Н.Алтанхуяг: Зээлийн урьдчилгааг банкууд тогтооно

6-р сарын 12, 2013 1:07 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 3350
Төрийн ордонд өчигдөр “Шинэчилж шийдье 222” уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар иргэдийн асуултад хариуллаа.

Э.ӨНӨР

 

Төрийн ордонд өчигдөр “Шинэчилж шийдье 222” уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар иргэдийн асуултад хариуллаа. Уулзалтад оролцсон иргэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэзээнээс хэрэгжих, зээлийн урьдчилгааг хэдэн хувиар яаж тогтоох, энэ зээл орон сууцны үнэд хэрхэн нөлөөлөхийг асуусан юм. Иргэдийн асуултад сайд нар хэрхэн хариулсныг хүргэе.

Н.Алтанхуяг:

ЭНЭ ЗЭЭЛИЙГ ЕСӨН САР СУДАЛСАН

Орон сууцны 8 /±1/ хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэхээр Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк есөн сар хамтарч ажиллалаа. Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг баталж, арилжааны банкуудад хүргүүлээд байна. Энэ зээлийн нарийвчилсан журмыг Монголбанк боловсруулсан. Ажилтай, дунд орлоготой иргэд ирэх даваа гаригаас эхлэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Ингэхдээ Монголбанкны шалгуур хангасан арилжааны бүхий л банкуудаар дамжуулж авна. 80 ам метрээс илүүгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй зээлээр худалдан авна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөхөөр тусгасан. Гэхдээ таны төлөх урьдчилгаа 10 эсвэл 30 хувь байх уу гэдгийг тухайн банк танай гэр бүлийн орлого, үл хөдлөх хөрөнгийг судалж тогтооно.

 

Ц.Баярсайхан: ХУУЧИН ЗЭЭЛЭЭ НАЙМАН ХУВЬ РУУ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэд ялгаагүй ирэх даваа гаригаас эхлэн арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж, найман хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжийг бүрдүүлсэн. Монгол Улс өмнө нь орон сууцны зээлд энэ удаагийнх шиг нэг их наяд төгрөгийн санхүүжилт гаргаж байгаагүй. Энэ зээлд зориулж эхлээд 800 гаруй тэрбум төгрөг, сүүлд 300 гаруй тэрбумыг Засгийн газраас батлаад байна.  Иргэдийн орох орон сууц нь зээлийн баталгаа, барьцаа болно. Тиймээс иргэдээс илүү зүйл шаардахгүй. Бид орон сууцны чанарт нэлээд анхаарч байгаа. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага ч үүнд хамтарч ажиллана.

 

Н.Золжаргал:

ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ БАРИНА

Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байснаар орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлнө гэж бид үзэж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа. Орон сууцны үнэ тогтвортой байна. Найман хувийн хүүтэй зээлээс болж орон сууцны үнэ өсөхгүй. Үүнд хяналт тавьж байгаа.  Байрны үнийн өсөлтийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Барилгын материалын үнийг бууруулах чиглэлд анхаарсан. Орон сууцны компаниудтай удаа дараа уулзсан. Орон сууцны нийлүүлэлтийг нэмэхэд нэлээд анхаарч байна. Ирэх жилээс угсармал барилга барих үйлдвэр үүдээ нээнэ. Энэ үйлдвэр жилд 5000 орон сууц барих хүчин чадалтай. Үнэ чанарт нөлөөлдөг учраас нийлүүлэлтийг нэмэх чиглэлээр үнийн өсөлттэй тэмцэхээр болсон. Үнэтэй тэмцдэг цорын ганц арга бол нийлүүлэлтийг дэмжих юм. Үнэ нэмэгдэх дохио гарангуут эрэлтээ багасгах замаар зохицуулаад явна.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *