Н.Алтанхуягийг ерөнхий сайдаар томиллоо

8-р сарын 10, 2012 10:13 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 346

Б.НЯМСҮРЭН

 

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаан өчиг­дөр боллоо.

УИХ-ын чуул­ганы хуралд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Ир­гэ­ний зориг, ногоон нам, бие даагч гишүүдээс гад­на УИХ-ын нээлтийн ху­рал­даанаас хойш чуулга­ны танхимд хөл тавиагүй Ардын на­мын гишүүд хү­рэлцэн ирж 58 гишүүнтэй­гээр хурал­даан эхэлсэн юм. Монгол Улсын түү­хэнд дахин нэг Засгийн газрыг бүрдүүлэх эрх ол­гож, Ерөнхий сай­дыг то­мил­сон чуулганы хурал­даа­ны тоймыг хүргэе.

МАН-ЫН БҮЛЭГТЭЙ БОЛОХ ОРОЛДЛОГО БҮТЭЛГҮЙТЭВ

Сар гаруйн хугацаанд тунирхсан Ардын намын­хан чуулганы хуралдаанд сууж эхэллээ. Ж.Батсуурь гишүүнийг намын нөх­дөө­сөө түрүүлэн танхимд орж ирэхэд хэдийнэ бай­раа эзлээд байсан Ард­чил­сан намын гишүүд алга ташин угтан авсан юм.

УИХ-ын дарга хэлэл­цэх асуудлыг танилцуу­лахаас өмнө МАН-ын дар­га Ө.Энхтүвшин Ар­дын намын гишүүд яагаад чуулганы танхимд орж ирэх болсон тухай шалтгаанаа товчхон тайл­барлав.

Тэрээр Ардчилсан на­мын дарга болон бүлгийн дарга нартай удаа дараа уулзалт хийж хоёр талаас зөвшилцөлд ойртсон уч­раас Ардын намын бүлэг Их хурлын үйл ажил­лагаанд оролцох нь зүйтэй гэж үзсэнээ тайлбарласан. Мөн “Сүү­лийн үед  Ардын намыг Засгийн газарт орохын тулд ингэж байна, Шүү­хийн үйл ажилла­гаанд нөлөөлөх гэж оролд­лоо зэргээр ярих боллоо. Бид хүчтэй, хариуцла­гатай сөрөг хүчин байх болно. Шүүхийн үйл ажилла­гаанд нөлөөлөх гэж оролд­сон гэж байгаа нь зар­чимгүй асуудал” хэмээв. Мөн өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нарыг хүлээн авч Их хурлын ажлыг бүрэн бүрэлдэ­хүүнээр явуулах чиг өгсөн ч нь МАН-ын гишүүдийг чуулганы танхимд орж ирэхэд нөлөөлсөн бололтой. 

Харин УИХ-ын ги­шүүн Н.Энхболд УИХ-ын даргыг сонгосон анхду­гаар хуралдаан хууль зөрч­сөн учраас дахин санал хурааж баталгаа­жуулъя гэсэн горимын санал хэлсэн юм.

Мэдээж түүнийг нь Ардчилсан намынхан хүлээж авсангүй. Гишүүд “Олонхи шийдсэн. Танай нам оролцоогүй бол олонхийн шийдвэр ч баталгаатай биш юм уу” хэмээн ам асууж байлаа. Удтал маргалдсаны эцэст Н.Энхболд гишүүний го­ри­мын саналыг Их хур­лын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруу­лах эсэхээр санал хурааж, гишүүдийн олонх нь зөвхөн Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Гэтэл Ардын намын дарга Ө.Энхтүвшин ги­шүү­дийн үгийн далимд бүлэг байгуулах хүслээ биелүүлэхээр зүтгэв. Тэ­рээр олон гишүүд хорьж байсан ч  “Манай намын бүлэг аль эрт байгуу­лагдсан. Харин УИХ-ын даргад өргөн мэ­дүүлэх нь тодорхой шалт­гаанаар саат­сан” хэмээн тайл­барласаар МАН-ын бүлэг байгуулсан тухай 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн тухай тог­тоо­лоо уншиж танилцуулсан.

МАН-ын бүлэг бай­гуу­лах тухай шийдвэрийг хүлээж авсан З.Энхболд дарга “Одоо шууд хүлээж аваад бүлэг байгуулснаар тооцвол хууль зөрчинө. Тиймээс нэг л гарц бий. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирж шийдэж болно” хэ­мээн эл асуудлыг эцэс­лэлээ.

УИХ-ын чуулган эхэлс­­­нээс хойш цаг гаруйн дараа л үндсэн асуудалдаа орж, Н.Алтан­хуягийг Ерөн­хий сайдаар томилохыг хэлэлцлээ.

АН-ын дарга Н.Ал­танхуягийг Ерөн­хий сай­даар томилуулах хүсэл­тийг Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж Их хуралд танилцуулав.

Хүчтэй сөрөг хүчин байхаа мэдэгдээд байгаа МАН-ынхан ажлаа эрчимтэй эхлэхийг хүссэн бололтой. Нэр дэвшигч Н.Алтанхуягаас асуулт асуух гишүүдийн олонх нь Ардын намынхан байлаа.

Д.Дэмбэрэл:

-Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх бол. Яам, агент­лагийн тоог нэмэх тухай дуулдаж байгаа. Ингэж бүтцийг өөрчлөхдөө төрийн албан хаагчдын тоог нэмэх үү эсвэл одоогийн байгаа хэмжээнд хадгалж өөрч­лөлт хийх үү. Сүүлийн үед инфляц нэмэгдэж иргэдэд ихээхэн хүндрэлтэй бай­гаа. Үнийн өсөлтийг саа­руулах талаар ямар арга хэмжээ авах вэ?

Н.Алтанхуяг:

-Дөнгөж саяхан та Улсын Их хурлын дарга байсан. Инфляцийн хувьд, биднийг сонгууль гэсээр байтал үнэхээр үнэ гэдэг нь талийчихлаа. Энэ бол шинэ Засгийн газрын ажилтай гэхээс илүү одоогийн Засгийн газрын ажилтай илүү холбоотой. Тиймээс надаас үнийн өсөлтийн талаар юу хийх вэ гэж асууснаас өөрсдөө юу хийснээ харах нь илүү дээр болов уу. Мэдээж үнийн өсөлтийг бууруу­лахын төлөө шинэ Зас­гийн газар ажиллах болно. Гэхдээ одоо өдрийн 120 сая төгрөгийн хоосон хүү төлж байгаа Хөгжлийн банкийг бид хүлээж авч байгаа шүү. Яамдын тоог нэмэгдүүлэх зүйл ч бай­гаа. Одоогийн бүтцээр нэг хүнд их ачаа өгөөд тэр нь хийсэн ч юм шиг, хий­гээгүй ч юм шиг дундаа орхигдох байдал их байна. Тиймээс хариуцлагыг чан­­­­гат­­гая, үүргийг тодорхой болгоё гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ төрийн алба­ны одоогийн байгаа хэмжээнд таа­руулж өөрч­лөлт хийхээр төлөвлөж байна.

Н.Энхболд:

-Монгол Ардын нам бол сонгогчдын 40 орчим хувийнх саналыг авсан. Тийм учраас манай намын мөрийн хөтөлбөрөөс ямар байдлаар шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгах вэ. Танай хамтарч байгаа “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт газрын доорх баялгийг 100 хувь ард түмний мэдэлд өгнө гэсэн заалт бий. Үүнийг та хэрхэн ойлгож, хүлээж авч байгаа вэ. Энэ асуудал танай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт яаж тусах вэ?

-Хуульд “Олонх бол­сон нам Засгийн газраа бүр­дүүлж, мөрийн хөтөл­бөрөө боловсруулна” гэж заасан. Түүгээрээ явна. Гэхдээ бид МАН-ын мө­рийн хөтөлбөр гээд хаяхгүй. Авах, гээхийн ухаанаар хандана. Бид мө­рийн хөтөлбөр боловс­руу­лахдаа иргэдээс нээлттэй санал аваад эхэлчихсэн. Мэдээж хамтарч байгаа нам, эвслийн мөрийн хө­төл­бөрөөс харилцан ярил­цаж оруулна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт байгаа байгалийн баял­гийг 100 хувь ард түмний мэдэлд өгөх тухайд олон удаа асууж байна. Зарч­мын хувьд “Шударга ёс” эвс­лийн ард Монголын баялаг Монголдоо байх ёстой гэ­сэн заалтыг зөв гэж бодож байгаа. 100 хувь биш ч гэсэн ихэнх нь ард түмний мэдэлд байхыг дэмжиж байгаа.

Г.Уянга:

-Н.Алтанхуяг дарга манай “Шударга ёс” эвслийн бүлэгт орж ирээд асуултад хариулж байхдаа сандал ширээ, албан тушаал чухал биш гэдгээ онцолсон. Танай Засгийн газар ямар томоохон шинэчлэлтийг хийх вэ?

Н.Алтанхуяг:

-Хамтарч байгаа нам, эвслүүдийн хөтөлбө­рүү­дийг судлаж, харьцуулж байгаад Засгийн газар мө­рийн хөтөлбөрөө боловс­руулна. Хамгийн гол нь ард иргэд маань ажилтай, орлоготой болох, хээл ха­хуулийг арилгах, “Шудар­га ёс” тогтоосой гэсэн чин хүсэлтэй байгаа гэж бодож байна. Тиймээс энэ асуудлуудад илүү анхаарч ажиллана.

С.Бямбацогт:

-Засгийн газар одоо 11 яам, 13 сайдтай үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Засгийн газрыг 19 яам, 21 сайдтай байх тухай яриа гарах боллоо?

Н.Алтанхуяг:

-Монгол Улс 2,8 сая хүн амтай. Одоогийн байд­лаар Монгол Улс 2012 оны олимпийн наадмаас таван медаль авчихаад байна. Энэ бол Монгол Улсын хувьд багагүй амжилт, цаашдаа ч энэ амжилтыг бататгах, Монголын үндэсний урлаг, спортын брэндийг бий болгох ёстой. Энэ утгаараа Соёл, спортын яам байгуулна. Мөн ажил үүрэг нь зохиц­доггүй Үн­дэсний хөгжил шинэтгэ­лийн хороо ч юм уу тий­мэрхүү агентла­гуудыг яам болгож статусыг нь өөрчилвөл үүрэг хариуц­лага нь илүү тодорхой болно гэж үзэж байгаа.

Ж.Энхбаяр:

-Яагаад стратегийн ач холбогдолтой ордуудыг 100 хувь ард түмний мэ­дэлд байх тухай “Шу­дарга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрийн заалтыг дэм­жиж байгаагаа тайлар­лахгүй юу?

Н.Алтанхуяг:

-100 хувь гэж би хэлээгүй. Ард түмэнд ахиу байх нь Монголчуудад хэрэгтэй гэсэн үүднээс хандаж байна.

Ц.Нямдорж:

“Шударга ёс” эвс­лийн гэрээнд Оюутолгойн Монголын хувь хэмжээг 51 болгох тухай заалт байгаа. Үүнийг мөрийн хөтөлбөр­төө оруулна гэж ойлголоо?

Н.Алтанхуяг:

-Эрдэнэтийн хувь ч анхнаасаа 51 байгаагүй. Тодорхой хугацааны дараа 51 болсон. Түүн шиг Оюутолгойг ч бас заавал одоо биш ч гэсэн яваандаа, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ч юм уу 51 хувь болговол Монголын ард түмний халаасанд орох мөнгө л нэмэгдэнэ гэж ойлгож байгаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, нэр дэвшигч  хариулт хэлсний дараа зарим гишүүн саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт АН-ын даргад амжилт хүсээд, нэг л зангаараа байгаарай хэ­мээн захисан бол Г.Уянга гишүүн “Шударга ёс” эвс­­лийн мөрийн хөтөл­бөрийг биелүүлэх үүрэг, мандатыг ард түм­нээс авч энд сууж байгаа учраас хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаа. Тиймээс мөрийн хөтөл­бөрт заавал эвслийн мө­рийн хөтөлбө­рийн гол гол заалтуудыг тусгахыг хүссэн юм.

Харин намынх нь ги­шүүн С.Баярцогт шинэ Засгийн газар өмнөх Зас­гийн газруудаас илүү их шинэчлэлт хийх нөхцөл байдалд байгааг сануул­лаа.

Ийнхүү хуралд оролц­сон гишүүдийн 42 нь дэм­жиж, 72.4 хувийн сана­лаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

 

Н.АЛТАНХУЯГ: ШИНЭЧЛЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БИД ӨНӨӨДРӨӨС ХИЙНЭ

 

Ерөнхий сайдаар томилогдсон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг гишүүдэд хандан чуул­ганы индрээс үг хэлсэн. Тэрбээр “Ард түмний үүрэг болгосон шинэчлэл өөрчлөлтийг хийсэн шиг хийх хэрэгтэй. Шинэчлэл хийнэ гэдэг нь төсвийг цөлмөхийг хэлэхгүй, ард түмэндээ нээлттэй, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх бодлогыг хэрэг­жүүлсэн ажлыг ажил хэрэг болгох нь чухал. Ардчилсан Засаг авлигын аранга байх болно. Болохгүй байгаа бүхнийг засдаг, хүн бүрийн тунгалаг тусгал нь байх болно. Шинэчлэлт өөрч­лөл­тийг бид өнөөдрөөс хийнэ. Шинэчлэлтийг ба­гаар л хийдэг. Засгийн газарт орсон ороогүй энэ бүхэн бүгдэд хамаатай. Түмэн олон төр улсынхаа төлөөх хатуу шүүмж­лэлийг бид хүлээн авах болно. Хүн шиг  амьдарч, улс шиг хөгжье” хэмээн үгээ төгсгөлөө.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *