НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭД

8-р сарын 17, 2012 10:27 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 506

– Давж заалдах гомдол –

 

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөн­хий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн даргасан шүүх хурлаас гаргасан шийдвэр нь хууль бус ба үн­дэс­лэлгүй гэж үзэж, Нийс­лэлийн шүүхэд өчигдөр давж заалдах өргөдлөө гаргасан байна. Уг өр­гөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхээс 2012.08-02-нд Н.Энхбаяр нарт холбог­дуулан гаргасан 326 тоот шийтгэх тогтоолд дараахь үндэслэлээр өмгөөлөг­чийн давж заалдах гомдол гаргаж байна:

Сүхбаатар дүүргийн шүүх 2012.08-02-ны өд­рийн 326 тоот шийтгэх тогтоолоо дараахь байд­лаар хууль бусаар ба үндэслэлгүйгээр гаргажээ. (Н.Энхбаяр нарт ял хал­даасан хэргүүдийн талаар шүүхийн шийтгэх тог­тоолд дурдсан дэс  дараал­лыг баримтлав.)

 

ЯПОН УЛСЫН АГОН ШЮҮ БАЙГУУЛЛАГААС ХАНДИВЛАСАН ТЕЛЕВИЗИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭХ ЗОХИОМОЛ ХЭРГИЙН ТУХАЙД

 

Япон улсын буддын Агон Шюү байгууллагаас АТГ гаргуулж авсан гэх “Гэрчилгээ” (Certificate)-нд (Шийтгэх тогтоол/цаашид ШТ гэнэ./, 24 дэх тал) тулгуурлан шүүх Н.Энхбаярт хорих ял халдаасан. Гэтэл Япон улсын буддын Агон Шюү байгууллагын ерөнхий­лөгч Сейю Кириямагийн 2000.02.21-нд “Эрхэм Нам­барын Энхбаяр та­наа, Улсын Их Хурал, Парла­мент дахь цөөнхийн бүл­гийн дарга, МАХН-ын дарга: Эдгээр телевизийн болон аудио тоног төхөө­рөмжийг манай Агон Шюү-гаас хандивлав. Агон Шюү-гаас  Сейю Кирияма, Агон Шюү-гийн ерөнхийлөгч” гэсэн албан бичиг байдаг бөгөөд энэ нь хавтаст хэрэгт бай­гаа бөгөөд шүүхэд үүнийг өмгөөлөгчийн зүгээс нот­лох баримт болгон уншиж сонсгож байсан. “Н.Энх­бая­рын гэм буруугүй болохыг нотолсон энэ нэн чухал нотлох баримтыг шүүх шийтгэх тогтоолдоо зориуд санаатайгаар оруу­лаагүй байна”.

 

Энэ албан бичиг нь дараахь байдлаар албан ёсны гэдэг нь батлагддаг:

1.Японы Агон Шюү байгууллагын албан ёсны хэвлэмэл маягтад үйлдэгдсэн;

2.Японы Агон Шюү байгууллагын албан ёсны тамгаар баталгаажуулсан;

3.Өмнө дурдсан бичгийг Агон Шюү-гийн ерөнхийлөгч Сейю Ки­рия­магийн хувийн там­гаар дахин баталгаа­жуул­сан;

4.Энэ бичигт японы Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч өөрийхөө ал­бан үйл ажиллагаанд хэ­рэглэдэг нэрээ хэрэглэ­сэн;

5.Англи хэл дээр буй энэ бичиг яагаад хавтаст хэрэгт орсон бэ? гэвэл АТГ японоос ирүүлсэн телеви­зийн тоног төхөөрөмжийн нэхэмжлэлийг “Буянт Ухаа” дахь гаалийн газрын архиваас авахад түүнд хавсрагдсан байжээ;

6.Хавтаст хэрэгт байгаа Буянт-Ухаагийн гаалийн газрын архиваас АТГ авсан хилээр нэвт­рүү­лэх барааны мэдүүлэгт тус төхөөрөмжийг  им­порт­логч нь Намбарын Энхбаяр гэж бичигдсэн нь японы Агон Шюү бай­гууллагын ерөнхийлөгч Сейю Кириямагийн 2002.02.21-ний бичиг албан ёсны, жинхэнэ гэдгийг давхар баталж байна;

7.Хавтаст хэрэгт байгаа Буянт-Ухаагийн гаалийн улсын байцааг­чаар ажиллаж байсан Ц.Мөнхзул “Энэ бараа нь дандаа телевизийн тоног төхөөрөмж байсан бөгөөд 100 гаруй мянган ам.дол­ларын үнэтэй инвойстой байсан,… одоо санахад 10 гаран хоногийн дараа бүрдүүлэлт хийж, нийтдээ 20 гаруй сая төгрөгийн гаалийн татвар төлсөн санагдаж байна… бүрдүү­лэлтийг тухайн үеийн МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Энхбаярын туслах гээд нэг жижигхэн залуу, түүнтэй хамт Таван Богдын Баатарсайхан хоёр ирж бүрдүүлэлт хийж, татвар төлөөд ачаа бараагаа авч явсан юм.” гэж мэдүүлсэн нь японоос Н.Энхбаярын нэр дээр телевизийн тухайн төхөө­рөмж ирснийг баталж бай­на. Энэ нь Ц.Баатар­сайханы “Японоос тоног төхөөрмж ирчихээд гааль дээр байгаад байгаа. Тэ­рийг татварыг төлөөд аваадахаа ч гэсэн хүсэлт Н.Энхбаярын зүгээс надтай ярьж тавьсан. Энэ хүсэлтийг нь би зөвшөөрч тухайн тоног төхөөрөм­жийн гаалийн татварыг нь төлж авсан юм” гэсэн хавтаст хэрэгт буй мэдүүл­гээр давхар батлагдаж байна.

АТГ-ын Японоос авч­руулсан 2012.02.20 гэсэн огноо бүхий “гэрчилгээ” гэгчээр Н.Энхбаярт ял халдаасан нь дараахь байд­лаар хууль бус, зо­хио­мол гэдэг нь хөдөлбөргүй батлагдаж байна:

1.ЭБШХ-ийн 398 ду­гаар зүйлд “Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаалт, үзлэг, нэгжлэг, туршилт, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагаа явуулах,  шаард­лагатай бол уг асууд­­лыг эрх зүйн туслал­цаа харилцан үзүүлэх болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.”, “байцаан шийтгэх тодорхой ажил­ла­гаа явуулах даалгаврыг олон улсын гэрээ, хэлэл­цээрт заасан байгуулла­гаар дамжуулан явуулна” заалтыг АТГ ноцтой зөрчсөн.

2.Монгол ба Япон улсын хооронд эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй учир олон улсын эрх зүйн нийтлэг жишигт үндэслэх байсныг ноцтой зөрчив.

3.АТГ нь Япон улсын гадаад хэргийн ба хууль зүйн байгууллагын зөв­шөөрөлгүйгээр тус улсын нутаг дэвсгэрт түүний харъяат иргэн, хуулийн этгээдийн хувьд хууль бус ЭБША явуулсан.

4.Эрүүгийн хэргийн талаар харилцан туслал­цаа үзүүлэх гэрээгүй ул­сууд нь харилцан туслал­цах зарчмыг удирдлага болгон “Эрүүгийн хэр­гийн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай” 1959 оны Европын кон­венц, “Иргэн, гэр бүлийн ба эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа ба эрх зүйн харилцааны тухай” 2002 оны Кишиневийн кон­вен­цид заасан жишиг жур­мыг монголын төр ноцтой гажуудуулахад АТГ хүргэсэн.

5.2012 оны “гэрчилгээ” гэгчийг англи хэл дээр урьдчилан үйлдээд хэн нэгэн хүн Японд очиж Агон Шюү-гийн дардас, тамгыг даруулсан байж болох өндөр магадлалтай. Яагаад гэвэл 2000 оны бичигт “TV and Audio Equipment” (телевизийн болон аудио тоног төхөөрөмж) гэж бичсэн байхад харин 2012 оны “гэрчилгээ” гэгчид  “Full set of TV broadcast equip­ment” (телевизийн иж бүрэн тоног төхөө­рөмж) гэж бичсэн илэрхий зө­рүүтэй байгаа юм. Японоос ирүүлсэн барааны үнийн нэхэмжлэлд “Sony Beta cam video recording system”  (Sony Beta cam видео бичлэгийн систем), “Sony Beta cam video editing machine”  (Sony Beta cam видео бичлэгийн редакторын төхөөрөмж) гэж бичигджээ.

6.АТГ-ын дарга Н.Ган­болд албан тоотоо японы Агон Шюү бай­гуул­лагад ямар арга замаар явуулсан нь тодорхой бус байна.

7.“Гэрчилгээ” гэгчийг японоос ямар арга замаар авчирсныг нотлох ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

8.АТГ Японоос авсан гэгдэх “гэрчилгээ” гэгчид дардсаар төлөөлөх хариуцлагатан  Цүцүми Масүо гэсэн байгаа бөгөөд энэ бол японы Агон Шюү байгууллагын ерөнхий­лөгч Сейю Кириямагийн жинхэнэ нэр. Үүнийг ал­бан бус нөхцөлд хэрэг­лэдэг байна.

9.2012 оны “гэрчилгээ” гэгчид дөрвөлжин хэлбэр­тэй тамга дарагдсан байх бөгөөд тухайн хүний нэ­рийн өмнөөс өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн хөтлөх үүднээс хэн нэгэн ажилтан дарах боломжтой. Энэ бичигт хувийн тамга дарагдаагүй учраас Цүцү­ми Масүо-гийн нэрийн өмнөөс хэн нэгэн этгээд тэр дөрвөлжин тамгыг дар­сан байж болох магадлал өндөр.

10.2012 оны “гэр­чил­гээ” хэмээх бичгийн япон бичиг үсэг нь дардас бай­гаа бөгөөд үүнийг  Цүцүми Масүо-гаас өөр тэр байгууллагад хамаарах ажилтан дарах бүрэн боломжтой.

11.АТГ-ын мөрдөгчид японы тал заавал “Гандандэгчлэн” хийдэд хандивласан  болгуулахын тулд “Гэрчилгээ” гэгчдээ энэ хийдийн нэрийг зөв бичилгүй “Гандан” гэж бичсэн маш ноцтой алдаа гаргажээ.

12.АТГ-ын мөрдөгчид японы Агон Шюү байгуул­лагын 2000.02.21-ний албан бичиг нь нэгэнт  “Буянт Ухаа” дахь гаалийн газрын архивт байгаа учраас устгах боломжгүй болсон тул “Гэрчилгээ” гэгчийг түүнээс өмнө үйлдсэн баримт болгохын тулд “2000.02.20” гэж бичих байснаа будилж “2012.02.20” гэж бичсэ­нээ­рээ зохиомол нотлох баримт үйлдсэнээ илчлэв. Хандивласан зүйлийнхээ “Гэрчилгээ”-г 12 жилийн дараа үйлдэнэ гэдэг нь эрүүл ухаанд багтах уу?

Өмнө дурдсанаас дүгнэлт хийхэд 2012.02.20-ны өдрөөр огноотой “Гэрчилгээ” гэгч бичиг зохиомол баримт болох нь хэн ч маргахын аргагүй батлагдав. Ийм учраас энэ хэрэгт Н.Энхбаярыг цагаатгаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж, шаардаж байна.

 

“ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДЛЫГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭХ ЗОХИОМОЛ ХЭРГИЙН ТУХАЙД

    

Шүүхийн шийтгэх тог­тоолд Н.Энхбаярыг “Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуу­лан ашиглаж” гэж шүүг­чид бичжээ. Ерөнхийлөг­чийн албан тушаалын бай­дал гэж юу вэ? Ерөнхий­лөгчийн албан тушаалын байдлыг ямар хууль тогтоомжид заасан байдаг юм бэ? гэсэн асуудал зүй ёсоор үүснэ. Ерөнхийлөг­чийн албан тушаалын бай­дал буюу Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан. Бусад бүрэн эр­хийг Ерөнхийлөгчийн ту­хай хуулиар зохицуулсан. Н.Энхбаяр Ерөнхийлөг­чөөр ажиллаж байхдаа тэдгээрээс чухам алийг нь урвуулан ашигласан бэ? гэсэн асуултад шүүх бүрэлдэхүүн хариулт өгч огт чадаагүй байна. Мон­гол Улсын ЭХ-д заасан албан тушаалын гэмт хэрэг тэр тусмаа ЭХ-ийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаа­лын байдлаа урвуулах шинж заавал шаардаг­дана. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдал гэсэн томъёолол 1986 оны шинэчлэн най­руулсан ЭХ-иар буй бол­сон. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байд­лаа урвуулан ашиглах нь албан тушаалын албан ажлын бүрэн эрхээс үүссэн буюу эрхэлж буй албан тушаалын байдлаар түүнд хүлээлгэсэн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй л холбогдоно. Үүнээс илүү өргөн хүрээгээр тайлбар­лахад хүргэвэл ЭХ-ийг төсөөтэй хэрэглэнэ. 2002 оны ЭХ-ийн 3.2-т “Эрүү­гийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.” гэж тодорхой заасан.

Ерөнхийлөгчийн ал­бан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, НИТХТ-ийн 2007.10.17-ны өдрийн 188 дугаар тог­тоол, НЗД-ын 2007.11.07-ны өдрийн 555 дугаар захи­рамжийг гаргуулсан гэж үзэж шүүх Н.Энх­баярт ял халдаажээ:

Бодит байдал ямар байсан бэ? гэвэл “Өргөө” зочид буудал НӨҮГ-ийн “Дүнжингарав-Өргөө” хэ­сэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрла­даг бөгөөд барилга нь 1959 онд ясны сүрьеэгийн эмнэл­гийн гал тогооны барилгын зориулалтаар баригджээ. Энэ нь “сүү­лийн жилүүдэд алдагдал­тай ажиллаж, түүний үнд­сэн шалтгаан нь үйлдвэ­рийн газрыг шинэчлэх, өөрчлөх талаар бодитой өөрчлөлт, хөрөнгө оруу­лалт хийгдээгүйгээс буудлын тавилга хэрэгсэл, загвар хийц, өнгө үзэмж нь өнөөгийн үед өрсөлдөх чадваргүй, буудлын тохи­жилт нь үйлчлүүлэгчдийн шаардлагыг хангаж чад­даг­гүй, зоогийн газар, баарны орлого хэт бага, хувь этгээдэд түрээслэн орлогыг авдаг, “Дүнжин­гарав-Өргөө” буудал нь төвийн халаалтын нэгдсэн системд холбогдоогүйгээс халаалт, зөөврийн ус, эр­чим хүчний зардал өндөр гардаг, удирдлагын менеж­ментийн чадвар дут­маг зэрэгтэй холбоо­той” гэж Нийслэлийн өмчийн харилцааны газар үзсэн баримт хавтаст хэрэгт байгаа. Тус газраас “2006 онд НӨҮГ-ууд бо­лон нийслэлийн өмчийн оролцоотой хамтарсан ком­паниудын үйл ажил­лагаанд Засаг даргын захи­рамж, баталсан удир­дамжийн дагуу шалгалт хийсэн бөгөөд “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагаанд шинэ менежментийг нэвтрүү­лэх, удирдлагын үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна” гэж дүгнэжээ.  Нийслэлийн өмчийн харилцааны газ­раас НӨҮГ-уудын захир­луудын үйл ажиллагаа, зорилтод түвшингийн бие­лэлтийг жил бүр дүгнэж, 2005, 2006 онд “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын захирал Ж.Энхжаргалын ажилд “тус газар нь сүү­лийн жилүүдэд алдагдал­тай ажиллаж байгаагаас төсөвт орлогын татвар болон ногдол ашиг огт төвлөрүүлэлгүй явж ир­сэн, нийслэлийн өмчийн ашиглалт хангалтгүй, өмчөөс хүртэх үр өгөөж муу байна” гэж үзээд “хан­галтгүй” гэсэн үнэл­гээ өгч байжээ. Захирал Ж.Энхжаргалыг “Өргөө” зочид буудал НӨҮГ татан буугдаж байгаатай холбог­дуулан түүнийг ажлаас чөлөөлжээ. Тэрээр УМБГ-т 2010.12.15-нд гомдол гаргаж, түүндээ Цолмон /экс ерөнхийлөгчийн гэр бүл/ нарын зэрэг хүмүүст хуулийн хариуцлага хэрэг­тэй байна гэж бич­жээ.  Тэрээр шүүхээр заргалдсан боловч амжилт олоогүй нь хавтаст хэрэгт авагдсан. Ж.Энхжаргал нь НИТХТ-ийн 2007.10.17-ны өдрийн 188 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэ­хэмж­лэл гаргаж байжээ. Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захир­гааны хэргийн шүүх хуралдааны 2008.06.30-ны өдрийн 86 дугаар тогтоолд “НИТХТ-ийн 2007.10.17-ны өдрийн 188 дугаар тог­тоолыг хүчингүй болгуу­лах тухай Ж.Энхжар­галын гаргасан нэхэмж­лэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүү­хийн магадлал үндэслэл муутай байна.” гэж үзээд “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008.03.18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүү­хийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008.04.29-ний 115 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэсэн байна.

Ийнхүү НИТХТ-ийн НИТХТ-ийн 2007.10.17-ны өдрийн 188 дугаар тог­тоолыг УДШ-ийн хянал­тын шатны захиргааны хэргийн шүүх үндэслэл­тэй, хууль ёсны болохыг баталгаажуулсан. Үүнээс үүдэн Нийслэлийн Засаг даргын 2007.11.07-ны өд­рийн 555 дугаар захирамж ч хууль ёсны болсон бай­на. Ийм учраас Н.Энх­баярыг зохиомол гэмт хэ­рэгт ял шийтгэсэн байна.

Нийслэлийн засаг азхиргааны зүгээс уг бууд­лыг тохижуулах хөрөнгө оруулалт байхгүй учраас “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын байгаа өөрийн хөрөнгөнд нь тулгуурлан үйл ажиллагааны хүрээг өргөтгөн сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн төсөвт төвлө­рүүлэх орлогыг нэмэгдүү­лэх ончтой арга замыг эрэлхийлжээ. Энэ чиглэ­лээр НӨХГ үр ашигтай боломжит бүх хувилбар дээр ажиллажээ. Тэгээд ажил хариуцсан Д.Дулам­сүрэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан хамтарсан аж ахуйн нэгжийн хэлбэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах саналыг холбог­дох байгууллагад танил­цуулжээ. НЗД Ц.Батбаяр 2007.08.17-ны өдөр НИТХТ-ийн дарга Н.Бо­лор­маад өргөн барьжээ. НИТХТ-ийн хуралдаан 2007.10.17-нд хуралдаж, таван гишүүн оролцсноос олонхийн саналаар 188 дугаар тогтоол гаргаж, түүндээ “Өргөө зочид буу­дал НӨҮГ-ын үйл ажил­лагааны хүрээг өргөтгөх, үр ашгийг дээшлүүлэх, өмчийн харилцааны менеж­ментийг шинэчлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зо­рилгоор нийслэлийн өмчийн 25 хувь, Хар дун хязгаарлагдмал компаний 75 хувийн оролцоотой хам­тарсан компани бай­гуулахыг Нийслэлийн За­саг дарга бөгөөд Улаан­баатар хотын захирагч  /Ц.Батбаяр/-д зөвшөөр­сүгэй” гэж заажээ. НИТХТ-ийн энэ тогтоолд үндэслэн НЗД Ц.Батбаяр 2007.11.07-нд 555 тоот захирамж гарган “Өргөө зочид буудал НӨҮГ-ын үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, үр ашгийг дээш­лүүлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэм­жих зорилгоор “Хар дун” ХХК-аар хөрөнгө оруулалт хийлгэн, нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн орол­цоотой хамтарсан ком­пани байгуулахыг нийслэ­лийн өмчийн харилцааны газар /М.Ганбаатар/-т зөв­шөөрсүгэй” гэсэн байна.

Өмнө дурдсан НИТХТ-ийн тогтоол, НЗД-ын захирамжид заа­сан “Нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан компани бай­гуулах” гэснийг Н.Энх­баярыг шүүх шийтгэх гол үндэс болгожээ. Энэ бол хувьчлал биш. Энд нийс­лэлийн өмчийг завшсан ямар нэгэн үйлдэл огт хийгдээгүй байна. 

Нийслэлийн 25 хувь бол 468 сая төгрөг. Харин “Хар дун” ХХК-иас гар­гуулах хөрөнгө оруулалт 75 хувь буюу нэг тэрбум 400 сая төгрөг. Хөрөнгө оруулалтын нийлбэр нэг тэрбум 868 сая төгрөг болно. Өөрөөр хэлбэл, нийслэлээс гаргасан  хө­рөнгө оруулалтаас 3 дахин их хөрөнгийг “Хар дун” ХХК-иар гаргуулахаар болсон. Энэ компанийг нийслэл арай дэндүүлжээ.

Улсын яллагчид Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяраас НИТХТ-ийн дарга Н.Болормаад “Өргөө” НӨҮГ-ыг НӨХГ-аас бичсэн танилцуулгаар НӨҮГ-ын хөрөнгийн харьцааг 51:49 болгон 13 1,0 тэрбум гэж үзээд 49 хувийг 490 сая төгрөгөөр хөрөнгө оруулагчдад зарж хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, үүнийг хувийн хэвшлийн аж ауйн нэг­жүүдийн дунд төсөл сон­гон шалгаруулах зарчмаар шалгаруулна гэсэн 2007.8.17-ны өдрийн 1/1386 тоот албан бичиг, НӨХГ-ын танилцуулгыг шүүх Н.Энхбаярыг шийт­гэх гол баримт болгожээ. Хэрэв энэ 51:49 гэсэн харьцаагаар хамтарсан компани байгуулсан бол хувийн аж ахуйн гаргах хөрөнгө оруулалт 510 сая төгрөг болно. Тэгвэл “Хар дун” ХХК-ийн гаргасан хөрөнгөөс бараг гурав дахин бага болж багасна. Хэрэв ийм шийдвэр гар­гуулсан бол Н.Энхбаярыг нөлөөлсөн байх хэмээн хардаж болох юм. Гэтэл бодит байдал бүр эсрэгээр байна.

Шүүхээс маш нухац­тай хандаж, тогтоолоо гаргах ёстой байсан өөр нэг асуудал бол “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын дахин үнэлгээ юм.  2007.10.27-ны байдлаар “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын эд хөрөнгийн үнэлгээг “Ю-БИ Пропер­тиес” ХХК 468 сая төгрөг хэмээн үнэлж байжээ. АТГ-ын МШХ-ийн мөр­дөн байцаагчийн 2011.12.13-ний өдрийн “шинжилгээ тогтоолгох тухай” тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар “Өргөө” зочид буудал, “Дүнжин­гарав” зочид буудлын барилгын үнэлгээ зөв эсэх талаар шинжилгээ хийлгэжээ. Тус ХҮТ-ийн үнэлгээгээр 605 сая төгрөг гэж үзжээ. Ийнхүү “Ю-БИ Пропертиес” ХХК-ийн үнэлгээнээс 137 сая төгрөгийн зөрүү гарчээ. Шинжээчид үүнийг Дүн­жингаравын газрын үнэл­гээг урьд нь тооцоогүйг тооцож үзсэнээс ийм зөрүү гарсан гэж үздэг. Ингэхдээ ХҮТ-ийн шин­жээчид “Бид бол үнийг тодорхойлдоггүй, харин үнэ цэнийг тодорхойлдог. Энэ нь тухайн нөхцөл байдалд ямар үнэ хүрч болох вэ? гэдгийг тодор­хойлж байгаа юм” гэж шинжээчийн мэдүүлэг өгсөн. Эндээс үзэхэд шин­жээчид хохирлын үнэлгээ бус харин тухайн эд хөрөнгийн үнэ цэнийн үнэлгээ хийжээ. Газрыг үнэлэхдээ улсын өмчийн газрын эзэмших эрхийг бие биедээ дамлан худал­даалж хамгийн өндөр үнэ ханшийг баримталжээ.

Ийнхүү “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын эд хөрөнгөд тулгуурласан хамтарсан компани бай­гуу­лах үйл ажиллагаанд Н.Энхбаярын зүгээс оролц­сон гэх байдал тогтоогдохгүй байна. Гэтэл НЗД-аар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Болормаа, НӨХГ-ын орлогч дарга Д.Дулам­сүрэн нартай бүлэглэн гэмт хэрэгт үйлдсэн гэсэн зохиомол хэрэг буй болгожээ.    

 

“УЛААНБААТАР ТАЙМС СОНИН” НӨҮГ-ЫГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭХ ЗОХИОМОЛ ХЭРГИЙН ТУХАЙД

 

Нийслэлийн Сүхбаа­тар дүүргийн шүүх Н.Энхб­аярт Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуу­лан ашиглаж, Нийслэ­лийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын даргаар ажил­лаж байсан Т.Билэгт, ир­гэн Д.Чулуунбаатар нар­тай бүлэглэн “Улаан­баа­тар таймс” менежментийн баг нь НӨХГ-тай 2004.05.07-ны өдөр бай­гуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгал­зан хувьчлах гэрээ”-ний дагуу сонгон шалгаруу­лалтад шалгарсан багийн бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийг­дээгүй, алдагдалтай ажил­лаж, гэрээний үүргээ бү­рэн биелүүлээгүй байхад 2008.09.08-ны өдөр НӨХК-ийн 75 дугаар тог­тоол гаргуулж, 2.125.000.000 /нэг тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг хууль бусаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК, Д.Чу­луун­­баатар нарын нэрээр хувьчлан, худалдан авч, улмаар уг компанийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүү­лэн, завшиж нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, ЭХ-ийн ерөнхий ангийн 35.3-ыг журамлан ЭХ-ийн тусгай ангийн 263.2, 150.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар ял ногдуулав.

Н.Энхбаярыг “Улаан­баатар таймс” сонины хувьчлалтай холбогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс үз­сэн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Энэ нь өмч хувьчлалын хууль тогтоомжийн хүрээнд л шийдвэрлэгдэх ёстой эрх зүйн асуудал байжээ.

Учир нь энэ үйлдэлд гэмт хэрэг үйлдсэний ул­маас учирсан бодит хохи­рол байхгүй. “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг 2003 онд “Ю-Би пропер­тиес” ХХК 369.723.300 төгрөгөөр үнэлсэн аж. АТГ-ын МШХ-ийн мөр­дөн байцаагчийн 2011.12.13-ны өдрийн “шинжилгээ тогтоолгох тухай” тогтоолоор “Хөрөн­гийн үнэлгээний төв” ХХК-аар дахин үнэлүү­лэхэд 2.125.000.000 /нэг тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөг болжээ. Яагаад ингэж 2003 оны үнэлгээ 5 гаруй дахинаар нэмэгдэв? “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК газрыг үнэлснээс ийм болжээ.

2004.05.07-нд бай­гуул­сан “Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-нд газартай хол­богдсон асуудлаар маш тодорхой тодорхой нарийв­чилсан хязгаарлалт хийж, тухайлбал, тус гэрээний 9.2.1-т “худалдан авагч нь гэрээний хүчинтэй хуга­цаанд байгууллагыг гурав­дагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалах­гүй.” гэж заажээ.  Үүнийг бас 2008.09.12-ны өдөр Д.Чулуунбаатартай  байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”гээр баталгаажуулж, түүний 2.1-т “Улаанбаатар таймс” НӨҮГ-ыг хүлээн авснаар уг сонины газрын үндсэн үйл ажиллагааг алдаг­дуулахгүй үргэлжлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.” гэж заажээ. Мөн гэрээний худалдан авагчийн эрх, үүргийн 3.7-т “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг авснаар  2.1-д заасан чиг үүргийг биелүүлж, тус байгуул­лагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх үндсэн үүргийг хү­лээнэ.” хэмээн тодорхой заажээ.  Түүнчлэн “Улаан­баатар таймс” сонин НӨҮГ-ын өмчлөгчийн гэрчилгээнд “Улаанбаатар таймс” үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориу­лал­тыг өөрчлөхгүй байх нөхцөлтэй” гэж шууд заа­жээ. “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ байрлаж буй газрыг өмчлөх ба эзэмших эрхийг Д.Чулуунбаатарт шилжүүлээгүй болохыг Нийслэлийн газрын алба­ны дэд дарга Ц.Төрхүүгээс УМБГ-т 2011.04.12-нд явуулсан хариу албан тоот нотолдог бөгөөд түүнд “Улаанбаатар таймс /РД:2696398/ ХКК-ны нэр 2011 оны дөрөвдүгээр са­рын 11-ний өдрийн байд­лаар нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд нийслэлийн барилгажсан хэсэгт газар өмчилсөн болон эзэмшсэн талаарх мэдээлэл байхгүй байна.” гэжээ.

АТГ-ын 2011.12.13-ны өдрийн “Шинжилгээ хийл­гэх тухай тогтоол”-оор “Хөрөнгийн үнэлгээ­ний төв” ХХК-ний үнэл­гээч­дээр хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэжээ. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2012.02.04-ний өдрийн 43 тоот бичгээр АТГ-т “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын хөрөнгийн үнэ, цэнэ 2008.09.08-ны байдлаар 2125,0 сая /Хоёр тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөг болж байна” гээд 43 тоот “хөрөнгө үнэлсэн тухай” бичгийн хамт үнэл­гээний тайлангаа явуул­жээ. Мөн тоотоороо “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь АТГ-т “Улаан­баатар таймс” со­нин НӨҮГ-ын хөрөнгийн үнэ, цэнэ 2003.12.31-ний байдлаар 995,0 сая /Есөн зуун ерэн таван сая/ төгрөг болж байна гэсэн бичиг, тайлангийн хамт явуул­жээ. Тус тайланд үнэлгээ­чид “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын байрлах газрын үнэлгээг ямар мэдээлэлд тулгуурлаж гаргаснаа бичихдээ:

“а. тус барилгаас хол­гүй орших Central Tower барилгын 4000 м.кв орчим талбайтай газрыг MCS групп 2004 оны үед 150 ам.доллар буюу 300,0 мянган төгрөг болсон байна.

б. Монгол шуудан банкны ар талд 3800 м.кв орчим талбайтай газрыг 2007 оны үед мөн 1,0 сая ам.доллароор худалдан авч хожим сууриараа 42-24 метрийн хэмжээтэй 25 давхар барилгыг бусдаар бариулан 1-5 давхрыг нь газрын үнэд тооцон авна гэсэн мэдээлэл байсан. Энд дурдсан мэдээллээр тус газрын үнэ, цэнийг тооцоход 4032/42м:24м:5дав:800 ам.доллар/ мянга буюу ойролцоогоор 4 сая ам.доллар болно. Харин газрын нэгж талбайн үнэ, ханш 1061 ам.доллар буюу 1200,0 төгрөг болсон байна.

в. Засгийн газрын ордны хойд талын Бага тойруугийн орон сууцны II байрны 41 тоотод байр­ладаг Монгол шуудан банкны Улаанбаатар хот дах тооцооны төвийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 2008 оны тавдугаар сарын 09-ний байдлаар 63500,0 мян­ган төгрөг, нэгж талбайнх нь үнэ, цэнэ 1400,0 мянган төгрөг болж байжээ.

     Г. Бага тойруугийн нэгдүгээр давхарын 170 м.кв  орчим талбайтай хуучин байрыг банкны байгууллага 250,0 мянган ам.доллараар худалдан авсан мэдээлэл байна. Энэ нөхцөлд тус байрны нэгж нэгж талбайн үнэ 1470 ам.доллар буюу 1700,0 мянган төгрөг болж байна…” гэжээ. Ийм л мэдээлэлд тулгуур­лаж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээ­чид дүгнэл­тээ гаргажээ. Өмгөөлөгч миний бие үүгээр тэдгээр шинжээч­дийг буруутгах гээгүй. Тэд АТГ-ын “даалгаврын” дагуу хөрөнгийн үнэлгээ хийсэн. Тэд мөн тэр үнэл­гээг хийхдээ А зэрэглэ­лийн газар ямар үнэтэй байх вэ, хамгийн ашигтай бизнес хийвэл ямар ашигтай байх вэ гэсэн өнцгөөс харж хийсэн. Тэ­гэхдээ АТГ эдгээр үнэл­гээч­дээр учирсан бодит хохирлын тухай үнэлгээ хийлгээгүй гэдгийг онцлон тэм­дэглэж байна.

Балгас болсон барилга байгаа уу? -Байгаа. Газрыг нь хэн нэгэн хүнд зарсан уу?, -Зараагүй. Тэгвэл ямар бодит хохирол учир­сан бэ? Ирээдүйд олж бо­лох ашгаар аливаа хүнийг гэмт хэрэгтэн болгочихсон юм биш үү? Ингээд үзэхэд Н.Энхбаяр “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг завшсан гэдэг нь зохиомол байна.

ЭБШХ-ийн 85.4-т “Шинжээчийн дүгнэл­тийг хэрэг бүртгэгч, мөр­дөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй…” гэж заажээ.

Н.Энхбаярыг “Улаан­баатар таймс” сонин НӨҮГ-ыг хувьдаа завш­сан болгохыг оролдсон мөрдөн байцаагчид, про­куроруудын хэлмэгдүү­лэл­тийн ажиллагааг таслан зогсоохын оронд Сүхбаатар дүүргийн шүүх шийтгэх тогтоолоороо улам бүр лавшруулжээ гэснээс өөр ямар ч дүгнэлт хийх боломжгүй.

Мөрдөгч, прокурорууд Н.Энхбаярт зохиомол хэрэг тулгахдаа түүнийг 2.125.000.000 /нэг тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг завшиж, ЭХ-ийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Шүүх харамсалтай нь, зохиомол хэргийг тэр чигээр нь явууллаа. ЭХ-ийн 150 дугаар зүйлд заасан “завших”1 хэмээх нэр томъёоны агуулга юу вэ?  Энэ нэр томъёо 1942 оноос2  эхэлж өдийг хүртэл манай улсын ЭХ-д байгаа бөгөөд гэм буруутай этгээд бусдын өмч хөрөнгийг шунахай сэдэлтээр, хууль бусаар, буцааж өгөхгүй­гээр, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл гэж эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан үзэж ир­сэн. Н.Энхбаяр “Улаан­баатар таймс” сонин НӨҮГ-ыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан баримт мөрдөн байцаалтын явцад ч, шүүх хуралдааны ша­танд ч тогтоогдоогүй.

 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ТЭЙ ХОЛБОГДУУЛСАН ЗОХИОМОЛ ХЭРГИЙН ТУХАЙД

 

“Эрдэнэт” үйлдвэ­рийн ерөнхий захирал байсан Х.Наранхүүг шүүх хурал­даанд яллах талын гэрчээр заавал байлцуулъя гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй.

Хэрэв Х.Наранхүүг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн зүгээс шүүх хуралдаанд дуудсан бол, хэрэв түүнээс асуух боломж гарсан бол түүнээс нэг талаар танд өөрийн гэсэн толгой бий юу? эсхүл худал мэдүүлэг зориуд гаргав уу, ингэж хэлээрэй гэж хэн нэгэн хуульч танд зөвлөсөн үү? гэж лавлах байсан юм. Аж ахуйн нэгжүүдийн хоо­рон­дын өдөр тутам хийгд­дэг гэрээ, хэлцэл, түүгээр хүлээсэн үүрэгчлэлээ бие­лүүлээгүй эсэхийг Н.Энх­баяртай зориуд холбож, үүрэгчлэл биелэгдээ­гүй­тэй холбогдсон үнийг дүнг хохирол болгож, тэгээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал Д.Ганбат, “Хин­лон” компаний захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэсэн гэсэн зо­хиомол хэрэг бүрдүүлсэн байна.

Аливаа хүний зөвхөн ярьсан, хэлсэн зүйлийг нь гэмт хэрэг үзэхгүй байхыг ЭХ-ийн 3.3-т “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуц­лага хүлээлгэхгүй” гэж заасан билээ.

ЭБШХ-ийн 45 дугаар зүйлд “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдол­гүй хүнийг гэрч” гэнэ гэж заасан. Гэтэл шүүх шийт­гэх тогтоолдоо Н.Энхбая­рыг “Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиг­лаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Наранхүү…-тэй бүлэглэн” гэж бичсэн. Тийм учраас Х.Наранхүү­гийн мэдүүлэг гэрчийн хууль ёсны мэдүүлэг болж чадаагүй байна. ЭБШХ-ийн 79.2-т “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх та­лаар хуульд заасан жур­мыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэ­рийн үндэслэл болохгүй” гэж заасан байна. Нийс­лэлийн давж заалдах шатны шүүхийн хувьд ЭБШХ-ийн энэ заалтыг баримтлан Эрдэнэтийн ган бөмбөлөгтэй холбогд­сон асуудлыг хэрэгсэхгүй болгохоос өөр ямар ч гарц байхгүй.

 

Н.ЭНХБАЯР НАРТ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШҮҮХ ИЙМ ЗОХИОМОЛ ГЭМТ ХЭРЭГТ ЯАГААД ЯЛ НОГДУУЛАХ БОЛОВ?

 

Шүүгчид ЭБШХ-ийн 17 дугаар зүйлд “шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөө­лөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана.” гэж заалтыг ноцтой зөрч­сөн. Яллах ба өмгөөлөх талын тэнцвэр­жүүлэл­тийг хангах, өмгөөлүүлэх эр­хийн салшгүй бүрэл­дэхүүн хэсэг нь шүүгдэгчээс гэрчүүдийг дуудуулах ба байцаалгах эрх юм. Энэ талаар Монгол улсын нэгдэн орсон, үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг ИУТЭОУП-ын 14 дүгээр зүйлийн 3 (е)-д “хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй: Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах, эсрэг гэрчтэй адил нөхцлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах, шалгуулах”  гэж заажээ. Гэтэл шүүх бүрэлдэхүүн энэ эрхийг эдлүүлэхийг хориглосон. Үүнээс гадна шүүгчид энэ хэргийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө Н.Энхбаяр “гэмт хэрэгтэн”, “заавал хорих ял ногдуулах ёстой.” гэсэн урьдчилсан бодол­той болж, түүгээрээ энэ хэргийг шийдвэрлэсэн.

ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлд Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжилс­ний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ гэж заажээ. ЭБШХ-ийн 317 дугаар зүйлд заасан “мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан буюу гүй­цэд биш хийсэн”, “тог­тоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдал­тай нийцээгүй”, “Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр Н.Энхбаяр нарт холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.08.02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй бол­гож, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу?

ЭБШХ-ийн 309.1-д давж заалдах шатны шүүх гомдолтой хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянан хэ­лэлцэнэ гэж заасан бай­гаа. Гэм буруугүй иргэдээ нэг ч гэсэн хоногийн өмнө шоронгоос суллахад онцгой анхаарал тавина гэдэгт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд итгэж байна.

 

ХҮНДЭТГЭСЭН,

Давж заалдах гомдол гаргасан:

Өмгөөлөгч

СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ

Нийт: 8 Сэтгэгдэл

Alyn
2016 оны 12-р сарын 1

You’re a real deep threnki. Thanks for sharing.

Zariel
2016 оны 12-р сарын 3

Your post is a timely cooinibuttrn to the debate http://aeyzacxh.com [url=http://gizpqwl.com]gizpqwl[/url] [link=http://lyjepgrdge.com]lyjepgrdge[/link]

Pebbles
2017 оны 1-р сарын 31
Gwenelda
2017 оны 1-р сарын 31

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *