Н.Энхбаярыг давж заалдах шатны шүүх хуралд оролцуулсангүй

9-р сарын 26, 2012 10:11 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 264

Ч.ЗОТОЛ

 

МАХН-ын дарга, Мон­гол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­бая­рын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийс­лэлийн шүүхэд эхэллээ. Тэрээр Сүхбаатар дүүр­гийн шүүхээс өөрт нь тул­гаж буй хилс хэрэг, улс төрийн зорилгоор  ямар ч  үндэслэлгүйгээр ногдуул­сан ялыг хүлээн зөвшөө­рөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн билээ.  МАХН-ын дарга Н.Энх­баяр өөрийн байр суурьтаа хатуу зогсч, шударга ёсыг шаардаж буй учир ийнхүү   давж заалдах шатны шүү­хэд хандсан юм. 

Гэсэн ч  Нийслэлийн шүүх түү­нийг  орол­цуулалгүйгээр шүүх хур­лыг явууллаа. Тэрээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа  өм­гөөлөгчөөрөө дамжуу­лан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Гэтэл шүүх өөрийг нь байлцуулах шаардлагагүй,  өмгөөлөгчийг төлөөлөл болгон шүүх хурлыг явуулж болно хэмээн ийн­хүү  шийдвэрлэжээ.  Нийс­лэлийн шүүхийн ерөн­хий шүүгч, шүүх хур­лыг даргалагч Б.Саран­туяа  үүнийгээ  шүүх хурал хийх танхимын хувьд  шүүн таслах ажиллагааг цогц байдлаар явуулах  нөхцөл боломж тааруу байгаатай  холбон тайл­барласан.  Харин   Н.Энх­баярын өмгөөлөгч З.Оюун­билэг энэ байдлыг    “Шүүгдэгчийн  шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлөх эрхийг хаан боогдуулж байна. Ингэж болохгүй” хэмээн шүүх бүрэлдэ­хүүнд хандан хэлсэн юм.   Мөн шүүх хуралд ажиг­лагчаар оролцсон Олон улсын хуульч Жон Мис­син  шүүгдэгчид болон  сэтгүүлчдийг шүүх хуралд оролцуулахгүй байгааг гайхаж байгаагаа  хурлын завсарлагаар түүний байр суурийг сонирхсон сэт­гүүлчдэд илэрхийлж байлаа.

Тус шүүх хурлыг Нийс­лэлийн шүүхийн ерөн­хий шүүгч Б.Саран­туяа даргалж,   илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар н.Болдбаатар  нар то­милог­дон шүүх хурлыг явуулж байна.  Хурал  08.30 цагт эхэлж  дундаа 15 минутаас нэг цагийн  завсар­лагатайгаар үргэл­жилж байгаа юм. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч   Н.Энхбаярт үүсгэсэн хэ­рэг гэгч нь нэхэмжлэгч, хохирогчгүй. Хэрэг үүс­гэсэн үндэслэлүүд  нь ч  бүрхэг.  Олон жил хүмүү­сийн дунд яригдсан цуу ярианд тулгуурласан, таам­гаар  яллах дүгнэлт хийсэн, улс төрийн зорил­готойг ажиглагчид  хэлдэг. Үүнийг ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр хурал даргалагч Б.Сарантуяа шүүгч хэлсэн байна. Тэрээр “Анхан шатны шүүх хурал зарим хуулийг зөрчсөн байна. Ялангуяа өмгөөлөгчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй, Н.Энхбаярыг цагаатгах  бус яллах талаас илүүтэй хандсан” гэжээ.

2013 оны Ерөнхийлөг­чийн сонгуу­лийн гол өрсөлдөгчөө дарж авах  “Хэлмэгдүүлэлтийн галт тэрэг” өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сарын 13-ны шөнийн  олон нийтийг айдас, хүй­дэст автуулсан барив­чил­гаагаар замдаа нэгэнт  гарлаа, АТГ,  шүүх, проку­рор нэг талыг баримталж байна, Монголд шударга шүүх, шударга шүүгч бай­на уу  гэх мэт  олон баримт, тайлбаруудыг хэвлэлүүд онцолж байгаа. Түүх дав­тагдаж, улс төрийн  за­хиал­гат хэлмэгдүүлэлт  эр­гэн ирснийг сануулж, ийм үед хүний эрхийг хамгаа­лагчид,  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж Олон улсаас санхүүждэг ТББ-ууд яагаад дуугүй   байгааг ч сэтгүүлчид асуудал бол­гон дэвшүүлсэн нь цөөн­гүй. Тэгвэл Гавьяат хуульч С.Нарангэрэл тэргүүтэй өмгөөлөгчдийн баг энэ бүхэнд үндэслэн  шүүг­дэгч­дийг  цагаатгах талын бүхий л баримт, нотолгоог  давж заалдах шатны шүүх хуралд  гарган   тавьсан байна. Хурлын  үеэр  Н.Энхбаяр нарт холбогдох  хэрэг хэмээн  үүсгээд буй 49 хавтас материалыг нэг бүрчлэн танилцуулжээ.  

Үүний өмнө Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлыг шүүгдэгч болон өмгөө­лөгчдийн хүсэлт, үнэнийг мэдэх гэсэн ард түмний шахалт шаардлагаар  гур­ван өдрийн турш телеви­зийн шууд нэвтрүүлгээр олон нийтэд нээлттэй явуул­сан. Гэтэл энэ удаа­гийн   давж заалдах шатны шүүх хурлыг хаалттай явуулж тэр ч бүү хэл МАХН-ын дарга Н.Энх­баярыг шүүх хуралд орол­цуулсангүй. Энэ нь шу­дарга ёс, хүний эрх болоод Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байгааг хэлэх хүн олон байна. Мөн шүүх хурлыг нээлттэй сур­валжлахаар  олон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид оч­сон ч нэгийг нь ч  оруул­сангүй. Зөвхөн зураглаач­дад  л   нээлтийн зургийг  аваад буцаж гарах боломж олгосон юм. 

Шүүх хуралд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва,  Эрүүл мэндийн сайд Н.Уд­вал, УИХ-ын гишүүн О.Баа­санхүү, З.Баян­сэ­лэнгэ, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэ­жамъяан нар ажиглагчаар оролцож байна. Журмын нөхөд, тус намын бусад гишүүд, дэмжигчдийг  мөн л шүүх танхимын баг­таамж, боломжгүй байд­лаар шалтаглан  хуралд оруулсангүй. Тиймээс тэд  давж заалдах шатны шүүх хурал эхлэхээс дуусах хүртэл  хашааны гадна  хүлээж зогссон юм. Тэд­ний дотор Баянхонгор, Өвөрхангай, Архангай ай­маг болон орон нутгаас шүүх хуралд биечлэн орол­цохоор  төлөөлөл болж ирсэн иргэд цөөнгүй бай­лаа. Тэд шүүх хуралд оруулахгүй гэдгийг дуу­лаад   бухимдаж байгаагаа тэнд байсан хэвлэл, мэ­дээллийн хэрэгслүүдээр дайж, шүүх шударга шийд­вэр гаргахыг шаар­даж, хүсч байгаа талаар   байр сууриа  илэрхийлсээр байна. Дугаар шилжих мөчид шүүх хурал   үргэл­жилж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд дэмжигчид болон иргэд, хэвлэл, мэдээл­лийнхэн Нийслэлийн шүүхийн гадна  цуглаж хүлээсэн хэвээр байлаа.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *