Н.Энхбаяр: Төрийн өндөр алба хашиж байсан хүнийг хэлмэгдүүлдэг жишиг тогтчих вий

8-р сарын 1, 2012 9:50 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 373

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энх­баяр,  До.Чу­луунбаатар, Ж.Мяг­мар­жар­гал, Д.Ду­ламсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал өчиг­дөр Сүх­баа­тар дүүргийн шүүхэд 10:20 цагт эхэллээ. Н.Энх­баярын өмгөөлөгч С.На­ран­гэрэл шүүх хурал боло­хоос өмнөх өдөр шүүгч С.Соёмбо-Эрдэнэд энэ хэргийн гэрч, хохи­рогч, шинжээчдийг шүүх ху­ралд оролцуу­лах хүсэлт тавьж байв. Энэхүү хүсэлтийг шүүх бүрэл­дэхүүн хүлээж авсангүй. Харин шүүх хурлыг телевизээр шууд дамжуу­лан үзүүлэх зөвшөөрлийг олгосон юм.

Шүүх хурлыг даргалагч шүүгчээр С.Соём­бо-Эрдэнэ, шүүг­чээр М.Ал­дар, С.Оюун­чимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, өм­гөөлөгчөөр С.На­ран­гэрэл, Г.Оюун­цэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэ­рэн­жээ, К.Бауржан нар орол­цов.

Н.Энхбаярын өмгөө­лөгч С.Нарангэрэл шүүх хуралд улсын яллагчаар оролцож байгаа Ё.Сагсай, ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нарыг энэ хэрэгт хувийн сонирхлоор хан­даж байна гэж үзэн тат­галзах хүсэлт гаргасан. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтийг хү­лээн авах боломжгүй гэсэн юм. Ингээд улсын яллагч нар шүүгдэгч нарт холбогдох хэргийн яллах дүгнэлтийг уншиж танил­цуулсны дараа өмгөөлөгч С.Нарангэрэлийн сана­лаар шүүгдэгчийн мэдүүл­гийг Н.Энхбаяраас эх­лүүл­лээ. Н.Энхбаяр мэ­дүү­лэг өгөхийнхөө өмнө, “Хавтаст хэрэг болон, яллах дүгнэлтээс үзэхэд намайг яллах биш, харин цагаатгасан баримтууд байгаа юм шиг ойлгогдож байна” гэдгийг онцолж байв. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралдааны танхимд өгсөн мэдүүлгийг хүргэе.

Тэрээр, “Та бүхний амар амгаланг айлтгая. Шуудхан хэлэхэд, өнөө­дөр шүүх танхимд сууж байгаа маань надад сай­хан санагдахгүй байна. Гэвч нэг талаар хурал­дааныг хэвлэл мэдээллээр шууд дамжуулж байгаа нь надад тулгаж буй хэргийн талаар ард иргэдэд  илүү  тодорхой ойлголт өгөх сайн талтай болов уу гэж бодож байна.  Өнөөдрийн шүүх хуралдааныг мон­гол­чууд  төдийгүй гадаад ертөнц харж байгаа. 1990 онд манайд ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол Улсыг гадаад ер­төнцөд анхаарч эхэлсэн. Тэд өнөөдөр Монгол Улс шударга шүүхтэй юу, шүүх үйл ажиллагаа нь ямар болж байна, хэлэл­цүүлэг нь хэрхэн өрнөж байна, нотлох баримт нь хэрхэн бүрдэж байна, нэг тал нь хэрхэн яллаж, нөгөө тал нь өөрийгөө хэрхэн өмгөөлж байна гэдгийг ардчилсан улс гэдэг та­лаас нь харж, дүгнэнэ. Тиймээс шүүх хурал нээлт­тэй болж байгаад би баяртай байна. Өнөөдрийн хурал бол  албан тушаалт­нууд, жирийн иргэддээ хэрэг тулгасаар байгаад ялтан болгодог юм уу, эсвэл хараат бус хууль хяналтын тогтолцоотой байж, шинэ Үндсэн хуульд заасан зарчимд нийцүүлэн гэм буруугүйг тогтоодог уу, үгүй юу гэдгийг харах боломж гэж бодож байна. Хэрэв шүүх өөрөө бие даасан байдлаар, шудар­гаар шүүх юм бол, “Би ч гэсэн тэгж хамгаалуулж чадах юм байна, Монго­лын шүүхээрээ би хамгаа­луулах болно” гэж олон мянган хүн хэлэх байх гэж бодож байна. Тиймээс энэ хурал өнөөдөр намайг, энд байгаа хүмүүсийг хамгаа­лах юм уу, эсвэл буруутгах биш, нийт ард түмнийг хамгаалах асуудал гэж би бодож байгаа. Тийм ч уч­раас би үнэн зөв мэдүүлэг өгнө.

Саяхан,бид шүүх ху­рал эхлэхээс өмнө УИХ-ын сонгуульд оролцох, оролцохгүй тухай асууд­лыг ярьсан. Энэ бол бас л өнөөдрийн ардчиллын нэг хэсэг. Би ард түмнийхээ сонголтоор сонгогдсон ч харамсалтай нь Сонгуу­лийн ерөнхий хорооны албан тушаалтнуудын үзэг­ний үзүүрээр хасагд­чихаад байгаа. Уг нь сон­гууль ард түмний хэрэг юм. Харин СЕХ ард түмэн саналаа өгөхийг зохион байгуулдаг байгууллага. Түүнээс биш, хэн сонгог­дох ёстой юм, хэн оролцох ёстой юм, хэн сонгогдох­гүй байх ёстой юм гэдгийг шийддэг байгууллага байх ёсгүй. Бүгдээрээ үүнийг өнөөдрийн шүүх хурлаа­раа засъя. Ер нь Монго­лын төр, засгийн үйл ажил­лагааг ч гэсэн засах шинэ цаг эхэлж байна гэж би бодож байгаа. Энэ сон­гуульд ард түмэн саналаа өгөхдөө шинэ цагийг эх­лүүлээрэй гэсэн даал­гав­рыг өгсөн. Хэн нэгэнд биш, харин хэн нэгэнтэй хамтраад хийгээрэй гэсэн даалгаврыг өгсөн. АН, МАХН, МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэлд ийм даал­гаврыг өгсөн гэж би бо­дож, энэ эвсэлд орж ажил­лахаар шийдсэн. Тиймээс өнөөдрийн шүүх хурлаас эхлээд энэ шударга ёсыг тогтооно. Сүүлийн 20 жилд анх удаа гуравдагч хүчин гарлаа. Сүүлийн 20 жилд ард түмэн хоёрхон намд итгэдэг, ээлжилж санал өгдөг байснаа болиод , гуравдагч хүчнийг гаргаж байя, шударга ёсыг тогтооё гэж шийдлээ. Энэ шийдвэр бидний амьдралын өдөр тутамд батлагдах ёстой. Энэ шүүх хурал ч гэсэн тийм байх ёстой гэж бодож байна. АН засгийн эрхийг бари­хад, ардчилсан хэмээх Ерөнхийлөгч төрийн тэр­гүүнд байхад Монголд хэлмэгдүүлэлт болох уу үгүй юу гэдгийг батлах байх. Хүнийг хэлмэгдүү­лэх, хувь заяагаар нь тоглох амархан. Харин хүний хувь заяагаар тоглосон , энэ хүнийг хэлмэгдүүлсэн хүмүүс сэтгэл нь зовж, шаналсан олон мянган монголчуу­дын шархан дээр нь давс хийсэнтэй адил болно шүү гэдгийг албан ёсоор хэлж байна. Би Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Монгол Улсынхаа төлөө зүтгэхдээ, их өрийг чөлөөлж байхдаа, Мянганы замыг тавьж байхдаа, хүүхдийг үдийн хоолтой болгож байхдаа ийм утгагүй ял тулгуулаад, энэ шүүхийн танхимд зогсч байна гэж би зүүдлээгүй ээ. Гэхдээ хүний амьдрал сонин байдаг юм байна. Энд ирээд шударга ёсыг төлөөлж, өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх нь миний амьдралдаа давж өнгөрөх ёстой нэгэн даваа гэж би ойлгож байна. Тийм учраас энэ асуудалдаа туйлын хариуцлагатай хандана. Энэ хуралд орж байгаа бүх хүн хариуцлагатай байгаасай гэж хүсч байна. 2.7 сая монголчууд хариуцлагатай байхыг хүсье. Одоо монгол монголоо хэлмэгдүүлдэг цаг өнгөрсөн. Буруу юм хийсэн бол би ял хүлээхээс айхгүй. Хийгээгүй бол, улс төрийн зорилгоор нэгнийгээ хэлмэгдүүлэх юм бол үүнийг надаас эхлээд 2.7 сая хүн эсэргүүцнэ. Хэдийгээр энэ танхим жижигхэн ч, Монгол даяар үүнийг харж байгаа.

Ингээд “ТВ-9” телевизийн камертай холбоотой гэх асуудлаар товчхон мэдүүлэг өгье. Би Монголын иргэн. Би монгол хүн. Ер нь монгол хүн гэж хэн юм бэ гэдгийг би өөрөөсөө асуусан юм. Хамгийн эхлээд Буддын шашинтай байх ёстой юм гэж би ойлгосон. Тэгээд би 1982 онд хадаг бариад, лам багштай болсон. Би Энэтхэгт түвд хэл үзэж байсан. Маани мэгзэм үзэж цээжилж байсан. Багшдаа шавь орсноос хойш 30 жил болж байна. Энэ 30 жилийн турш би Монголд буддын шашныг дэлгэрүүлэхийн төлөө зүтгэж ирсэн хүн. Би Бурхан багшийн сургаалийг орчуулсан,  Жанрайсагийг бүтээсэн, Бурхны чандрыг Монголд залсан. Бакула Рэнбүчи Далай ламыг Монголд залж, ард түмнийхээ сэтгэлд байгаа өвөг дээдсийнх нь уламжлуулж өгсөн соёлыг хадгалахын төлөө тэмцсэн. Ингэхдээ би багш нараасаа нэг зүйл сурсан юм. “Бусдын юмыг дундаас нь хулгайлж болохгүй” гэж. Би Гандангийн юмыг дундаас нь авах тийм хүн биш. Миний зүүдэнд ч орохгүй. Миний толгойд тийм санаа хэзээ ч төрөхгүй. Тэрийг Д.Чойжамц хамба ч сайн мэдэж байгаа. Бид хоёрын дунд Японы буддын байгууллагаас “Та нар Монголд буддын шашныг дэлгэрүүлэхийн төлөө их зүйл хийсэн улс. Цаашид ч их юм хийнэ. Энэ хэдэн тоног төхөөрөмжийг аваад буддын телевиз байгуулъя гэж байгаа бол тусалж дэмжье” гэсэн юм. Яагаад гэхээр, тэр үед Монголд “Ийгл” гэж Христийн шашныг сурталчилдаг телевиз идэвхтэй ажиллаж байсан. Бид Японы талд, “Буддын шашин сурталчилдаг, Монголын зан заншил уламжлалыг хадгалсан үйл ажиллагаа явуулдаг телевиз байгуулбал та нар дэмжих үү” гэсэн санал тавихад тэд, “Дэмжье, гэхдээ Ганданд өгөхгүй. Ганданд бид өгдөг юмаа өгчихсөн. МАХН-д бүр өгч болохгүй. Бид Н.Энхбаярыг мэднэ, Д.Чойжамцыг мэднэ. Та хоёр телевизээ байгуулаарай” гэж өгсөн юм. Гэтэл бид телевиз байгуулах амархан биш юм гэдгийг ойлгосон.  Хил дээр, онгоцны буудал дээр буухад гаалийн татвар төлөх асуудал яригдсан. Би гаалийн татварыг нь төлж чадахгүй байсан. Тийм учраас өнөөх япончуудтай эргэж холбоо бариад “Би гаалийн татварыг нь төлж чадахгүй юм байна. Гаалийн татвар төлж чаддаг хүнд нь үүнийгээ бэлэглээч. Тэр хүнийг чинь би бас шахаж шаардъя. Тэгээд буддын телевизийг Монголд байгуулъя” гэсэн.  Тэд  Монголд японуудтай холбоотой, японд бизнес хийдэг мөнгөтэй хүн байвал ярьж байгаад зохицуулаач гэсэн юм. Тиймээс би “Таван богд” компанийн захирал н.Баатарсайханд хандахад уриалгахан хүлээж аваад гаалийн татварыг төлсөн. Хамбад ч энэ талаар хэлсэн. Хэрэв Ганданд үүнийг бэлэглэсэн байсан бол гаалийн татварыг нь Гандан төлчих ёстой байсан шүү дээ. Тэр үед би МАХН-ын дарга байсан. Нам гаалийн татварыг нь төлөх бололцоотой байсан. Гэхдээ МАХН-д бэлэг­лээ­гүй учраас төлөөгүй юм. Харин хувь хүний хувьд Н.Энхбаяр өөрөө гаалийн татвараа төлж чадахгүй байсан учраас н.Баатарсайхан захиралд хандаж төлүүлсэн. Сүүлд нь сонгууль болоод энэ асуудал хэсэг мартагдсан. Дараа нь  н.Баатарсайхан захирал, “Телевиз байгуулна гэдэг хэцүү юм. Тусгай зөвшөөрөл авдаг, хөрөнгө мөнгө ч их шаардагддаг юм байна. Мэргэжлийн боловсон хүчин бэлддэг юм байна. Би чадахгүй юм байна аа” гэсэн. Тэгээд би буддын телевиз хэрхэн байгуулдаг талаар хүмүүстэй ярилцаж байсан. Гэтэд Ц.Мөнх-Оргил, “Би тэр телевизийг чинь байгуулдаг юм уу гэхээр нь, “Тэг, Баатарсайхан захиралд хэдэн тоног төхөөрөмж байдаг юм, тэрийг аваад хийгээч” гэсэн. Тэгээд би хэлсэн, “Хамбыг гомдоох вий. Хамбатай нэг уулзаад үзээрэй, цаадах чинь ямар саналтай юм бол асуугаарай гэж хэлсэн. Ц.Мөнх-Оргил, “Лам хүн бизнес хийх хэрэг үү, Д.Чойжамц гуай энд орох хэрэггүй биз дээ. Харин хамбад оногдох хувийг нь телевизээсээ гаргаж өгөх нь зүйтэй байх” гэсэн санал гаргасан. Хамба энэ саналыг зөвшөөрч, өөрт ногдох хувийг авсан. Тэр нь Ганданд хамаатай байсан бол хамба хувь авахгүй шүү дээ. Гэхдээ хамба бас зөв сайхан сэтгэл гаргасан. “Таныг Ерөнхий сайд байхдаа хөөцөлдөж, Энэтхэгийн Засгийн газартай ярьж зөвшөөрөл авч байсан тэр газар дээр монгол сүм байгуулахаар бид ажиллаж байгаа. Тэндээ хандив болгож өгье. Та бидний хамтын ажиллагаа буддын шашныхаа хөгжилд бас тус болох ёстой” гэсэн. Түүнээс хойш “ТВ-9” гэсэн телевиз бий болж, буддын шаш­ныг сурталчлан христийн шашныхантай өрсөлдөөд, хэвлэл мэдээллийн орон зайд шударга ёсны байр суурийг эзэлж, ард түмэндээ нэртэй телевиз болсон. Ийм л зам туулсан телевиз. Түүнээс биш, Ганданд өгсөн телевизийг Н.Энхбаяр хувьдаа завшсан юм ерөөсөө байхгүй. Би тэгж чадахгүй. Үйлийн үр гэж юм байдаг. Би багштай хүн. Би бурхны шашны соёлын уламжлалыг судалсан, хөгжүүлнэ гэж боддог хүн. Гандангаас би ширхэг хадаас ч хулгайлахгүй. Үүнийгээ шүүхийн танхимд хариуцлагатайгаар хэлье.

Харамсалтай нь, энэ асуудлыг 2009 онд Ша.Батбаярын гаргасан гомдлоор АТГ-т шалгасан. Би энэ ярьсан зүйлээ өөр юу ч нэмж хасалгүйгээр хэлсэн. Гэхдээ би Түвд гаралтай, Япон улсын иргэнтэй холбоо барьж, “Нөгөө Д.Чойжамц хамба бид хоёрт бэлэглэсэн телевизийн асуудлаар шалгалт, шүүлэг явж байна. Тэгэхээр та манай хууль хяналтын байгууллагуудад болсон бодитой түүхийг бичиж өг. Тэгэхгүй бол эд нар итгэхгүй” гэж хэлсний дагуу тэр хүнээс бичиг ирсэн. Түүнийг нь би С.Нарангэрэл өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүгч нарт нотлох баримт болгож өгсөн байгаа. Шүүгчдийн гар дээр энэ нотлох баримт очиж байгаад их баяртай байна. Манай АТГ-ынхан үнэн ёсоор тогтоохын төлөө ажиллаагүй. Яагаад энэ хүний бичиг ийм чухал юм бэ гэхээр, 1995 онд тэр хүн Монгол Улсад айлчлах үеэр Бакула Ренбүчи багш намайг танилцуулсан юм. Тэр хүн Монгол, Японы буддын шашны байгууллагыг Монголд байгуулах талаар туслалцаа, дэмжлэг үзүүлье гэж хэлсэн. Ингээд түүний П.Жасрай гуайн Засгийн газрын үед өгсөн 150 сая төгрөгөөр би Монголын төрийн мэлмийг нээлцсэн юм. Тэр хүнийг би сүүлд нь гандангийнхантай танилцуулсан. Тэр Ганданд хандив өгсөн.

Хоёр дахь асуудал нь хоёр номтой холбоотой. Би өөрөө улс төрийн албан тушаалтны хувьд хуулиар зөвшөөрсний дагуу ном хэвлүүлж орлого олж болно. 2004 онд хамт ажиллаж байсан нөхөд маань надад өөрийнхөө орчуулсан, бичсэн, хэлсэн үгнүүдийг эмхэтгэж гаргаач гэсэн зөвлөгөө өгсөн. Үүний дагуу энэ ном дээр ажиллаж эхэлсэн. 2004 онд сонгууль болоод завгүй байсан учраас номоо гаргаж чадаагүй. Дараа нь УИХ-ын дарга болчихоод номон дээрээ жаахан сууя гэж бодоод хэд, хэдэн хүнээс хамтран ажиллаач гэж хүссэн. Түүний дотор З.Түмэнжаргал агсан одоогийн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, зохиолч, сэтгүүлч До.Чулуунбаатар зэрэг хүмүүс байсан. Номоо эмхэтгэсээр байтал 2008 он болж, хаана хэвлүүлэх вэ гэдэг асуудал ярьсан. Би завгүй байсан учраас З.Түмэнжаргал зөвлөхөд итгэмжлэл өгөөд энэ ажлыг хариуцаж гүйцэтгээч гэсэн юм. Тэр итгэмжлэлийн дагуу тэрээр зээлийн гэрээ хийж, өөрийнхөө мэддэг, таньдаг хүмүүсээс судалж байгаад Солонгосын нэг компанийг олоод, гэрээ байгуулж 2005 онд хэвлүүлсэн.

 Тэр номын хуудсан дээр 2005 онд хэвлэсэн гээд биччихсэн байгаа. Гэрээнд солонгосын тал хэвлэлтийн болоод, тээв­рийн зардлыг хариуцна гэсэн тодорхой заалт бий. Үүнийхээ дагуу Солон­госын тал номыг хэвлэж Монгол руу төмөр замаар тээвэрлэн 2005 онд явуул­сан байгаа. Тэр нь сая С.Нарангэрэл өмгөө­лөг­чийн өгсөн төлбөр гүй­цэтгэсэн баримтаар нот­логдоно. Мөн Солонгосын талаас энэ зардалд зар­цуул­сан 70 мянга гаруй ам.доллар шилжүүлсэн баримт бас бий. Ингээд авчирчихаад З.Түмэн­жаргал зөвлөх 2005 онд ихэд баярлачихсан надтай уул­заж, “За би одоо Фран­цад ажиллахаар явлаа. Ном борлуулах ажил дээр та өөр хүмүүсийг дайчлаа­рай” гэж хэлчихээд явсан. Ингээд би До.Чулуун­баатар гуай болон хэд, хэдэн хүнээс хүссэн, тэд ч тусалсан. Орж ирсэн орлогыг би хөрөнгө ор­логынхоо мэдүүлэгт тухай бүрт нь бүрэн мэдүүлсэн. Татвараа төлөөд, бичиж тэмдэглэж ирсэн. Хууль ерөөсөө зөрчөөгүй. Тий­мээс энэ бол миний ху­вийнхаа зардлаар хэв­лүүл­­сэн, хувийн ном. Да­раа нь тэр зардлаа өөрийн орлогоор нөхсөн. Харин 2006 онд Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ой болсон юм. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд улсаа сурталчлахын тулд НҮБ-д Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэх тогтоолыг санаачилсан. НҮБ-аас үүнийг дэмжиж ёслол төгөлдөр тэмдэглэх тогтоолыг гаргасан. Ин­гээд энэ зөвхөн Монголын баяр биш, дэлхийн баяр болсон юм. Тэр үед надад төрийн тэргүүний хувьд нэг санаа төрсөн. Ойг ашиглаад, Төрийн тэргүү­ний хувьд олон улсын төр, засгийн тэргүүнүүдэд за­хиа бичсэн. “Та Их Монгол Улсын талаар, манай эзэн Чингис хааны тухай, манай тусгаар тогтнолын талаар юу гэж боддог вэ, үүнийгээ бичиж ирүүлээч” гэсэн хүсэл­тийг тавьсан. Олон орны Төр, засгийн тэр­гүүнээс сайхан захидлууд ирсэн. Үүнийг эмхэтгэж хэвлэх юм байна, ингэснээрээ Монголын тусгаар тогт­нолыг баталгаажуулах юм байна гэсэн санаа төрсөн юм. Ингээд тэр үед Ерөн­хий сайдаар ажиллаж байсан М.Энхболдтой уулзаж, энэ ойн ажлын хүрээнд ил захидлуудаа нэг ном болгож хэвлэе. Гэхдээ борлуулахгүй. Бэлэг болгож өгье. Маш сайхан хэвлүүлье. Тэгээд хөрөнгийг нь Засгийн газраас гаргая” гэж тохиролцсон.

Ингээд та бүхэнд гардуулсан хүрэн улаан хавтастай, эзэн Чингис хааны зурагтай “Их Монгол Улс” гэсэн ном 2007 онд хэвлэгдсэн юм. Энэ номыг Засгийн газ­рын зардлаар хэвлүүлсэн. Засгийн газрын тог­тоолын хуулбар энд бас бий. Тэр үед миний хувийн ном биш байсан учраас би тухайн үед анхаараагүй юм. Номыг хэвлүүлээд авчирахад МИАТ компани оролцсон гэж ойлгож байгаа. Ми­ний хөх хавтастай найман боть ном МИАТ компа­нийн онгоцоор ирээгүй. Харин хүрэн өнгийн хав­тастай ном МИАТ компа­нийн онгоцоор ирсэн. Энэ бол миний ном биш, Мон­гол Улсын ном. Монгол Улсыг тусгаар тогтносон орон мөн гэд­гийг ерөнхийлөгч Ж.Бу­шаас авахуулаад дэлхийн олон орны төрийн тэр­гүүний хүлээн зөвшөөр­сөн ном. Энэ ном МИАТ ком­панийн онгоцоор ирсэн юм байна. Сүүлд надад энэ ялыг тулгаад байхаар нь илүү гүнзгий танил­цаад үзэхэд МИАТ-ын­хан шүүх эд  нэхэмж­лэл гаргаад,  но­мыг тээвэр­лэсэн зардлыг хоёр тал эвлэрлийн гэрээ байгуу­лан төлж бараг­дуул­сан юм байна. Энэ ном Н.Энхбаярыг яллах ном биш байхгүй юу. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөв­шөөр­сөн ном. Яагаад ч юм, энэ ном өнөөдөр миний ял авах үндэслэл болоод байж байгаад би харамсч байна. Ийм хоёр өөр номыг андуураад намайг буруут­гаад байгаа юм аа. Тиймээс би яллах дүгнэлтийг ойл­гохгүй байна. Санаатай­гаар намайг яллаад байгаа юм уу гэж бодоод байна.

Гурав дахь асуудал нь “Өргөө” зочид буудалтай холбоотой. “Өргөө” зочид буудал надад ямар ч хамаагүй ээ. Б.Хуяг гэж хүн “Хар дун” компанийг байгуулж, Улаанбаатар хотынхонтой ярьж байгаад хөрөнгө оруулалт хийгээд, тэр зочид буудлыг засч янзалсан гэж би ойлгосон. Би хоёр, гурван удаа орж хоол идэж үзсэн. Тэгээд яагаад надад гомдоод байгаа юм гэхээр, миний ойлгосноор, “Ремиф” гэж манай хүү­гийн нэр дээр байгуулагд­сан компанитай холбоо­той гэж буруугаар ойлгогдоод байна. Яагаад ингэж ойлгоод байдаг юм бэ гэтэл манай хүүгийн нэр дээр байгуулагдсан “Ремиф” гэж компанийн охин компани нь “Хар дун” байж магадгүй гэсэн таамаглал төрсөн юм байна. Судлаад үзэхэд, “Хар дун” гэж компани нь надтай, манай хүүтэй огт холбоогүй. Б.Хуяг гэсэн хүний нэр дээр бай­гуу­лагдсан компани.

“Ре­миф” компанийн охин компани болгох тушаал Батшугарын нэр дээр гарсан  гэдэг юм байна лээ. Тэрийг биш байна гэдгийг нь криминалистикийн шинжилгээгээр тогтоосон. Ийм байтал хоёр прокурор яллах дүгнэлтдээ өөрийн­хөө хүүгийн охин компани “Хар дун”- гаар дамжуулж өр тавьсан гээд намайг ялд унагах гээд байгаа юм. Би мэдэхгүй юм, хууль хяналтын бай­гууллага яаж ажилладгийг. Мөрдөн байцаах шатанд манай хүүгийн гарын үсэг биш гэдгийг тогтоочихсон юм бол яагаад яллах дүгнэлтдээ тогтоогоогүй маягаар бичээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ийм холбогдолгүй юмыг холбож, дахин оруулж ирж байгаа учраас би, “Энэ чинь яллах дүгнэлт юм уу, цагаатгах дүгнэлт юм уу” гэж гайхаад байгаа юм. Дашрамд хэлэхэд, ерөөсөө Б.Хуягийг яагаад буруут­гасан бэ гээд бодлоо л доо. Тэгсэн чинь Б.Хуяг нь манай тулсах Б.Тулгаа­гийн ах юм байна. Тэгэхээр ерөөсөө дэргэд маань ажил­лаж байсан хүний ах нь ямар нэгэн юмыг хийхээр л би буруут­даг. Хууль хяналтын байгуул­лагынхаан, та нар бодооч. Бид шинэ, ард­чилсан Үндсэн хуультай шүү дээ. Тэр хуулиар, та өөрөө л буруу зүйл хий­гээгүй бол таны хүүхэд байна уу, аав, найз, тань­даг хүн, таньдаг хүний ах, дүү байна уу хамаагүй шүү дээ. Шинэ Үндсэн хуулийн зарчмыг яагаад барихгүй байна вэ.

Шүүх хурал түр зав­сар­лаад 17:00 цагт үр­гэлж­лэв. Хурал эхэлмэгц До.Чу­луун­баатар, Ж.Мягмар­жаргал, Д.Дуламсүрэн  нар мэдүүлэг өглөө. Тэд өөрсдийг нь буруутгах ямар ч үнэдэслэлгүй, ял­лагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэ­дүүлсэн юм. Мэдүүлгийн дараа улсын яллагч О.Мөнхбаатар, Ё.Сагсай нар Н.Энхбаяраас асуулт асуув.

-Японы буддын шашны байгууллагатай хэзээ харилцаа холбоо тогтоосон бэ?

-Оныг нь зөв санаж байгаа бол 1995 он.

-Та 2000 оны хоёр­дугаар сард гадаадын шашны байгууллагын урилгаар галын ёслолд оролцох үеэр телевизийн тоног төхөөрөмж хандив­ласан байна. Тухайн үед тэр тоног төхөөрөмжийг хандивлана гэдгийг урьдаас мэдэж байсан уу?

-Өмнө нь уулзах үедээ Монголд христийн ша­шин идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Монголын уламжлалт шашин буддыг дэмжих хэрэгтэй байна. Тиймээс буддын нэвтрүүлэг явуулдаг шашны сувагтай болох нь зүйтэй юм, энэ талаар харилцаа холбоо байвал бидний саналыг уламжилж өгөхийг би хүссэн. Өмнө нь энэ тухай Д.Чойжамц хамба, бурхан шашны хүмүүстэй ярьдаг байсан. Тэгээд 2000 оны хавар телевизийн бага оврын тоног төхөөрөм­жийг хамба бид хоёрт хувь хүнд нь өгч байгаагаа албан ёсоор хэлсэн.

-Тухайн үед тоног төхөөрөмжийн гаалийн татварыг Баатарсайханаар төлүүлэхдээ та туслахаа явуулсан  байна. Хэн гэдэг туслахаа явуулсан бэ. Гаалийн үнийн мэдүүлгийг хэн бөглөсөн бэ. Гаалийн агуулахаас тоног тө­хөөрөм­жийг хэзээ авсан бэ. Хэд хонуулж авсан бэ?

-Тоног төхөөрөмжийг татварыг төлөх тухайд зөвлөе гэж бодоод гааль дээр байлгасан. Хамбатай зөвлөсөн. Ганданд өгөөгүй учир тэндээс татвар төлөх­гүй. МАХН-д өгөөгүй учир намаас төлж болохгүй. Бид хоёр төлөх шаардлагатай болсон. Аль алинд нь тийм бололцоо байхгүй учир Японы талынхантай ярил­цаад тус улстай түншил­дэг, эдийн засгийн чад­вартай бай­гууллагыг оло­хоор болсон. Тэгээд “Та­ван богд” гэж  компа­нийн захирал Баатарсайхантай уулзаж саналаа хэлэхэд уриалгахан хүлээж авсан. Ингээд тус компани гаалийн татварыг төлсөн. Тэр үед миний туслахаар Н.Эрдэнэбаатар гэдэг залуу ажиллаж байсан. Сүүлд гадаад руу сургуульд явсан, түүнээс хойш харилцаагүй байна. Тэр үед Н.Эрдэнэбаатар туслах, Баатарсайхан захирал нар энэ асуудлыг зохицуулсан гэж ойлгож байгаа.

-Гааль дээрээс Н.Эр­дэнэ­баатар очиж авсан юм уу?

-Тэрийг сайн мэдэх­гүй. Баатарсайхан захи­рал­тай хамт хөөцөлдсөн. Гааль дээр хэн очиж авсныг би мэдэхгүй.

-Тоног төхөөрөмжийг хэн очиж авсан бэ. Танай эхнэр Ц.Цолмон очиж авсан гэж гэрчүүд мэдүүлэг өгсөн. Энэ тухай мэдэж байна уу?

-Манай эхнэр очоогүй. Өөр хүн очиж авсан байх. Эмэгтэй хүн болгон Цолмон биш шүү дээ. Эмэгтэй хүн очсон учир Цолмон гэж мэдүүлэг өг­сөн юм шиг байна. Эмэг­тэй хүн болгон Цолмон байдаггүй юм. Эмэгтэй хүн очиж авсан бол теле­виз байгуулахад захирлаар томилогдсон Н.Дулам­сүрэн ч юм уу, өөр хүн ч байж магадгүй.

-Хамба тодорхой хувиа өөрөө авах ёстой шүү дээ. Яагаад тэр сүм хийдэд хандивласан юм бэ?

-Д.Чойжамц хувьдаа ава­хаас илүү өөрийн үйл хэргээ зориулж яваа Буд­дын шашиндаа сайхан сэтгэлээр зориулсан байх. Засгийн газрын шийдвэ­рээр газар аваад Гандан­гийн нэр дээр шилжүүлж байсан юм. Тэр бол бидний хамтын бүтээл. Өөрт олд­сон мөнгө хөрөнгөө сай­хан үйлд зарцуулсныг би сайхан сэтгэл, сайхан үйл хэрэг гэж бодож байгаа.

-Найман боть номоо тухайн үед МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажил­лаж байсан Эрдэнэбилэг, ТӨХ-ны дарга Д.Сугар, мөн өөрийн туслах Б.Тул­га, зөвлөх З.Түмэнжаргал нараар дамжуулан онго­цоор тээвэрлүүлэх талаар шахаж шаардаж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байна. Энэ талаар ярих зүйл байна уу?

-Төмөр замаар тээвэр­лэсэн гаалийн баримт байгаа. Үүнээс илүү нотлох баримт гэж юу байх билээ. Найман боть ном орж ирсэн, хэдэн ширхэг ном, хэдэн төгрөг төлсөн тухай баримт байгаа.

Миний бичсэн хувийн ном төмөр замаар ирсэн. Төлбөрийг нь төлсөн ба­римт байна. Тэр ном 2005 онд орж ирсэн. МИАТ дээр ярьж буй  асуудал бол 2007 оных. Санаатай эсвэл санамсаргүй хоёр номыг будилуулж байна. 2005 оны ном бол миний хувийнх. Төмөр замаар ирсэн. Харин 2007 оных нь Засгийн газрын  хэвлүүл­сэн Их Монгол Улсын түүхийн ном. Засгийн газ­рын зардлаар хэвлүүлсэн. Засгийн газар тэр номоо яаж тээвэр­лэснийг мэдэх­гүй. МИАТ-ийн онгоцоор тээ­вэр­лэснийг үгүйсгэх­гүй. Хоёр өөр номыг хольж болохгүй. 2005 оны ном Н.Энхбаярын зохиогчийн эрхтэй. 2007 оных нь Засгийн газрынх. Тэр үед нэг зүйл болсон байж магадгүй гэж таамаглаж байна. Их Монгол Улсын түүхийн номыг хэвлэхэд төрийн байгууллага тээ­вэр­лэх асуудлыг хөөцөлд­сөн байж магадгүй. Тэр ном борлогдоогүй. Бүгдийг нь бусдад бэлэглэсэн.

-Та болон таны хүү Э.Батшугар, Б.Хуягтай ямар холбоотой вэ. Ажил үүргийн холбоо байдаг уу. Энэ хоёртой хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Б.Хуяг одоо хаана байна вэ. Танд мэдэх зүйл байна уу?

-Миний туслах Б.Тул­гын ах Б.Хуяг. Би сүүлд танилцсан. Б.Хуяг бизнес хийдэг залуу гэж би ойлгодог.  Сүүлд уул­захдаа суралцах хэрэгтэй байна гэж ярьсан. Тэгээд сур­гуульд явсан байх. Хаа­на байгааг би мэдэхгүй.

-Э.Батшугарын тухайд?

-Э.Батшугарыг би сайн танина. Манай хүү­хэд шүү дээ.

-Үгүй ээ. Э.Батшугар, Б.Хуягтай ямар холбоо­тойг мэдэх үү?

-Э.Батшугар, Б.Хуяг хоёрыг хэзээ танилцсаныг би мэдэхгүй. Э.Батшуга­рын надад хэлж байснаар “Ремиф “ компани бай­гуулж ажилласан. Өөрөө гадаадад байсан болохоор Б.Хуягт хариуцуулсан. Б.Хуяг тусдаа компани байгуулаад ажилласан гэсэн. Энэ хэмжээнд л мэдэж байна.

-Та Б.Тулгатай хамт­ран  “Сгор” компанийг байгуулжээ. Дараа нь Б.Тулга өөрийн эзэмшиж буй хувьцаагаа танд шил­жүүлсэн гэрээ байна. Б.Тулга гэрээ байгуулах­даа Монголд байсан уу?

-Б.Тулга бид хоёр аж­лаа өгчихөөд хоёулаа хамт­­­ран компани бай­гуул­­­сан. Стратегийн зөв­лөгөө өгдөг компани. Тэгээд Б.Тулга гадаад руу суралцахаар болсон. Иймд сургалтын төлбөр зэрэгт дэмжлэг үзүүлэхийг надаас хүссэн. Тиймээс бид хоёр ярилцсан. Залуу хүн сургуульд явах ёстой гэж шийдсэн. Иймд Б.Тул­га өөрийн эзэмш­лийн 25 хувиа надад шил­жүүлж, сургалтын төлбөрт нь тусламж дэмжлэг үзүү­лэхээр тохирсон. Энэ бүг­дийг зохицуулахыг би хуу­лийн зөвлөх Ш.Раднаа­сэдэд даалгасан.

Үүний дараа өмгөөлөгч С.Нарангэрэл шүүгчдэгч Н.Энхбаярт асуулт тавьсан юм.

-Танд Эрүүгийн хуу­лийн 150 дугаар зүйлээр прокорорууд ял төлөвлөчихөөд байна. Энэ бол 5-10 жилээр хорих буюу маш хүнд гэмт хэрэг гэж хуульд заасан. Тэгэхээр 2000 оны үед таныг УИХ-ын гишүүн,  дараа нь Ерөнхийлөгч байхад Үндсэн хууль, бусад хуульд заасан эрх үүрэгт чинь бусдын эд хөрөнгийг хариуцах ёстой гэсэн үүрэг байсан уу?

-Бусдын эд хөрөнгийг эдлэх, хариуцах гэсэн заалт байхгүй.

-2008 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулийн 150 дугаар зүйлд урьд нь “…ал­бан тушаалын байд­лаа урвуулан ашиглах, хэтрүүлж завшсан бол…” гэсэн заалт байсан. Энэ заалтыг УИХ хүчингүй болгосныг та ер нь мэдэж байгаа юу?

-Мэдэхгүй.

-Та АТГ-ын дарга Н.Ганболдод 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг өгөхөөс татгалзах тухай  гэсэн албан бичиг явуулсан. Үүнийг таны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу  өөрийнхөө эсрэг мэдүүлэг гаргахгүй байх, Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хүний эрхийн гэрээ кон­венцийг биелүүлж байна гэж үзэж болох уу?

-Яг тийм зарчмаар татгалзсан.

-Таныг  хэд хоног урьдчилан хорьсон бэ?

-Нийтдээ 32 хоног.

-Таныг урьдчилан хорихдоо нь танаас хүчээр мэдүүлэг авахаар оролдсон уу?

-Мэдүүлэг авахыг оролдсон.

-Та хэрэв өлсгөлөн зарлаж, Монголын ард түмэн дэмжиж өөрөө өөрийгөө хамгаалаагүй бол өнөөдөр та Ганцхудагт хэвээр байх байсан болов уу. Юу гэж бодож байна?

-Би тэр үед мөрдөн байцаагч нарт ч хэлж бай­сан. Сонгуульд намайг оролцуулахгүйн тулд ийм ажлыг хийж байна гэсэн. Мэдээж өлсгөлөн зар­лаа­гүй бол яах байс­ныгаа сайн мэдэхгүй бай­на. УИХ-ын сонгуульд оролцох нэрсийн жагсаал­таас хууль бус үндэслэлээр хасагдсан. Одоо бол УИХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалтад оролцоогүй гэсэн зүйл явж байгаа.

-Таны туслах Б.Тул­гыг урьдчилан хорьсон байгаа?

-Тэгсэн.  14 хоног хорьсон.

-Японы байгууллага танд болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц та хоёрт Монголд буддын шашныг сурталчлах телевиз байгуул гэж тоног төхөөрөмж өгсөн үү?

-Яг тоног төхөөрөм­жийг бол тэгж өгсөн. Гэх­дээ телевизийг би өөрөө байгуулж чадаагүй. Санаа бодлоо хүмүүст хэлж байсан.

-Одоо тэр телевиз байгуулагдаад, зарим нэвтрүүлгээрээ Монголд бурхны шашныг сурталч­лаад л явж байгаа шүү дээ?

-Тийм.

-Та гэртээ нэг телевиз байгуулчихаад байлгаад байдаг юм биш биз дээ. Монголын ард түмний эрх ашигт энэ телевиз үйл­чилж байгаа биз дээ?

-Анх байгуулагдаж байхад буддын шашны нэвтрүүлгийг түлхүү явуу­лахыг их анхаарч байсан. Сүүлийн үед жаахан су­ларч байгаа гэсэн мэ­дээлэл байгаа. Гэхдээ  өөрийнхөө  үүссэн зарч­маар, Монголын уламж­лалт соёл, шашныг хад­галах, хамгаалах, сур­талчлах ажлаа цааш үргэлжлүүлж хийх ёстой гэсэн бодолтой байгаа.

-Та шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2002 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Японы буддын Агишу байгууллагын Ерөнхийлөгч Кирияами гуай энэ видео хэрэгслийг хандивлав гэ­сэн бичиг илгээсэн гэсэн. Та энэ тухайгаа бас ярьсан?

-Би Кирияама хамба лам, түүнд бидний хүсэл­тийг уламжилж байсан Кидассаки гэдэг шадар туслах нар энэ бэсрэг тоног төхөөрөм­жийг Н.Энх­баяр, Д.Чойжамц гэдэг хувь хүмүүст бэлэг­лэсэн гэж ойлгосон. Зү­гээр нэг са­нам­сар­гүйгээр бэлэглэсэн биш. Н.Энх­баяр, Д.Чой­жамц нарын Монголд болон Азийн бу­сад оронд  буддын шаш­ныг дэмжи­хээр явуулсан үйл ажил­лагааг нь үнэлж, цаашид энэ ажиллагааг тууштай явуулах хүмүүс байна гэж итгэсэн учраас ийм шийд гаргасан гэж ойлгож байгаа.

-Одоо таныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс, энд  сууж байгаа прокурорууд “Улаанбаатар таймс” со­ни­ны барилга байгууламж, “Өргөө” зочид буудлын Дүнжингаравын Зайсан дахь зочид буудлыг хувьдаа ашиглаад улсад асар их хэмжээний  хохирол учруулсан гэсэн ял төлөвлөж байгаа. Гэтэл нөгөө балгас тэндээ байгаа биз дээ. Тэнд олон сая төгрөгийн хохирол байна уу. Та юу гэж бодож байна?

-Энэ асуудал урьд нь надтай холбоогүй байсан учраас би сайн мэдэхгүй байсан. Сүүлд сонин хэв­лэлээр болон АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас шалгасантай хол­бог­дуулан өөрийн эрхгүй сонирхож эхэлсэн. Тэр утгаар нь авч үзвэл  Улаан­баатар хотын удирлагууд, албан тушаалт­нууд тухайн төслийг хэрэгжүүлэхдээ бүх хүнд ачааг,  тухайн төслийг хэрэгжүүлэхээр санал са­наач­лага гаргасан хүмүүст үүрүүлсэн мая­гаар хийсэн юм болов уу гэж бодсон. Би түүнд орол­цоогүй гэдэг нь тойруу замаар ингэж батлагдаж байгаа. Хэрэв би энд оролцсон бол ямар нэг байдлаар өөртөө ашиг­тай шийдвэр гаргуулахаар нө­лөөлж тэр обьект нь хямд­рах ёстой. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэд дарга Д.Дуламсүрэн  сая хэлэх­дээ 200 гаруй сая төгрө­гийн үнэтэй байсныг нь 400 гаруй сая төгрөг бол­гож дахин үнэлгээ хийл­гэсэн гэсэн. Хэрэв Монгол Улсын Ерөн­хий­лөгч Н.Энхбаяр нөлөөлсөн бол аягүй бол 200 гаруй сая төгрөг нь 100 гаруй сая болох байсан байх. Тэгэхээр үнийг нь нэмж албан тушаалаа ашиглана гэж байхгүй биз ээ.

Оройн 21 цаг хүртэл  шүүгчдэгчдээс асуулт асууж, хариулт авч байлаа. 21.15 цагт Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Ажлын цаг өнгөрсөн. Шөнийн цаг руу ойртож байна. Шинжээчдийн дүг­нэлтийг сонсох нь багагүй хугацаа шаардах учир шүүх хурлыг хойш­луулъя” гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавь­сан. Шүүгч нар улсын яллагдагчид болон өмгөө­лөгчдөөс санал авсны дараа хэлэлцээд шүүх хурлыг өнөөдрийн 09.30 цаг хүртэл хойшлуулав.

 

Х.ХУЛАН, М.ГАНЦЭЦЭГ, Б.НЯМСҮРЭН 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *