Н.Энхбаяр даргад зориулж жүжиг дэглэсэн учраас бид тэмцэж байна

9-р сарын 25, 2012 10:08 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 171

Ц.БАТБОЛД

 

“Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөн өрнөөд хоёр сарын хугацаа өнгөрөв. “МАХН-ын дарга Н.Энхбаярт улс төрийн зорилгоор ял тулгахаа боль, Хэлмэгдүүлэлтээ зогсоо” хэмээн шаардсан иргэдийн гарын үсгийг цуглуулах аяныг хөдөлгөөний залуус зохион байгуулсан юм. Одоогоор 20 гаруй төрийн бус байгууллага,  60 гаруй мянган иргэн хөдөлгөөнд нэгдээд буй гэнэ. Энэ талаар МАХН-ын Баянгол дүүргийн дэд дарга Г.Улаанбаатартай ярилцлаа.

 

-”Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнөөс зохиож буй ажлын үр дүн ямар байна. Хэдэн залуусыг эгнээндээ нэгтгээд байна вэ?

-Хөдөлгөөн орон даяар өрнөж байна. Одоогийн байдлаар Н.Энхбаяр даргыг суллахыг шаардсан 60 гаруй мянган хүний гарын үсэг цугласан. Үүний 30 гаруй хувийг залуус эзэлж байна. Н.Энхбаяр даргыг ялласан шүүх хуралдааны дараа хэсэг залуус яри­цаад энэ хөдөлгөөнийг байгуулахаар шийдсэн. Учир нь ардчилсан нийг­мийн үед хэлмэгдүүлэлт жинхэнэ утгаараа байна. Магадгүй энэ удаагийн хэлмэгдүүлэлт  урьд хожид байснаас илүү “чанаржиж”, хүнийг хилс хэргээр яллах байдал нарийссан бололтой юм. Өнөөдрийн хэлмэгдүүлэлт бол оюун санааны болон бие махбодийг хамтад нь хамруулж байна. Үүний тод жишээ нь Н.Энхбаяр даргыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хоёр жилийн өмнөөс гүтгэж баалсан. Дараа нь бие махбодь, эрүүл мэндээр нь тарчлаан зовоож байна. Энэ бүхнийг залуус бид нар зүгээр хараад сууж чадсангүй. Н.Энхбаяр дар­гыг шинэ үеийн хэл­мэг­дүүлэлтээр ялласан.

Тодруулахгүй юу?

-Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1922 онд эхлэж 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан. Саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилж нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэлт байсан. Энэ нь нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байсан юм. Ард түмнээ хоморголон хороож байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийг 1920 оноос өнөөг хүртэл дөрвөн үед хуваан үздэг. Нэгдүгээр үе шат буюу 1920-1944 онд Монголын ардчилсан хувьсгалыг Зөв­лөлтийн загварт оруу­лахын тулд Монголын төрийн лидерүүдийг хэлмэгдүүлсэн. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тав­цангаас унагаж хөнөөсөн. Японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллага хэд хэдэн хэргийг зохион байгуулж, үүний үр дүнд 26 мянган хүнийг хэлмэгдүүлснээс 25 мянган хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байдаг. Хоёрдугаар үе шат буюу 1940-1955 онд тусгай комисс байгуулагдсан үе. Комиссын гол үүрэг нь аймшигт цус яргалалыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн хэргийн гэрчийг устгаж, түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Гуравдугаар үе шат буюу 1956-1990 оны хэлмэг­дүүлэлт нь Монголын шинэ үеийн сэхээтнүү­дийн эсрэг хандаж тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэсэн байсан. Ту­хайлбал,  үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоо­хууз, Б.Сурмаажав, Х.Нямбуу, Л.Цэнд тэргүүтэй олон сэхээтнийг хэлмэгдүүлж байсан.  Харин 1990 он гарснаас хойш улс төрийн хэлмэгдүүлэлт байхгүй гэж томъёолсон ч 2012 оны зургадугаар сард бол­сон явдал үүнийг үгүйсгэж байна. Энэ бол зохиомол хэргээр Н.Энх­баяр даргад эрүүгийн хэрэг үүсгэж, удалгүй зохиомлоор ял тулгасаны баталгаа.

-Нэг хэсэг нь зохиомол гэж үзэж байгаа. Нөгөө хэсэг нь үгүйсгэх нь бий. Залуучууд юунд тулгуур­лан хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа юм бэ?

-Зохиомол гэдэг нь анхаасаа мэдрэгдсэн. Гурван өдрийн шүүх хурлыг шууд дамжуулсан телевизийн нэвтрүүлгээр Монголын ард түмэн харсан байх. Нэхэмжлэгч бас хохирогч байхгүй хэрэгт ялласан шүү дээ. Дээрээс нь нотлох баримт байхгүй. Баримт байгаа­гүй гэдгийг С.Нарангэрэл багш ул суурьтай гаргаж өгсөн. Ер нь Н.Энхбаярыг яагаад хэлмэгдүүлэв гэхээр 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар дэлгэрэнгүй баримт гаргаж тавьмагц нь баривчилсан. Баримт гаргаж байна гээд шалтаг гаргасан юм биш. 2-3 жилийн өмнөөс гүтгэх арга замаа хайж зарим хэвлэлээр төлбөртэйгээр элдэв зүйлд холбон бичиж  байсан юм билээ. Түүнийг унагахын гол шалтгаан нь энэ хүн улс төрд эргэж ирвэл ноцтой олон баримт дэлгэж магадгүй гэсэн болгоомжлол. Нөгөө талаас  эрх баригчид улс төрийн хүчтэй өрсөлдөгчөө дарахгүй бол болохгүй гэсэн увайгүй үйлдэл юм. “Хорьсон байхад чи ард түмэнд юу ярьдаг юм бэ” гээд арчаагүй зан гаргасан хэрэг байхгүй юу. Хам­гийн гол нь Н.Энхбаяр ард түмэнд үнэнийг хэлж байсан учраас дургүй нь хүрч хорхойтой араанд нь зуугдсан хэрэг байх.

Танай хөдөлгөөнийхөн цаашид юу хийхээр төлөвлөж байна?

-Холбооны хэмжээнд гарын үсэг цуглуулах, эвлэлдэн нэгдэх, хүрээгээ тэлэхээс эхлээд өөр олон зүйл санаачлахаар ажил­лаж байна. Хамгийн наад зах нь залуусыг энэ талаар зөв ойлголттой  болоосой гэсэндээ ярилцлага хийнэ. Өнөөдөр манай хөдөл­гөөний залуус гудамж талбайд жагсаад явах боломжтой. Гэхдээ бид тэгээгүй.  Тайван замаар асуудлыг зохицуулъя гэж шийдсэн учраас иргэдийн гарын үсгийг цуглуулж, санал сэтгэгдлийг нь сонсч байна.

-Цуглуулсан гарын үсгээ холбогдох албан тушаалтнуудад нь өгөх болоогүй юм уу?

-Улсын дээд шүүх, Ерөнхийлөгч, Засгийн газарт удахгүй өгнө. Монгол Улсад хүн бүр эрх чөлөө эдэлж чадахгүй байна. Ялангуяа, Н.Энхбаяр даргатай хүний ёсоор харилцахгүй, түүнийг хүндэтгэхгүй байна. Айлын хүүхэд гүйж яваад унахад ээж, аав нь түшээд босгодог. Тэгвэл Н.Энхбаяр даргыг хорих ангид уначихаад байхад нь эмчилгээ хийлгүй до­лоо хонож байх жишээ­тэй. Амьтныг хамгаалах хууль санаачилдаг атлаа хүнийг яагаад хамгаалж болдог­гүй юм бэ.Нэг үх­рийн эвэр доргивол мян­ган үхрийн эвэр доргино гэж бий. Залуучууд энэ хүнийг хамгаалж хэл­мэгдүүлэлтээс нь гар­гахгүй бол дараагийнх нь иргэн та ч байж болно. Хэлмэгдэлтийн эхлэлийг зогсоохгүй бол дараа, дараагийн хэлмэгдэлт зогсоо зайгүй үргэлжлэх учраас залуус бид тэмцээд байгаа юм. Н.Энхбаяр даргыг яллахдаа Эрүү­гийн хуулийг зориуд гуй­вуулж төсөөтэй хэрэглэ­сэн. Монгол Улсын Эрүүгийн хуульд төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдаг юм. 1937 оны 20 мянган хүний амь насаа хэлмэгдүүлсэн тэр үед Эрүүгийн хуулийг төсөө­тэй хэрэглэсэн байдаг. Жишээлбэл, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлчлэлийн субьект  бол аж ахуй нэгж байгуул­лагын эд хөрөнгийг эрхлэн хариуцсан этгээд байх ёстой. Гэтэл Монгол Улсын шүүхийн практикт эд хөрөнгийг эрхлэн хариуцна гэдэг бол нярав, худалдагч, өлгүүрчний ажил. Монгол Улсын Ерөнхийлөгч юуных нь эд хөрөнгө хариуцах билээ. Мөн 263 дугаар зүйлчлэл нь албан тушаалын хэрэг. Тухайн албан тушаалтан өөрийнхөө эрх, үүргийг хуулиар юм уу журмаар зохицуулсан. Тэр олгогд­сон эрх мэдлээ хортойгоор хувийн сонирхлын үүд­нээс ашигласан бол ха­риуц­лага тооцох учиртай.  Гэтэл Ерөнхийлөгчийн эрх, үүргийн Ерөнхий­лөгчийн тухай хууль болоод Үндсэн хуульд тодорхой заасан байгаа шүү дээ. Хэрэв Н.Энхбаяр дарга дээрх хоёр хуулийг зөрчсөн бол яахын аргагүй дээлээ нөмрөөд явах байсан юм. Гэтэл хэргийг бүрдүү­лэхийн туулд мөрдөгчид болон прокурор, шүүгчид Эрүүгийн хуулийг зориуд гуйвуулж, мушгиж тайл­барласан бас төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Үүнээс гадна манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль ёсны, үндэслэлтэй байх ёстой тухай заалт бий. Хууль ёсны гэдэг нь шүүн таслах ажиллагаа бүх хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Гэтэл энэ шүүх ажиллагаа алхам тутамдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрчсөн. Харин үндэслэлтэй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан байх ёстой гэсэн үг. Харин нотлох барим­тыг шинэчлэн судлах нь битгий хэл зохиомол хэргээр шууд ялласан.  Одоо Нийслэлийн шүүх энэ хэргийг нэн даруй цагаатгаж хэрэгсэхгүй болгох ёстой.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Generic Isotretinoin Acne Find Real Visa Cod Only Rezeptfrei Viagra Apotheke cialis vs viagra Buying Azithromycin 500mg

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *