Н.Лувсанжавт баяр хүргэе

7-р сарын 8, 2012 8:14 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 236

Б.Гарьд

Шинэ парламент анхдугаар чуулганаа хийлээ. Энэ чуулган лав наадмын өмнө болохгүй ч байж болох байв.

2012 оны зургадугаар сарын 28-29-нд шилжих шөнө. Сонгуулийн сёанал хураалтын урьдчилсан дүн уван цуван гарч байх үед хамгийн баргар царайг Н.Лувсанжав гаргаж байв. СЕХ ээлжит мэдээллээ хийх үест санал хураалтын дүн хаашаа эргэж байгааг Н.Лувсанжав, Ч.Содномцэрэн нарын царайнаас харж болохоор байв. 

СЕХ-ны дарга Н.Лувсанжав ялагдаж буй МАН-ын нүүр царай болж байсан бол дэд дарга Ч.Содномцэрэн олонхийн дэмжлэг авч эхэлсэн АН-ын яаж баярлаж байгааг илэрхийлж байв. Ч.Содномцэрэн өмнө нь сайд байхдаа ч, эрхэм гишүүн байхдаа ч үзүүлж байгаагүй инээд алдан баярын мишээл тодруулж, энэ хүн баярлахаараа яадгийг тэр орой монголчууд харсан.

Гэвч цаг хугацаа хожиж, хэрүүл тэмцлийг гааруулалгүй сонгуулийн дүнд цэг тавих ажлыг түргэвчилсэн хүн бол яахын аргагүй Н.Лувсанжав. Хэрэв тэр гарал угшил, журмын нөхөд гээд бодсон бол сонгуулийн дүнг нэгтгэж баталгаажуулах, нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх зэрэгт гарын үсэг зуралгүй гэдийж, үр дүн муутай ч намдаа үнэнч этгээд гэдгээ харуулах боломжтой л  байв. Тэр тэгсэнгүй.

Хэдийгээр АН арай олон санал зулгааж, УИХ-ын удирдлага хийгээд, Засгийн газрыг байгуулах эрхтэй болж буй нь нэгэнт тодорхой болсон учраас шахалтад орсон, Ерөнхийлөгч саналын дүнг нэгтгэн яаралтай үүрэгдэхийг “зарлиг”-дсан гэх ч Н.Лувсанжавын гарт СЕХ-г хөдөлгөх түлхүүр нь байлаа.

Ингэж тэр түүхэн зургаа дахь сонгуулийн дүнг амжилттай нэг талд нь гаргаж чадав. Өмнөх сонгуулийн улбаа, долдугаар сарын 1-ний хэрэг явдлын шарх арилаагүй. Энэ сонгуулиар дахин сэдэрч магадгүй гэсэн болгооомжлол, таамаглал олон нийтийн дунд байсаар ирсэн. Тийм зүйл болсонгүй.

Эмэгтэй гишүүний тоо даруй гурав дахин нэмэгдэж, улс төрийн томоохон гурван хүчин, жижиг намууд, бие даагчид гээд “өнгө өнгө”-ийн төлөөлөлтэй парламент бүрдлээ. Зарим нь энэ парламентыг өнгөлөг гэж тодорхойлсон.

Юутай ч төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ганц хоёр тойрог дахь үл ойлголцлын асуудлыг эс тооцвол санал хураалтын дүнг амжилттай нэгтгэсэн нь СЕХ-ны дарга Н.Лувсанжавын гавьяа. Намдаа таалагдаагүй ч, маньдаа таатай ажилласан Н.Лувсанжавт баяр хүргэе. Энэ хүн Ж.Ядамсүрэн шиг, Б.Баттулга шиг байж болох л байсан.