Н.Энхбаярын ялгүйг нотлох таван баримт

5-р сарын 12, 2017 5:29 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 9
ffafa

Ч.ЗОТОЛ

Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийн нэгийг, эсвэл хоёрыг  нь  ямар нэг шалтаг, шалтгаанаар гараан дээр “татаж унагах” гэсэн оролдлогууд гинжин хэлхээ шиг ар араасаа хөвөрч байна. Хууль, шүүхийн байгууллагыг “хуруу”-гаа болгож, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг зэвсэг шиг ашиглаж байгаа нь ч  мэдэгдэж эхлэв. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга татвар дээр асуудалтай, явцын дунд нэрийг нь татах юм байна  хэмээн шуугисан.   МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр “ялтай” учраас дэвшүүлэхгүй гэж хэсэгтээ л  ярьж, бичлээ. Одоо ч ярьж, бичсээр л байна.

Тэгвэл   Н.Энхбаярыг   Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэмээн хилсдүүлж, Сүхбаатар дүүргийн гурван шатны шүүх хэрхэн ял өгсөн  нь хууль эрхзүйн хүрээнд хэрхэн шийдэгдэж дуусгавар болсон нь бүх талын эх сурвалжаар тодорхой болчихсон. 2016 оны сонгуульд ЦЕГ-аас “ялтай” гэсэн тодорхойлолтыг СЕХ руу хэн нэг улстөрч, нам,  байгууллагын шахалтаар өгснийг  Дээд шүүх нотолж, цагдаагийн ажилтан эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль тайлбарлаж,  тодорхойлолт  гаргасан нь хүчингүй гэсэн тогтоол гаргасан нь ч ил болсон. Энэ тал дээр хууль эрхзүйн хүрээнд бүх асуудал дуусчихсан учраас одоо “ялтай” гэж нэрийг нь дэвшүүлэхгүй байх  боломжгүй өөрөө дуусгавар болжээ. 

 Ер нь бол Монгол Улсын хуульд Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тогтоож өгөөгүй. Эрх мэдлээ  яаж хэтрүүлсэн бэ гэдгийг хэрхэн тогтоох нь тодорхойгүй бөгөөд хариуцлага тооцох боломжгүй юм. Тэгэхээр Н.Энхбаярыг   Ерөнхийлөгч байхдаа  ном хэвлүүлж, телевиз байгуулсан, Төрийн ордны хажуугийн балгасан барилгын доорх газрыг авсан байж магадгүй, “Өргөө” зочид буудлыг хувьчлаад авчихсан байж болзошгүй   гэхчлэн  хардлага, сэрдлэгээр  тулгасан хэрэг гэгч хилсдүүлж хэлмэгдүүлсэн л зүйл гэдэг нь улам тодорхой болж байгаа юм. Нөгөөтэйгүүр,  өнөөдөр төрд байгаа нөхдүүдийн бонд идэж, Оюутолгой, Тавантолгойг үнэгүйдүүлж, оффшорт 17 тэрбум ам.доллар нууж, Монголын төрд их хэмжээний татварын өртэй Жастин Каплаг уучлан улс орноо хохироосон  үйлдлүүдтэй харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай гэдэг нь ойлгогдоно.  Хамгийн гол нь дээрх зүйлүүд нэгэнт тодорхой болж, олон нийт  ч ойлголттой болсон тул одоо өөр нэгэн шалтаг гаргаж ирнэ гэдэг нь мөн л хэвлэлээр урьдчилж  бичээд байгаа  нь Н.Энхбаяр гадаадад буюу Солонгост удаан хугацаагаар байсан учраас нэр дэвших боломжгүй гэх урьдчилсан мессэжүүд юм.УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд  баталсан  Сонгуулийн шинэ хуулийн 139 дүгээр зүйл дэх Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журмын  139.4-т “Нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй  жил  турш эх орондоо байнга оршин суусан гэж анхан шатны санал авах өдрөөс хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас  дээш хугацаагаар гадаадын аль нэг улс оронд оршин суугаагүй байхыг ойлгоно” гэсэн заалтыг оруулсан байдаг. Тухайн үед  МАХН-ын даргыг  Солонгост эмчлүүлэх үеэр гадагшаа явбал ирүүлэхгүй байх, ирвэл гаргахгүй байх гэсэн  улс төрийн явуулгууд ихээхэн хийгдэж байсныг уншигчид санаж байгаа байх. Гэхдээ хуульд нэр дэвшигч гадаадад удаан хугацаагаар оршин суусан бол хуулиар нэр дэвших боломжгүй гэж.   Харин эмчлүүлсэн тохиолдолд яах вэ гэсэн зохицуулалт алга. Тиймээс энэ талаар холбогдох газруудын гаргасан тодорхойлолтуудыг  сөхөж үзье.

Тодорхойлолт  1

 Н.Энхбаяр Солонгост  удаан хугацаагаар  оршин суусан уу. Олон нийт бол түүнийг тэнд эмчилгээ хийлгэж, эх орондоо  ирэн очин байсан гэж ойлгодог. Учир түүнийг  500 цагдаагийн хүчээр баривчлахдаа гарынх нь шөрмөсийг тасалсан гэдгийг өөрөө олон нийтийн өмнө хэлж байв. Шоронд эрхээ хамгаалж  12 хоног хуурай өлсгөсөн зарласнаас эрүүл мэндэд нь учирсан  хохирол    Монголд эмчлэх боломжүй  гэсэн онош гарч  Солонгост эмчлүүлж эх орондоо ирэн очин  байв. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Монгол Улсын Оюуны өмч,  Бүртгэлийн газрын төв архиваас  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд авсан  лавлагаагаар батлагдаж байх аж. Тус газраас иргэн Н.Энхбаярын нэр дээр энгийн гадаад паспорт авч байгаагүй гэсэн хариу өгчээ. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд  Венийн конвенцийн эрх хэмжээд үйлчилдэг дипломат паспорттой. Энэ паспорт Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр 90 хоног буюу гурван сараас  дотогш хугацаанд зорчих эрхтэй юм байна. Тэгэхээр Н.Энхбаяр БНСУ-д тасралтгүй зургаан сар оршин суусан гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаарх баримтыг сөхөж үзье.

Тодорхойлолт 2

БНСУ-ын эрүүл мэндийн газраас авсан тодорхойлолтоор Монгол Улсын иргэн Н.Энхбаяр гурван сарын хугацаатайгаар  манай улсад эмчлүүлэхээр ирж байсан гэдгийг нотолсон тодорхойлолтыг мөн  гаргаж өгчээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярыг БНСУ-д эмчлүүлэхээр явуулж, эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 20 сая төгрөгийг  улсын нөөцийн сангаас гаргаж өгсөн байдаг. Энэ шийдвэрт Сангийн сайд Б.Болор, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гарын үсэг зурсан байна.

Тодорхойлолт 3

Н.Энхбаярын дипломат паспортоор БНСУ-д болон Монгол Улсад орж гарсан хугацааг нэгбүрчлэн гаргаж үзвэл гурван сар дотор байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар зорчсон юм тэмдэглэгээнд  алга. Эмчлүүлэхээр нэг удаа орохдоо  гурван сар орчим болоод гарч байжээ. Оршин суух гэдэг бол үүнээс өөр. Энгийн гадаад паспортоор зорчиж, тухайн улсын  бүртгэлд хамрагдаж,  байнгын оршин суух   газрын хаягийн бүртгэл хийлгэсэн байх ёстой. Гэрээт ажилчнаар очиж буй манай иргэд голдуу  ийм байдлаар хоёр улсын хооронд зорчиж, Солонгос улсад оршин сууж,  ажиллаж, амьдардаг.

Тодорхойлолт  4

Н.Энхбаярын оршин суугаа хаягийн  тухайд “Сүхбаатар дүүргийн VIII хорооны 11 дүгээр хорооллын 3-ын 100 тоот байранд оршин суудаг нь үнэн. 2011 оноос хойш  шилжилт хөдөлгөөн хийгээгүй болно”  гэсэн  хорооны Засаг даргын тодорхойлолт байна. Түүний өөр улс оронд шилжин суух битгий хэл Улаанбаатар хот дотор ч шилжилт хөдөлгөөн хийгдээгүй болох нь үүгээр тодорхойлогдож байна. Түүнчлэн  бүх шатны сонгуульд оролцсон, иргэний үүргээ биелүүлж, татвар, гэрэл цахилгааны төлбөр,  нийгмийн даатгалын мөнгөө төлсөн баримтууд ч байна.

Тодорхойлолт 5

“Гадаад улсад оршин суугаагүй” гэсэн холбоо үгийн тухайд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан тайлбар бас байна. Түүнд “Гадаад улс” гэх үг нь  ганц тоог зааж байгаа нь тодорхой юм. “Оршин суух” гэдэг үгийн өмнө ямар нэг дайвар үгийг тодотгол болгож хэрэглээгүй учир түр юм уу, эсвэл удаан юм уу гэдэгт өөр тайлбар шаардлагатай” гээд лавлах хэрэглэгдэхүүн болгож “Орчин цагийн монгол хэл зүй” номоос эш татсанаа тодотгожээ.

Эдгээр баримт  Н.Энхбаяр гадаадад удаан хугацаагаар оршин суугаагүйг нотолж байна.  Нөгөө талаас түүнийг нэр дэвшүүлэхэд дээрх үндэслэл ямар ч саад болохгүй гэдгийг харуулсан нэг ёсны шалгуур  юм.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

2017 оны 5-р сарын 19

… [Trackback]

[…] Read More: zms.mn/n-enhbayaryn-yalguig-notloh-tavan-barimt-2/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *