Нацистуудын эрлэг байсан монгол мэргэн бууч

4-р сарын 29, 2013 9:59 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 30853
Дэлхийн II дайны до­могт мэргэн бууч Василий Зайцевын тухай өгүүлсэн Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Хаал­ганы цаана дай­сан” нэртэй кино бий.

Б.БАРС

Дэлхийн II дайны до­могт мэргэн бууч Василий Зайцевын тухай өгүүлсэн Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Хаал­ганы цаана дай­сан” нэртэй кино бий. Түүнд ЗХУ болон нацист Германы мэргэн буучдын амь өрссөн ту­лааныг харуулдаг. Тэгвэл Василйи Зайцеваас ду­тахгүй нацист офице­руудын эрлэг байж, Герман мэргэн буучдыг олноор нь устгасан Жамбал Тулаев гэх нэгэн буриад эр байх.

Тэрээр Улаан армид 1942 оноос эхлэн тулал­даж, Баруун-Умард фронтын 27 дугаар армийн мэргэн бууч байхдаа тухайн оны тавдугаар са­раас аравдугаар сарын хооронд дайсны 262 офицерийг устган ЗХУ-ын Баатар болж байжээ. Тэрээр Василий Зай­цевын адил эсрэг талын мэргэн буучидтай халз тулаан цөөнгүй хийсэн бөгөөд Германы 30 мэргэн буучийг устгасан нэгэн. Домогт эмэгтэй мэргэн бууч Людмила Павлю­ченко л түүнээс  олон буюу 36 нацист мэргэн буучийг тонилгосон гэдэг.

Буриадын Тагархай тосгонд 1905 оны тав­дугаар сарын 2-нд төрсөн тэрээр хар багаасаа тайгад өвөөгөө даган ан хийж явсан аж. Дуу цөөнтэй тэрээр цөс ихтэй, зоригтой дайчин байжээ. 1942 оны дөрөвдүгээр сарын 1-нд салааны дарга Негодяев түүнд дайсны пулемётын тасгийг устгах даалгавар өгчээ. Жамбал дайсны хүчтэй галыг ганцаараа сөрөн урагшилж, пуле­мётын тасгийг нэгд нэ­гэнгүй хараа оноондоо аван устгаж хэн болохоо анх харуулсан гэдэг. Мөн оны дөрөвдүгээр сард түүний алба хааж байсан батальон дайсны дав­шилтыг тэсэлгүй ухарч эхлэхэд “Ухрах тушаал өгөөгүй байхад зугтсан хэн бүхнийг би өөрийн гараараа хөнөөнө шүү” гэж хашгиран тулж ирсэн нацистуудыг тасгийн пуле­мётоор буудаж байжээ. Германууд ийм хүчтэй эсэргүүцэлтэй тул­гарна гэж бодоогүй байсан тул гэдрэг ухарсан гэдэг. Энэ тухай тулалдааны үед шар­хадсан батальоны за­хирагч нь хожмоо дурссан байдаг.

Улмаар Жамбал фронтын дээд удирдлагын тусгай даалгаврыг удаа дараа амжилттай бие­лүүлэн ЗХУ-ын офи­церуудыг устгаж байсан сөрөг талын мэргэн буу­чидтай халз тулан ямагт дийлж явжээ. Тайгын ха­шир анчин тэрээр дайс­наасаа өөрийгөө далдлан тулж очоод ганцхан сумаар устгадаг мэргэн бууч байсан аж.

ЗХУ-ын нэрт сэтгүүлч Илья Эренбург түүний тухай “Төрөлх Байгаль нуурын хөвөөнөөс алс хол байлдаж буй Жамбал Тулаев” гарчигтай нийтлэл бичиж түүнийг Москвагийн даалгавраар алдаршуулж байсан гэдэг.

Герман офицеруудын эрлэг явсан тэрээр дайныг эсэн мэнд туулж төрөлх Буриаддаа нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1961 онд нас баржээ.  

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *