Нийтлэг зорилгын бүс нутаг: Европын холбоо болон ОХУ Төв Азид хэрхэн хамтарч ажиллаж болох вэ?

4-р сарын 15, 2018 12:28 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 75
russia_europe_flags_sl-550x300

Бэлтгэсэн Д.Энхээ

 

Гадаад хэргийн болон хамтын нөхөрлөлийн орнуудын асуудал эрхэлсэн яамны (Их Британисанхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ”Европын аюулгүй байдал” төслийн хүрээнд бэлтгэсэн Bilig Brains сүлжээний аналитик шинжилгээний төслийн шинжээч  Рафаэль Саттаровын нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

*  *  * 

Европын холбоо Төв Азид “соёл иргэншлийн сонголт” хийх шахалт үзүүлээгүй, өөрийнхөө интеграцийн төслүүдэд бүс нутгийн улс орнуудыг татан оролцуулах оролдлого ч хийгээгүй.Төв азийн улс орнууд ч өөрсдөө их гүрнүүдийн зөрчилдөөн дээр тоглох эрсдэлтэй оролдлогоос илүүтэй урьдчилж харсан, олон вектор бүхий гадаад бодлогыг харьцангуй өндөр хэмжээнд үнэлэх болжээ. Иймэрхүү үл ялиг зөрчилтэй хийгээд ойрхон ижил зорилготой нөхцөлд Москва, Брюссель хоёр харилцан бие биенээ нөхөж, Төв Ази дахь хамтын ажиллагаагаа хавьгүй илүү үр ашигтай болгож болохсон.

Дэлхийн том гүрнүүдийн Төв Азид явуулах бодлогод Украины хямрал хүчтэй нөлөөлсөн. ОХУ, Европын холбооны аль аль нь энэ бүс нутагт ажиллахдаа баримталдаг олон зарчмыг дахин авч үзэж, тавьдаг шаардлагуудаа ч зөөлрүүлсэн бөгөөд Төв Азийн улс орнууд ч өөрсдөө “эсвэл-эсвэл” хэмээх геополитикийн хатуу сонголтын бодлогоос улам бүр холдож, гадаад харилцаа холбоогоо өөр чиглэлд хандуулан өөр хоорондоо идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлж байна.

Гэсэн хэдий ч Москва урьдын адил Европын холбооны болон АНУ-ын зүгээс хийх үйлдлийг Төв Ази дахь ашиг сонирхолд нь аюул учруулж болох эх сурвалж хэмээн үзсээр байгаа бөгөөд тэдгээрийн аливаа идэвхжлийг энэ бүс нутгийг Оросын нөлөөнөөс гаргах оролдлого гэж хүлээн авдаг.

Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхны мэдэгдэлдээ энэ бүс нутагт бүх талын үр бүтээлтэй хамтын ажиллагаа шаардлагатай, тийм учраас Төв Азийн улс орнуудыг геополитикийн хуурамч сонголтын өмнө аваачихгүй байхыг уриалсан нь Москва урьдын адил энэ бүс нутагт гаднаас учруулах сорилттой тулгарч магад хэмээн ихээхэн санаа зовниж байгааг харуулж байна. Нурсултан Назарбаевын АНУ-д хийсэн айлчлал, Төв Азид АНУ-тай хамтран ажиллах С5+1 платформ бүрдүүлэх тухай зарласан явдал Оросыг түгшээж, хариу үйлдэл гаргахад хүргэв.

Санхүүгийн хувьд тийм ч их биш, юуны өмнө харилцан яриа хэлцэлд зориулагдсан энэхүү платформ Оросын зүгээс яагаад ийм сөрөг хариу үйлдэл гаргахад хүргэж байгаа юм бол? Тэгвэл Төв Азид илүү томоохон байр суурьтай болсон Европын холбооны идэвхжиж байгаа үйл ажиллагааны талаар юу бодож болох вэ? Энэхүү харилцан үл итгэлцлийг хэрхэн бууруулж болох вэ?

Шинэ хөршийн стратеги

Төв Ази дахь Европын холбооны зорилго Европын зүүн хэсгийн орнуудын түншлэлтэй харьцуулбал хавьгүй даруу, амбийц гэхээр юмгүй. Төв Азийн орнуудын аюулгүй, тогтвортой байдлыг хангах, ядууралтай хийх тэмцэлд нь дэмжлэг үзүүлэх, эрчим хүч, тээвэр, дээд боловсрол, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай л яригддаг хэрэг.

Төв Азид хүний эрх, ардчилсан реформын сэдвийг тулгуур болгох нь илүүц учраас мэдэгдэхүйц үр дүн авчрахгүй гэдгийг ухаарч ойлгосны үндсэн дээр Европын холбоо энэ бүс нутагт удаан хугацааны туршид даруухан, реалист бодлого явуулсан.

Ийм чиг хандлагыг Европын холбоо өөртөө чухал гэж үзсэн салангид чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд авлига, хээл хахууль, хүний эрхийн зөрчил зэргийг харсан ч хараагүй юм шиг өнгөрөөхөд бэлэн байна. Өнөөгийн уламжлалт дэглэмийн тогтвортой байдлыг хадгалахыг л гол зорилгоо болгож, төв азийн орнуудын эрх баригчдад буруу дохио өгч байна гэх хатуухан шүүмжлэл, тухайлбал, Европарламентад гарч байв.

Энэ бүхний үр дүнд Европын холбооноос Төв Азийн улс орнуудтай эрчим хүч, эсвэл хөдөө аж ахуйн салбарт явуулсан хамтын ажиллагаа нэг талаас улстөрчид, идэвхтнүүд, сэтгүүлчид, хууль хамгаалагчдын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж байв. Нөгөөтэйгүүр, орон нутгийн авторитар дэглэмийн харгис чанга болж байгаа үйл явцад Европын холбоо бодитойгоор нөлөөлж чадахгүй байв.

Гэсэн хэдий ч хатуу ширүүн шүүмжлэлийн нөхцөлд 2007 онд батлагдаж, 2015 онд шинэчлэгдсэн Төв Азийн талаар Европын холбооны баримтлах бодлого зарим салбарт амжилт олсон. Одоо энэ бүс нутгийн Туркменээс бусад улс орон тус бүрт Европын холбооны төлөөлөгчийн газар ажиллаж, ядууралтай тэмцэх болон дээд боловсрол, байгаль хамгаалах хүрээнд хэд хэдэн хөтөлбөр хэрэгжсэн. Төв Азийн улс орнууд өөрсдөө ч энэхүү стратегийг сайшааж, хамтын ажиллагааг дэмжиж байгаа.

Бүс нутагт явуулах хамтын ажиллагааг “Илүү ардчилал-илүү дэмжлэг” хэмээх зарчимд үндэслэж явуулахаар тодорхойлон 2011 онд батлагдсан “Өөрчлөгдөн буй хөршүүдэд өгөх шинэ хариу” хэмээх Европын комисс, Европын холбооны дээд комиссарын гадаад болон батлан хамгаалах бодлогын баримт бичиг харин тодорхой мэдэгдэхүйц үр дүнд хүрээгүй. Төв Азид ардчилал илүү их сайн болж ч бас чадаагүй.

Москвагийн түгшүүр

Төв Ази дахь Оросын бодлого уламжлалын дагуу дараахь тулгын гурван чулуунд суурилдаг. Нэг дэх нь: – энэ бол аюулгүй байдлын болон цэрэг – техникийн хамтын ажиллагааны асуудлууд (бүс нутгийн улсуудын зэвсэгт хүчнийг шинэчлэхээс Киргиз, Тажикистанд цэргийн бааз байгуулах хүртэл).Хоёр дахь нь: – газрын тос, байгалийн хийн болон усны эрчим хүчний хүрээн дэх эрчим хүчний төслүүд. Гурав дахь нь: – Евроазийн эдийн засгийн холбооны интеграцийн институтуудыг бэхжүүлэх.

Өнгөцхөн авч үзвэл Европын холбоо болон Оросын Төв Ази дахь зорилгын хооронд шууд зөрчилдөх зүйл байхгүй юм шиг боловч европчуудын зарим нэг үйлдэл Москваг түгшээдэг. Оросын дургүйцлийг хүргэдэг зүйл бол юуны өмнө иргэний нийгмийн хөгжил, ардчилахүйл явц, хүний эрхтэй холбоотой асуудлуудтай хамаарал бүхий Европын холбооны зүгээс авч хэрэгжүүлж байгаа аливаа алхам.Хүний эрхийг хангаж байгаа болон бүс нутаг дахьулс төрийн дэглэмийн хахир хатуугийн түвшний үнэлгээ л гэхэд энгийн зүйл боловч мөн л дургүйцэл төрүүлдэг. Энэ бүгдийн цаана өнгөт хувьсгалын бэлтгэл хийгдэж байна, Төв Азийнхны дэглэмийн тогтвортой байдлыг эвдэж бусниулах санаа нуугдаж байна, энэ нь цаашаа даамжирч радикал исламуудад замыг нь нээж өгнө хэмээн Орос улс үздэг.

Түүнчилэн бүс нутгийн эрчим хүчний урсгалыг Европын холбоо Оросыг тойруулан өөр лүүгээ эргүүлнэ хэмээн Москва бас болгоомжилдог. Иймэрхүү аливаа төслийг оросын эсрэг зүйл ч гэж хүлээж авдаг. Тухайн үедээ байгалийн хий дамжуулах Nabucco төсөлд Туркмен оролцох болсонд Москва дургүйцлээ нуугаагүй. Өнөөдөр дургүйцэл төрүүлж байгаа шинэ хүчин зүйл бол Транскаспийн хий дамжуулах шугам баригдаж дуусмагц Туркмен ч нэгдэж магадгүй Азербайжан, Туркийн TANAP төсөлюм. Иймэрхүү санаачилгуудад Москва хоёр гол эрсдэл байна гэж үздэг. Нэгдүгээрх нь, бүс нутаг дахь өөрийнх нь нөлөө буурна, хоёр дахь нь, Европын холбооны эрчим хүчний зах зээлд өрсөлдөөн өсөн нэмэгдэнэ.

Гэхдээ бодит байдал дээр Москвад Европын холбооны зүгээс Төв Азид учруулж болзошгүй аюул заналыг хэт дөвийлгөн авч үзэж байна. Бүс нутаг дахь Европын холбооны төслүүд үндсэндээ геополитикээс хавьгүй хол, тэгш хамруулах  (инклюзив) боловсрол, хотын дэд бүтцийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний үүргийг дээшлүүлэх, боловсролын реформ, экологийн хувьд хүндрэл бэрхшээлтэй бүс нутгийн цэвэр усны хангамж гэх мэт хүрээнд төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, Европын холбоо Төв Азид оросын геополитикийн нөлөөнд аюул занал учруулахааргүй хүмүүнлэгийн төслүүдэд л гол төлөв анхаарлаа хандуулдаг бөгөөд харин ч Оросын санааг байнга зовоодог нийгэм – эдийн засгийн эрсдэл, тогтворгүй байдлын аюул заналыг бууруулахад тусалж байгаа хэрэг юм.

Европын холбоо өөрийнхөө хүмүүнлэгийн төслүүд дэх магадлан шинжилгээгээрээ алдартай хэдий ч бүс нутгийн асуудлуудаас болж Төв Азид хэрэгжүүлж байгаа эдгээр төслийн амжилтын түвшинг ахиулах шаардлага байсаар байна. Мэргэшсэн мэргэжилтнүүд гадагш шилжих үзүүлэлтээр Узбекистан, Тажикистан, Киргиз улс эхний байранд явж байна. Үр дүнд нь боловсон хүчний өлсгөлөн, хээл хахууль газар авч, тэр нь заримдаа олон улсын байгууллагуудын төслүүдэд ч нэвтэрч, бүхэлдээ эдгээр орны бүс нутаг дахь имижид сөргөөр нөлөөлж байна.

Төв Азийн улс орнуудын өөр хоорондын тоо томшгүй зөрчил маргаан нийт бүс нутгийг хамарсан болон олон талт төслүүдийн хэрэгжилтэд саад тотгор болдог учраас Европын холбоо зарим нэг улстай хоёр талын хамтын ажиллагаанаас хальж чадахгүй билээ. Сүүлийн үед энэ чиглэлд байдал аажмаар арай дээрдэж байгаа боловч дунд хугацааны ойрын ирээдүйд огцом урагшилж сайжрах төлөв байдал харагдахгүй байна.

Нөгөөтэйгүүр ОХУ зөөлөн хүчний хувьд Европын холбооноос хоцорч байна. Бүс нутагт Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүчтэй ч гэсэн, Төв Азид Европын холбоо олон хүний сонирхол татсан хэвээр байна. Бүс нутгийн интеграцийн тухай хүсч мөрөөддөг орон нутгийн сэхээтнүүд Европын холбоог Төв Азид давтаж болохуйц улс орнуудыг нэгтгэх амжилттай жишээ хэмээн харж дүгнэж байна.

Томоохон хот, нийслэлүүдэд Европын гол гол хэлэнд сургадаг Францын институт, Гете – институт, Британийн зөвлөлийн төлөөлөгчийн газрууд ажиллаж байна.Европын их сургуулиуд руу ErasmusMundus хөтөлбөрөөр суралцахаар Төв Азиас жил бүр мянга мянган оюутан залуус явж байна. Үүн дээр Европын зарим оронд улсын тэтгэлэгт хөтөлбөрөөр сурч байгаа оюутнуудыг нэмж болох юм.

Европын их, дээд сургуулийг дүүргээд эх нутагтаа эргэж ирсэн төгсөгчидтэй Европын  холбооны улсуудын Элчин сайдын яамд, Европын холбооны төлөөлөгчийн газрууд байнгын холбоотой байж, хурал зөвлөгөөн, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд урьж, орон нутагт хэрэгжүүлэх төслүүдэд татан оролцуулж байна.

Оросын хувьд энэ талаар ярих зүйл байхгүй. Төв Азиас Оросын их, дээд сургуулиудад сурдаг оюутны тоо Европын холбооныхоос хэдэн арав дахин олон. Гэхдээ Орос улс өөрийнхөө төгсөгчидтэй үргэлжлүүлж ажиллахдаа хангалтгүй. Төв Азийн залуучууд оросын их, дууд сургуулиудад бараг л бүх чиглэлээр суралцдаг, гэхдээ хүн хоорондын бодит холбоо харилцаа гол төлөв хүчний сургуулийн төгсөгчидтэй, тэгэхдээ бас дээд байгууллагын зөвшөөрлөөр хадгалагдаж үлддэг.

Эрсдлийн эсрэг хамтдаа

Зөвлөлтийн дараахь орон зайн бусад хэсгийг бодвол Төв Ази дахь ОХУ-ын болон Европын холбооны ашиг сонирхол олон талаар давхцдаг. Хоёр тал хоёулаа бүс нутгийн эдийн засгийг тогтвортой байлгах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризмын эсрэг тэмцэлд орон нутгийн эрх баригчдыг дэмжихийг хүсдэг. Хоёр тал мөн бүс нутгийн улс орнуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө байдаг.

Европын холбоо Төв Азид “соёл иргэншлийн сонголт” хийх шахалт үзүүлээгүй,өөрийнхөө интеграцийн төслүүдэд бүс нутгийн улс орнуудыг татан оролцуулах оролдлого ч хийгээгүй. Тийм учраас Украин юм уу Грузинд болсон шиг нөхцөл байдал давтагдах вий гэх болгоомжлол Москвад байх учиргүй.

Төв азийн улс орнууд ч өөрсдөө их гүрнүүдийн зөрчилдөөн дээр тоглох эрсдэлтэй оролдлогоос илүүтэй урьдчилж харсан, олон вектор бүхий гадаад бодлогыг харьцангуй өндөр хэмжээнд үнэлэх болжээ. Аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа бол бүс нутгийн хувьд, тэр тусмаа ялангуяа Киргиз, Тажикстан зэрэг багавтар улс орнуудын хувьд урт удаан хугацааны туршид өөр ямар ч саналаар огт солигдохгүй Москвагийн санал байх болно.

Иймэрхүү үл ялиг зөрчилтэй хийгээд ойрхон ижил зорилготой нөхцөлд Москва, Брюссель хоёр харилцан бие биенээ нөхөж, Төв Ази дахь хамтын ажиллагаагаа хавьгүй илүү үр ашигтай болгож болохсон.

Хотын дэд бүтцийг сайжруулах болон боловсролд реформ хийх Европын холбооны төслүүд нь ОХУ – аас олон улсын бусад байгууллагуудтай хамтран бүс нутагт хэрэгжүүлж буй төслүүдтэй нийлэмжтэй. Жишээлбэл, Москва өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) олон төслийг санхүүжүүлдэг, бүр 2015 онд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч НҮБ-аас Төв Азид 2019 он хүртэл хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтэд зориулж 25$ сая долларын хамтарсан сан байгуулж байсан.

Хэрвээ ОХУ, Европын холбоо аль аль нь геополитикийн уламжлалт бодлогоос татгалзаж, экологи, хүнсний аюулгүй байдал, бүс нутгийн улс орнуудад технологийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлж чадах аваас ийм маягийн хамтын ажиллагаа Төв Азийн аюулгүй, тогтвортой байдлыг ихээхэн бэхжүүлэх болно. Ямар нэг “соёл иргэншлийн” эсвэл “геополитикийн” бус, гагцхүү дээр дурдсан асуудлууд л Төв Азид илүү эрсдэл дагуулж байгаа билээ.

Төв Ази дахь өнөөгийн нөхцөл байдал олон талаар “арабын хавар” – ын өмнөхтэй төстэй, усны нөөц хомсдож, экологийн бусад асуудал хуримтлагдаж,  хүн ам нь тааламжгүй тохь тухгүй хөдөө нутгаас үй олноороо, зохион байгуулалтгүйгээр эдийн засгийн ч, дэд бүтцийн ч хувьд тэднийг хүлээн авахад бэлэн бус хотууд руушилжин нүүдэллэхэд хүргэж байна. Эцсийн дүндээ энэ бүхэн бүс нутгийг хамарсан нийгэм – эдийн засгийн гүнгий хямралд оруулж байна.

Тусгаар тогтносон эхний жилүүдийг бодвол Төв Азийн улс орнууд өнөөдөр нэлээд бэхэжсэн хэдий ч бүс нутаг тогтворгүй болох эрсдэл урьдын адил өндөр хэвээр байсаар байна. Тийм учраас, Төв Азийн аюулгүй, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн асуудал бол радикал исламыг номлон сурталчилсан сахалтнуудын эсрэг тэмцэл төдийгүй бас юуны өмнө боловсрол, эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн үйлдвэрүүдэд технологийн дэмжлэг үзүүлэх талаар хамтарч ажиллах явдал юм гэдгийг ОХУ, Европын холбооны аль аль нь харгалзан үзэх учиртай.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Viagra Cannada Levitra Niedriger Blutdruck Generic Clobetasol Eczema No Prior Script buy generic cialis online Amoxicillin Injections Viagra Online Sale Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *