Найруулагч Ё.Балдан Соёлын тэргүүний ажилтан болов

4-р сарын 12, 2017 9:26 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 9
4-111

Т.БАТСАЙХАН

Найруулагч Ёндонжамцын Балдангийн “Тайзны орон зайн хөдөлгөөн” ном уншигчдад хүрлээ. Тайзны урлагийн оршин байх учир, хэв маяг, онцлог, туйлын зорилго зэрэг олон утгыг онолын талаас нь сонирхолтой хэлбэрээр номд өгүүлжээ.  Тус бүтээлийг “Бадрангуй урлаг” ТББ, “Сити” их сургуулиас дэмжин хэвлэн гаргасан бөгөөд номын редактораар орчуулагч Н.Пүрэвдагва ажилласан юм.  Бүтээлийн нээлтэд БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд, “Сити” их сургуулийн захирал Ц.Байгалмаа, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид болон “Бадрангуй урлаг” ТББ-ынхан оролцож, Монголын урлагийн салбарт төрөн гарч буй цоо шинэ бүтээлийг баринтаглан авлаа. Мөн энэ үеэр урлагийн салбарт 40 гаруй жил зүтгэсэн номын зохиогч  Ё.Балдан Соёлын тэргүүний ажилтан боллоо.

4-222

БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд түүний шагналыг гардуулах үеэр “Олон жил даруухан амьдарсан энэ хүнийг гаргаж ирсэн “Бадрангуй урлаг” ТББ –ынхандаа баярлалаа.  Төр засаг таны хичээл зүтгэлийг мартаагүй. Харин та уран бүтээлээ их даруухан хийж иржээ. Дахиад олон ном бүтээхийг хүсье” хэмээв.   Тайзны урлагийг “Урагшлах хөдөлгөөн”, “Үйлдэх хөдөлгөөн”, “Буцах хөдөлгөөн”, “Нөхцөлт илэрхийллээс цааших хөдөлгөөн” зэрэг хэсгүүдэд хуваан задлан шинжилснээрээ түүний ном онцлог болжээ.  Тэрээр 40 гаруй жил Монголын тайзны урлагт зүтгэсэн туршлага, ур чадвартаа үндэслэн энэ өвөрмөц өнцгийг олж харан бүтээлээ туурвисан байна.  Ингэснээр  урлагийн сургуулийн оюутнууд тайзны орон зайн хөдөлгөөн гэдэг чиглэлээр уншиж судлах нэгэн бүтээл нэмэгдэж байгаа юм.   “Бадрангуй урлаг” ТББ нь “Урлагийн номын сан” цувралын хүрээнд “Театрын өндөр ээж”,  “Жүжигчин, найруу­лагчийн уран чадвар”, “В.Э.Мейерхольд намтар захидал өгүүлэл”, “Питер Брук-Хоосон орон зай”, Ёжи Гротовски “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу”, “Хөдөөх найруулагч Чимэддоржийн Ганхуяг”, “Найруулагч багш Лайхансүрэнгийн Лхаасүрэн” зэрэг бүтээлийг уншигч олноо хүргээд байгаа юм. Найм дахь бүтээл нь Ё.Балдангийн “Тайзны орон зайн хөдөлгөөн”  ном юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *