Н.Хүрэлсүх энэ хоёрын хэнийх нь золиос вэ?!

7-р сарын 5, 2013 12:01 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 740
Төсвийн мөнгөнөөс завшсан хэргээр “Цэвэр агаар” сангийн таван ажилтныг саатуулсан тухай Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд мэдэгджээ.

З.ХҮРЭЛ

Төсвийн мөнгөнөөс завшсан хэргээр “Цэвэр агаар” сангийн таван ажилтныг саатуулсан тухай Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд мэдэгджээ. Тэднийг өнгөрсөн баасан гаригт баривчилсан байна. Тус сангийн захирал Н.Хүрэлсүх ч энэ таван хүний нэгд багтжээ.

Хэзээнээс мөнгө, төгрөг ихтэй, тэрийгээ дагаад хэл ам дагуулж байдаг “Цэвэр агаар” сантай холбоотой асуудал үүссэн нь гайхаад байх зүйл биш байх. Гэхдээ энэ сан Н.Хүрэлсүхийн үед нийслэлийн гэр хороололд амьдардаг 190 мянган өрхийн 140 мянгыг нь сайжруулсан зуухтай болгосон гэж байгаа. Тэгэхээр Сү.Батболдын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нийслэлийн утааг бууруулах төсөл үр дүнгээ өгсөн байж таарна.

Харин 1995 оноос Ардчилсан залуучуудын холбоо, улмаар Ардчилсан намын идэвхтэй гишүүн, Алтангадас фракцийн Н.Хүрэлсүхийг “онилсон” нь хачирхалтай байгаа юм. Н.Хүрэлсүхийн энэ хүртэл явж ирсэн амьдралын түүх нь ердөө л АН-тай нягт холбоотой. Намаа эрх мэдлийн гадна хаягдаад байхад Ховдын тойрогт түүний нэр л яригддаг байв. Яагаад ч юм, тэр Их хуралд орж ирж байгаагүй. Ямар боловч одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ойр, шадар, дотно гээд ойртуулж болох бүх үгээр тэдний харилцааг илэрхийлж болох юм. Тиймдээ ч Сү.Батболдын Засгийн газрын үед Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайд байхад “Цэвэр агаар” сангийн захирлаар томилогдсон биз ээ.

Өрсөлдөгч Ардын намын засгийн үед ал­банд тохоогдон асуудал энэ тэргүй явсаар намаа зуун хувь төрийн эрхийг авангуут шоронгийн хаалга татсан нь тохиолдлын явдал биш гэдгийг хэлж байгаа хэрэг.

Хуулийнхан Ардын намынхныг ээлж дараалан нэрийн жагсаалтаар түүж шалгаж байгаа энэ үед Н.Хүрэлсүхийг ажилтнуудтай нь баривчилж хорьсон нь Сү.Батболдтой холбогдуулав уу гэж харагдах талтай. Сү сайдын үед бий болсон мөнгөтэй харьцдаг, мөнгөөр ажилладаг газрын нэг нь яахын аргагүй “Цэвэр агаар” сан.

Хэрэв өнөөдрийн хууль хяналтынхан Сү.Батболдыг  шалгах, оролдох байсан бол лав “Цэвэр агаар” санг урьтаж барьж авахгүй. Түүнтэй холбоотой том том орд, объект гээд өөр сэжүүр атгах байсан. Тэгэхээр Н.Алтанхуягийн золионд явж байгаа гэж хэлж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Хамгийн ойрын холбоос нь Н.Алтанхуяг сонгуулийн дуулиан дундуур зүтгэн байж хүргэн Г.Дэнзэнгээ 17 тэрбумын тендерийн асуудлаас хуурай гаргаж чадсан. 17 тэрбум гэдэг бага мөнгө биш, тэр утгаараа томхон барьцаатай мултрах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгээ авч үлдэхдээ Н.Алтанхуяг өөр ямар нэг зүйл оронд нь “үлдээсэн” байж таарна. Логикийн хувьд, бас нотлох аргагүй л болохоос болоод байгаа үйл явц бол энэ мөнөөс мөн. Харин тэр нь Н.Хүрэлсүх үү?

Зарим бор шувууны шивнэж буйгаар Н.Алтанхуяг “Эзгүйд минь хийгээрэй” гэж захисны дагуу өнгөрсөн баасан гаригт цагдаагийнхан баривчлах ажиллагааг явуулсан гэх.

Мөн өнөөгийн эрх баригчид Ардын намынхныг ч, өөрийн намынхнаа ч “намнаж” чадаж байна гэсэн мессэжийг олон нийтэд өгч чадвал намын рейтинг нь өсөх тооцоог PR-чид нь гаргасан шиг байгаа юм. Тиймээс хамгийн том асуудалд орсон Г.Дэнзэн энэ “шалгуурт” тэнцсэн ч Н.Алтанхуягийн хүргэн байдаг. Тиймээс хүргэнээ үлдээн Н.Хүрэлсүхийг золиосоллоо гэх яриа  байна.

Юутай ч “Цэвэр агаар” сангийн захирлыг баривчилсан тухайд иймэрхүү яриа хөөрөө явж байна. Золиос гэдэг нь тодорхой. Харин хэнийх вэ гэдэг нь асуулт хэвээр үлдэж байх шиг байна.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Buy Cialis Online Pharmacy online pharmacy Ezonlinepharmacy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *