Наран

10-р сарын 30, 2017 12:16 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 7
4-2-Dashbalbar

/дурсамж/

Ч.ҮЛ-ОЛДОХ

Балбар ирсэн гэх сургаар гэрэлтээд явчихдаг  Баруун-Уртын богинохон гудамжинд бидний бага нас өнгөрсөн юм. Хүрэн костьюм өмсч,  гялтганасан урт хүрэн үсээ  хойш шидэн алхах тэрээр хамаг амьтны харцыг дагуулсаар одох. Удалгүй олуулаа болчихсон хаа нэгтэйгээс гарч ирэх ч бужигнасаар хаашаа ч юм  алга болно. Тэгээд Балбар ирсэн, явсан, тэгж ярьсан, үгүй мөн  гал цогтой хэлнэ шүү гэх яриатай хамт,  найрагчид тэднийд, эдийд цуглаж шүлгээ дуудсан, “Сүхбаатарын зам” сонин, Сүхбаатарын нэрэмжит төвийн 10 жилийн дунд сургууль дээр уулзалт хийж, Дөрөлж дээр гарч патиараа татуулсан гэхчлэн хэсэгтээ л ярих юмтай үлдэцгээнэ. Хүүхэд байсан болохоор томчуудын яриад үл оролцоно. Гэхдээ Балбар ирсэн гэх сургаар Баруун-Уртын гудамж өнгө нэмж, манай сургууль  урт хонгилоосоо  эхлээд жигтэйхэн гэрэлтэй болчихдог сон. Тэр бол 1980-аад оны сүүлч юм даа.

Сүхбаатар аймгийн Наран суманд төрж өсч, “Гэгээн наранд ойрхон өслөө”  хэмээн шүлэглэсэн Очирбатын Дашбалбар өөрөө явсан газар бүртээ оюун билгийн гэрэл, гэгээ цацруулаад зогсохгүй  Монголын төр, нийгэмд   том   наран байв. “Гол ус намуухан урсана”, “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, “Тэнгэр шиг бай”, “Аавдаа” гээд олон сайхан шүлгээр нь тэр үеийн хүүхдүүд амьсгалж байв. Тухайн  үед  хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэн, монгол хэл-уран зохиолын багш З.Надмидмаа, Рэгжид, Сүрэнцэцэг нарын олон сайхан багш нар бидэнд хичээл зааж байсан юм.  Н.Доржцэрэн багш маань “Шувуухайн жиргээ” яруу найргийн дугуйлан хичээллүүлж, Д.Хосбаяр, С.Оюунчимэг, Э.Ирэхбаяр, Ч.Занданлхам бид шүлэг, найргаар ид  “өвчилж” явсан сан.

Багш нар маань “Говийн зэрэглээ” кинон дээр “ Нанзад баатар манайх…” гээд гарч байдаг шиг “Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулсан Доржийн Гомбожав, “Магнаг цэнхэр дэлхийн хүн” Д.Маам,  Дорнын яруу найргийн оргилд  “Шадар гурван цэрэг” шиг хамт яваа О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, яруу найраг-сэтгүүлзүйн хос морьтой, зөөлөн-дулаан хүний хайлан  Ишийн Батсүх  нараараа бахархаж, уран бүтээлээр нь биднийг хөглөж, ирлэж,  шүлэг найргийн “Дарьганга школ”-д бидний үеийнхэн давхар суралцаж явжээ. Бас тэр үед “Үнэн” сонины Сүхбаатар аймаг дахь тусгай сурвалжлагчаар До.Цэнджав багш маань очиж, аймгийн утга зохиолын нэгдлийг давхар удирдан, соёлын үрийг тарьсан он жилүүд байв. “Шувуухайн жиргээ”-гийн хүүхдүүд До.Цэнджав багшийн өрөөгөөр гүйлдэж, унших ном авцгааж, үгийг нь шимтэн сонсоно. Тэр үед О.Дашбалбараас До.Цэнджав багшид маш олон захидал ирнэ. Бас шинэ шүлгүүдээ, ямар болж вэ, уншаад үзээрэй гээд бичсэн байх нь олонтаа. Уярал, ухаарал, утга зохиолын сонин сайхан ихтэй зузаан захидлуудаас багш маань том хүний сэдэвтэй болон уншуулахгүй гэсэн зүйлүүдээ авч үлдээд бидэнд хааяа уншуулна.

 “…Доромжлуулах тусам би  улам өнгө орно

Долоон бурхан од шиг улам  тод гялалзана

Гүтгүүлэх тусам би улам өнгө орно

Гүн шөнийн одод шиг улам тод гялалзана…” гэсэн мөрүүдийг До.Цэнджав багшид бичсэн захидал дотроос анх олж уншиж билээ.

Очирбатын Дашбалбар агсныг сургаар мэдэж,  шүлэг уран бүтээлээр нь танилцаж, хожмоо нүүр тулан уулзаж явсан хэдхэн дурсамж санаанд үлджээ.

Нэгэн удаа аймгийн төвд ирж уншигч олонтой уулзалт хийж, Урчуудын эвлэлийн хороон дээр зочлон “Би Алтан-Овоогоо нүдээ аниад ч зурсан чадна” гээд нүдээ алчуураар боолгоод бийр  авч, хэдхэн зураас татахад тас хар дэвсгэр дээр алтан шаргал өнгөөр Алтан-Овоо тодрон гэрэлтэж хүмүүс уулга алдсанаа чив чимээгүй болчихож байсан сан. 1996 оны намар санагдана Дарьганга сумын Шар бүрдэнд Эрээнцавын Д.Нямсүрэн найрагчид зориулсан найргийн том хурим болж, сум, сумаас шүлэг, найраг сонирхдог залуус очсон юм. Дарьгангын “Шадар гурван цэрэг” хоймор эзэгнэсэн том найр хөл ихтэй болсон. Найр өндөрлөх тийш хандахуйд “Очирбатын Дашбалбарын сонгогчидтойгоо хийх уулзалтын цаг боллоо” гээд л гадаа зарлаж байна, гишүүн ч яаран бослоо. Гэтэл Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Хоёр дуу дуулсны дараа л явна шүү. Эсвээс би ч бас ажилтай хүн хот руугаа буцна” хэмээн туниж, цугласан олон хэнийг нь ч явуулахгүй санаатай гэрийн үүдэнд шавааралдан чихэлдэж, найрын дарга Г.Мэнд-Ооёо “Хоёр сайхан ая барьсны дараа уулзалтанд нь явуулъя” хэмээн хайныг хагалж Шар бүрд “Жаахан шарга”-ын шуранхайнд налайсан тийм нэг намар сан. Дарьганга, Наран сумын төвд болсон  иргэд, сонгогчдын уулзалтад “Юмны үнэ нэмэгдлээ, бид яах вэ” гэхчлэн зовлон тоочсон улс олон байв. О.Дашбалбар “Та нар сонголтоо хийсэн шүү дээ. Миний та нарт хэлж чадах цорын ганц үнэн, удахгүй төгрөг цаас болно. Хэдэн бор юм байвал хоёр уут гурил авч авдрынхаа ёроолд хий. Очирбатын хүү сагсалзаж байна гэж намайг муу хэлэх л байх хамаагүй, би үнэнийг л хэлье” хэмээн зад загначихаж билээ. Хүмүүс “Аавдаа алгадуулсан юм шиг ёстой  сайхан болчихлоо” гээд үлдэж байсан юм.

Манайх Эрдэнэцагаан суманд, би хааяа аймгийн төв орно. 1990-ээд оны сүүлчээр санагдана, аймгийн төв орж, багшийндаа буулаа /Хүүхдийн нэрт зохиолч Н.Доржцэрэнгийнд/. Оройхон “Балбар ирнэ” хэмээн хөл болж, Галя эгч хоол, цай бэлтгэн, би хамжилцлаа. Удалгүй Очирбатын Дашбалбар ирж, аймгийн Утга зохиолын нэгдлийнхэн багшийнд цуглаж банкиад /хүлээн авалт/ маягийн юм боллоо. Шүлэг зохиолоо уншиж, дуулж хуурдаж баахан бужигнасны эцэст О.Дашбалбар “За би явлаа. Ойрд нойр муутай,  замд их  ядарлаа. Дүүгийндээ очиж унтлаа. Яаруу хэрэг гарахгүй л бол битгий утасдаад байгаарай. Багш халчихаад над руу залгаад байв” гэж Н.Доржцэрэн багшид хэлчихээд явлаа. Үдэш телевизийн мэдээ харж суутал “О.Дашбалбар эмэгтэй хүнийг доромжилсон. Зугтахдаа стакан хагалж гараа зүсчихээд цонхоор гарч зугтсан. Улаанбаатарт түүнийг хайж байна” гэхчлэн яриад бараг л эрэн сурвалжилж байгаа гэх утга бүхий зүйл мэдээлдэг юм. Н.Доржцэрэн багш “Юу болох нь энэ вэ. Балбар тэгэх хүн биш дээ. Орой гар нь зүгээр байсан даа” гээд “Сүхбаатарын зам” сонины эрхлэгч, зохиолч, яруу найрагч Ш.Бат-Өлзий, зохиолч, яруу найрагч Я.Цэнд-Арслан нар руу утасдаж удаан ярилцлаа. Тэгээд “Худал гүтгэлэг гарлаа. Улс төрөөс угшилтай асуудал бололтой.  Маргааш учрыг нь олъё” гэлцэн О.Дашбалбарын дүүгийнх рүү утасдсангүй. Маргааш өглөө нь нэлээд эрт багшийн гэрийн утас дуугарлаа. Багш утсаа авлаа, О.Дашбалбар ярьж байгаа бололтой “Та нар надад хэлэхгүй яасан юм бэ” хэмээн бухимдаж буй бололтой. Багш “Хар шөнөөр сэрээгээд яахав гэж бодлоо. Чиний гар зүгээр байсан болохоор, улс төртэй холбоотой гүтгэлэг хол явахгүй биз” гэж байна. Би өглөө эрт Тээврийн товчоо орохоор багшийнхаас гарч алхах замд аймгийн төв хэсэг дэх Сүхбаатарын талбай дээр урт савхин дээл өмссөн О.Дашбалбар найрагч үсээ намируулан, хоёр гараа өргөөд зогсч байв. “Та нар өчигдөр мэдээ харсан байх. Миний гар зүв зүгээр байгаа биз дээ. Намайг Улаанбаатарт ирж ард түмэнд гараа үзүүл гэнээ. Сүхбаатарчууд ард түмэн биш юм уу, та нарт гараа харуулъя” гээд зогсч байсан сан. Тойрогтоо ажиллахаар ирсэн нь тэр байсан шиг билээ. Намайг сумандаа очоод байтал О.Дашбалбар, Галина тэргүүтэн хүмүүс ирж, сумын төвд болон цэргийн анги дээр иргэд, сонгогчидтой уулзалт хийгээд буцсан. Сүүлд сонсох нь ээ, тэр үеэр Баяндэлгэр, Халзан сумын замд “УАЗ-469” машины кабинд Галина хэмээх хүн О.Дашбалбарын гарыг үзүүртэй юмаар зүсэх гэж ноцолдон машин нь хажуулдах дөхөж гэнэ гэх сураг дуулдаж байсан юм даг. Ойрхон байж, багш, шавь бололцож  явсангүй ч түүнийг ойроос харсан хийгээд худал, үнэний дэнс болсон зарим үйл явдлын тухай дурсахад ийм байна.

Хүмүний сэтгэлд мөнх амьдрах хутгийг олсон эрхэм найрагчийн зүг тэнгэрт мэхийе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *