Н.Буян: Миний бүтээл дурсамж сэдрээдэг

7-р сарын 27, 2018 11:06 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 67
IMG_5297

Б.ОЮУНСҮРЭН

Зураасан зургийн томоохон төлөөлөгч, номын зургийн зураач Н.БуянгУрланбуландаа урьж ярилцлаа. Номын зураг зурах нь уран бүтээлчээс  их хөдөлмөр, ур чадвар шаарддаг. Тэрээр 30 гаруй жил зөвхөн номын зургаар дагнасан нэгэн бөгөөд сурах бичгийн зураг зурдаг ажээ

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Яагаад номын зураач болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Би багаасаа зурах дуртай, харандаа дэвтрээс салдаггүй байсан. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч П.Оюунцэцэг багшийн зураасан зургийн ангийг төгсч, 1986 онд Японы уран зургийн уралдаанд оролцож байр эзэлсэн юм. Тэр үеэс эхлэн зураасан зургийн нэг төрөл болох номын зургийн зураач болох эхлэл тавигдсан. Одоогоор 500 гаруй но­монд гар бие оролцсон байна.

Яагаад заавал сурах бичгийн номын зураач болсон юм бэ?

-Би 1986 онд сур­гуулиа төгсөөд Урчуудын хорооны салбараас Ардын боловсролын яамны сурах бичиг, сэтгүүлийн нэгдсэн редакцид ажилласан. Энэ л сурах бичгийн номын зургийн ажилд эргэлт буцалтгүй ороход түлхэц болсон доо. Улсаас захиалсан сурах бичиг, сэтгүүлийн зурганд ажиллаж, нэг үгээр ажлын шаардлагаар номын зургийн зураач болох эхлэл тавигдсан. Сурах бичгийн номын төрлөөс уран зохиол, монгол хэл, математик зарим тохиолдолд зохиолыг амилуулан түүний зургийг бүтээдэг байсан.

Бусад зураачдаас номын зургийн ялгарах гол онцлог нь юу вэ?

-Номын зургийн нэг хэсэг нь бүтээлийн шинж чанарыг агуулсан байдаг. Би уран зохиол, сурах бичгийн номын зургийн төрлөөр бүтээлээ гаргадаг. Сурах бичгийн номын зургийг нийгмийн шаардлагад нийцүүлэн өндөр шалгууртайгаар, сургалтын стандартыг хангаж хийдэг. Мөн нийгмийн аль ч насныхан болон сэтгэхүйд нийцүү­лэн хийхийг шаарддаг. Тиймээс урлаг бол нийгмийн зорилгын төлөө чиглэгдэх ёстой. Нэг сурах бичиг 60-70 мянган хувь хэвлэгддэг болохоор өндөр шалгуур давж хийдэг нь чөлөөт зураачдаас ялгаатай байдаг. Тэр үеийн “Боловсролын яамны редакц бүх төрлийн сурах бичигт хяналт тавьдаг байгууллага байсан. Тэнд хоёр жил ажилласны дараа ажилчдын 20 хувийг ЗХУ-ын Москва хотын В.И.Суриковын академид суралцуулах шалгаруулалт болоход нь тэнцэж явах завшаан тохиолдсон. Түүнээс хойш 1988-1995 он хүртэл суралцсан. Тэр үед “Боловсролын яамны редакц” үгүй болж “Гэгээрэл ач” нэртэй улсын үйлдвэр болж өөрчлөгдсөн юм. Одоо бол урлаг хавтгайрч харагддаг. Хэн дуртай нь хүссэнээ хийдэг болсон байна. Энэ бол хяналт суларсантай холбоотой. Энэ салбарт 30 жил ажилласан хүний хувьд хэн дуртай нь номын ажилд оролцохыг харах онцгүй сэтгэгдэл төрүүлдэг юм. Номын зураачийн ажилд хувийн бүтээл хийнэ гэсэн ойлголт байхгүй. Бүх зүрх сэтгэлээ шингээн стандартын дагуу ажлаа хийдэг нь гол ялгаа нь юм даа.

Танд номын зургийн ажлаасаа татгалзаад чөлөөт уран бүтээлч болох бодол төрж байв уу?

-Мэдээж байлгүй яахав. Гэхдээ сурах бичгийн номын зургийн ажил тав таван жилийн төлөвлөгөөтэй улсын ажил учраас ажлаа орхих боломжгүй. Харин ажлаа тараад өөрийн сонирхлоор хар зураг, зохиолын зураг зурдаг байсан. Тухайл­бал, хүүхдийн зо­хиолч Д.Давааням гуайн “Өлгийтэй ангийнхан” номын зураг дээр ажилласан. Мөн П.Хорлоо өвөөгийнхөө бүх номонд ажилласан.

Уран зохиол, сурах бичигт орох зургийнхаа санааг яаж олдог вэ?

-Бүтээлийн санаагаа ихэнхдээ нийгмээс олдог. Шүүмжлэх сэдэв, асуудал их байна шүү дээ. Тэр болгоныг өөрийн бүтээлүүдээрээ дамжуулан түмэнд хүргэхийг зорьдог. Ялан­гуяа, сурах бичгийн номын зураг нийгмийн хүмүү­жилтэй шууд холбоотой.

Хамгийн анх ямар номын зураг дээр ажиллаж байв?

-Анх “Ардын аман зохиол”, “Тайхар чулуу”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” бүтээл дээр ажиллаж байсан. Японы зургийн уралдаанд “Могжоохон даагатай жогжоохон хүү” бүтээл маань байр эзэлж байсан юм. Энэ л надад урам зориг өгч номын зурагт оруулсан. Номын зураг гэдэг цаанаасаа хэмжээ, өнгө нь зааврын дагуу байдаг. Тиймээс ажлынхаа хажуугаар хэвлэлийн мэдэгдэхүүнтэй байхгүй бол олон хүний хөдөлмөр талаар болох аюултай. Маш хариуцлагатай ажил.

Яг тань шиг номын зураг зурдаг зураач хэр олон байдаг вэ?

-Мэргэжлийн дагуу суралцсан номын зураач цөөхөн байдаг. Номын зургийн ажлын үнэлэмж их унасан. Хөдөлмөр, ур чадвар, цаг хугацаа шаарддаг ажилд тохирох үнэлгээг нь өгдөггүй. Тиймээс энэ ажлыг зураачид хийхээсээ хальширдаг. Аливаа зүйлийг зөвөөр үнэлж, дэм­жих нь өнөөгийн ний­гэмд асуудалтай байна.

Мэдээж уран бүтээлч хүн хийсэн бүтээлүүддээ хайртай байдаг. Та хамгийн онцлог бүтээлээ танилцуулаач?

-Хийсэн бүх бүтээлдээ хайртай. Ном бүр өөр өөрийн үүргийг шаарддаг. Тухайлбал, шинжлэх ухааны номын төрлийн зургийг худлаа зурж болохгүй. Учир нь бүхэл бүтэн нийгэм тэр зургаас хүмүүжиж байгаа. Миний бүтээлийн онцлог нь дурсамж сэдрээдэг. Хүүхэд байхдаа сурах бичгийн номын зургаас суралцаж, түүнийг даган зурж байсан хүмүүс одоо хараад дурсан суудаг. Дээр үед “Оюунтүлхүүр” сэтгүүл гардаг байхад сэтгүүлийн зургийг үзэх гэж хүмүүс хүлээдэг байсан. Тэр сэтгүүлд гар бие оролцож явсандаа таатай байдаг юм. Тиймээс сурах бичгийн болон сэтгүүлийн зургийг хэдэн үеэрээ дамжин өнгөрсөн нь өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлдэг. Гэхдээ онцлон хэлвэл Ц.Сүхбаатар гэх хүний орчуулгаар Франц хэл дээр “Монголын аман зохиол” номын зургийг хийж байсан. Мөн хамгийн сүүлд “Болдоггүй бор өвгөн” уран зохиолыг бие даасан хэлбэрээр хийлээ.

Таны ажлын сонирхолтой тал нь юу вэ?

-Багын сонирхлоо мэргэжил болгосон болохоор бүхий л зүйл нь сонирхолтой. Насаараа дуртай зүйлээ хийнэ гэдэг тэр болгон хүнд байдаггүй аз завшаан. Тэгэхээр хүсч тэмүүлсэн ажлаа хийдэг болохоор миний хувьд мэргэжлээсээ кайф авдаг. Мөн Ү.Ядамсүрэн гуайн Дүрслэх урлагийн дунд сургуульд багшилж байна. Энэ сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг уран бүтээлч болгон гаргадаг онцлогтой. Өөрийн 30 жилийн хөдөлмөрөө хүүхдүүдэд өвлүүлэх үйл хийж байгаадаа баяртай байдаг.

Та саяхан уран бүтээлийн үзэсгэлэнгээ  дэлгэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? 

-Олон түмэн миний үзэсгэлэнг сайхан хүлээж авсан. Үзэсгэлэнгийн үеэр санал сэтгэгдлийн дэвтэр хөтлөхөд хүмүүс сайн сайхан зүйл их бичсэн байсан. Үзэгчдийн сэтгэгдэл ихэвч­лэн номын зургаас хуучны дурсамж сэдрээсэн гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Мөн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд дан ганц миний бүтээл бус хамт олны их хөдөлмөрөөр бүтсэн бүтээлүүд юм шүү гэдгийг дашрамд хэлье.

Зохиогч, зураачийн хувьд одоо таны санааг зовоож байгаа зүйл юү байна вэ?

-Боловсролын сэдэв бол нийгэмд тулгамдаж буй асуудал. Тий­мээс энэ талаар маш нухацтай судалж анхаарахыг хүсч явдаг. Энэ салбарыг хариуцаж ажилладаг хүмүүс болон сэтгүүлч­дийг асуудлыг хөн­дөөд орхилгүй хяналт шаардлага тавьж байхыг хүсье. Гэхдээ номын буянд ажиллаж байгаадаа баяртай явдаг юм. Тиймээс 30 жилийн хөдөлмөрөө олон нийтэд дэлгэн үзүүллээ. “Номын цагаан буян дэлгэрэх болтугай” хэмээн ярилцлагаа төгсгөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *