Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх төлөвлөгөө

7-р сарын 19, 2012 10:23 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 289

Д.ЭРДЭНЭ

 

Монгол Улсын гурав­дах Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал маргааш болно. Түүнийг “Өргөө” зочид буудлын хувьчлал болон Улаанбаатар таймс сони­ны хувьчлалыг хийхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шүүх гэж бай­­гаа юм. Харин уг хэрэгт Н.Энхбаяр үнэхээр холбоотой байсан эсэх нь эргэлзээтэй байдаг юм. Түүний нэрийг сэв­түүлж, улс төрийн тавцан­гаас арчихын тулд М.Энх­болд, Т.Ба­дамжунай, Сү.Бат­болд нар нийлэн зориудын гүтгэлэг тарааж, хууль хяналтын­ханы дээрээс дарамталж дээрх хэргийг үүсгэсэн юм. 

Монгол Улсын Их Хурлаар 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлагдс­наар улсын болон орон нутгийн төр, засгийн бай­гууллагын дэргэд хэвлэл, мэдээллийн байгууллагууд байж болохгүй, тэдгээрийг бүгдийг нь хувьчлах ёстой гэсэн шийдвэр гарсан билээ. Гэхдээ энэ шийд­вэрийг хэрэгжүүлэхдээ тухайн хэвлэл, мэдээл­лийн байгууллагыг татан буулгахгүй байх, үйл ажил­­­­лагааг нь тасал­дуулахгүй байх, сэтгүүлч­дийн ажлын байрыг батал­гаатай байлгах зэрэг зарч­мыг баримтлах нь зүйтэй гэсэн бодлого гарсан байна.

Улаанбаатар хотын удирдлага энэхүү хуулийн дагуу өөрийн харьяанд байсан “УБ телевиз”, “УБ радио”, “УБ таймс” сонин зэргийг хувьчлах шийд­вэрийг 2003 онд гаргажээ. Гэхдээ хувьч­лалыг хоёр үе шаттайгаар явуулахдаа эхлээд дээр заасан зарч­муудын дагуу хэвлэл, мэ­дээллийн бай­гуул­­лагуу­дын онцлогийг харгал­зан тухайн байгууллагын ме­неж­ментийн багт хувьчлах шийдвэр гаргасан байна. Ингээд “УБ телевиз”-ийг Ц.Балх­жав тэргүүтэй менежментийн багт, “УБ радио”-г Булган ахлагчтай менежментийн багт, “УБ таймс сонин”-ыг Ж.Са­руулбуян ахлагчтай ме­неж­ментийн багт тус тус хувьчлах шийдвэр гарган 2004 онд Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Ж.Саруулбуян ахлагчтай багтай гэрээ байгуулжээ.

Хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд 2003 онд “УБ таймс” сонины бай­шин зэрэг хөрөнгийг үнэлүүлэхдээ 370 орчим сая төгрөгөөр тогтоосон байдаг. Ер нь хэвлэл мэ­дээл­лийн аль ч бай­гууллагыг хувьчлахдаа тухайн объектын үнийг тогтоосон байдаг бөгөөд түүнд газрын үнэлгээг оруулдаггүй байжээ. Энэ нь газрыг нь хамт хувь­чилж байгаа биш гэдэгтэй холбоотой юм.

Ж.Саруулбуян гэдэг ахлагчтай менежментийн баг үйл ажиллагаа явуулж байтал УИХ-ын гишүүн Т.Бадамжунай Л.Сэр­гэ­лэн хэмээх залууг Ж.Са­руулбуянтай уулзуулж, хамт­ран ажиллах гэрээ байгуулахыг шахжээ. Ж.Са­руулбуян Т.Бадам­жунайн шахсаны дагуу Л.Сэргэлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуул­жээ. Гэрээний дагуу Л.Сэр­­гэлэн нь хэв­лэх үйлдвэрийн байшинг таван одтой зочид буудал болгох хөрөнгө оруулалтыг дангаараа оруулах, мөн сонины үйл ажиллагааны урсгал зардлыг бүрэн хариуцахаар болж, хариуд нь сонины менеж­ментийн багт орж, 40 хувийг нь авна гэсэн байдаг.

Л.Сэргэлэн өмнө нь Хадгаламж банкны захи­рал байсан Т.Цэрэнпү­рэвийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, Оросын нэгэн банк­наас нэг сая гаруй ам.доллар зээлсэн байдаг. Тэр асуудлаараа шал­гуулж, шүүхэд очиж ял авахынхаа өмнө энэхүү хэргээсээ мултрахын тулд “УБ таймс сонин”-ы ба­рилгад мөнгөө зарцуулсан, ингэхийг Т.Бадамжунай шахаж хийлгэсэн, “УБ таймс сонин”-ы төсөлд томчууд орсон гэж Т.Бадамжунай хэлсэн гэх зэргээр мэдүүлжээ.

Л.Сэргэлэн өөрөө хэрэгт орохоос мултрахын тулд С.Баяр, Д.Дорлигжав мэтийн хүмүүсээр гүйж, гомдлоо ярихад нь цаадуул нь бусад нь хамаагүй, чи мэдүүлгээ өөрчилж, энэ хэрэгтэй холбогдуулж ганц­­­хан Н.Энхбаярыг бу­руутгаж ярь, тэгвэл чиний Оросын банкнаас мэхэлж мөнгө авсан хэргийг чинь түдгэлзүүлж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуу­сахад хэрэгсэхгүй болгоно гэж даалгавар өгчээ.

Нэгэнт өөрийн хийсэн хэргээрээ тэдний барь­цаанд орсон Л.Сэргэлэн тэдний даалгаврыг бие­лүүлэн хохирсон болж нэ­хэмж­лэл гаргахад хуулийн байгууллагынхан түүний залилж олсон мөнгийг хэн хамтран завшсаныг шал­гаж тогтоохын оронд хэр­гийг нь түдгэлзүүлж, “УБ таймс сонин”-ы асуудлыг ганцхан Н.Энхбаяртай холбогдуулан шалгаж эхэлдэг юм.

Уг нь Л.Сэргэлэн Оросын банкнаас авсан нэг сая ам.доллар,  төгрөгт шилжүүлвэл 1,2 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Тэр мөнгийг юу юунд зар­цуулсан, хэн хэнд хэдийг өгсөн бэ гээд шалгавал Т.Бадамжунай гарч ирэх гээд байдаг гэж хүмүүс ярьдаг.

Л.Сэргэлэн анх мэдүүлэхдээ “УБ таймс” сонины менежментийн багт М.Энхболдыг тө­лөөлж сэтгүүлч Ундармаа, Т.Бадамжунайг төлөөлж сэтгүүлч Ариунаа, Сү.Бат­болдыг төлөөлж түүний баз, хуульч, дэд сайд асан Гансүх, Н.Энхбаярыг төлөөлж түүний эхнэрийн дүү О.Алтан, УИХ-ын ги­шүүн Дашдоржийг тө­лөөлж түүний эхнэр Согоосүрэн нар байдаг гэж Т.Бадамжунайн хэлсэн хэмээн хэлжээ.

Л.Сэргэлэн “УБ таймс” сонинтой байгуул­сан гэрээний дагуу бай­шин барих гэж байгаа мэт жү­жиглэж, менеж­мен­тийн багийг болон за­рим хуучин тоног төхөө­рөм­жийг “УБ таймс” со­ни­ны байшин­гаас гарга­жээ. Уг нь сонины менежмен­тийн баг байшингаа бусдад тү­рээсэлж, өөрийнхөө өдөр тутмын үйл ажиллагаа явуулах боломжийн орлогыг хэнээс ч гуйхгүй олдог байжээ. Гэвч Л.Сэр­гэлэн “Удахгүй 5 одтой зочид буудал барина, их орлого олно” гэж худлаа ярьж, менежментийн багийг сонинтой нь хамт байрнаас нь гаргаж, өөр байранд түрээс авах биш, харин өөрсдөө түрээс төлж суух байдалд оруулжээ. Эхний үед сонины түрээсийн төлбөр, цалин зэрэг өдөр тутмын зардлыг өөрөөсөө гаргадаг байв.

Л.Сэргэлэн нийслэ­лээс  болон МХЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авалгүй, барилга байшин­гийн бат­лагдсан зураг, хөрөнгө оруулалтын эх байхгүй­гээр “УБ таймс” сонины байшинг нурааж эхэлжээ. Одоо бодоход үүний цаана байшинг ну­рааж, газрыг нь зарж, Оросын банкнаас мэхэлж авсан мөнгөө үржүүлж, жижиг ашиг хонжоо хөө­цөлдөж байсан нь тодорхой байдаг.

Байшинг нурааж байх үед Мэргэжлийн хянал­тын газраас хэвлэх үйлд­вэ­рийн байшинг өндөрс­гөж болохгүйг мэдэгдсэн албан тоот ирүүлсэн байна. Нэгэнт Мэргэжлийн хя­нал­­тын газраас  Л.Сэргэ­лэнгийн   байшин нураа­сан асуудлыг хууль бус гэсэн шаардлага ирсэн тул нураах ажлаа зогсоожээ. Ингээд “УБ таймс” со­нины барилга балгас болжээ. Тэнд байшингаа түрээслэх битгий хэл өөрс­дөө орж ажиллах ямар ч бололцоо байхгүй болов.

Байшинг нурааж бай­хад хөдөлмөр хамгаалал байхгүй байсан тул нэг хүн унаж нас барсан байна. Байшинг нурааж, газрыг нь зарж, ашиг олохыг бодож, цаа­гуураа Т.Ба­дам­жу­найтай сэм тохир­сон байсан Л.Сэргэлэн нэгэнт бодсон төлөвлөгөө нь биелээгүй тул гэрээний дагуу хүлээ­сэн үүргээ биелүүлэхдээ хойрго хандаж эхэлсэн нь сонины байдлыг улам хүндрүүлэв. Л.Сэргэлэн “УБ таймс” сонины бай­шинг дур мэдэн нурааж, тус сониныг байргүй болгов. Дээр нь сонины урсгал зардлыг төлөхөө болив. Сонин цалин тавих, бусдын байрыг түрээслэх мөнгөгүй болжээ. Гэрээ­ний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, харин ч сонинг хүнд байдалд оруулсан мөртлөө Л.Сэргэлэн тус сонины 40 хувийг авна гэж зүтгэсээр байв. Харин энэ шаард­лагыг нь Улаанбаатар хот зөвшөөрөөгүй байна.

Менежментийн ба­гийн ахлагч Ж.Саруул­буян, менежментийн баг хүнд байдалд оржээ. Удалгүй Л.Сэргэлэн үзэгдэхээ ч болив. Харин хааяа үзэгдэхдээ нөгөө 40 хувиа нэхнэ, эсхүл өнөө мэхэлж олсон 1,2 тэрбум төгрөгийнхөө 500 сая орч­мыг нь байшин нураахад болон цалин тавьж, байрны түрээс төлөхөд зарцуулсан гэж хэлнэ. 500 сая төгрөг буцааж өгөхийг шаардана. Эсхүл түүнийх нь оронд хотоос 20 га газар өгөхийг шаардана. Ж.Саруул­буян ахлагчтай багийнхан ха­риуд нь түү­нээс хүлээсэн үүргээ бие­лүүлэхийг, ажлын байртай болгох, урсгал зардал даах, цалин тавихыг шаардана. Ийнхүү Л.Сэргэлэн болон Ж.Саруулбуян ахлагчтай менежментийн багийнх­ны хоорондын харилцаа дүлий, сохор хоёрын яриатай адилхан болжээ.

Улаанбаатар хотынхон Л.Сэргэ­лэнгийн зарцуул­сан мөнгө үнэхээр 500 сая төгрөг болсон эсэхийг шалгахаар комисс бай­гуулан шал­гуулжээ. Л.Сэргэлэн 500 сая төгрөг зарцуулсан бо­лох нь баримтаар тогтоогдсонгүй.

Харин Л.Сэргэлэн хү­мүүст ярихдаа 1,2 тэрбум төгрөгийнхөө 500 саяыг “УБ таймс” сонинд, үлдсэн 700 саяыг нь Орос руу бэлнээр нь авч явж байгаад оросуудад дээрэм­дүүлсэн гэж ярина. Ийм яриаг нь сонсож байгаа хүн бүр худал ярьж бай­гааг нь гадарлана. Оро­суудад биш, магадгүй Т.Ба­дамжунай нарт “дээ­рэмдүүлсэн” байх гэж инээлдэнэ. Т.Бадамжунай шиг хүн Л.Сэргэлэнг “УБ таймс” сонины төсөлд зүгээр оруулсан гэдэгт хэн ч итгэхгүй.

Л.Сэргэлэн өөрийг нь “УБ таймс” сонинд Т.Бадамжунай оруулсан гэдгийг сайн мэдэх боловч Д.Дорлигжав нарын даал­гавраар намайг Н.Энхбаяр хохироосон гэж ярина. Уг нь Н.Энхбаяртай уулзаж байгаагүй байдаг. Түүнтэй уулзаж байгаагүй Н.Энх­баяр Л.Сэргэлэнг яаж хохироох билээ дээ?

Ж.Саруулбуян нь Т.Ба­дамжунай, Л.Сэр­гэлэн нарын буруугаас болж хүндхэн байдалд ор­сон учир, өдөр бүр байрны түрээс, цалингийн өр, НДШ-ийн өр, урсгалын зардлын өр шаардагдах учир сонины ажлаасаа хөндийрч, хотын удирд­лагадаа ч олдохоо байж, удалгүй Үндэсний түү­хийн музейн захирал болжээ.

Хотын удирдлага ч арга барагдахдаа сонины ажлыг бүрмөсөн унтраа­чихгүйн тулд сэтгүүлчдээс нэгийг нь түр хугацаагаар Ж.Саруулбуянгийн оронд томилжээ.

Тэгж байтал тухайн үеийн МАХН-ын удирд­лагын доторх зөрчлөөс болж  Улаанбаатар хотын удирдлага ч солигджээ.

Хотын ши­нэ удирд­лага “УБ таймс” сонины ээдрээтэй асуудлыг ший­дэхдээ аль болохоор өөрс­дөд нь хүнд­рэлгүй байх тактикийг баримталсан байдаг.

Сониныхоо ажлаас гар­сан, багийн ахлагч бай­сан Ж.Саруул­буян­гийн оронд сэтгүүлч, зохиолч До.Чулуун­баата­рыг сонины сэтгүүлчид саналаараа багийн ахлагч болгожээ. Л.Сэргэлэн нарын буруугаас болж, нурчихсан байшинтай, түрээсийн зардал төлөх, цалин тавих, урсгал зардал гаргах хөрөнгийн эх үүс­вэргүй болсон “УБ таймс” сонины менежментийн багийн ахлагч болсон До.Чулуунбаатар юуны түрүүн сониныхоо өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн болгон цэгцэлж, хувьчлалыг хийж дуусгах талаар хоттой ярилцжээ.

До.Чулуунбааатар “УБ таймс” сонин хотын өмч байх үед ийм зохисгүй ажил явагдсан тул хотын удирдлагад хандан Л.Сэр­гэлэнтэй холбоотой асууд­лыг зохицуулж шийдэж өгөхийг хүсэхэд Улаан­баатар хотын удирдлага “Тэр залууд зарцуулсан мөнгөнийх нь оронд газар шийдэж өгч болох юм, гэтэл тавьж байгаа шаард­лага нь арай хэтэрсэн, тэгээд ч өөрөө үүргээ биелүүлээгүй, дураараа аашилж байшин нураа­сан, яг хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байна” зэрэг шалт­гаанаас болоод асуудлыг шийдэх боломжгүй байна гэсэн хариу өгч байв.

До.Чулуунбаатар ба­гийн ахлагчийн сонины­хоо ажлыг хэвийн болгох, цалингийн өрийг бараг­дуулах, НДШ-ийн өр, тат­варын өр зэргийг багас­гах, менежментийн багаа­раа хувьчлах тухай ярил­цаж, саналаа Улаанбаатар хотод хэлж байлаа. Нэгэнт байшин нурсан дахин үнэл­гээ хийж, анхны үнэлгээг бууруулж өгөхийг хүссэн боловч Улаанбаа­тар хотын удирдлага да­хин үнэлвэл нурсан бай­шингийн үнэ буурч магад­гүй хэмээн болгоомжилж, байшин болон зарим хуу­чирсан тоног төхөөрөм­жийг анх­ных нь тогтоосон үнээр буюу 370 сая төгрө­гөөр хувьчлахаар болжээ. Чин­гэхдээ До.Чулуун­баатарт хэлсэн нь, та нар багаараа хувьчилж авах гэж байгаа бол энэ үнээр нь ав, бай­шин нурсан нь үнэн ч шинэ үнэлгээ хийж, үнийг нь буруу­лахгүй гэв.

До.Чулуунбаатар мөн­гө­ний эрэлд гарч, олон хүн, байгууллагад хандан мөнгө зээлэх, хамтран ажиллах тухай санал тавьжээ. Харамсалтай нь тийм бэлэн мөнгөтэй хүн олдсонгүй. Харин ахмад сэтгүүлч Бямбажал гуай манай Ховдын бизнесмен залуу байгаа юм гэж нэгэн залууг танилцуулсан нь Б.Хуяг байжээ.

Б.Хуяг тэр үед “Медиа Холдинг” компанийн ТУЗ-ийн даргаар ажил­лаж байсан бөгөөд До.Чу­луун­баатарын тавьсан сана­лыг сонирхож, “Ме­диа холдинг” компани хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулж болох юм гэжээ.

Ингээд До.Чулуун­баа­тар, Б.Хуяг нар хоорондоо тохиролцож, До.Чулуун­баатар “Медиа холдинг” компаниас 370 сая төгрөг зээлсэн байна. Зээлсэн мөнгөөрөө УБ хотод “УБ таймс” сонины хувьчлалд төлөх ёстой 370 сая төгрөгийг төлжээ.

До.Чулуунбаатар, Б.Хуяг нар хамтын ажил­ла­гаагаа улам гүнзгийрүү­лэхээр ярилцан тохирол­цож, “Медиа холдинг” компани өмнө нь зээлсэн 370 сая төгрөг дээрээ нэмж 500 орчим сая төгрөг, нийтдээ 800 гаруй сая төг­рөгийг зээл болон хөрөнгө оруулалтаар “УБ таймс” сонинд өгөхөөр болж, ха­риуд нь “УБ таймс” со­нины олонхи хувьцааг биш, харин цөөнх буюу 49 хувийг эзэмшихээр тохиролцжээ.

Энэ талаар До.Чулуун­баатар сониныхоо менеж­ментийн багийн гишүү­дэд, ялангуяа өдөр тут­мынх нь ажилд оролцдог гишүүддээ мэдээлж, тэд­ний санал, дэмжлэгийг авчээ.

Тэд ч Л.Сэргэлэн­гийн хариуц­лагагүй үйл ажил­лагаа­наас болж ихээ­хэн хүнд хэцүү байдалд орсон байсан учир, тэгээд ч Л.Сэргэлэн үнэн худал нь мэдэгдэхгүй 500 сая төгрөг зарсаныхаа төлөө “УБ таймс” сонин 40 ху­вийг авна гэсэнтэй харь­­цуу­лахад “Медиа хол­динг” компани 800 сая төгрөг зарцуулж, 49 ху­вийг нь эзэмшихээр бол­сон нь менежментийн багт илүү шударга санагд­сан байна.

Гэхдээ Улаанбаатар хотынхон “УБ таймс” сонины хүндхэн асуудлыг До.Чу­луун­баатар ах­лагч­тай багт үүрүүлж хувьч­лахдаа нур­чихсан байсан байшинг өндөр үнээр зарж, дээр нь “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ.

До.Чулуунбаатарт на­рийн тайлбарлалгүйгээр давхар утга санаа бүхийн санаа шургуулсаныг өнөө­дөр Улаанбаатар хотын удирдлага, хууль хянал­тын бай­гуул­лагынхан ашиг­­лаж, илт хууль зөрчсөн ажиллагаа явуулж байна.

Тэрхүү гэрээнд “Өр төлбөр барагдуулах” гэсэн заалтанд До.Чулуун­баа­тарт тайлбарлалгүйгээр Л.Сэргэлэнгийн зар­цуулсан гэх бохир мөнгийг До.Чулуунбаатар ахлагч­тай менежментийн баг төлөх ёстой мэтээр сүүлд нь ашиглагдаж бо­лох битүү санаа шургуулсан байжээ. Уг нь өр төлбөрт шүүхээр тогтоогдсон өр төлбөр л хамрагдах ёстой бөгөөд Л.Сэргэлэнгийн зар­цуулсан гэх мөнгө нь нэгд, залилангийн мөнгө, хоёрт, анхнаасаа энэ тө­сөл рүү угаах гэж хийсэн мөнгө, гуравт, өр төлбөр биш, харин хөрөнгө оруу­лалтын шинжтэй мөнгө, дөрөвт, “УБ таймс” со­нины менеж­ментийн баг ба Л.Сэргэлэн нар түүни й зарцуулсан гэх мөнгөний талаар уулзан тохирч, өр төлбөр гэж би­чээгүй юм. Тавд, хамгийн гол нь Л.Сэр­гэлэн өөрөө гэрээ­ний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй билээ.

Ямар ч байсан До.Чу­луун­баатар сониныхоо үйл ажиллагааг хэвийн болгох, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой НДШ-ийн өр, татварын өр зэрэг төлбөрийг барагдуулж, хамт олныхоо цалин тавих, байрны түрээсийг төлөх зэрэг зардлыг хөөцөлджээ. Үүний тулд дээр хэл­сэнч­лэн “Медиа Холдинг” компаниас 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруу­лалтыг авч, менежмен­тийн багаа хуралдуулж, тогтсоны дагуу нийт 800 орчим сая төгрөг зарцуулсан учир “ Медиа Холдинг “ компанид “УБ таймс” сонины 49 хувийг эзэмшүүлэхээр болжээ.

До.Чулуунбаатар ме­неж­ментийн багт байсан Ж.Саруулбуян, Ундармаа, Ариунаа нараас нийтдээ 110 орчим сая төгрөгөөр хувьцааг нь худалдан ав­чээ. Ингээд Улаанбаа­тар хотын гаргасан шийд­вэрийн дагуу хувьчилагд­сан  “УБ таймс” сонин өнөөгийн байдлаар дараах хувьцаа эзэмшигчидтэй болсон байна. Үүнд:

-До.Чулуунбаатар 33 орчим хувь

-“Медиа Холдинг” компани 49 хувь

-Гансүх 6,0 хувь

-Баярмөнх 6,0 хувь

-Алтан 6,0 хувь тус тус эзэмшиж байна.

Гэтэл түрүүн хэлсэнч­лэн Улаанбаатар хотын Засаг дарга хууль хянал­тын байгуул­лагынхантай хуйвалдаж, Т.Бадам­жу­найн даал­гавраар хууль бус худал үндэслэлээр, эрх мэдлээ хэтрүүлэн Л.Сэр­гэ­лэн­гийн мөнгийг төлөөгүй гэсэн шалтгаар “УБ таймс” сонины хувьч­лалыг хү­чингүй болгож, Л.Сэргэ­лэнд хотын төс­вөөс дур мэдэн, хууль зөр­чин 500 сая төгрөг олгожээ.

Дээр нь АТГ-аас дахин үнэлгээ хийлгэж байгаа нэртэй хуурмаг ажил зохион байгуулж, “УБ таймс” сонины нурсан байшинг гэнэт 2,1 тэр­бумаар үнэлүүлж, ээлжит худал “үндэслэл” гаргаж ирэв. Яав ч нурсан байшин 2,1 тэрбум төгрөг хүрэхгүй нь ойлгомжтой. Ер нь нурсан байшинг үнэлэх аргачлал ч байхгүй нь тодорхой. АТГ үнэл­гээний компанийг авч ажиллуулахдаа байшин­гийн үнийг нэмэгдүүлэх, дээр нь газрын үнэлгээг нэмж үнийг нь аль боло­хоор өсгөж, Улаанбаатар хот ихээхэн “хохирсон” мэт хэтрүүлсэн тооцоо гарга гэсэн үүрэг өгсөн ажээ.

Ингээд АТГ-ын гар­гасан худлаа үнэлгээгээр тогтоосон 2,1 тэрбум төг­рөгийн объектын 49 хувийг “Медиа холдинг” компани нь 800 сая төг­рөгийн хөрөнгө зарцуулж авсан нь тус объектыг “үнэгүйдүүлж” авсны “тод жишээ” болж байгаа юм гэнэ.

“Медиа холдинг” компаны 49 хувийг нь авахдаа зарцуулсан хөрөн­гийг 100 хувьд шилжүүлэн өсгөж тооцвол 1,7 орчим тэрбум төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл энэ жишгээр тооцвол “Медиа холдинг” ком­пани нь “УБ таймс” со­нины 100 хувийг авсан бол 1,7 тэрбум төг­рөг зар­цуулах байсан бай­на. Энэ нь АТГ-ын даал­гавраар объектын үнэл­гээнд орох ёсгүй, орж ч байгаагүй газрын зохио­мол үнэлгээг “УБ таймс” сонины үнэл­гээнээс хас­вал хэдийгээр АТГ нь нур­сан байшинг үнэлэхдээ хэт өсгөж үнэл­сэн ч “Медиа холдинг” компа­нийн зарцуулсан хөрөнгө­нөөс хямд гарч байгаа юм.

Улаанбаатар хот али­ваа объек­тыг хувьчлахдаа өмнө нь ч, одоо ч газрын үнэлгээг оруулж байгаа­гүй, оруул­даг ч үгүй билээ. Тэгээд ч газрыг нь хувь­чилж байгаа биш тул түү­ний үнэлгээг оруулна гэ­дэг нь утгагүй юм гэдгийг дахин онцлон тэмдэглэе.

Нөгөө талаар Улаан­баатар  хот хувьчилж буй объектын үнэлгээг хийхэд менеж­ментийн багийн ахлагч До.Чулуунбаатар нөлөөлөх ямар ч бо­лол­цоогүй бөгөөд хувьчлагд­саны дараа зээл өгч, хө­рөнгө оруулсан “Ме­­диа Холдинг” компа­ни болон бусад хувьцаа эзэмшигчид ч “УБ таймс” сонины үнэлгээнд мөн л ямар ч холбоогүй билээ.

Үнэлгээг Улаанбаатар хот л хийлгэсэн бөгөөд нураад үнэгүй шахуу бол­чихсон байшинг үнийг нь бууруу­лалгүй менежмен­тийн багт хувьчилсан нь хотынхон анхнаасаа тус багт бүх ачааг үүрүүлэх зарчмыг баримталсан гэж ойлгог­дож байна.

Харин “УБ таймс” со­нины До.Чулуун­баа­тар ахлагчтай менеж­ментийн баг нь Улаанбаатар хотоос гаргасан шийдвэрийн дагуу л ажил­лаж байсан нь хөдлөшгүй үнэн юм.

Гэтэл өнөөгийн эрх баригчид, тэдгээрийн гар хөл болсон хууль хя­нал­тын байгууллагынхан “УБ таймс” сонины хувьчлал буруу болсон юм шиг, энэ нь Н.Энхбаяртай холбоо­той мэт буруутгахыг орол­дож байгаа. Дээр өгүүлсэн түүхээс үзвэл “УБ таймс” сонины хувьчлалд Н.Энх­баярын оролцоо байгаагүй нь тодорхой байна. Эхлээд энэ асуудалтай Н.Энх­баярыг холбох гэж орол­дохдоо Л.Сэргэ­лэн­гийн зохиомол мэдүүлгийг үндэс­лэл бол­гож, Н.Энх­баяр эхнэ­рийнхээ дүү О.Ал­­тангаар дамжуулан энэ төсөлтэй холбоотой болсон гэж мушгин гуйвуулж байсан. О.Алтан бол бие даасан хүн учир тэр ахынхаа өмнөөс, ах нь дүүгийнхээ өмнөөс ха­риуцлага хүлээх ёсгүй гэдгийг Үндсэн хуульд заасан байдаг. Тэгж ярих юм бол М.Энхболд, Т.Ба­дамжунай, Сү.Бат­болд нарыг тэднийг төлөөлж менежментийн багт орсон сэтгүүлч Ун­дармаа, Ариу­наа, хуульч Гансүх нартай холбон шалгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл эдгээр эрх­мүүдийг хэлбэр­дэж асуу­сан болоод бүх ан­хаар­лыг ганцхан Н.Энх­баяр дээр төвлө­рүүлж, түүнийг ган­цаа­ранг нь буруутгахыг улайрч байгаа нь анх­наасаа улс төрийн зо­рилгоор түүнийг хэрэг тө­вөгт холбог­дуулахын тулд гаргаж ирсэн зохио­мол хэрэг гэдгийг нотолж байна.

Дараа нь энэ үндэслэл Н.Энхбаярыг уг асуудал­тай холбоотойгоор буруут­гахад учир дутагдалтай юм гэдгийг “ойлгосон” хууль хяналтынхан “Медиа хол­динг” компаниар дамжуу­лан Н.Энхбаярыг энэхүү хэрэг гээчид холбогдуулах гэж улайрч байна.

“Медиа холдинг” компани нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн ком­пани юм. Дахин давтан хэлэхэд дүү нь ахынхаа өмнөөс, ах нь дүүгийнхээ өмнөөс хариуцлага хү­лээхгүй гэж Үндсэн хуульд маш тодорхой заасан байгаа. Тэгээд ч “Медиа холдинг” ком­пани нь хууль зөрчөөгүй билээ. Энэ компани гагц­хүү ме­нежментийн ба­гийн ах­лагч До.Чулуун­баатартай түүний багийн­хаа өмнөөс гаргасан хү­сэлт, тавьсан саналын дагуу ажиллаж, ихээхэн хэмжээний хө­рөнгө мөнгө зарцуулсан нь хууль зөрч­сөн үйлдэл огт биш юм. Дээр нь түүхээс харвал До.Чу­луун­­баатар, “Медиа хол­динг” компани нь Улаан­­баатар хотоос гар­гасан шийдвэр­ийн дагуу шударга ажил­ласан нь ойлгомжтой бай­на. Мөн хүлээсэн үүргээ биелүүлж ажиллажээ.

Энэ асуудалд ха­риу­цах эрх мэдлийн хүрээний хувьд Н.Энхбаяр оролцох, холбогдох ямар ч сэжүүр байхгүй. Үүнийг Н.Энх­баяр­тай холбож шалгаж байгаа нь цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт юм.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Amoxicillin Adverse Reactions Levitra Erfahrungswerte cialis 20mg for sale Amoxicillin For Uterine Infection Dosage Prednisone In Humans Tadalafil Online Bestellen European Med

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *