Н.Төмөрхуяг: Харахад зөөлөн ч зэвүүн хулигаан явлаа, ах нь

11-р сарын 23, 2012 10:16 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 712

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Ард түмний гавьяат, дуучин Н.Төмөрхуягийг дугаарын зочноор урьж, ярилцлаа. Нөгөө л урт үс, шляп малгай, шаргал гитартайгаа “Хорвоод намар ирдэгийг мартсан Хонгор үрээ уучлаач, ээж ээ” гээд дуулдаг нь  хэвээрээ. “Юу асуух юм бэ дээ”  хэмээн тоомжиргүй угтдаг ч яриад ирэхээрээ олон сайхан дурсамжаар хөглөж, өөрөө ч мөн түүндээ хөглөгддөг цайлган хөгжүүн зангаараа тэрээр манай редакцид хэсэгхэн зуур тухлаад гарлаа. Нэг зүйлийг онцлоход урт үс нь шингэрч бас буурал сор суусан эрхэм дуучин одоо хэрнээ амьдралд хөлөө олсонгүй юу даа, хоёр ч эхнэрээс салснаас хойш таньж мэдэх нэгнийхээр амьдарч байгааг дуулаад Б.Адарсүрэн, “Чандмань эрдэнэ” дууг дуулсан Г.Мөнхбаяр нарын туулж өнгөрүүлсэн гашуун тавилан санаанд орж, хамар шархирч байсныг нуух юун.

 

-Уран бүтээл арвин, сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөл болж байна аа. Уран бүтээл яах вэ дээ, гитар бид хоёр  мэнд амар явж л байна. Дуугаа бол дуулж байгаа, дуулж байгаа.

-Ингэхэд таныг дуучин болоход нөлөөлсөн хүн хэн бэ, танайхан удмын дуучин уу?

-Миний аав, ээж хоёр сайхан дуулдаг хүмүүс байсан. Ээж минь  Хэнтий аймгийн Соёлын ордны дуучин  Цэндсүрэн гэж сайхан  хүн байлаа. Аав минь тээврийн жолооч, холын замд  уртын дуу хангинатал дуулаад л давхиж явдагсан.

Хадаг барьсан багш тань хэн бэ, урлагийн замд хэрхэн оров?

-Манай хашаанд төв халхын алдарт уртын дуу­чин С.Дамчаа гэдэг  өвгө­ний охинтой суусан ми­ний дууны багш Ю.Даш­ням гуай байдаг байлаа.  Багш минь урлагийн гавьяат зүтгэл­тэн, хөгж­мийн зохиолч хүн шүү дээ.  Би тэр үед цэргээс халаг­даж ирээд, аймгийн баазад ажиллаж байгаад халагдчихаад байж байсан юм. Гэтэл  Хэнтий аймгийн Соёлын ордон шинэчлэл хийж, Ардын дуу бүжгийн чуулга боллоо жүжигчин элсүүлж байна гэж хүмүүс ярих боллоо. Нэг өдөр аймгийн наадмын талбай дээр “Эрээн даавууны баяр”  гэж байгууллагуудын хувцас загварын өдөрлөг маягийн юм болж .дуу хуур боллоо. Түүгээр явж байтал  миний  хуучин ажиллаж байсан аймгийн Тээврийн удирдах газрын үйлдвэрчний хорооны дарга Дулмаа тааралдаад “Манай байгууллага мар­гаа­шийн баярын урлагийн номер дээр нойллох гээд байна. Ганц хоёр дуу дуулаад өгөөч” гэсэн юм. Би ч зөвшөөрлөө. Өглөө очтол хоёр том машины чиргүүл нийлүүлээд тайз засчихсан. Миний ээлж  ирэхэд түүн дээр гараад  хоёр дуу дууллаа, гитараа барьж байгаад. Наадмын талбайн цагаан хоолой аймгийн төвөөр  нэг хангинаж, хүмүүс ч  их сайхан хүлээж авч байна. Сүүлд сонсох нь ээ, тэр дунд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ю.Дашням багш минь  хараад зогсч  байсан гэсэн.  Би  тэгэхэд дуулчихаад  л  буугаад явчихсан. Олон хүн дунд намайг хайж,   уулзах гэж байхад нь би явчихсан юм билээ. Ингээд зунжин хөдөө  явж байгаад иртэл   аав минь  “Чуулгын хүмүүс чамайг эргүүлээд байх юм. Чи хэрэгтэй юм шиг байна. Очиж уулз” гэлээ. Урлагийн  гавьяат зүтгэлтэн Гомбо багш маань намайг хөгжмийн ангид оруулна гээд,  Даш­ням багш  болохоор дуу­чин болгоно гэсэн. Би  бодож байгаад “Ажилгүй байж байхаар дуучин болъё”  гээд   “Хан Хэнтий чуулга”-ын дуучин болж, маргаашнаас нь тоглолтод оролцоод  явсан. Миний урлагийн зам ингэж эхэлсэн.

-Машины чиргүүл дээр тэр үед  ямар дуу дуулж байсан бэ?

-Цэрэгт байхад хөгжмийн зохиолч, одоо Сүхбаатар аймагт байгаа  Д.Гунаажав гуай, Зохиолчдын хороонд байсан Ц.Ядмаа  нарын  зохиосон “Ханийн минь хайр” гэж дууг анх дуулсан нь тэр. Хамгийн анхны дуулсан дуу маань “Амьдрал хайр дээр тогтдог”. Тэгээд “Саа мөнгөн Хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Насны намар”   гээд олон  дуу дуулжээ.

-Тэр үед  та яагаад ажлаасаа халагдчихсан юм бэ?

-Ах нь ардчиллыг дэмждэг. Тийм хүмүүсийг шахаж, дарамталдаг байсан үе. Үнэнийг шууд хэлчихдэгээсээ болж алдаж байсан үе бий. Тэгээд ажлаасаа халагдчихгүй юу. Анх 1989 оны арваннэгдүгээр сард Залуу уран бутээлчдийн улсын II  зөвлөгөөнд  Хэнтий аймгаасаа  тавуулаа ирж байлаа. Тэнд  үг хэлж,  Ардчилсан холбоо байгуулалцаж  явлаа. 1990 оны хоёрдугаар сард Ардчил­сан холбооны анхны Их хуралд төлөөлөгчөөр сууж байсан гээд түүх яривал олон юм бий. Нэг сонин түүх хэлэхэд тэр зөвлө­гөөнд би одоогийн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржтой зэрэгцээд сууж байлаа.

-Ингэхэд  гитарыг хаана ингэж  чадварлаг тоглож сурсан юм бэ?

-Хаана байхав дээ. Мэргэжлийн сургууль гэж байсан биш. Солгой гартай учраас заах хүн байхгүй. Хүмүүс  гитарын утсыг сольдог бол би  буруу харуулаад  тоглож байна гэсэн үг шүү дээ.

-Энэ хүртэл  олон гитар элээсэн үү?

-Олон байсан. Одоо ганц л  байна.   Олон жил  хорвоогийн сайн, мууг хамтдаа туулж явна даа, гитар бид хоёр. Намайг хаяж, надад хаягдаагүй үнэнч найз минь тэр.  Хүнд бэлэглээд, заримыг  хулгайч нар нь аваад арилах юм. Цуглуулсан бол овоо хэд  байх байсан биз.

-Таны урын санд одоо  хэчнээн дуу  байна. Дуулах дуртай дуу  гэвэл алийг нэрлэх   бол?

-Овоо хэдэн дуу дуулжээ. Одоо ч дуулж л байна. Би ямар ч тохиолдолд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Оюуны шүлэг, Төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим “Хорвоод ганцхан ээждээ” дуугаа дуулах дуртай.

-”Хорвоод ганцхан ээждээ”  бүх цаг үеийн хамгийн сайхан дуу гэж би боддог. Та ээждээ энэ дууг дуулж өгч, баярлуулж байсан байх. Ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Ээж минь бурхан болоод удаж байна. Ээжийгээ бодохоор, тэр хүний тухай ярихаар  уйлмаар байдаг юм. Яриад яахав дээ, сэтгэл үймрээд хэцүү.

-Ард түмэн таныг сэтгэлээсээ дуулдаг “Сэтгэлийн дуучин” гэж тодорхойлдог. Харин та тэднийг “Миний дууг яагаад сонсдог юм бол” гэж бодож байсан уу?

-Би сайхан дуулдаг найзууддаа “Би гавьтай хоолойтой хүн ч биш. Надад дуулах сэтгэл л байдаг юм” гэж хэлдэг. Тэгэхээр миний дотоод сэтгэлийн мэдрэмжээс гарсан учраас дуунууд маань хүмүүст хүрдэг юм болов уу. Түүнээс биш би мэргэжлийн сургуульд сурч, номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан биш. 

-Одоогийн дуучдаас хэний дууг сонсох дуртай вэ?

-Одоогийн олон дуучдын хэнийг нь гэж сонсох вэ дээ. Хооронд нь ялгадаггүй юм. Миний мэдэхээс С.Жавхлан, Л.Болд­баатар, Д.Намс­райноров, Б.Болдбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэл­гэрмаа, Г.Эрдэнэтунгалаг. Т.Баясгалан    нар байна. Шинээр дуулж буй дуучдын хоолойг ялгахгүй. Бүгдээрээ нэг сургууль, нэг багшаар хичээл заалгаад, төгсчихсөн. Тэгээд хоолойгоороо дуулж танигдахын оронд клип хийж, өчнөөн мөнгө зарж байна шүү дээ.

-Та цомог гаргах уу?

-Миний дууны хуурцаг  зөндөө гарсан. Цомог гаргах санхүүтэй бол хоёрыг ч  гаргамаар байна. Тэгж байгаад болох  байлгүй дээ.

-Бие даасан тоглолтоо  хийхгүй юм уу?

-Би 1993 онд Соёлын гавьяат зүтгэлтэн “Дэрэнгийн хар азарга”  гэж нэрлэдэг Ч.Чимэддоржтой хам­тарч  “Морьтой дуу” тоглолтоо  Соёлын төв өргөөнд хийж байлаа. Дараа нь 1996 онд  “Амьдрал хайр дээр тогтдог” дууны аяыг зохиосон дуучин С.Цэрэнчимэд,  “Чанд­мань эрдэнэ” дууг дуул­сан Г.Мөнхбаяр нартай  хамтран Соёлын төв өргөөнд “Уянгын дууны гурван уулзвар” тоглолт  хийсэн. Тэд минь бурхны оронд явчихлаа. Түүнээс хойш тоглолт хийсэнгүй. Удахгүй он гаргаад бие даасан  тоглолтоо  хийх бодол  бий.

-Та хотод хаагуур амьдарч байна?

-Хаагуур амьдрах вэ дээ. Нутгийн дүү нартайгаа Толгойтын 10 дугаар  буудалд амьдардаг.

-Хүүхдүүд чинь  эргэж, тойрч байх юм уу?

-Гурван сайхан хүү бий. Ирж  уулздаг.

-Эхнэртэйгээ  холбоотой байдаг уу. Дахин гэр бүлтэй болох бодол бий юу?

-Ах нь эхнэрээсээ салаад олон жил боллоо. Энэ талаар яриад яахав. Дахиж  гэрлээд бас  л салсан. Одоо гэр бүлтэй болоод хэрэггүй биз дээ.

-Уран бүтээлчид этгээд араншинтай  байдаг. Та ч тэдний нэг, тэр тухай асуугаад ч яахав?

-Яахав, жаахан адайр, этгээд ч гэх үү,  чөлөөтэй байхыг хүсдэг. Одоо нас сүүдэр 55  хүрлээ. Хүүхдүүд ч том болчихлоо. Авгай аваад ч яах юм.

-Та  нэг ярилцлагадаа өөрийгөө муугүй хулигаан явлаа гэсэн байсан?

-Залуу ч байж, омголон ч явж дээ. Дургүй  хүргэсэн нэгэнтэй нударга зөрүүлнэ, ширүүн ч байлаа. Харахад ийм зөөлөн юм шиг атлаа би  нэлээдгүй хулигаан явсан юм шиг байгаа юм. Солгой Төмөрөө, “Хутга”  Төмөрөө ч гэнэ. Хутгаар бол мэргэшсэн байлаа. Тэгэхдээ буруугаар биш шүү. Айж ичих юмгүй явжээ, одоо бодоход. Хэдий ийм хулигаан ч ахмад хүмүүсээс айна, тэднийг    хүндэлнэ. Үеийнхэнтэйгээ зодоон цохион хийхээс биш ах настай хүний өмнө хонь. Урлаг намайг хүмүүжүүлсэн.

-Хүүхдүүдээс тань таны хоолойг өвлөсөн хүн бий юу?

-Дуулдаг л байлгүй дээ. Бүгд өөр мэргэжлээр ажиллаж байгаа.

-Ид сайхан дуулж байхад нөхөд олон байсан биз?

-Нөхөд байлгүй яахав. Намайг эмнэлэгт тэргэнцэр дээр 45 хоноход ажлаа орхиод хөл дээр минь босгосон хүн бол Монголын хөгжмийн зо­хиолчдын холбооны тэр­гүүн Б.Бямбабаяр. Миний алтан найз. Одоо ч найз нөхөд цөөрч байна даа.

-Таньтай таарах бүртээ таягнаасаа  салаасай гэж бодох  юм ?

-Хүмүүс намайг хөлөө гэмтээсэн гэж боддог байх. Мэдрэлийн судас дарагдсанаас болж гэмтсэн шиг билээ, эмч тэгж хэлсэн. Түүнээс харвалт, өвчин биш.

-Анх дуулж гарч ирэхдээ л та  шляп  малгай, урт үстэй байсан. Имиждээ үнэн ч юм аа?

-Хүмүүс намайг  “Чи яахаараа ийм малгай өмсдөг юм” гэдэг байсан. Би 1973 оноос хойш шлеп  малгай  өмсч  байна. Сүүл рүүгээ  үс минь  ч бууралтлаа. Тэгээд ч би малгайгаа авах дургүй. Сүүлд ТВ-9 телевизийн “Сэтгэлд гал байхад” нэвтрүүлгээр орохдоо үсээ будуулсан.

-Одоо та хаачих гэж байна?

-Таягаа тулаад байдаг руу дөхнө дөө /10 дугаар хороололд  хамт амьдардаг нутгийн дүү нарындаа очихоо ингэж хэлэв/.

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Where To Get Viagra Online Forum cheap cialis Viagra A Basso Prezzo

GuastCaf
2018 оны 9-р сарын 20

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *