Н.Удвал: “Буруу мэдээллийн улс төр”-ийг таслан зогсоох эрх зүйн орчинг бүрдүүлнэ

11-р сарын 13, 2013 9:18 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 437
Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Б.ТУУЛ 

Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай яамнаас сар бүрийг тодорхой хүн амын бүлэгт чиглүүлж зорилготой ажил зохион байгуулж байгаа нь олны талархалыг хүлээж байна. Тухайлбал, “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”, “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” гэх мэт. Эдгээр ажлын үр дүн мэдрэгдэж байна уу?

-Мэдрэгдэлгүй яахав. Энэ өөрөө учир холбогдолтой. Хүн амыг дотор нь зорилтот бүлэг болгон хувааж тэр хүмүүст тохирох тусламж үйлчилгээг зохион байгуулалттайгаар хүргэх нь тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гол арга төдийгүй хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэхэд илүү тодорхой болдог. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд бусад салбарууд, оюутны байгууллагууд, оюутнууд ч гэсэн идэвхтэй оролцож оюутнуудын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, лекц явуулсан. Эрүүл мэндийн үзлэгт нийт 32854 оюутныг хамруулахад тэдний 40-46 хувь нь шүд, буйлны эмгэгтэй, 20 хувь нь дотрын ямар нэгэн эмгэгтэй болох нь тогтоогдсон. Одоо орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эрүүлжүүлэх ажил хийгдэж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар ч энэ аяны хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж 147.8 мянган оюутны 77 хувь нь есдүгээр сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд хамрагдаад байна. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул, Увс аймгийн эрүүл мэндийн газрууд, ЭХЭМҮТ сайн зохион байгууллаа.

-Аравдугаар сарыг Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар болгон зарлаж байсан. Энэ сарын ажил хэр зэрэг үр дүнтэй болов?

-Жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон хэвшүүлэх зорилт тавьж байна. Ахмадуудтай уулзахад надад нэг гомдлыг байнга тавьдаг. Ахмад настай болохоор эмнэлгийнхэн хүн биш юм шиг хандах юм. Эмчид үзүүлэхээр насны өөрчлөлт, насных гээд тоохгүй юм. Энэ тал дээр арга хэмжээ авч өгөөч гэдэг. Энэ сарын хүрээнд олон ажил зохион байгуулсан. Хэвтэрт байгаа ахмадуудаа эргэж тойрох, эм тангаар хангах, ахмадуудад эрүүл мэндийн үзлэг хийх, ахмадын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарах, ясны сийрэгжилтийн тухай мэдлэг мэдээлэл хүргэх, ахмадуудыг амин дэмээр хангах гэх мэт олон ажлыг орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүн дотор ахмадуудын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлэх ажил ч багтаж байгаа. Одоо орон нутгуудаас сарын ажлынхаа тайлан мэдээг ирүүлж байна. Анхны жил болохоор сарын ажлын хэрэгжилт жигд биш байж магадгүй. Дүнг нь улсын хэмжээнд нэгтгээд олон нийтэд мэдээлнэ. Ахмадуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг нь цусны даралт ихсэх өвчин байдаг. ЭМЯ-наас бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээ иргэд өөрсдөө ирээд даралтаа үзчих суурин  аппаратаар хангах зорилт тавьж байна. Эхний ээлжинд таван аймгийн бүх сум, өрхийн эмнэлгүүдийг, хоёр дүүргийн бүх өрхийн эмнэлгүүдийг энэ онд ийм аппаратаар хангана. Хэрэв иргэд маань цусны даралтаа хянаж сурах юм бол цус харвалтаас сэргийлж чадна. Тэгвэл монголчуудын маань дундаж наслалт ч уртсах нөхцөл бүрдэнэ.

-Зарим хэвлэл мэдээллээр эхийн эндэгдэл нэмэгдсэн, хүүхдийн эндэгдэл ихэссэн гээд л яриад байх юм. Гэтэл зарим нь эдгээр үзүүлэлт өмнөх оноос буурсан гээд олон нийт бүр төөрөлдөөд байна л даа?

-Энэ оны эхний арван сарын тайлан мэдээ гарсан байна. Эхийн эндэгдэл, хүүхдийн эндэгдэл ноднингийн мөн үеэс буурсан байна. Төрөлт эхний арван сарын байдлаар 4100 гаруйгаар нэмэгдсэн. Эхийн нас баралтыг 100 000 төрөлтөд, хүүхдийн эндэгдлийг амьд төрсөн 1000 хүүхдэд тооцож боддог олон улсын тогтсон аргачлал байдаг. Яамны ерөнхий мэргэжилтнүүд ч гэсэн энэ талаар удаа дараа ярилцлага, мэдээлэл өгсөн байгаа. Манайд бодит байдлыг гуйвуулж олон түмний толгойг эргүүлдэг хар технологи нэвтрээд удаж байна. Түүний л нэг байх даа. Хамгийн гол нь Шинэчлэлийн Засгийн газрын үед эх, хүүхдийнхээ эндэгдлийг ярьж, эмнэлгийн алдаагаа тооцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, эмч, ажилчдынхаа ёс зүйг ярьдаг, албан бус төлбөрөө бууруулах гэж ажилладаг болсон нь юутай сайн вэ?

-Энэ жил танай салбарт хөрөнгө оруулалт хэр зэрэг хийгдэв?

-2013 онд Эрүүл мэндийн салбарт найман барилга шинээр ашиглалтад орлоо, ондоо багтаж 12 барилга ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Энэ онд шинээр есөн барилгын ажил эхлүүллээ. Тоног төхөөрөмжийн хувьд Дархан-Уул аймагт 1 тэрбум 800 сая төгрөгний иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ. Бүх аймгуудаа телемедицины сүлжээнд хамрууллаа. Зүрхний шигдээс, цус харвалтын эрчимт эмчилгээний төвтэй боллоо. Улсын гурав­дугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тоног төхөөрөмжийг шинэчлэх, Бусад  төв эмнэлгүүд болон  аймгуудын нэгдсэн эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, зүрх судасны тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийг гемодиализийн аппаратаар хангах, эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйтлийн үйлчилгээг сайжруулах, эмнэлгүүдийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийг тоног төхөөрөмжөөр хангах, хөдөөгийн эмнэлгүүдийн ус, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, аюултай хог хаягдлыг устгах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжүүд удахгүй нийлүүлэгдэх гэж байна. Дээр нь Ерөнхий сайдын Шинэчлэлийн багцаас 30 орчим тэрбум төгрөгөөр 11 аймаг оношлогооны төвтэй болох гэж байна. Мөн ЭХЭМҮТ-д ургийн гажиг хөгжлийг эрт оношлох Перинаталогийн төвийн тоног төхөөрөмж, зүрхний гажигтай хүүхдэд мэс засал хийх ангиографийн тоног төхөөрөмж, үргүйдлийн лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг, үүдэл эс суулгах лаборатори, мэс заслын өрөөнүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг маш олон технологийн шинэчлэл хийлээ. Мөн “Энэрэл” эмнэлэгт 400 гаруй сая төгрөгийн оношлогооны тоног төхөөрөмж нийлүүллээ.

-Ирэх оны төсөв танай салбарын хувьд ямаршуухан болох нь вэ?

-УИХ боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвүүдийг харж үзээд нэг их танасангүй. Энэ жилийн улсын төсөвт урсгал зардал онцгойлон  нэмэгдээгүй, хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь он дамжин баригдаж байгаа барилгуудын төсөв байгаа. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд зарим архаг өвчнийг илрүүлэх скрининг шинжилгээг хийх болсонтой холбоотой, эрүүл мэндийн тусламжийн нэгдсэн суурь тарифийг нэмэхтэй холбоотой, эмнэлгийн яаралтай тусламжийн нэгдсэн сүлжээ бий болгох, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийг стандартын түвшинд хүргэх зэрэг нэлээд олон зорилтуудыг хэрэгжүүлэхэд  төсөв чиглэгдэж байна.

-Саяхан “ТМ” телевизээр гэмтлийн эмнэлгийг өвчтөнүүдийг нь шалаар нэг хэвтүүлсэн өөд татаж чадахгүй байгаа. Түлэнхийн төвөө ашиглалтад оруулж чадахгүй байгаа нь салбарын сайдын буруу гэж ярьж байсан?

-Тэр захиалгат нэвтрүүлгийг хэн мөнгө төлж цацуулсныг би мэдсэн. Харин өмнөх Засгийн газрын үед Түлэнхийн төвөө нураагаад өвчтөнүүдээ гэмтлийн эмнэлгийн шалаар нэг зулаад хэвтүүлсэн байсныг сийрэгжүүлж Түлэнхийн төвийг түрээсийн байранд оруулсанд олон хүн бидэнд талархаж байгаа. 2012 онд барихаар төсөвт тусгасан Түлэнхийн төвийн барилгын техникийн нөхцлийг ч аваагүй байсан. Бид авсан. Зураг нь эцэслэгдээгүй байсныг бид зассан. Анхны төсөвт өртөг нь найман тэрбум төгрөгний үнэтэй байсан Түлэнхийн төвийн төсөвт өртөг 26 тэрбум болж өссөн. Найман тэрбумаар тендэрээ зарлах уу? 26 тэрбумаар зарлах уу? Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй ийм гажиг тогтолцоог өмнөх Засгийн газраас бид хүлээн авсан. Энэ асуудал ганцхан барилга дээр байгаа юм биш, салбарын хэмжээнд 30 гаруй барилга дээр байгаа. Шавхай малтаж, шавар арилгаж, субботник хийх ажилд цаг их зарцуулж байна даа.

-Иргэний эрүүл мэндийн даатгал байнга шүүмжлэл дагуулсаар ирсэн. Энэ Засгийн газрын үед л болохоо байчихсан мэт сэтгэгдэл төрүүлэх гээд байх шиг?

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах гэж үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Эрүүл мэндийн даатгалд засч залруулах зүйл олон бий. Хамгийн гол нь даатгалтай мөртөө хувь хүн эмнэлгийн тусламж авах үедээ хувиасаа төлбөр төлдөг нь хамгийн их шүүмжлэл дагуулдаг. Энэ асуудал гэнэт өнөөдөр гараад ирсэн биш олон жилийн улбаатай. 2010 онд хийсэн хөндлөнгийн судалгаагаар эрүүл мэндийн зардлын 41 орчим хувийг хувь хүмүүсийн төлбөр эзэлж байна гэсэн баримт бий. Өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээнийхээ бодит зардлыг үнэн зөв тооцоогүйгээс байнга дутуу санхүүжүүлж ирсэн. Энэ онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ бодит өртгийг манай Засгийн газрын үед анх удаагаа тогтоолоо. Үүний үр дүнд тусламж үйлчилгээний нэгдсэн суурь тариф 150 мянга орчим төгрөгөөр бодит өртгөөс нь бага, зарим тусламжийг бодит өртгөөс нь 5-60 хувиар дутуу санхүүжүүлж байсан нь судалгаагаар тогтоогдсон. Энэ зөрүүг иргэд төлдөг байсан. 2014 оны төсөвт энэ зөрүүг нөхөх 33 тэрбум төгрөгийг даатгалын сангаас нэмж тусгалаа. Мөн өндөр өртөгтэй мэс засал, эмнэлгийн хэрэгслийн нэлээд хувийг даатгалаас төлөхөд зориулж 9 тэрбум төгрөгийг нэмж тусгуулахаар УИХ дээр ажиллаж байна. Энэ хоёр санхүүжилтийг шийдчихвэл  2014 онд дээрх иргэдийн халааснаас гарах 41 хувийг 10 хувиар бууруулах боломж бүрдэх юм. Мөн даатгалд хамрагдах тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж гэрийн болон өдрийн эмчилгээг даатгалд хамруулна.

-Бодит байдал ийм байхад яагаад мушгин гуйвууулсан буруу мэдээлэл цацаад байдаг юм бол. Ингэж худлаа мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүлээх хариуцлага гэж байдаггүй юм уу?

-Ерөөсөө Монгол улс бүхэлдээ “Буруу мэдээллийн улс төр”-д сөхөрч байна. Үүнийг одоо таслан зогсоох ёстой. Хүний эрүүл мэнд амь нас гэдэг бол эмзэг асуудал. Хүний эрүүл мэнд амь насаар худлаа мэдээлэл түгээж улс төр хийнэ гэдэг нь өөрөө хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй дүйнэ. Тийм учраас бид хуулийн зөвлөх баг ажиллуулж ойрын үед хүний эрүүл мэнд, амь настай холбоотой худлаа мэдээлэл түгээж байгаа бүх тохиолдолд экспертийн үнэлгээ хийлгэж, асуудлыг олон нийтэд дэлгэн тавьж “Буруу мэдээллийн улс төр”-ийг таслан зогсоох эрх зүйн орчинг нь бүрдүүлж бодитой арга хэмжээ авна. Ер нь наанаа хүний эрүүл мэнд, амь нас ярьдаг хэрнээ цаанаа ард түмний эрүүл мэндэд зориулсан мөнгийг өөрсдийнхөө, гэр бүлийнхээ, бүлэглэлийнхээ идэх хоол, эд хөрөнгө шигээ санадаг бүхэл бүтэн давхраа үүссэн байна. Энэ эдийн засгийн бүлэглэл л мөнгө төлж “Буруу мэдээллийн улс төр”-ийг хийдэг.

-Дадлагажигч эмч нар гэж бас нэг шүүмжлэл дагуулсан асуудал байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

-Энгийн үгээр хэлэх юм бол анагаахын боловсрол олох үедээ дадлага хийж эмч болох бэлтгэлээ хангасан байх ёстой төгсөгчид эрүүл мэндийн салбарт ирж дадлагаа хийж байна гэж ойлгож болно. Ийм бодлогыг хэрэгжүүлсэн нь дадлагажигч эмчдээ ч эрүүл мэндийн салбарт ч сөрөг нөлөө үзүүлсэн. Эмнэлгийн ачаалал ихдэх нэг шалтгаан нь анхан шатандаа дадлага туршлагатай эмч ажиллахгүй байгаагаас болж байгаа юм. Үүнийг зохицуулах, анхан шатандаа хамгийн туршлагатай эмч нараа ажиллуулбал эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан олон асуудал шийдэгдэнэ.

-Таныг АНУ юм уу. Англи улс руу элчин сайдаар явах гэж байгаа гээд зарим хэвлэл мэдээллэээр гарсан байна лээ. Энэ талаар?

-Надад тийм санал ирээгүй. Ирсэн ч би явахгүй. Олон түмний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилласан гэж л надад хариуцлага тооцохгүй бол надад хариуцлага тооцуулах хийсэн хэрэг байхгүй. Өөрсдөө сценариа зохиогоод, өөрсдөө хагалан бутаргаад, өөрсдөө гүтгэж, нэр төрд маань  халдаад, хүссэн хүслээ гүйцээх гэж байгаа бол хэн хэнд нь, аль алинд нь надад хэлэх үг, барих бэлэг бий. Би сайдын суудлыг гуйж, худалдаж авдаг улс төрч биш. Миний улс төрийн тэмцэл дуусаагүй. Харин ч улс төрийг улам ч сонирхолтой болгох байх.

-Удахгүй танай намын бага хурал болох гэж байгаа. Энэ бага хурлаас Та юу хүлээж байна вэ?

-Энэ намыг шударга ёсны нам байлгахын төлөө бусад нөхдийнхөө хамтаар амь нас, нэр төрөөрөө дэнчин тавьж, тэмцэж байгуулж байлаа. Үнэт зүйлээ гээх вий гэхээс болгоомжилж байна. Бага хурлаараа олон асуудал хэлэлцэнэ. Ямар ч нөхцөлд зарчмаасаа ухарч, байр сууринаасаа хазайхгүй. Ийм байдаг болохоор л над руу нам дамнасан бүлэглэл зохион байгуулалттай дайраад байгаа юм шүү дээ.

-Н.Энхбаяр даргын бие ямар байна вэ? Эцсийн мөчийг хүртэл таныг хүн чанар гаргалаа гэж үзэх хүн олон байдаг?

-Ойрдоо холбогдоогүй байна. Бие нь засарч, сайжирч байгаа. Би туйлбартай байснаараа шим шүүсийг нь шимэлдэг шиг сорж, хажууд нь хачиг шиг наалдаж явсан олон эрчүүдээс хүн чанарын хувьд өөрийгээ хавьгүй дээр болохоо харуулж чадсан гэж боддог.  

-Нээрэн танай яам Засгийн газар дотроо хамгийн хүнд сурталтай яамаар тодорсон гэл үү?

-Засгийн газар хоёр удаа яамдуудынхаа ажлыг дүгнэж Засгийн газар дээр танилцуулсан. Манай яам магнайлаагүй ч сүүл бариагүй. Дунд хавьд нь мөчөөгөө өгөхгүй явж байгаа. Засгийн газрын “11-11” төвийн үйлчилгээний нэг жилийн ойгоор бас яамдуудыг ирсэн санал, гомдлыг хэрхэн шуурхай шийдвэрлэсэн байдлаар нь байр эзлүүлсэн. Манай яам иргэдээс ирсэн санал гомдлыг хөнгөн шуурхай шийдвэрлэсэн байдлаараа гуравдугаарт байна лээ. Өөрсдөө нэг үзүүлэлт зохиочихоод, түүнийгээ өөрсдийнхөө үзэмжээр байр эзлүүл­чихдэг ийм тоглоом гарчихсан шүү дээ. Үүнийгээ улс төр хийхдээ ашигладаг болжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *