Нэгдсэн төсөв 483.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

9-р сарын 11, 2012 10:04 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 234

Д.ОЮУНЧИМЭГ

 

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нийгэм эдийн засгийн энэ оны эхний найман сарын мэдээллийг танилцууллаа.

 

АЖИЛГҮЙДЭЛ 6.9 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн сарын эцэст 43.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 мянган хүнээр буюу 6.9 хувиар өсчээ. Энэ хугацаанд нийг­мийн даатгалд 632.8 мянган хүн шимтгэл төл­сөн нь өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар нэмэгд­сэн байна. Үүний 66.7 хувь нь аж ахуйн нэгж, бай­гуул­лагынх, 33.3 хувь нь төсвийнхөн байсныг ста­тис­тикчид зарлав. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэрт 59.7 мянган хүн хамрагдсан ба олгосон тэтгэврийн хэмжээ 15.6 сая төгрөг буюу 69.3 хувиар нэмэгдсэн байна.

 

ИНФЛЯЦ 11.1 ХУВЬТАЙ БАЙНА

Инфляц өнгөрсөн сард өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхнээс 11.1 хувь,  өм­нөх оны мөн үеэс 14.9 хувиар өсчээ. Боловс­ролын үйлчилгээний үнэ, оюутны байрны хөлс 15.2 хувиар өссөн нь инфляц “өгсөхөд” голлон нөлөөл­сөн аж. Зах зээл дэх мөн­гөний нийлүүлэлт өнгөр­сөн сарын эцэст 6997.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 43.6 тэрбум төгрө­гөөр харин өнгөрсөн жилийн мөн үеэс 18.5 хувь буюу 1093.9 тэрбумаар өссөн хэмээлээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 814.9 тэрбум төгрөг болж, өнгө­рөгч оны мөн үеэс 15.5 хувиар өссөн бол өмнөх сараас 13.5 тэрбум төгрө­гөөр өссөн байна.

НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 3099.5 ТЭРБУМ ТӨГРӨГ

Улсын нэгдсэн төс­вийн нийт тэнцвэржүүл­сэн орлого ба тусламж 3099.5 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 3582.6 тэрбум болж, улсын нэгдсэн төс­вийн тэнцвэржүүлсэн тэн­цэл 483.1 тэрбум төгрө­гийн алдагдалтай гарчээ. Нэгдсэн төсвийн урсгал орлого 3088.5 тэрбум төг­рөг, урсгал зардал 2761 тэрбум төгрөг болж, тэнц­вэржүүлсэн урсгал тэнцэл 327.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

 

ГАДААД ХУДАЛДААНЫ АЛДАГДАЛ 164.7 САЯ АМ.ДОЛЛАР

Манай улс энэ оны эхний найман сард 124 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7531.1 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 2871.6 сая, импорт 4659.5 сая ам.долларт хүр­сэн байна. Гадаад худал­дааны тэнцэл 1788 саяын алдагдалтай гарсан бол өмнөх оны мөн үеэс 444.5 сая ам.доллар буюу 33.1 хувиар өсчээ. Үүнд импор­тын өсөлт экспортынхоос 10.4 пунктээр өссөн нь нөлөөлсөн аж.

Дээрх статистик үзүү­лэл­тийн тухай ҮСХ-ны хэлтсийн дарга Р.Баасан­жаваас зарим зүйлийг тодрууллаа.

 

АЛДАГДАЛ САЙН ЗҮЙЛ БИШ

-Улсын төсөв 483.1 тэрбум төгрөгөөр алдаг­дал­тай гарахад юу голлон нөлөөлсөн юм бол?

-Яг одоогийн байдлаар орсон гарсан мөнгийг харьцуулаад харвал 483.1 тэрбумын алдалтай бйна. Мэдээж алдагдал гэдэг сайн зүйл биш. Үүнд зарла­гын өсөлт нь орлогын өсөлтөд тэнцэхгүй байгаа нь нөлөөлсөн. Сангийн яам улсын төсвийг зохио­ход төлөвлөсөн хэмжээ байдаг. Энэ хэмжээ 83 хувьтайгаар орлого орсон бол зарлага 79 хувь байгаа юм. Хөрөнгө оруулалт маш ихээр нэмэгдсэн нь зар­лагад нөлөөлсөн. Эхний найман сарын хугацаанд энэ жилдээ орох орлого бүрэн ороогүй байгаа бө­гөөд зарлага ч гүйцэд га­раа­гүй байгаа учраас жи­лийн эцэст тэнцвэржүүлэх боломжтой юм.

-Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан гэдгийг салбарын сайд нь хэлсэн. Танайхаас гарга­сан тооноос зөрөөд байх юм?

-Сангийн яамны хувьд тийм байж болно. Учир нь эхний найман сард төлөв­лөсөн мөнгөнийхээ 85 хувийг оруулах зорилт тавьсан нь бүтээгүй байх болно. Тиймээс энэ нарийн ширийн тоог тус яамнаас асуух хэрэгтэй. Татвараас 85 хувийн ор­лого орох ёстой байснаас дутуу орсон байна гэдэг тухай ярьж байгаагаас биш огт мөнгө ороогүй тухай яриагүй. Тиймээс эхний найман сард оруу­лахаар төлөвлөс­нөөсөө 1.2 их наяд төгрөгөөр тасарч байгааг хэлсэн байх.

-Үндэсний мөнгөн тэм­дэгт валюттай харьцах ханш ямар байна вэ. Ам.дол­ларын ханш чангарч байгааг юу гэж тайлбар­лах вэ?

-Ханшийн хувьд ам.дол­лар, юаньтай харь­цах ханш өмнөх оны мөн үеэс суларсан. Харин евро болон рубль чангарсан.

-Инфляц өсөлттэй га­ра­хад байр болон боловс­ролын зардал өссөн нь нөлөөлсөн гэлээ. Хэдэн хувиар өссөн бэ?

-Инфляц зочид буудал, нийтийн байрны үнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 21.4 хувиар өссөн. Үүний дотор оюутны байрны үнийн өсөлт 18.3 хувь байгаа нь энэ салбарын үнэ өсөхөд голлон нөлөөлсөн. Боловс­ролын салбарын хувьд дунджаар 15.2 хувь өссөн нь хувийн болон төрийн, бага сургуулийн төлбөр өсч байгаа нь нөлөөлсөн хэдий ч төрийн их, дээд сургууль 10 орчим хувь, хувийнх 30 гаруй, бага болон дунд сургуулийнх 16 орчим хувь нэмэгдсэн.

-Экспорт, импортын хэмжээ гадаад худалдааны алдагдалд нөлөөлсөн үү?

-Гадаад худалдааны алдагдалд нөлөөлөх нь зайлшгүй. Үндсэндээ импортын барааны өсөлт экспортынхоос доогуур байна. Өнөөдрийн байд­лаар 1788 сая ам.долларын алдагдал гэдэг нь өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү гарсан байгаа. Манай улсаас экспортлодог гол нэрийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн жилээс биет хэмжээгээр илүү гаргасан ч нэгжийн үнэ буурсан нь нөлөөлсөн. Жишээлбэл, алт, зэс, нүүрс гэх мэт бүтээгдэхүүнүүд бий. Үүний эсрэг импортын бүтээгдэхүүний нэгжийн үнэ өсөлттэй байна. Ялан­гуяа суудлын автомашины үнэ 30 гаруй хувиар өссөн нь нөлөөлж байна.