Н.Энхбаяр: Ахмадаа хүндэтгэх уламжлалаа авч үлдсэн орон хөгждөг юм байна

10-р сарын 2, 2015 10:26 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 357
10-2-3

 

С.УЯНГА

Монгол Улс өчигдөр улс даяараа ахмадуудаа баярлуулж, хүндэтгэж нэгэн өдрийг үдлээ. Түүний жишгээр МАХН ахмадуудаа хүлээн авсан юм. Баярын өдрөө хүлээсэн, догдолсон нийслэлийн зургаан дүүргийн 200 гаруй ахмад буурлууд бүтэн өдрийн турш халуун дотно яриа өрнүүлж, инээд хөөрөөр цалгилаа. Цагтаа Монгол Улсын хөгжил дэвшлийг өөд нь татаж, оюун ухаан, авьяас билгээ зориулж явсан хүмүүс өнөөдөр энд налайгаад сууж байна. Урлагийн тоглолтоос эхлээд ахмадуудын чин сэтгэлийн үгтэй хүндэтгэлийн арга хэмжээнд зохиолч, эмч, ногоочин, малчин, урлаг соёлын одод гээд салбар бүрт зүтгэж явсан ахмадын  төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Тэдний баяр дээр баяр нэмж гавьяат жүжигчин Г.Батбаяр, Ардын жүжигчин Г.Хайдав, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Ардын жүжигчин Г.Баярмагнай нар ая дуугаа өргөсөн юм.

Мөн арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Шадар  сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын  сайд З.Баянсэлэнгэ, БСШУ-ны дэд сайд Б.Тулга гээд улс төрийн хүрээнийхэн оролцож, ахмадуудаа хүндэтгэсэн юм. Энэ үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр энд хийсэн бүтээсэн юмтай, хэлэх үгтэй сайхан ахмадууд маань цугларсан байна. Монгол Улс эзэнтэй байна гэдгийг хийсэн бүтээсэн зүйлтэй байхыг хэлнэ гэж боддог. Хийсэн бүтээсэн зүйлтэй Монголын эзэд цугларсан байна гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Та бүхэн намайг юун ууттай зүйл бариад гараад ирэв гэж гайхаж байгаа байх. Нэг сайхан монгол ээж өнөөдөр надад “Миний хүү бие нь сайн уу” гээд ууттай зүйл өглөө. Тиймээс та бүхэнтэй хамт задлахаар бариад гараад ирлээ. Бэлдэж байгаад авчирч өгсөн бололтой. Дотор нь шимийн архи, ааруул, шоколад, өөрийнхөө гараар нэхсэн бололтой сайхан алчуур байна. Үнэр нь хүртэл монгол үнэр байна. Би Солонгост эмч­лүүлж байхдаа  ахма­дуудтайгаа уулзъя, монгол дуугаа сонсъё, монгол үнэрийг үнэрлэе гэж боддог байсан. Тэнд нэг насны зөрүүтэй ах дүүс бие биенийгээ маш их хүндэтгэдэг. Ер нь энэ сайхан уламжлалаа авч үлдсэн улс орон хөгждөг юм байна. Тиймээс ахынхаа үгийг дүү нь ягштал биелүүлдэг, ах нь дүүгээ зөв замд хөтөлдөг ийм сайхан эрүүл харилцаатай байя. Ахмадуудаа зөвхөн арав­дугаар сарын 1-нд биш байнга хүндэтгэж байя гэж залуучууддаа уриалмаар байна. Ахмадуудаа хүндэтгэнэ гэдэг бол хүн болж төлөвшихийн нэр. Хүн болж төлөвшиж чадахгүй бол улс орон хөгжихгүй. Монгол Улс ах захаа мэддэг, ахмадуудаа хүндэтгэдэг учраас хөгжсөн. Бид ахмадуудынхаа хийж бүтээсэн үйл хэргийг чадах ядахаараа үргэлжлүү­лэхийг хичээн ажиллаж байна. Харамсалтай нь та бүхний санаанд хүрэх нь бага байна. Нийт монголчуудынхаа өмнөөс мэхийн ёсолж байна” гэдгийг онцоллоо. Мөн ирсэн ахмадуудад зориулан айлдсан газар, сонссон хүн бүхэн аз жаргалаар бялхдаг, өвчин зовлонгоос ангижирдаг ном айлдварыг Даш­чойлон хийдийн хамба лам Д.Нацагдорж айлдаж бурхны адис өгсөн юм.

МАХН-ын ахмадын баярт хүрэлцэн ирсэн зарим хүний сэтгэгдлийг сонслоо.

Дашчойлон хийдийн хамба лам Д. Нацагдорж:  БИДНИЙГ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ӨСГӨСӨН ААВ, ЭЭЖ АХАН ДҮҮСЭЭ ЭРГЭН ДУРСАЖ, ЭНЭ БАЯРАА ХУВААЛЦАХ ЁСТОЙ

Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлье. Ийм баяр байна гэдэг бол замбуулин дээр байгаа бүх л улс орон ахмадаа хүндэтгэж, хайрлаж, эвийлж амьдардаг юм байна. Эдний ач тусыг санан дурсдаг сайхан залгамж холбоотой баяр байна гэж бодож байна. Н. Энхбаяр даргад өгсөн монгол ээжийн  сэтгэлийн хүч шингэсэн харамгүй өглөгийг бид бүгдэд хамтад нь барьсан ийм сайхан өглөг байлаа гэж дотроо бодож суулаа. Биднийг өдий зэрэгтэй болгосон аав, ээж ахан дүүсийг эргэн дурсаж, энэ баяраа хуваалцах ёстой. Ахмадуудаараа бахархаж байна.

МУГЖ Ш.Дэлгэржаргал: БИДНИЙ ҮЕД АХМАДЫН ҮГИЙГ МАШ ИХ СОНСДОГ БАЙЖЭЭ

Олон улсын хэмжээнд уламжлал болгон тэмдэглэдэг энэ сайхан өдрийг манай улс ч гэсэн дагаж ахмадуудаа баярлуулж байгаад таатай байна. Намайг бага байхад нэг насны зөрүүтэй байсан ч ахаа эгчээ гэдэг байсан. Тэр үе саяхан юм шиг санагдаж байна. Гэхдээ одоо үед нийгмийн ороо бусгаа байдлыг дагаад тэр сайхан хүндлэл алга болчихоод байна. 60 насыг бол шижир алтан нас гэж үздэг юм билээ. Гэтэл сүүлийн үеийн залуус 50, 60 настай хүмүүсийг өвөө, эмээ гэж хэлж байгаа нь ах, эгч гэдэг үг үгийн сангаас хасагдаж байгаа юм шиг санагдаж, дотроо эмзэглэж явдаг. Хүн ахтай дээл захтай, ах нь сургаж дүү нь сонсдог гэж ардын сайхан үг байдаг. Ер нь бол бидний үед ахмадын үгийг маш их сонсдог байжээ. Ахмадуудынхаа алт шиг үнэ цэнэтэй сургаалийг сонсч байхгүй бол тэд чинь мөнх амьдрахгүй шүү дээ. Улс орондоо оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулсан ахмадуудынхаа үгийг сонсохгүй бол сүүлд харамсана шүү хүүхдүүдээ гэж уриалмаар байна.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав: АХ, ЗАХ ДЭГ ЖАЯГАА МЭДДЭГ ХҮМҮҮС ЦУГЛААД МОНГОЛООРОО БАЙВАЛ САЙХАН

-Бид их баярлаж байна. Бидний дунд Монгол Улсын төлөө, түмний төлөө зүтгэж байсан олон хүн байна. Монголчууд, Монгол Улс байна, байх ч болно. Энэ мэтээр ах, зах дэг жаягаа мэддэг хүмүүс цуглаад Монголоороо байвал сайхан. Энд дандаа сэхээтнүүд байна. Ихэнх нь гадаад руу яваад сургуульд сурчихсан хүмүүс байгаа.  Н.Энхбаярыг өнөөдөр бидний дунд ажиллаад явж байхыг хараад монголчууд бууж өгдөггүй юм байна. Бууж өгөх ч ёсгүй гэж хэлмээр байна. Ахмадууддаа зориулаад 70 жилийн тэртээ дуулж байсан “Ээждээ” гэдэг дуугаараа бэлэг барьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *