Намууд хамаг хүчээ хөвсгөлд “Хаяжээ”

11-р сарын 15, 2012 9:50 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 430

М.ГАН

 

Улс төрийн намууд хамаг хүчээ Хөвсгөл рүү “хаялаа”. Гуравдагч хүчний гишүүд аймгийнхаа  төв талбайд өлсгөлөн зарласан нь Ардчилсан нам, Ардын намын удирдлагуудыг хэсэгтээ сандар­гав. Хөвсгөл нут­гийн хүү, Ардын намын дарга Ө.Энхтүвшин зохих арга хэмжээгээ эртлэн авч аймгийн намын хорооны даргаа халуун намраар сольсон. Өнгөр­сөн дөрвөн жил тус намын рейтингийг шалд нь хүртэл унагаж, улс даяар муу нэр, луу дансаараа дуудагдсан Засаг дарга Л.Цэрэн­жавыг өөрчлөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг аймгийн намын хорооны дарга болгосон юм. Ардын нам ардах фоноо солихгүйгээр сонгуульд оролцох нь “үхлийн цохилт” болно гэдгийг ийнхүү эрт  тооцсон хэрэг. Аймагт нэр хүндээ алдсан Л.Цэрэнжавыг су­мын тойрогт нэр дэв­шүү­лжээ. Тэрээр өөрийн төрсөн нутаг Ши­нэ-Идэр суманд дэвшиж байгаа юм. Төрийн тэргүүнийг тус аймагт очиход “Давааны цаана нутагтай ч болоо­сой” хэмээн нутгийн иргэд дуу хүртэл зохиосноо сонир­хуулж байв. Хөвсгө­лийнхөн халхын гурван сумаа “Давааны цаадах” гэж нэрлэдэг аж. Үүнд Засаг даргын төрсөн сум багтдаг бөгөөд тэрээр нутаг усныхан, хамаатан саднаа ажилд авдаг учир иргэд  ийм үгтэй дуу зо­хиох болжээ. Энэ удаа­гийн сонгуульд Л.Цэрэн­жав дарга “Давааны цаадах”-уудаа авч оржээ. Аймгийн Иргэдийн хурал 41 төлөөлөгчтэй байх юм. Ардын намын 41 нэр дэвшигчийн  20 гаруй нь Л.Цэрэнжавын хамаатан садан, дүү, баз хүргэн, хувийн компанийнх нь борлуулагч, бизнесийн хамтрагч, найзынх нь дүү гэнэ. Хэдийгээр Л.Энх-Амгаланг намын дарга “болгон” нүүрээ угаасан гэх боловч доор нь “Давааны цаадах”-ууд нэр дэвшиж амжжээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөлд намаржиж байгаа. Намын дарга Ө.Энхтүвшин ч нутагтаа нэлээд хүч зарж буй юм. Түүний ойрын хүн нь Засаг даргын орлогчоор ажилладаг М.Очирхуяг хэмээх залуу бий. Сүүлийн дөрвөн жил огцом баяжиж аймгийн А бүсэд шилэн байшинд амьдардаг бол­сон нь нутгийн иргэдийн бах тавыг хангаж, нэгэнт унасан намын рейтинг дээр хасах оноо нэмсэн гэдэг. Ийм хоёр удирдагч­тай нам сонгуульд оролцож байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөлд ажиллаж эхэлжээ. Тус нам удирдах гол хүнээ тэнд илгээсэн нь мөн л учиртай. Хөвсгөлийн төв талбайд хоёр хүн өлсгөлөн зарлаад хэд хонож байна. Тэр нь МҮАН-ын гишүүд. Тэднийг сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгээгүй учир өлсгөлөн зарласан нь өрсөлдөгч намуудад таагүй мэдээг хүргэв. Д.Эрдэнэбат тэнд очоод өлсөгчидтэй тохирч аль, аль нь сонгуульд оролцох боломжтой болсон гэж дуулдав. Ардчилсан нам Хөвсгөлд гол анхаар­лаа төвлөрүүлж байгаа­гийн нэг шалтгаан нь тус нам аймагт хоёр хуваагд­сан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хоёр нэр дэв­шигч нь ялагдсан шалт­гааны нэг нь энэ юм. Гол будилуулагч нь экс гишүүн Л.Гүндалай гэнэ. Тэрээр УИХ-ын сонгуу­лийн өмнө намын хороо­ны дарга болно гэж зүт­гэсэн, аймгийн ардчи­лагчид Дарханаас шинэ дарга авчирсан гээд хоёр хуваагдсан нам сонгуульд “хэмх” ялагдсан билээ. Хоймор нутагтаа олуулаа ялах зорилготой яваа Ард­чилсан намынхан сонгуу­лийн суртал­чилгаага эх­лүүлж залуу бо­ловсон хүчнүүдээ нэр дэв­шүүлжээ. Намын жаг­саал­тыг П.Отгон-Очир, Ч.Ганбаатар нарын хүмүүс тэргүүлж байгаа гэнэ. 

Мөн МАХН-ынхан ч Хөвсгөлд хүч түрж байна. Тэдний төлөөлөл болох УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тус аймагт ажиллаад иржээ. Аймгийн МАХН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй хэмээн сонгуулийн хороо нь хассан байна. МАХН-ын мянгатын дарга Ч.Пү­рэв-Осор хэл ам хийж шүүхэдсээр заргаа авч чадсан гэнэ. Гэвч өчигд­рийн байдлаар аймгийн Иргэдийн хурлын 41 суудлын төлөө дээрх хоёр намын 82 нэр дэвшигч өрсөлдөж байгаа гэх. Уг нь хэн, хэнд нь ашиггүй учир хэл амаа ололцон аль, аль нь сонгуульд оролцоё гэж дээрээ тохирсон.  Ямар боловч бүгдээрээ шударга өрсөлдье гэдэгт намын удирдлагууд зохицож Төрийн ордонд хамтарсан мэдэгдэл хийсэн билээ.

МАХН, МАН, АН, МҮАН-аас гадна Хөвсгөлд бие даагчид гэж бий. Тэднийг дэмжихээр бие даагч гишүүн Ц.Даваасүрэн нутагтаа очсон байна. Хоёр дахь удаагаа парламентад сонгогдсон түүний хувьд өөрийн гэсэн дэмждэг хүмүүс олон байгаа нь тодорхой биз. Энэ удаад таван бие даагч аймгийн Иргэдийн хуралд нэр дэвшжээ. Ийнхүү Хөвсгөлийн сонгууль бүх намд сонирхолтой тойрог, хэн хэндээ яггүй хүчтэй өрсөлдөгч болжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *