Н.Баярмаа: Нора бол миний хамгийн хайртай дүр

2-р сарын 17, 2017 11:22 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 8
_MG_8968

Ц.ЭНХТУНГАЛАГ

 

УДЭТ-ын залуу жүжигчин Н.Баярмаатай ярилцлаа.

 

Та  анх дэлгэцийн  бүтээлүүдээр олонд танигдсан байдаг.  Драмын урлагийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

-Би СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Олонд танигдсан анхны дүр маань найруулагч С.Бямбаагийн “Алсын удирдлага” кино байлаа.  Тэр кино чамгүй амжилт гаргасан. Түүний дараа “Сүүлчийн шөнө”, “Намайг хайрлаач” зэрэг кинонд тоглосон. Драмын урлагт орсон маань театрын дэргэдэх жүжигчний студиэс эхлэлтэй. Тэр сургалтад охид суралцдаг.

Сургалтаа дуусгаад мэр­гэжлийн шалгалт өгч театрт ажиллах эсэх нь шийдэгддэг. Тэр ёс журмынх нь дагуу шалгалт өгөөд дагалдан жүжигчнээр орж байсан. Хоёр жил да­гал­дан жүжигчнээр ажил­лаж, үндсэн ажилтан бол­сон. Одоогоор драмын театрт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

Дагалдан жүжигчин байхдаа ямар жүжигт тоглож байв. Өөрийнхөө авьяасыг хүлээн зөвшөөрүүлсэн бүтээл гэвэл юуг нэрлэх вэ?

-Намайг орж ирсэн анхны жил урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар “Дон Кихот” жүжгээ  тавьж байсан. Тэр жүжигт буурчийн газрын эмэгтэйн дүрд тоглож, хичээвэл драмын урлагт тэнцэх юм байна гэсэн үнэлгээг өөртөө авч байлаа.  Түүний дараа театрт тоглогдож байсан “Хүүхэлдэйн бай­шин” жүжгийн Норагийн дүрд тоглосон.  Нора бол миний хамгийн хайртай, дүрүүдийн нэг.  Одоо ч гэсэн хааяа тоглодог.

Анх жүжигчний мэр­гэжлийг  ямараар  төсөөлж байв. Мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаж. Таны тухайн үед хүсч, мөрөөдөж байсан төсөөллөөс хэр өөр санагдаж байна?

-Жүжигчин мэр­гэжлийн тухай төсөөлөл харьцангуй бага байсан. Телевизээр л жүжигчдийг харж төсөөлдөг байсан. Анх СУИС-д ороход бүх юм төсөөлснөөс өөр санагдаж байлаа. Эхний хоёр жил орчиндоо дасах, ангийнхан болон багш, сургуультайгаа танилцах зэргээр өнгөрдөг. Оюутан байхад сэтгэлзүйн талаас нэлээд бэлтгэгддэг ч бодитой ойлголт өгдөггүй, сургалтын төвшинд л жүжигчин болно. Харин театрт орж ирснээр бодит байдлаас нь жүжигчний амьдралыг харж мөн уран бү­тээлч хүн ямар байх ёстойг биеэрээ мэдэрч эхэл­­сэн. Сайхан санагддаг.


_MG_8976
УДЭТ-ын жүжигчид багш шавийн барилдлагатай байдаг. Тэр нь цаг үеэрээ уламжлал болон явж байна. Багшийнхаа тухай ярихгүй юу ?

-Би гавьяат жүжигчин Г.Урнаа багшийн шавь. Театрт орсон цагаасаа эхлэн багшийнхаа заавар зөвлөгөөг дагасаар ирсэн. Олон уран бүтээл дээр зааж зөвлөж байна даа.

Таны багшийг олон сайхан дүрээр нь үзэгчид мэднэ.  Танд юу гэж зааж зөвлөдөг вэ?

-Багш маань шинэ дүр аваад ажиллахад үргэлж зааж зөвлөдөг. Сайн уран бүтээлчээс гадна бодит амьдрал дээр маш энгийн нэгэн. Миний давуу тал, сул тал гээд бүгдийг нь мэддэг учир ойлголцоход их амар. Хувь хүн болоод жүжигчнийхээ хувьд үлгэр жишээч гайхалтай эмэгтэй. Нэг хүний төлөө зүтгэвэл эцсийг нь үздэг,  сэтгэлийн хаттай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн дээ. Мөн би ахмад үеэс Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайг шүтэж биширч явдаг. Ер нь Монголынхоо үе үеийн жүжигчдийг хүндэлж, хайрлаж явдаг. Манай театрын ахмад үеийн төлөөлөл Ардын жүжиг­чин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, дунд үеийн төлөөлөл Г.Эрдэнэбилэг С.Болд-эрдэнэ олон чадварлаг жүжигчид бий.

УДЭТ-ын уран бү­тээлчид Уйльям Шекс­пирийн “Ромео Жульетта” жүжгийг өнгөрсөн онд тайзнаа амилуулсан. Та түүнд чадварлаг тоглож сайн жүжигчин гэдгээ харуулсан. Энэ дүрд тоглоход хүндрэлтэй байсан уу ?

-Миний зан чанраас хол санагдаж байлаа. Төрийн соёрхолт Н.Наранбаатар най­руулагч надад тэр дүрийг  хуваарилсан байсан. Өмнө нь эсрэг дүрд тоглож байгаагүй. Найруулагч, жүжгийн багийнхантайгаа олон удаагийн бэлтгэл сургуулилалт хийж эцэст нь тоглох дуртай дүрүүдийн маань нэг болсон доо. Тухайн дүрийн илэрхийлэмж өөрөө их этгээд, эсрэг зан байдлыг  харуулдгаараа онцлог. Эсрэг дүр тухайн жүжигчнийг задалж ур чадварыг нь ахиулж өгдөг. Жүжигчин хүн нэг л төрлийн дүрд тоглохоос илүүтэй олон дүрд хувирч чаддаг байх ёстой. Миний хувьд кинонд ямар дүр бүтээхээ бодож сонгоно.  Харин театрын тайзнаа  ямар ч дүрд тоглохоос татгалзахгүй.

Тэгэхээр тэр дүр таны ур чадварыг олонд таниулаад зогсохгүй анх удаа тоглосон эсрэг дүр байжээ. Ажлын тухай яриаг түр орхиод Н.Баярмаа гэх бүсгүйн дотоод ертөнц рүү өнгийе?

-Би ер нь мөрөөдөх дуртай. Түүндээ хүрэхийн төлөө зүтгэж тэмцэж яваа тийм л нэгэн уран бүтээлч байна. Бүсгүй хүн юу мөрөөдөж ямар байхыг хүсдэг билээ. Түүнтэй л нэгэн адил шүү дээ. Би нийгмийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хөдөлмөрч эрч хүчтэй байхыг эрмэлздэг. Мөн аль ч салбарт амжилттай яваа хүмүүсийн ард маш сайн ар тал байдаг. Тэд байхгүй бол тайван ажлаа хийх нөхцөл боломж бүрдэхгүй шүү дээ. Өнөөдөр энд тайван суугаад ажлаа хийж байгаа  маань миний ээж, ойр дотны хүмүүсийн сайхан сэтгэлийн ач тус.

Нийгэм хөгжиж залуу хүнээс маш их зүйл шалтгаалж байна. Та одоогийн залуусыг ямар байгаасай гэж боддог вэ ?

-Манай залуучууд амьд­ралынхаа хү­сэл зорилгыг тодор­хойл­чихсон, үргэлж өөдрөг ярь­даг, боловсрол мэд­лэгээ дээшлүүлэхэд их анхаардаг болсон юм шиг санагддаг. Мэдээж сайнтай, муутай л байдаг. Сүүлийн үед гэр бүл салалт, хүүхэд өнчрөх асуудал их  гардаг болж. Залуучууд маань амьдралыг сэтгэлийн хө­дөл­гөөнөөр биш бодитоор харж, бие биенээ хайрлаж, үр хүүхдээ битгий өнч­рүүлээсэй.  Гэр бүл төлөв­лөлтөд ул суурьтай хандаасай гэж хүсдэг.

Ажил, мэргэжлийнхээ онцлогоос хамаарч шилдэг зохиол, бүтээлийг сонирхож уншдаг байх. Одоогоор ямар ном уншиж байна вэ ?

-Мэдээж ажлын шаардлагаар олон зохиол бүтээлийг уншина. Зарим тохиолдолд уншаад зогсохгүй маш их судлах шаардлага гардаг. Одоо­гоор жүжгийн зохиол гэхээс илүүтэй түүх аль эсвэл хувь хүний хөгжлийн тухай номыг сонирхож байгаа. Сүүлд Стивен Ковейний “До­лоон зуршил” номыг унш­сан. Надад их таалагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *