Н.Пүрэвдагва: Монголд адуутай холбогдолтой энэ хэмжээний бичсэн зохиол алга

11-р сарын 21, 2017 7:50 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 30
11-21-1

Ч.ГАНТУЛГА

УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 24-нд Лев Толстойн “Холстомер” туужаас сэдэвлэсэн  “Адууны түүх” хоёр бүлэгт жүжгийг тавина. Жүжгийг зохиолч, орчуулагч, “Сити” их сургуулийн багш Н.Пүрэвдагва орчуулжээ. Түүнтэй ярилцлаа.

Таны хувьд энэ жүжиг Б.Баатар найруулагчтай хам­тарч ажиллаж буй дөрөв дэх уран бүтээл гэсэн үү?

-Тиймээ. Б.Баатар найруулагчтай хамтарч тавьж буй дөрөв дэх уран бүтээл. Харин УДЭТ-ын тайзнаа тавьж буй тав дахь жүжиг. Энэ жүжгийг 2008 оны хоёрдугаар сарын 19-нд орчуулж дууссанаас хойш есөн жил өнгөрчээ. Б.Баатар найруулагч хэлдэг л дээ.

“Бид хоёрын бүтээл тайзнаа тавигдах нь тавигдана. Харин цаг нь болоогүй байхад хийчихээд хүлээдэг зовлонтой улс юм даа” гэж. Үүнээс өмнө нэлээн хүлээлгэж байж тавьсан бүтээл бол “Кихот ноён”. Тавихаар ярих үед Б.Баатар  одоо цаг нь болжээ гэж байсан. “Адууны түүх” жүжгийн өмнөхөн над руу залгаад хоёр нөхрийн хийсэн ажил яаж ийгээд л тавигддаг юм байна. Бас тавих цаг нь болжээ гэж хэлсэн.

-10 гаруй жилийн өмнө жүжгийг  тавихаар ярьж байжээ?

-Анх 2007 онд энэ жүжгийг тавих тухай саналыг Ардын жүжигчин Г.Мягмарнаран гаргасан. ЗХУ-ын алдарт жүжигчин Евгений Лебедев энэ бүтээлийн гол дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол амьдруулж чадсан байдаг. Яг энэ арга барилаар жүжгийн гол дүрийг бүтээж, тайлангаа тавъя гэжээ. Нэг өдөр Б.Баатар намайг дуудлаа. Өрөөнд нь тухайн үеийн чуулгын найруулагч байсан Н.Болд, жүжигчин Г.Мягмарнаран нар сууж байна. Жүжгийн зохиол Н.Болдод байсан учир өөрөө найруулъя гэж л дээ. Би зохиолыг аваад, орчуулсан. Орчуулга ч таалагдаж. Үүний дараа юуны тулд хоёр үндэсний хэмжээний театр байгаа билээ. Дутуу, дутуугаа нөхөөд хоёр найруулагч хамтарч тайзны бүтээл болгоё гэж ярьсан. Гэвч тухайн үеийн цаг төрийн байдал, хөрөнгө мөнгөний асуудлаас болж хойшлоод,  одоо буюу есөн жилийн дараа тавихаар болж байна.

Одоо жүжиг зөвхөн Б.Баатар найруулагчийн ур ухаанаар бүтэж байгаа биз дээ?

-Одоо Н.Болд БСШУСЯ-ны Соёлын газрын дарга болчихсон. Ажлынхаа хажуугаар жүжигт оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Тиймээс Б.Баатар найруулагч өөрийнхөө театрын уран бүтээлчидтэй хамтарч тавих юм.

Та Б.Баатар найруулагчтай хамтарч уран бүтээл нэлээн хийх юм аа?

-Би найруулагч нарыг хэд, хэдэн янз байдаг гэж хардаг. Сурсан сургуулиараа найруулагч болсон нэг хэсэг улс байна. Сурсан мэргэжилдээ багтахаа байгаад найруулагч болсон нь байна. Дарлуулаад задарч чадахаа байсан найруулагч ч байна. Сурч байх үедээ задарсан найруулагч гэж байна. Би Б.Баатарыг уншсандаа дарлуулаагүй найруулагч гэж боддог. Их уншсан хүн. Киевийн соёл урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Б.Баатар нэг уншсан бол мартана гэж үгүй. Өнөөдөр нэг зохиол ярьж байгаад салсан бол маргааш нь яг тэр цэгээсээ л үргэлжлүүлдэг.

Унага Данагар.

Та хоёр хувь хүнийхээ үзэл бодлоор хэр нийцдэг вэ?

– “Садар эрийг номхтгосон нь” бүтээлээр анх холбогдсон. Үүний дараа “Амьгүй албат”-ыг тавьсан. Тэр үеэс өнөөдрийг хүртэл хамтарч байгаа. Ганц нэг ганзай задлаад цаг мэдэхгүй олон удаа сууж байлаа. Энэ нь бодол санаа нийлдгийнх байх.

-“Амьгүй албат”-ыг таныг заавал бич гэж бичүүлсэн гэдэг?

-Та бичиж чадах юм байна. Та л “Амьгүй албат”-ыг жүжиг болгоод өг. Миний оюутан наснаасаа мөрөөдсөн бүтээл бол “Амьгүй албат” гэсээр бичүүлсэн. Энэ үеэс уран бүтээлийн дөрөө нийлсээр 20 гаруй жил болсон байна.

Идэр Данагар.

-“Адууны түүх” зохиолын хувьд есөн жилийн өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?

-Зохиолын хувьд өөрчлөгдөөгүй. Харин жүжигт гарах гол дүрийн баатруудын нэрийг монгол болгож, үйл явдлыг монгол ахуй руугаа ойртуулъя гэсэн саналыг найруулагч тавьсан. Миний хувьд анхнаасаа орчуулах л үүрэгтэй байсан. “Амьгүй албат” шиг жүжиг болгож бичсэн бол өөр. “Адууны түүх” жүжгийн хувьд суурин адууны аж ахуйн онцлог гардаг. Ийм малд арчилгаа их. Бэлчээрийн арга гэж бараг байхгүй. Манайхан ямар ч үед адуугаа сойздож, угааж зүлгэдэггүй шүү дээ. Мөн хүн зөөдөг хөнгөн маягийн морь тэрэг зохиолд гардаг. Энэ мэт жаахан өөрчлөлт орсон.

Жүжгийн нэрний хувьд хоёр янз яваад байна лээ?

-Анхны нэр “Холстомер” буюу “Адууны түүх”. Сүүлд нь Данагар буюу “Адуунд элэглэгдсэн хүмүүний амьдрал” гэсэн хувилбар гарсан. Аль нэрээр нь явахыг УДЭТ-ынхан л шийдэх байх.

Өтөл Данагар.

УДЭТ-ын зүгээс жүжгийг сонгодог бүтээл гэж зарласан. Гэхдээ зохиолыг монголчилсон гэж та хэллээ. Тэгэхээр сонгодог гэж зарлах нь зөв юм уу?

-УДЭТ бол мэргэжлийн ганцхан байгууллага. Дэлхийн сонгодог урлагтай хамгийн ойр. Түүнийг үнэлдэг, дүгнэдэг байгууллага гэж би боддог. Энэ бүтээлийн хувьд сонгодог зохиолоос сэдэвлэж, жүжиг болсон бүтээл. Түүнийг монголчуудын аж байдал, ахуй соёлд нийцсэн жүжиг болгох оролдлого хийсэн. Тэгэхээр гурван дамжлага дамжсан гэсэн үг. Лев Толстой өөрөө сонгодог бүтээл туурвидаг хүн. Сонгодог бүтээлээс гарсан жүжгийн зохиол сонгодог байх учиртай. Зохиолч энэ бүтээлээ 29 жил бичсэн байдаг. Жүжгийг  Лев Толстой талаас нь харвал сонгодог гэхээс өөр аргагүй. Хоёрдугаарт энэ жүжиг юугаараа сонгодог юм бэ. Үүнийг жүжиг тоглосны дараа үзэгчид болон урлаг судлаачид дүгнэж хэлэх асуудал.

Гурван найруулагчийн шийдлээр жүжиг бүтэж байна?

-Ерөнхий найруулагчаар Б.Баатар. Үүнээс гадна хөгжмийн зохиолчоор Б.Бямбабаяр, жүжигчдийн хөдөлгөөний тавилтыг Д.Ган-Очир хариуцаж байна. Тэгэхээр энэ гурван хүний шийдэл, санаа ямар байх нь их сонин. Ийм чиглэл, чиглэл хариуцсан найруулагчтай уран бүтээл хэр олон байдгийг мэдэхгүй.

Б.Баатар найруулагч 30 жилийн өмнө энэ жүжгийг үзсэн гэж ярилцлагадаа дурьдсан байна лээ. Энэ үеэс л жүжиг тавих санаа төржээ?

-1975 онд тухайн үеийн ЗХУ гэж байхад энэ бүтээлийг анх тавьсан байдаг. Тэр цагийн театрын өнгө төрхийг илэрхийлж байсан уран бүтээл. Тэр дундаа адууны амьдралаар хүмүүний амьдралыг элэглэсэн нь содон. Бид адуугаа дээдэлдэг, төрийнхөө сүлдэнд тахидаг ард түмэн. Тиймээс адууны тухай жүжиг тавих ёстой. Харин харамсалтай нь монголд адуутай холбогдолтой энэ хэмжээний бичсэн зохиол алга байж. Б.Баатар найруулагч үүнийг бодож, нэг талдаа эмгэнэж, нөгөө талдаа мөрөөдөж явсан нь биеллээ олж байна уу гэж би харж байна.

Энэ бүтээл сэдэв, агуулгын хувьд өнөөгийн нийгэмд зохицох уу?

Монголд, ялангуяа мэргэжлийн үндэсний театрт тавих ёстой хоёр сэдэв бий гэж уран бүтээлчийнхээ хувьд боддог. Хэдийгээр Д.Нацагдоржийн нэрэмжит театр гэж овоглодог ч энэ хүний тухай жүжиг театрын сан хөмрөгт байгаагүйг саяхан нээлтээ хийсэн “Жаргаагүй нар” бүтээл нөхсөн. “Адууны түүх” ч цаг нь болсон. Адуунд байтугай бусад зүйлд ч элэглэгдэх болчихсон амьдрал бидний дунд байна. Л.Түдэв гуай намайг “Амьгүй албат”-ыг жүжиг болгож байхад “Н.Пүрэвдагва аа наадах чинь үхээд газар булагдсан амьгүй албатуудын тухай жүжиг биш. Өнөөдөр төр түмнийг удирдаж байна гээд юу ч хийж чадахгүй амьгүй албат болчихсон төрийн түшээдийн тухай жүжиг байх ёстой юм шүү” гэж захисан. Энэ санаа “Адууны түүх” жүжигт бий. Бүх насаараа хоолны сав болсон, хэзээ үхсэн нь мэдэгдэхгүй нэг этгээдийн амьдрал жүжгийн үйл явдлын нэг шугам. Амьд үхдэлийг өөрөөс нь ялгаагүй амьд үхдэлүүд хэрэгтэй гэж санасан уу их ёслол төгөлдөрөөр оршуулсан гэж гардаг. Харин энэ адууны бүх юм нь хэрэг болно гэж жүжигт гардаг. Махыг нь идээд, арьсыг нь зарчихсан. Амьд байхдаа амьдралын бүх шатыг давсан. Гагцхүү жинхэнэ адуу, азарга байх үүргээ л биелүүлээгүй юм. Тэгэхээр энэ бүтээл эмгэнэлт жүжиг. Дэлхийн сонгодгуудыг харахад эмгэнэл, инээдэм хоёр зэрэгцсэн байдаг. Үхсэн хойноо ч хаях юмгүй хэрэглэгддэг адуу, амьддаа ч хэрэг болдоггүй болсон хүн хоёрыг харьцуулсан дүгнэлт. Үүнийг хэрхэн харуулах нь найруулагчийн шийдэл.

Жүжиг хоёрдмол шинжтэй болжээ. Харин таныг зөвхөн орчуулагч гэж танилцуулсан байна лээ?

-Би энэ бүтээлийг орчуулах л үүрэгтэй байсан. Жинхэнэ тайзны бүтээл болгох нь УДЭТ-ынхны ажил. Хоёрдмол шинжтэй болсон гэдгийг би ойлгож байна. Учир нь яг орчуулга биш шинж рүү оруулахад миний оруулсан үүрэг бий. Эндээс гол дүрийн Данагар гэдэг нэр гарч ирж байгаа юм. Энэ дүрийн онцлог нь зохиол эхлэхэд л харагдаж байна. Харсаар байтал нэгэн данагар унага төржээ гэж. Төрөхдөө адуунд байх бүх шинжийг агуулсан. Хүчтэй, хурдтай. Гэвч цоохор төрчихсөн. Үүнээс л амьдралынх нь эрээн бараан эхэлнэ. Адууны гол шинж өнгөндөө байдаггүй. Даанч үүнийг мунхаг хүмүүн ойлгохгүй. Өнгөнөөс нь болоод хөнгөлчихдөг. Энэ нь Данагарын хамаг сүр сүлд, хийморийг унагачихаж байгаа юм. Хүнээс болж зарагдаж, зодуур нүдүүр амсдаг. Эцэст нь өвчин тусч, сульдаа болж хувирдаг. Гэхдээ л энэ адуу амьдралынхаа турш хийх ёстойгоо хийсээр л байсан. Жүжгийн төгсгөлд сүрэг, сүрэг гэсэн үг гардаг. Хэдийгээр жүжигт адууны сүрэг гэж гардаг боловч үүнийг хүмүүний амьдралтай жишсэн утгатай. Бид хууль тогтоомжиндоо захирагдах үүрэгтэй.

Анх зохиолыг уншаад танд юу бодогдож байсан бэ?

-Би уран бүтээлч гэдэг утгаараа жирийн уншигчийн сэтгэлээр хандаж чаддаггүй. Тухайн зохиолыг уншаад миний сэтгэлд нийцвэл их амархан орчуулчихдаг. “Адууны түүх” тэгж л бүтсэн. Энэ жүжигт тухайн цаг үеийн золиослогдоогүй дүр гэж үгүй. Жишээлбэл Жанжин. Орост хуримын генерал гэж үг бий. Өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй болсон. Гэсэн ч найрын ширээний тэргүүнд чимэг хэлбэрээр сууж л байдаг. Түүний дотоод мөн чанарт генерал гэж тодотгох юу ч байхгүй. Жанжин бол тийм л дүр. Харин түүний эсрэг нь Данагарын дүр юм.

Харин Хулангоогийн дүр зохиолын ганц гэрэл гэгээ, зангилаа ч юм шиг ?

-Хулангоогийн дүрийг мөнхийн сэдэв хайр сэтгэлийг тээгч гэх үү эсвэл гол эмгэнэлийг тодорхойлж байгаа цэг гэх үү. Мөн өнгөрснийг сануулж, өнөөдрийг өчигдөртэй холбож байгаагаар нь цаг хугацааг холбогч ч гэж ойлгож болох юм. Данагартай хамт хүзүү хүзүүгээ шөргөөцөлдөж байгаа, тэр хэсэгт явах хүүрнэлүүд бас л эмгэнэлийг илэрхийлж байгаа.

Үзэгчид энэ бүтээлээс юу ойлгоосой гэж та хүсч байна?

-Өнөөгийн нийгэм, амьдралыг харахад хүн чанар гэхээсээ илүү өнгөнд хууртдаг хорвоо юм даа гэсэн бодол төрөх юм. Өнгийг дагаад мөнгө хөөж байна. Гэхдээ амьдралд өнгө чухал юм уу. Өнгө, мөнгө хөөсөн хүн амьд байхдаа үхдэл болох нь элбэг гэсэн санааг хүмүүс ойлгоосой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *