийнүүд үүдээрээ гаргаад тавьчихсан байдаг.

Өвөлжөөнд нь оруулахдаа ямар идэштэй оруулах вэ?

Д.Дэлгэр: –Зөгийг намар, өвөлд сахараар л тэжээнэ. Зундаа байгальд нь тавьж идээшлүүлдэг. Өвөлдөө зөгий ерөнхийдөө ичиж байгаа юм. Унтаад л, сэрээд л, идээд уугаад өвөлждөг. Рам рамаа дамжаад л хоолоо идээд явдаг. Мөн бид зөгийгөө эрүүл байлгахын тулд уусмалаар витамин өгдөг. Шүршиж цацаж  хэрэглэгдэг вакцин ч байна.

“Нисдэг сүрэг”-ийн эзэд ийн ярьж байна. Д.Дэлгэр гуай ХАА-н дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсөж, Шаамарын МСҮТ-д 37 жил багшилсан багш хүн ажээ. Тиймээс Ч.Долгор, Ц.Цэцэгсүрэн нарыг “манай багш” гэж хэлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 1-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you will find 76136 more Infos|Informations on that Topic: zms.mn/nisdeg-sureg-iin-ezed/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *