Н.Энхбаяр: Хаана хэлмэгдүүлэлт байна тэрийг бид засах ёстой

9-р сарын 27, 2015 3:48 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 86
9-27-1

МАХН-ын бүсийн зөвлөгөөнөө орон нутагт хийгээд дуусаж байгаа билээ. Хэнтийн аймгийн Дадал суманд есдүгээр сарын 19-нд болсон МАХН-ын зүүн бүсийн зөвлөгөөнд МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

*  *  *

Энд хуран цугларсан та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та бүхнийхээ оролцож буй энэ чуулга уулзалтыг зорьж ирж, та бүхэнтэйгээ уулзаж, хамт зургаа татуулж, санал бодлоо хуваалцаж байгаа нь үнэхээр сайхан байна. Наашаа ирэх замдаа би  хамт яваа нөхөддөө хэлж байсан. Миний бие Солонгост удаан хугацаагаар эмчлүүлж байхдаа Монголынхоо сайхан байгалийг санаж, энэ сайхан тэнүүн нутаг, өндөр уул,  Онон мөрөн, Туул голоо санаж байсан. Тэр тусмаа Дадал сум, Хэнтий аймаг миний сэтгэлд байнга оршдог. Ээж минь Хэнтий аймгийн Дадал сумын хүн. Би хар багаасаа зуныхаа амралтаар энд ирж, дүнзэн байшинд нь амарч, үнээгээ саахад нь тугал татаж өгч, сүүг нь зөөлцөж, зөөхийг нь машинд ачилцаж, орос маягаар барьсан талхан дээр жимсний чанамал, зөөхий түрхэж идэж өссөн болохоор тэр л амт, амьдралын хэв маяг нь  санагдаж, бодол сэтгэлээрээ хамт байж ирснээ дурсмаар байна. Хэнтий аймгийн Дадал сум бол Эзэн Чингис хааны төрсөн нутаг. Заримдаа Хэнтий аймгийхан маань хэтрүүлээд “Хэнтий аймгаас төрсөн суут хүмүүс”-ийнхээ жагсаалтад Е.Тэмүүжин гэж бичдэг юм байна лээ. Е.Тэмүүжин гэж хэн билээ гэхээр Чингис хаан шүү дээ гэдэг. Зөвхөн Хэнтий аймгийн  суут хүнээр тогтохгүй  дэлхийн суут хүн. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, зохиолч Цэдэндамбаа гуай жаахан халахаараа “Би Дадалынх аа, Чингис хаан бид хоёр нэг бригадынх” гэж агсамнах маягтай хэлдэг байсан юм. Бүх монголчуудын хувьд энэ газар Эзэн Чингисийн төрсөн нутаг. Түүнээс гадна миний ээжийн ч төрсөн нутаг. Миний өвгөд дээдсийн нутаг гэж хэлэх байна. Энэ нутагт аль болох олон ирэх юм сан гэж боддог. Сүүлийн үед өөрөөс шалтгаалах зүйлгүйгээр олон жил завсарлаж байгаад ирж байна, ирсэндээ баяртай байна. Гэхдээ энэ нутагт зон олон нь байнга санаж байлдаг нэгэн аюултай үзэгдэл дайрсан юм. Тэр үзэгдэл Монгол орон даяар дайрахдаа энэ нутгаар дайрсан юм. Энэ сумын айл өрх бүрийг хэлмэгдлийн хар шуурга дайрсан. Миний нагац өвөө Шарав, түүний  хүү Балжинням, миний өвгөд дээдсийг хэлмэгдлийн хар шуурга авч явсан. 1933 онд миний өвөө баривчлагдаж Орост цөлөгдсөн, тэнд амь насаа алдсан. Түүний дараа хүү нь 1937 онд мөн баривчлагдаж амь насаа алдсаныг ээж минь дурсч ярьдаг. Хэлмэгдлийн тэр жилүүдэд энэ нутагт эрэгтэй хүн  үлдээгүй. Эмэгтэйчүүд амьдрахын тулд, амьдралаа үргэлжлүүлэхийн тулд Дадал сумаа орхиж явахаас аргагүй болсон байдаг. Манай ээж, эмээтэй минь хамт хэдэн үнээгээ маллаж, саасан сүүгээ сментан болгож, барьсан талхаа зарж амьдралаа залгуулж байсан тухайгаа ярьж байсан. Эмээ баригдаад явсан нөхрөө байнга асууж, бүр мэргэч төлөгч дээр очин, мөнгө төгрөг өгч хувь заяаг нь тодруулахаар явдаг байсан гэдэг. Зарим хүн “Одоо ирнэ” гэдэг, зарим нь “Хэцүү болчихсон байна” гэж хариулдаг байсан гэнэ лээ. Тэр хөгшин амьсгаа тасартлаа нөхрөө ирнэ гэж хүлээж байсан. Сүүлд  өнгөрснийх нь  дараа, миний эмээ дээр Шарав өвөөгийн амьд ахуйдаа бичсэн захидал нь ирсэн гэдэг. Шарав өвөө Орост цөлөгдөн хоригдож байгаад тэндээсээ орос цэргийн тусламжтайгаар оргож, нутаг руугаа зүглэж явахдаа замдаа хүндээр өвдөж, тэгээд “Би хүнд өвчин туссан тул маш хүнд боллоо. Хэдхэн хоногийн дараа амьсгал хураах нь шиг байна” гэж захиа бичсэн нь олон жилийн дараа манай эмээг олж ирсэн  байсан. Энэ маш эмгэнэлтэй түүх. Гэхдээ ганц Энхбаяр гэдэг хүний өвөг эцгийг дайрсан юм биш, Монголын бүх айл өрхийг дайрсан. Тэр дотроо Хэнтий аймаг, Дадал сумын бүх айл, өрхийг дайрсан. Тийм учраас манай ээж өвөг эцгийнхээ, өвгөд дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэж, энд гурван өнгийн суварга босгосон байдаг юм. Та бүхэн бас харсан байх. Цагаан, шар, гүн  хөх  өнгөтэй гурван суварга байгаа. Нэг нь Очирваань бурхан, нөгөө нь Жанрайсаг, гурав дахь нь Манзушир бурхан. Юм мэддэг хүнээс очиж асуухад нь энэ гурван бурхны бэлгэ тэмдэг болсон суваргыг хэлмэгдэгдсэн дээдсийнхээ  дурсгалд зориулж босго гэж хэлсэн юм гэнэ лээ. Би тэр ажилд нь идэвхтэй оролцож чадаагүй ч гэсэн оюун санааны хувьд дэмжлэг үзүүлж, гол нь манай аав, ээж хоёр энэ суваргуудыг  босгосон юм. Хажууд нь хүрд эргүүлэхээр зассан байгаа. Хүрдэн дээр хэлмэгдсэн бүх хүний нэрийг бичсэн байдаг юм. Тэгэхээр тэр хүрдийг эргүүлэхэд тэр хүмүүсийг дурсч байна гэсэн үг.

Хэлмэгдэл аймшигтай үзэгдэл. Монголын лам хуврагууд, жирийн сэхээтэн, энгийн айл иргэдийг бүгдийг нь дайрсан аймшигтай хар шуурга. Энэ бол бас бидний бүгдийнх нь алдаа гэж хэлж болно. Яагаад гэвэл, тэр үед төр, засгийг барьж байсан хүмүүсийн алдаа. Өөрсдөө алдсан гэхээс илүү Сталины даалгавраар энэ хар шуурга Монголын айл бүрийг дайрч, монгол хүн бүхий зүрх сэтгэлийг зүссэн. Тиймээс бид тэр алдааг давтах ёсгүй. Би МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа МАХН-ын нэрийн өмнөөс, олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс 1930-аад оны, мөн түүний дараа болсон хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүйнх нь төлөө МАХН ард түмнээсээ уучлал гуйж байна  гэдэг мэдэгдлийг хийлгэсэн. Тэр үед Үндсэн хуульд  бичигдсэн байсан, намын шийдвэр төрийн шийдвэр болдог, төрийн шийдвэр намын шийдвэр болдог гэж. Энэ хоёр хоорондоо салшгүй холбоотой байсан. Гэхдээ 1990 онд нам намаараа, төр төрөөрөө байхаар тогтсон байгаа. Түүнээс хойш МАХН хэлмэгдэлтэй холбогдуулж уучлал гуйх ёстой, нөхөн төлбөрийг нь төр хийх ёстой гэсэн зааг ялгаа гарсан юм. Бид уучлал гуйхаас айдаггүй. 1997 онд айгаагүй, одоо ч айхгүй байна. Дандаа уучлал гуйсан ч бэлэн байна. Уучлал гуйна гэдэг бол алдааг давтуулахгүй байхын төлөө хийж буй алхам. Харамсалтай нь МАХН өнөөдөр хэлмэгдэж байгаа, энэ намын дарга би өөрөө, намынхаа түүхийг авч үлдэхийн төлөө, Ч.Улаан сайдын хэлсэнчлэн Монголынхоо баялгийг ард түмэндээ өгөхийн төлөө, шударга ёсыг тогтооын төлөө тэмцэж байгаад хэлмэгдэж байгаа. Хэлмэгдэл аймшигтай үзэгдэл, тэр зүгээр нэг үлгэр домог, зохиол биш. Тэр бол бодитой түүх. Би өөрөө энэ түүхийг туулж, та бүхэнтэйгээ хамт тэмцсэн. Амаргүй хэдий ч би та бүхнийг намайг дэмжиж байгааг харж байсан учраас, өрөвдөж хайрлаж байгаа учраас, бие чинь сайн уу гэж асууж байгаа учраас, миний хүү давна шүү гэж захиж байгаа учраас би тэмцэж байгаа. Та нартайгаа хамтраад үүнийг давна аа.

Уучлал гуйна гэдэг мартахын нэр биш. Хэзээ ч мартахгүй. Уучлал гуйж байгаагийн цаана өшөө хорсол байна. Бид өшөө хорсолд автахгүй. Гэхдээ бид мартахгүй. Тийм учраас МАХН байгаа цагт өшөө хорсолд автах  ёсгүй. Төр, засгийг барьж байгаа, хэлмэгдлийг хийж байгаа хүмүүст би  хэлж байгаа. Энэ хэлмэгдэл Энхбаяраар л дуусаг. Өөр хүмүүсийг битгий хэлмэгдүүл, манай намынхныг битгий хэлмэгдүүл. Энэ хэлмэгдүүлэлтийг Энхбаяраар л дуусга. Яагаад гэвэл би давж чадна. Хүн болгон давж чадахгүй. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн, тиймээс  давж чадна. Би МАХН-ын дарга учраас давж чадна. Манай өвгөд дээдэс хэлмэгдүүлэлтийг туулж явсан учраас, би багаасаа хэлмэгдүүлэлтийн муухайг мэддэг  учраас, хар багаасаа хатаагдсан учраас давж чадна. Би давж чадахгүй бол ард түмэн бууж өгнө. Намайг барьснаар бүгдийг нь айлгасан байна лээ. Гэхдээ би өнөөдөр та бүгдийнхээ өмнө зогссоноор та бүхэн минь эргээд  сэргэж байна. МАХН гэсэн дөрвөн үсэг бүхий улаан малгайгаа өмсөөд бид өнөөдөр чуулж байгаа учраас ард түмэн сэргэж байгаа юм байна лээ. Бид цугларснаар ард түмний сэтгэлд хүйт даан үургасан айдсыг зайлуулж байгаа юм байна лээ. Бид шударга үнэнийг ярьснаар, Оюутолгойг, Тавантолгойг ярьснаар, социал демократ үзлийг ярьснаар, монгол орны хөгжил дэвшлийг ярьснаараа ард түмний сэтгэлд байгаа мухардлыг арилгаж байгаа. Бидний зөвлөгөөн өнөөдөр 200-300 хүний дунд болж байна гэж зарим нь бодож байгаа байх, тэгвэл үгүй. Үүний цаана ард түмэн харж байгаа. МАХН-ынхан хүрээд ирчихсэн байна, намынхантайгаа, ард түмэнтэйгээ, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байгаа юм байна, овоо доо гэж байгаа. Ирээд ярьж байгаагаас нь, гудамжинд тааралдаад гар даллаж байгаагаас нь, уулзаад мэндэлж байгаа хүмүүсээс би үүнийг мэдэж байна. Тиймээс бүгдээрээ зоригтой байна шүү.

Яаж хэлмэгдсэн бэ гэдгийг минь зарим хүн мэдэхгүй царай гарган асууж, хэлмэгдээгүй юм шигээр ярьж байгаа. Үндсэн хуульд заасан цөөхөн хэдэн заалтыг уншиж өгье,  бүгдийг уншвал цаг их орох байх. Үүгээр би та бүхэндээ, та бүхнээр дамжуулан яаж хэлмэгдсэн бэ гэдгийг товчхон тайлбарлаж өгье. Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл би агаар амьсгалъя гэхэд хориглосон, агаар амьсгалж болохгүй гэнэ ээ. Би эх орныхоо  агаар салхиар нь амьсгалахгүй юм бол  миний бие эдгэхгүй шүү дээ. Энэ хөрс шороонд өссөн юм чинь надад өөр газрын агаар зохихгүй шүү дээ. Тийм учраас би дандаа Монголынхоо агаарыг амьсгалахын төлөө, амьдрахын төлөө та бүхэнтэйгээ хамтран тэмцэх болно. Энэ тэмцлийн цаана Монгол Улсын иргэн хүн болгон энэ нутагтаа, эх орныхоо агаараар амьсгалахын төлөө бүгдээрээ тэмцэнэ шүү. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д төрийн байгууллагад Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж бичсэн байгаа. Гэтэл  2012 оны сонгуульд намайг болон манай намын хэд хэдэн хүнийг сонгох, сонгогдох эрэхэс нь хассан. Намайг хасахдаа мэдлэг боловсрол дутуу гэж хассан. Хоёрдугаарт, энэ хүн удахгүй гэмт хэрэгтэн болох гэж байгаа гэж хассан. Мэдлэг боловсролын хувьд бол би өөрийгөө одоогийн төрд байгаа нөхдүүдээс дутуу биш байх гэж боддог. Яагаад гэвэл, би түрүүн Ч.Улаан сайдын ярьсанчлан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Монголын их өрийн асуудлыг шийдэж байхад миний мэдлэг боловсрол дутаагүй. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буштай уулзаж Монгол Улсдаа буцалтгүй тусламж авч байхдаа миний мэдлэг боловсрол дутаагүй. “Мянганы зам”-ыг нөхдийнхөө хамтаар шийдвэрлэн хэрэгжүүлж байхдаа миний мэдлэг боловсрол дутаагүй. Үндэсний  хөгжлийн бодлогыг боловсруулж байхад ч миний мэдлэг боловсрол  дутаагүй. “Удахгүй гэмт хэрэгтэн болно, тийм учраас УИХ-ын гишүүн болж болохгүй” гэдэг бол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-ийг зөрчсөн. Гэм буруутай нь зөвхөн хуулийн дагуу, шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэж заасан байдаг. Шүүх хурал болоогүй байхад, Сонгуулийн  хороо мэдээд энэ удахгүй гэмт хэрэгтэн болох гэж байгаа учраас сонгуульд оруулж болохгүй гэсэн шийдвэр гаргаж сонгогдох эрхийг хассан. Захиалгат хэрэг үүсгэсэн. Энэ баримт баривчлах ажиллагаа яаж хийгдсэнийг нотлож байгаа юм. Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйлдэл. 16 дугаар зүйлийн 16.13-т  хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч барьж байцаах эрхгүй гэж бичсэн байгаа. Намайг 2013 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө баривчлахдаа шүүхийн шийдвэр гаргахгүйгээр баривчлах гэж оролдсон. Үүнийг нь тайлбарлаж, эсэргүүцэхэд гэртээ сууж байсан эмэгтэй шүүгчийг дарамталж байгаад ажлын бус цагаар, өөрөөр хэлбэл орой 19-20 цагийн үед гэрт нь суулгаж байгаад гарын үсгийг нь зуруулж намайг баривчлах шийдвэр гаргуулсан. Ажлын байран дээрээ биш, гэртээ АТГ-ын дарамтаар ийм шийдвэр гаргасан. Тэр нь хууль бус шийдвэр. Хууль бусаар хэнийг ч нэгжиж, баривчлахгүй гэж Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т бичсэн байгаа шүү дээ. Энэ хэлмэгдүүлэлт. Хуулиас гадуур болж байгаа үйл ажиллагаа бүгд хэлмэгдүүлэлт.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэж заасан байгаа. Намайг ирэх болгонд гадаад явах эрхийг хаадаг.  Одоо ч хаачихсан байгаа. Тэгээд чамд хэлсээр байтал чи ирчихсэн  шүү дээ гэж байгаа. Эднээс айгаад би нутагтаа ирэхгүй байх юм уу. Аав ээжтэйгээ уулзахгүй юм уу. Та нартай уулзахгүй юм уу. Ард түмэнтэйгээ мэндлэхгүй юм уу. Үгүй ээ, би тэднээс айхгүй. Дахиад баривчлаг л дээ. Ард түмнээ айлгахгүйн тулд би айхгүй гэж хэлж байгаа юм. Эх орондоо ирэх гэхээр дандаа айлган сүрдүүлнэ. Баривчилна шүү, ирэх хэрэг байна уу гэж. Намайг айхгүй болохоор миний үгийг нь сонсох болов уу гэсэн хүнээр хэлүүлнэ. Ирээд хэрэг байна уу даа гэж. Манай аав, ээж хоёр хүртэл айж байгаа шүү дээ. Миний хүү ирээд хэрэг байна уу гэж. Уг нь хурдан гэртээ ирээсэй гэж хүсч л  байгаа. Ээж минь хэлмэгдүүлэлтийг өөрийнхөө амьдралаар мэдэрсэн, туулсан болохоор “Миний хүү хурдан гэртээ ирж, аав ээжтэйгээ уулз. Гэхдээ ирээд хэрэг байна уу, үгүй юу. Ирж болох нь уу, үгүй юу” гэдэг. Ингэж нас сүүдэр 80 гарсан ээжийг минь сэтгэл санаагаар дарамталж байна. Энэ юу юм бэ, хэлмэгдүүлэлт биш юм уу. Ажлаа хийж байгаа байдал нь энэ үү. Тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй гэж Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д бичсэн байгаа. тайван жагсаал, цуглаан хийсэн З.Баянсэлэнгийг барьж байсан. Яагаад тэгсэн гэхээр цагдаагийн эрхэнд халдсан хэргээр. Цагдаагийн эрхэнд яагаад халдсан гэхээр З.Баянсэлэнгийг чирч гулдчаад байхаар нь цагдааг түлхсэн байгаа юм. З.Баянсэлэнгийг чирч гулдчиж болдог, өөрийгөө хамгаалж хувцсанд нь хүрэх төдийд цагаа тийм эмзэг “надад халдсан” гээд 14 хоног шоронд хийсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэсэн зарчмыг удирдлага болгож, аль болохоор намуудыг, ард түмнээ эвлэрүүлэхийн төлөө тэмцдэг байсан. Гэтэл өнөөдөр Төрийн тэргүүнээр ажиллаж байгаа хүн яаж холион бантан хутгаж, хооронд хэрэлдүүлж, аашилж загнаж, хууль бусаар үүрэг даалгавар өгч ажиллаж байгааг та бүхэн харж байгаа. Прокурорын байгууллагад очоод Энхбаярыг өршөөхгүй, би одоо Өршөөлийн хуульд хориг тавина. Хоригийг хүлээж авмагц Энхбаяр дээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж хэрэгтэн болго гэсэн үүрэг  даалгавар өгсөн шүү дээ. 40 минут загнаж байсан шүү дээ. Өөр газар бол, ардчилсан бусад оронд бол  ийм зүйл хийх боломжгүй. Бүх хуулийг зөрчиж байна шүү дээ. Хууль зөрчсөн ажиллагааг хуулийн  байгууллагад чиглүүлж өгч болохгүй гэсэн тэр зарчим бүгд зөрчигдсөн. Тэр хүн өөрөө өөрийгөө илчилсэн учраас би үүнийг хэлж байгаа юм. Өмнө нь бол тэр хүн юмны ард нуугдаад би биш гээд суугаад байдаг байсан учраас зарим нь итгэдэггүй байсан. Одоо бүгдээрээ мэдсэн. Хэн нь хэн бэ гэдгийг бусад ойлгосон. Сүүлийн хэд хоногт Гансүхийн шүүх хурал гэж шог гараа болж байна. Ямар муухай аргаар шүүх, прокурортойгоо нийлж тэр хүнийг заавал яллах гээд худал шинжээч гаргаж  байна шүү дээ.Түүнийг нь нийт ард түмэн харж байна. Тухайн үед намайг шүүж байхад ард түмэн телевизийн шууд нэвтрүүлгийг хараад худал юм байна гэдгийг ойлгосон.  Та бүхэн санаж байгаа байх. Надад яаж хэрэг тулгасныг. Улаанбаатар хотын төвд  нурсан балгасны доорх газрыг намайг өөр хүмүүсээр дамжуулан хувьдаа авсан. Улаанбаатар хотод их хэмжээний хохирол учруулсан гэж ялласан. Би шүүх хурал дээр асуусан. Шинжээчийн дүгнэлт гаргаж буй Зориг гэх хүнээс “За, Зориг оо. Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн ойролцоо байгаа нурсан байшингийн доорх газрын гэрчилгээ хэний нэр дээр байгаа юм бэ.Гэрчилгээ хэний нэр дээр байна, түүнээс бүх юм шалтгаална. Хэрэв миний нэр дээр байгаа бол та нар намайг тэр газрыг хувьдаа авч Улаанбаатар хотыг юм уу, хэн нэгнийг хохироосон гэж болно. Хэрэв өөр хүний нэр дээр байвал яах вэ. Чи нэг хэлээдэхээч” гэсэн. “Улаанбаатар хотын нэр дээр байгаа” гэж хариулсан. Улаанбаатар хотын нэр дээр байгаа газрыг би яаж үнэгүй авч хохироосон байх вэ. Улаанбаатар хот  өөрийн нэр дээрээ газрын гэрчилгээгээ байлгаж байгаа атлаа хохирно гэж байх уу. Гэтэл прокурор Ё.Сагсай “Та тэр газрыг авах чинь  яасан юм бэ. Аваагүй байна шүү дээ. Аваагүй учраас гэмт хэрэг” гэсэн. Ингэж намайг ялласан. Дараачийн асуудал нь  “Өргөө” зочид буудалд Хуяг гэж залуу өөрөө  хөрөнгө оруулж засаад  Улаанбаатар хотын хөрөнгөөр бүртгүүлсэн байгаа. Гэтэл үүний цаана Энхбаяр байгаа Улаанбаатар хотын хөрөнгийг үнэгүй идсэн гэдэг. Хуяг гэдэг хувь хүн Энхбаярт ямар хамаатай юм бэ. Гэтэл таны туслахын ах учраас та хамаатай гэсэн. Би Чингис хааныхаа тухай ном хэвлүүлсэн юм, Их Монгол Улсын 800 жилийн ойд зориулж. Олон улс орны төрийн тэргүүнд хандаж, манайЧингис хааны тухай та юу гэж боддог вэ, тэр санаа бодлоо бичиж ирүүлээч. Бид ном болгож хэвлүүлнэ гэсэн. Францын Ерөнхийлөгч Ширакаас авахуулаад олон орны төр засгийн тэргүүнүүд Чингис хааны тухай маш сайхан гүн гүнзгий дүгнэлтүүдийг бичиж ирүүлсэн юм. би тэр бүхнийг эмхтгэн засч янзалж, баяжуулж, редакторлож ажлын хэсэг ажиллуулж байгаад ном болгон хэвлүүлсэн, тэрийг засгийн мөнгөөр хэвлүүлээгүй. Солонгос улсад хэвлүүлээд МИАТ-ээр хямд өртгөөр зөөлгөж,  800 жилийн ойн хамгийн хүндтэй бэлэг гээд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд, бусад сайд нар гадаадын хүндэт зочдод бэлэглэсэн юм. Тэрийг зарж борлуулаагүй, тэрнээс хэн ч ашиг олоогүй. Харин Монгол Улсын түүхийг баталгаажуулсан. Монгол Улсын тусгаар тогтнолын түүхийг баталгаажуулсан. Ийм чухал ном болсон. Гэтэл намайг тэр номыг хэвлүүлсэн, хэрэглэсэн, МИАТ-ээр хямдралтай үнээр зөөлгөсөн болгож гүжирдээд ял өгөх гэж оролдсон. Энэ юу вэ, гучин хэдэн онд Гитлерийн Германд  ном хэвлүүлсэн хүмүүсийг баривчилдаг байсан шүү дээ. Энэ мэтээр яриад байвал олон зүйл бий. Товчлоод хэлэхэд, ийм хэлмэгдүүлэлт өнөөдөр Монголд болж байна. Үүнийг сөрж манай нам босохгүй бол бусад нам чадахгүй. Ардын нам бол үүнтэй эвлэрчихсэн байна. Ардчилсан нам үүнтэй бас эвлэрсэн юм уу, эсвэл эвлэрэх гээд байгаа юм уу, ойлгомжгүй байдалтай байна. Харин МАХН бол хэлмэгдүүлэлт байх ёсгүй гэж зоригтой дуугарч, хэлмэгдүүлэлтийг сөрж, хатуу зогсохгүй  бол цаашид энэ явдал даамжирч, ард түмэн хэлмэгдэж, хөрөнгөө булаалгаж, зүв зүгээр байж байгаад шоронд орж, айл өрх өртөж, гэр бүл салж сарниж, Монгол орныг хэлмэгдлийг хар шуурга улам хүчтэй дайрах хандлага байна. Одоо бүх ард түмэн  Энхбаяр, МАХН руу харж байна. Энхбаяр хэлмэгдлийг сөрж чадах нь уу, тэгвэл бид зоригжно. Зоригжихийн тулд үлгэр жишээ, манлайлал хэрэгтэй байдаг юм байна. Бүгдээрээ манлайлагч болъё. Хэлмэгдлийг таслан зогсоох манлайлагч болно гэж та бүхэндээ уриалж байна.

МАХН гэж юу билээ гэж сүүлийн үед хүмүүс боддог болж байна. Гэхдээ шүүмжлэх тал руугаа их боддог. Намууд талцаж хуваагдлаа, намын нэрээр янз янзын муухай юм хийж байна. Намуудын нэр хүнд унаж байгаа.  Би ч гэсэн өөрийн намд шүүмжлэлтэй хандах юм зөндөө бий. Үүнийг засах ёстой. Бид өндөг шиг өөгүй, бусад дандаа муу муухай байдаг юм биш. Бид улам идэвхтэй, улам эв нэгдэлтэй, улам санаачилгатай, ард түмэндээ улам ойртож, ойр дотно  болох хэрэгтэй байна. Ямар муухай юм болж байгааг ярьж, нэгдсэн нэг ойлголтыг Монгол оронд бий болгох хэрэгтэй байна. Хийх ажил их байна. Гэхдээ бид цалгар назгай байна. Ард түмэн биднийг харж байна. МАХН хийж үүнийг  магадагүй гэж харж хүлээж байна. тэр нь юугаар илэрч байна гэхээр та биеэ бодоорой, танай намынхан улам сайн ажилладаг болоорой. Эд нартай адил хэлсэн амнаасаа буцахгүй биз гэж хэлж байгаа үг, асууж байгаа асуултаас нь мэдэгдэж байна. Та нар эд нартай адил хэлснээсээ буцаж алга болохгүй биз гэж байгаа чинь ойлгомжтой шүү дээ. Одоо бид асуултад нь тийм ээ, хэлсэн амандаа хүрнэ гэж хариулъя. Ард түмэн биднийг харж байна. хүлээж хүсч байна. 2016 он тэр утгаараа зөвхөн манай намын хувьд биш, нийт ард түмний хувьд намын дарлалаас, муу муухай бодлогоос, МАНАН буюу хоёр намыг муулах бус ерөөс хариуцлагагүй байдлаас, худал хэлэх хий үзэгдлээс, хэлсэн амандаа хүрэхгүй байх явдлаас, нэг нэгийнхээ араар орж хариуцлагаас мултрах үзэгдлээс, өмч хөрөнгийг цадаж ханахаа мэдэхгүй идэж уудаг явдлаас ангижруулах түүхэн сонголтын үе гэж харж байна. Үүнээс салъя гэж байгаа ард түмэн бүгд МАХН-д итгэж,  саналаа өгч байж Монгол Улсыг аварна. Бид өнөөдөр сайн бодох ёстой. Бид  тэр хэмжээнд байх мэдлэг боловсролтой байх ёстой. Өөртөө итгэлтэй болох ёстой. Та нар итгэлгүй байх аваас ард түмэн итгэлгүй байх болно. АН өнөөдөр дотооддоо, бие биедээ итгэхгүй болж эхэлж байна. МАХН өөртөө итгэхгүй бол ард түмэн итгэхгүй. МАН  өөртөө итгэж чадаж байна уу үгүй юу. Энэ бүхнийг ард түмэн харж байна. Тэд хөнгөхөн аргаар, хямдхан аргаар ард түмнийг хуурч чадахгүй. Хөгжлийн төлөө бодлогоор, эв нэгдлээр, өөртөө итгэлтэй байдлаар ард түмнийг татаж түрүүлж явна. Тэгэхээр бид 2016 онд сонгуульд өрсөлдөх бодлогоо бэлдэе. Бид АН-аас дутуугүй, бид илүү байх ёстой. Илүү байж, мэдлэгээр, бодлогоор, ёс сутрхуунаар, хэлсэн амандаа хүрдгээрээ илүү байж ялна. Бид бүгдээрээ илүү болъё. Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн 2008 оны Бээжингийн олимпийн боксын тэмцээнийг тайлбарлаж байхдаа өөрөө гараад зодолдож байгаа юм шиг гар хөлөө хөдөлгөөд “Илүү илүү, илүү” гэж байсан. Тэрэн шиг бид илүү, илүү, илүү болъё л доо.  Гэхдээ боксд гэсэн үг биш шүү, ухаанаа уралдуул. Зүтгэлээрээ уралд. Бид илүү байж чадна. Тэгэхдээ ганцаараа зүтгээд илүү болж чадахгүй. Ганц хүн айл болохгүй, ганц мод түлээ болохгүй. Бид багаараа байж л хүчтэй.  Үүнийг бас ойлгох ёстой. Бид маш сайн баг болж бүрдэх  хэрэгтэй. Улс орныг удирдаж авч явна гэдэг нэг хүний хийдэг ажил биш. Энэ хариуцлага хүлээж чаддаг маш  том багийн ажил, энэ зүгээр нэг тоглоом биш. Улс орны ирээдүй,   бидний ирээдүй, бидний хүүхдийн ирээдүй, Монголын ард түмний ирээдүй учраас энд маш хариуцлагатай баг гарч ирж ажиллах ёстой. Нам гэдэг бол баг. Нэг хүн засгийн эрхийг авна гэж байхгүй, нэгдсэн баг л авч чадна. Өнөөдрийн тогтолцоогоор 48 тойрогт, 28 хүн намын нэрсийг жагсаалтаар сонгогдоно. Дор хаяж 76  хүний баг байх нь байна шүү дээ. Энэ баг үзэл баримтлалтай байх ёстой. Гэхдээ нэг хүний бус нэгдсэн үзэл баримтлал, нийлээд ард түмнийг араасаа байлдан дагуулах үзэл баримтлал хэрэгтэй, боловсролыг яах вэ, эрүүл мэндийн салбарыг яах вэ, дэд бүтцийг ячах вэ гэх зэргээр. Бидний энэ үзэл баримтлал маш олон улс оронд амжилттай хэрэгжиж байгаа. Г.Шийлэгдамба даргын хэлснийг товч тайлбарлахад төр ард түмний өмнө үүрэг хүлээдэг. Нийгмийн давхаргын ялгаа байхгүй, төр иргэнээ халамжлах ёстой. Ядарч байгаа хүн бүхний төлөө зүтгэх энэ үзэл баримтлал бол  хамгийн шударга үзэл. Ч.Улаан гишүүн  бид нэг Засгийн газарт ажиллаж байсан. Тэр үед бид ийм л зорилгоор ажиллаж байсан. Хаана монгол хүн зовж байна тэнд манай нам, манай Засгийн газар гэж ярьдаг байсан. Тэр зорилго маань өнөөдөр ч хэвээрээ. Хаана монгол хүн зовж байна вэ, тэнд МАХН, хаана хүүхэд сургуулиас завсардаж байна, хаана монгол хүн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна, хаана хүнд суртал байна, хаана хэлмэгдүүлэлт байна тэрийг бид засах ёстой. Чадахгүй байлаа гэхэд хамт суугаад тэр хүний сэтгэл санааг дэмжье. Ч.Улаан гишүүний хэлдгээр цөхрөнгөө битгий бар. Битгий цөхөр. Сайхан цаг ирнэ. Хамтдаа сайхан цагийг үзнэ. Ийм сайхан үзэл юм шүү, социал демократ үзэл чинь.

Манай  нам үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан байх ёстой. Хэнтий аймгийн Дадал суманд байх ёстой, Дорнодын Дашбалбар суманд байх ёстой, Ховдын Булганд байх ёстой. Хамгийн холын суманд ч байх ёстой. Тийм учраас бид зуутаа улсын хэмжээнд байгуулах хэрэгтэй. нэлээн олон суманд байгаа. Гэхдээ энэ ажил сэргэх ёстой, идэвхжих ёстой, ондоо багтаан дуусгах ёстой. Ингэхгүй бол бид ард түмэндээ хэлсэн үгээ, хийсэн ажлаа хүргэж чадахгүй. Энэ бол бидний  суурь. Ийм суурьгүйгээр бид ажиллаж чадахгүй. Бид төр, засгийн зарим хүн шиг ярьсаар суух болно. Одоо яриад хэрэггүй, одоо үг олдлоо, үхэр холдлоо. Одоо ажил хийх хэрэгтэй. МАХН бусдаас дутуугүй ярина, гэхдээ бусдаас илүү ихийг хийх ёстой. МАХН гэж юу вэ. Монгол уламжлалаасаа, буддын сургаалиасаа эхлээд ярья. Манай уламжлалт шашинд бодьсадва гэж ойлголт бий. Манзушир гэдэг чинь, тэр Жанрайсаг гэдэг чинь, Очирваань гэдэг чинь бодьсадвагаар хэмжигдэнэ. Бодьсадва гэж юу вэ гэвэл маш товчхоноор хэлэхэд өөрөө гэгээрчихээд, диваажинд очиж жаргах бололцоотой байсан ч зовж буй биднийг хараад зовлонг нь хуваалцъя, яаж гэгээрэхийг зааж өгье, тэгээд хамгийн сүүлчийн хүн гэгээртэл энэ газар дэлхийд дахин дахин төрж өөрөө зовлон амссан ч гэсэн шантралгүй зүтгэсээр байгаад хүмүүсийг бүгдийг нь диваажинд аваачиж гэлэн болгоё гэсэн зорилт дэвшүүлсэн бодьсадва нар. Тэр маш том зорилт юм. Тиймээс бид бодьсадва нартай адилхан.

Намын гишүүн болно гэдэг амиа бодохын нэр биш. Бид гэртээ амиа хоохойлж суухгүй. Бид болж байна, бусад яахав гэж бодохгүй. Бид гэртээ сонин шагайж, телевизтэй хэрэлдэж суухгүй. Бид намтай бол, үзэл бодолтой бол,  тэгээд хамтраад ард түмэндээ тусал. Бид бие биедээ тусална, хөдөөгийнхөндөө тусална. Залуустаа тусална. Ийм бодьсадвагийн сэтгэл та нарын дотор төрсөн учраас өнөөдөр МАХН-д элсч байгаа. Наанаа бол та нарт хэн нэгэн хүн хэлэхээр намд элсчихлээ гэж бодож байгаа. Тэгвэл учиртай шүү. Элсээч гэж хэлэх хүн таарахгүй байж болно шүү дээ. Гэтэл  элсч байгаа  чинь та нарын дотор бусдад туслах сэтгэл байгаа гэсэн үг. Тийм учраас та нар энд сууж байна шүү дээ. Тиймээс та нар дотроо байгаа тэр сайхан үрийг өсгөөрэй. Гэхдээ харамсалтай нь  албан тушаалд очихоороо, эрх мэдэлд очихоороо ялзардаг үр биш шүү. Тэгж эвдэрч болохгүй. Нам гэдэг түүгээр дамжин албан тушаалд очдог, очоод дураараа авирлах, элдэв ааш араншин гаргаж  бусдыг  загнах хэрэгсэл биш. Тийм болсон учраас намуудыг өнөөдөр хүмүүс шүүмжлээд байгаа юм. Манай нам тийм биш. Манай нам бодьсадва нарын нам. Тэр хэмжээнд бүгдээрээ намаа бодъё. Бодьсадва дээр албан тушаал өөрөө орж ирдэг юм. Бодьсадва болоогүй хүн яаж ч зүтгээд албан тушаал авч чадахгүй. Чадахгүй болохоороо гомдоод цаашаа явдаг. Тэр бодьсадва болоогүй байхгүй юу. Тийм учраас та бүхэн маань бодьсадва болоорой. Бодьсадва гэдэг хүмүүсийн дунд орж зовлон жаргалыг нь хуваалцдаг хүн юм. түүнээс биш Энхбаяр дарга намайг бодьсадва гээд хэлчихлээ, би бодьсадва болчихсон гээд сандал дээр суухын нэр биш. Хамгийн ариун явдалтан өвдөж зовж буй хүмүүсийн дэргэд очиж суудаг. Арц хүж үнэртсэн ариун сайхан газар, саруул  том өрөөнд, зөөлөн олбог сандалд өөрийгөө жаргааж буй хүн бодьсадва биш шүү. Тэр бол тэр хүн өөрийгөө хуурч байгаа хэрэг. Хэрэв чи зовж буй хүний дэргэд очоод шархыг нь цэвэрлэж, идээг нь арчиж боогоод өгвөл, тусалж чадахгүйч гэсэн гарыг нь бариад сууж байгаа бол чи бодьсадва шүү. тэр өмхий байж болно, Тэр шарх нь идээлээд муухай үнэр танар орсон байж болно, сууж байгаа ширдэг нь хиртэй байж болно, тэр хүний гар нойтон байж болно, цус урсч байж болно, гэхдээ чи тэр хүний дэргэд сууж байгаа бол чи бодьсадва шүү. Чи сүм хийдийн анхилуун үнэрт газар сууж байгаа хүнээс илүү бодьсадва шүү. Ингэж бүгдээрээ намаа ойлгож, ингэж бүгдээрээ ажиллая. Ингэж ард түмэн дээрээ очиж туслая. Ингэж ард түмнээ харж инээе. Далай ламыг та бүхэн хар. Дандаа инээдэг. Хэдүүлээ инээдэг нам болъё. Хүмүүсийг инээлгэдэг нам болъё. Очирваань бурхан жаахан ширүүн дүртэй байж магадгүй. Гэхдээ тэр бол зүгээр л  ихэмсэг төрх юм. Очирваанийн ширүүн дүрийн цаана нигүүлсэнгүй сэтгэл байгаа юм. Тэрийг ойлгохгүй байгаа, тэр инээмсэглэлийг ойлгохгүй байгаа хүнд ойлгуулахын тулд тийм дүрээр заларч байгаа юм. Заавал тэгж ойлгуулах гэж тийм дүр эсгэж яах юм, тийм биз. Болж өгвөл инээмсэглэе бүгдээрээ. Солонгост явж байхад хүмүүс дандаа инээж мэхэлздэг юм билээ. Танихгүй хүн ч гэсэн мэндэлнэ. Бид болохоор танихгүй байж энэ яах гээд байгаа юм бол гэсэн хандлагаар ханддаг. Тэгээд нэг л юм болох нь гээд муухай хараад л. Гэтэл тэр хүн зүгээр л мэндэлж байна шүү дээ. Гэтэл бид тийм л хэмжээнд очсон байна шүү дээ. Ерөөс инээмсэглэл бэлэглэнэ гэдэг гоё. Заавал би жинхэнэ инээнэ гээд хүлээгээд байх юм уу. Инээд хүнийг залуужуулдаг. Сэтгэлийг залуужуулна. Муухай юм бодсон ч гэсэн инээгээд тайвширдаг. Тэгж бүгд инээдэг нам болъё. Ард түмнийхээ дунд ажиллая.

Гэхдээ та нар Энхбаяр дарга сүм хийдэд битгий оч гэсэн гээд очихоо больчихов. Би  зовсон үед бурхан болох илүү магадлалтайг хэлсэн юм. Сүм хийдэд очих гоё. Ариун сайхан ая данг сонсох нь гоё. Хэр бодитой болж байгаа вэ гэдгээрээ хамгийн гоё. Зовлон үзсэн хүн гэж монголчууд ярьдаг. Зовлон үзсэн хүн гэдэг чинь бодьсадва болох гэж байгаа, болж магадгүй хүн гэсэн үг. Жаргаж байгаа хүн бодьсадва болно гэхэд хэцүү. Бараг боломжгүй. Бурхан багш өөрөө жаргалаас зугтаж, зовлон руу орж байж бодьсадва болсон шүү дээ. Аав нь өлсөхийг, өвдөхийг, өтлөхийг  үзүүлэхгүй гээд дандаа залуу хүмүүсээр хүрээлүүлж байтал бурхан багш өөрөө нэг өдөр хиймэл ертөнцөл амьдарч байгаагаа ухаарч, хааны ордноо орхиод, орхимж нөмөрч үсээ хусуулаад  эгэл амьдрал руу орсон байдаг. Хэрэв тэр ордондоо байсаар байсан бол хэзээ ч бурхан болохгүй. Тийм учраас жаргалын дунд бурхан болох хэцүү. Өнөөдөр МАН жаргалын дунд бурхан болсон нам болно гэвэл чадахгүй. АН бас адил. Бид хэлмэгдэж байгаа учраас чадна. Тиймээс хэлмэгдлийг зовлон гэж ойлгож хүлээж авах хэрэггүй. Бид асар их ухаарлыг авч байгаа, энэ бидний нүдийг нээж буй сорилт гэж хүлээж авах хэрэгтэй. Бид тэрийг давж  чадна аа.

1 Сэтгэгдэлтэй

Melloney
2016 оны 12-р сарын 1

Great article but it didn’t have evyg-thinreI didn’t find the kitchen sink!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *