Нийслэлийнхэн эсгий гэрээсээ салаагүй цагт утаа буурахгүй

1-р сарын 12, 2018 10:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 6
1-12-3

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монгол Улсын  орших, эс оршихуйг эдүгээ XXI  зуунд утаа шийдэх хэмжээнд хүрсэн нь эмгэнэл. Утаагаа бууруулъя гэхээр  эсгий гэр, зуух яндангаа  тойрон эргэлдээд байдаг. Төрийн бодлого нь   хүртэл зуух яндан  шинэчлэх, эсгий гэрээ   дулаалахаар  төлөвлөж байх жишээтэй. Хэдий хүртэл бид эсгий гэр, зуух яндан,  үнс нурамтайгаа   зууралдах вэ.

 Монголчууд хөдөө талд гэрээ   бариад  дөрвөн улирлын аясаар нүүдэллэж, таван  хошуу малаа өсгөж ирсэн нь үнэн. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг тэр. Гэр бол нүүдэлчдийн сууц. Энэ уламжлал маань  социализм, коммунизм байгуулах, хот суурин бий болгох  их бүтээн байгуулалтын он жилүүдэд  ч хадгалагдаж өдгөө нийслэл хотын ихэнх хэсэг нь гэр хороололд эсгий  гэрт амьдардаг. Гадныхан  уламжлал, шинэчлэлийг хослуулсан нийслэл хоттой  гэж өхөөрддөг ч  үнэндээ  бид хоцрогдчихсон. Зундаа жорлон, муу ус, хогны өмхий үнэрт, өвөлдөө хорт утаанд угаартан “мансуурч” ирэв.

Агаарын бохирдол, хорт утаа Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсныг сүүлийн 10 жил ярилаа. Гадны улс орнуудаас зуух авчирч  айл бүрт өглөө, хямд үнэтэй нүүрс  төслийг  хэрэгжүүллээ, гэрээ дулаалах  материал тараалаа, гэвч  утаа буурсангүй. Агаарын бохирдлыг бууруулах зорилтыг шийдэхэд урт хугацаа шаардагдана гэж бүх шатанд ярьдаг, ингэж үздэг. Иймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүд  Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр 15 сая ам.долларын санхүүжилттэй 2013-2017 онд дамжин хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн зуух, нам даралтын уурын зуухыг шинэчилж байгаа. Гэвч яндангийн тоо цөөрөхгүй байгаа нь утаа буурахгүй байгаа гэсэн үг юм.

Улаанбаатарт 177 мянга орчим өрх бий. Тэд 600 орчим мянган тонн нүүрс түлшиндээ хэрэглэж, жилд дунджаар 578384 тонн хүлэмжийн хий, 304414 тонн нүүрстөрөгчийн исэл, 3095.7 тонн дэгдэмхий үнс хаягдаж агаар, хөрсийг бохирдуулж байна

Эх сурвалж: Эрдэмтдийн судалгаа

 

Утаа, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг  эрдэмтэд “Нийт хүн амын 68.1 хувийг хотын хүн ам эзэлдэг, түүний ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан эзэлдэг учраас  өвчлөх эрсдэл их байна” гэж тооцоолжээ.

 

Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр 15 сая ам.долларын санхүүжилттэй

2013-2017 онд дамжин хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн зуух, нам даралтын уурын зуухыг шинэчилж байгаа. Гэвч яндангийн тоо цөөрөхгүй байгаа нь утаа буурахгүй байгаа гэсэн үг юм.

Судлаачдын гаргаснаар өнөөдөр Улаанбаатарт цахилгаан станц, их, бага оврын уурын зууханд жилдээ 4 сая тонн, 200 шахам мянган гэр, ердийн халаалттай орон сууцанд жилд 900 мянга орчим тонн түүхий нүүрс түлдэг. Дээр нь 400 шахам мянган автомашины хаягдал утаа, тортог, үнс агаар, хөрсийг бохирдуулж байна. Үүний  эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг  эрдэмтэд “Нийт хүн амын 68.1 хувийг хотын хүн ам эзэлдэг, түүний ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан эзэлдэг учраас  өвчлөх эрсдэл их байна” гэж тооцоолжээ. Эндээс эрдэмтэн судлаачид “Гэр хорооллын иргэд түүхий нүүрсийг шууд хэрэглэж байгаа нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байна” гэсэн нэгдсэн дүгнэлтийг гаргажээ. Агаарын бохирдлын  гол эх үүсвэр болоод байгаа  гэр хорооллын 177 мянга орчим айл өрх нийтдээ 600 мянган тонн нүүрсийг түлшиндээ хэрэглэдэг гэсэн тооцоог ч бас хийжээ.

Тэгэхээр гэрээ дулаалснаар утаа буурах уу. Зуух яндангаа  сайжруулж, өмнөх шигээ айл өрх бүрт  тарааж өгснөөр  асуудал шийдэгдэх үү. Гэр байгаа цагт, зуух янданг хэрэглээнээс халахгүйгээр утаа  огт буурахгүй.  Энэ  энгийн бөгөөд ийм ойлгомжтой байхад  эсгий гэр тойрсон бодлогоо  эрхэм түшээд маань  эргэж харах цаг болжээ. Улаанбаатарын утааг бууруулах зөв шийдэл, цорын ганц арга  бол  эсгий гэрүүдийг хотоос гаргах, өөр  зам үгүй. Эсгий гэрийг цөөлснөөр зуух, яндангийн тоо цөөрнө. Ингэж байж  утааг  бууруулна. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын  эрхэм гишүүд  ч тойрогтоо  гэр тарааж утаа нэмэхээ болих хэрэгтэй. Гэр дулаалах нано материалаар хийсэн дээвэр туурга үйлдвэрлэх тухай, эсвэл  эсгий хийдэг хонины ноосоо яаж  чанаржуулах  вэ  гэдэг малчдад чиглэсэн тусдаа төсөл байхаас биш хотын  утааг бууруулах оновчтой шийдэл  болохгүй.

Гэхдээ эцэг өвгөдөөс уламжилж ирсэн  монгол гэрээ нүд үзүүрлэж буй юм бас биш.  Нийслэлчүүд зундаа  монгол гэрээ  зуслан дээрээ бариад сууж бололгүй яахав. Уулын аманд 10 гэр барьчихаад амрагч, аялагч, жуулчдыг хүлээж авдаг  амралт  сувиллын газар, жуулчны баазуудад энэ эрх нь нээлттэй.  Харин хотоо утаанаас салгахын тулд, Монгол Улс  орших, эс оршихуйн асуудал, хүн амынх нь талаас илүү хувь  амьдарч буй нийслэлийнхний эрүүл мэндийг  аврахын тулд эсгий  гэрүүдийг  хөдөө гаргах хэрэгтэй. Ингэж хэлэхээр зөрүүлээд нэг нь “Эсгий гэр  утааг нэмдэг юм бол  хувийн сууц, байшин ч гэсэн гал түлдэг биз дээ” гэж асуух байх. Дулаалга нэмэх, утаагүй шийдэл хэрэгжүүлэх боломж нь гэрт биш хувийн сууц, байшинд илүү бий. Цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн айл өрх ч  гэр хороололд цөөнгүй. Гэхдээ тэдний ихэнх нь хувийн  тохилог сууцанд амьдарч байгаа. Түүнчлэн дулаалгын материал хэрэглэж, түлшээ хэмнэх, шалны халаалт тавих,  бага оврын нарны цахилгаан эх үүсгэвэр хэрэглэх гэхчлэн техник, технологийн шийдлүүдийг     хаус, хувийн сууц, байшинд л нэвтрүүлэх боломжтой. Өнөөдөр  гар утаснаас эхлээд 00-ийн суултуур хүртэл ухаалаг болчихсон цаг үе.  Байшин, сууц халаах чиглэлд шингэн дулаан зөөгчтэй программчилсан цахим удирдлагатай, хэрэглэхэд авсаархан,  халаалтын цахилгаан зуух  Монголд нэвтэрсэн нь зөвхөн сууц биш, сургууль, эмнэлгийг ч халааж байгаа сайн туршлагууд  бас байна. Тухайлбал, зарим айл өрх, албан байгууллагад хэрэглэж эхэлсэн ЕКСО хэмээх “шидэт зуух”-ыг нэрлэж болно.  Цахилгаан халаагуур  ашиглах нь хэрэглэгчдэд үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй. Манай оронд үүнийг хэрэгжүүлэх техникийн нөхцөл бололцоо бүрэн бүрдсэн гэсэн  энэ салбарын эрдэмтдийн тооцоо судалгаа байна. Цахилгаан халаагуур хэрэглэх эрчим хүчний нөөцийн тухайд зарим нь хангалтгүй гэж шүүмжилдэг,   статистикаас үзэхэд манай улсын хэмжээнд ДЦС-ын  түлж байгаа нүүрсний хэмжээ, гэр хорооллын түлж байгаа нүүрсний хэмжээнээс бага байгаа нь үнэн.  Гэхдээ гэр хорооллын түлдэг нүүрсний хэмжээг багасгаж, эрчим хүчний эх үүсгэврээ нэмэх шийдлүүдийг хийх боломж бий. Дээр нь орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, хувийн сууц барихад зориулсан ипотекийн зээл олгох гэхчлэн төсөл хөтөлбөрүүд зарим нь эхэлсэн, хэрэгжүүлэхээр ярьж  байгаа жишиг  эхлэлүүд  байна. Шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэд, зохион бүтээгчид  гэр, амины сууцыг халаах янз бүрийн аргыг боловсруулж, туршиж ирсэн. Шилдэг гэж хэлж болох шийдэл, технологийн дэвшлийг нутагшуулсан нь ч бий. Тэд хэлэхдээ эсгий гэрт биш амины сууц, байшинд нэвтрүүлэх нь илүү боломжтой хувилбар гэдгийг хэлж байгаа юм. Ийм байхад  нүүдэлчдийн үеийн  эсгий гэр, зуух яндантайгаа зууралдаж суухын оронд шийдэл гарцыг техник технологийн дэвшлээс хайсан дээр биш гэж үү. Төрийн бодлогод төрөлх ухаанаасаа  гадна бас шинжлэх ухааны нээлт, судалгааг авч хэрэгжүүлэх ёстой баймаар.  Энэ бүхний эцэст бид эрүүл, аюулгүй амьдрах болохоос утаанд дарлуулж, үндэстнийхээ  орших, эс оршихуйг агаарын бохирдлоор хэмжүүлж  суух  нь XXI  зууны Монголд даанч ичгэвтэр юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *