Н.Энхбаяр: Биднийг дэмжсэн сонгогчиддоо баярлалаа

7-р сарын 9, 2012 10:15 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 267

Ч.ЗОТОЛ

МАХН-ын дарга, Мон­гол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр сонгуульд  амжилт  авчра­хын төлөө ажилласан бүх хүмүүстээ, хамгийн гол нь МАХН-ын эвсэлд  итгэж, явуулсан үйл ажиллагаа,  дэвшүүлсэн  бодлогыг нь  дэмжсэн нийт ард түмэн­дээ хандаж талархсанаа  илэрхийллээ.

Тэрээр өнгөрсөн баа­сан гаригт  “Шударга ёс” эвслээс  УИХ болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-аас батламжаа аваад байгаа гишүүд  болон  на­маа ялуулахын төлөө ажил­ласан бүх гишүүд, хамтран зүтгэгчдээ  “Чин­гисийн өргөө” жуулчны баазад  хүлээж  авсан юм. Ёслолын ажиллагааг  МАХН-ын дарга Н.Энх­баяр  өөрөө нээж, эвслийн  бусад  удирдлагууд,  удир­дах   бүрэлдэхүүний хамт  нийт гишүүддээ баяр хүр­гэлээ. 

Н.Энхбаяр хэлсэн  үгэн­дээ “Бид  өнөөдөр тангараг өргөсөн гишүү­дээ­сээ ч илүү олон болох байх гэж найдаж байна. Бид үүнээс  илүү амжилт үзүүлэхийг хүсч байсан. Сонгуулийн дүнг сонсоод бид  20-оос доошгүй суудал авах байсан даа гэж дотроо бодсон хүн цөөнгүй. Гэвч,  чамлахаар чанга атга гэсэн монгол­чуудын мэргэн үг бий. УИХ-ын сонгуульд   анх удаа   амжилттай оролцож, бүлэг байгуулах хэмжээнд суудал авчирлаа гэдэг ойл­голтыг ард түмэн ч авсан, мөн гадаад ертөнц ч энэ мэдээллийг авсан байх. Тийм учраас энэ амжилтыг авчрахын төлөө ажилласан бүх хүмүүстээ, хамгийн гол нь бидэнд итгэж, бидний явуулсан үйл ажиллагаа, зорьж зүтгэж байгаа бодлогыг дэмжсэн нийт ард түмэн­дээ талархлаа илэрхийлье. “Шударга ёс” эвслээс дэвшүүлсэн таван хувьс­гал, “Өргүй Монгол” хө­төлбөр одоо ч та бүхний цээжинд бий. Үүнийгээ бид мартаагүй байгаа. Өнөө­дөр  УИХ-ын бүтэц нэгэнт бий болсон. Дараа­гийн алхам нь Засгийн газрыг бүрдүүлэх ажил, үүнд  бид бэлтгэлтэй  байх ёстой. Дотроо нэгийг тун­гааж, хоёрыг бодох учир­тай. Тиймээс бидэнд  цаа­шид  хийх ажил олон  бий. Энэ бол зөвхөн эхлэл юм. Бид маш хол явна. “Шу­дарга ёс” эвсэл “Морины туурайгаар Монголоо там­гална”  гэсэн зорилт дэвшүүлсэн,  мориор бол манай эвсэлд  сайн морины шинж бий гэж найдна. Монголчууд сайн морио  уяж хурдлуулдаг. Түүнтэй адил бид  2016 оныг хүлээх биш одооноос  дотроосоо мориор бол  сайн морио уяж, уяа сойлгыг нь тааруулж, өдөр тутмын ажлаа яаж төлөвлөхөөс эхлээд, энэ зун яаж ажиллахаа, ирэх намар яаж ажиллахаа, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохоо тодорхойлж,  бүх ажлаа  хийнэ. Идэвх зүтгэлтэй, ухаалаг тэвчээртэй сайхан хамт олон бүрдлээ. Одоо  цаашид эвтэй, хүчтэй, зоригтой байх ёстой, холыг хардаг байх ёстой, зорилгодоо хүрэхийн төлөө бие биедээ тусалж ажиллах ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиар бид  харуулж чадсан, цаашид ч тийм байна гэж найдаж байна” хэмээн онцоллоо.