Н.Алтанхуяг: Сайд нар амралтын өдрүүдэд ч ажиллана

8-р сарын 15, 2012 10:21 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 319

Б.ЭРХЭС

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Үүний дараа сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

-Шинэ Засгийн газрын бүтцийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Ардын намынхан 19 яам, 21 сайдтай байна гэж шүүмжилж байсан. Үнэн үү?

-Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Их хуралд оруулж батлуулдаг. Өмнөх Засгийн газар 15 сайдтай, 11 яамтай байсан. Шинэ Засгийн газар 19 сайд, 16 яамтай байхаар хуулийн төсөл өргөн барьж байна.

-Яамны тоог нэмэх зайлшгүй шалтгаан юу байв?

-Дөрвөн яам шинээр нэмсэн гэхээс илүү олон салбар хариуцсан яамдыг салгасан гэж ойлгож болно. Мөн яамдын тоог нэмж байгаа гол шалтгаан нь хүн бүр хийх ажил нь тодорхой, үүрэг хариуцлага нь илэрхий байх гэсэн зарчим байгааг онцолъё. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд бид улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог байгууллага байх ёстой гэж үзээд Үндэсний хөг­жил шинэтгэлийн хороо гэдэг агентлагийг байгуул­сан. Гэвч энэ агентлаг яамдтайгаа харьцаж тэд­ний бодлогыг зангидах хэмжээнд ажиллаж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Тийм учраас бид нэгэнт яамдын бодлогыг зангидах учраас эрхийг нь нэмэгдүүлье, статусыг нь дээшлүүлье гэж үзсэн. Ингээд Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгуулах гэж байна. Одоо байгаа Засгийн газрын яамдыг харахаар дөрвөн яам бусдаасаа илүү данхгар, олон салбар хариуцдаг. Жишээ нь Эрдэс баялаг, эрчим хүч гэдэг хоёр салбарыг нийлүүлээд нэг яаманд хариуцуулчихсан. Гэтэл аль ч салбар нь олигтой ахиц байхгүй. “ТЭЦ-5” баригдсан уу үгүй, уул уурхайн асуудал ч мөн адил урагшилсангүй. Тиймээс энэ хоёр том салбарыг салгаж, тус тусад нь ажлаа хийсэн шиг хийх бололцоо гаргамаар байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам ч бас ижил.Өнөөдөр хотод ямар ч төлөвлөлт алга. Тиймээс аймгийн төвүүдийг хот шиг хот болгоё. Ингэхийн тулд хот төлөвлөлт хийнэ. Дөрвөн жилийн дараа бүх аймгийн төвийг хот шиг хот болгосон байх ёстой Замын асуудал ч хэцүү байна. Саяхан орсон борооноор бүх зам “нойл” үнэлгээ авсан. Тийм учраас тус тусынхаа ажлыг нэртэй төртэй хийх хэрэгтэй. Хариуцлагаа ч үүрдэг байх ёстой. Замын асуудал мөн адил. Энэ зуны бороонд хотын зам “нойл” үнэлгээ авсан шүү дээ.

Гурав дахь нь Соёл, боловсрол шинжлэх ухааны яам байгуулна. “Лондон-2012” Олимпийн наадмаас монголчууд таван медальтай ирлээ. Энэ медалийн тоог хүн амынхаа тоотой харьцуулахад бид дэлхийд долдугаар байрт орж байна. Тэгэхээр дэлхийн тавцанд спортоор өрсөлдөх асуудлыг бодлогын төвшинд авч үзье. Спортын асуудлыг тусад нь яамны хэмжээнд үзье гэж үзсэн. Мөн монголчууд бидний бахархаж явах, үр хүүхэддээ үлдээх зүйл бол Монголоо гэх сэтгэл, зан заншил, уламжлал. Тийм учраас соёл, спорт, аялал жуулчлалыг нэг яаманд харьяалуулж тусад нь салгахаар болсон. Соёл, спорт гэдэг энэ гол салбар боловсролын салбарын хавсарга болж болохгүй. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам байгаа. Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч тодорхой оруулсан. Бид яаж монгол хүнийг ажилтай, орлоготой болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаа. Хөдөлмөрийн яаманд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Жижиг дунд үйлдвэрийн газрыг хариуцуулна. Нөгөө талд нийгмийн олон бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн хамгаа­лал гэр бүлийн асуудлууд байна. Эдгээрийг хариу­цуулах Хүн амын хөгжил нийг­мийн хамгааллын яам байгуулна. Хийх гэж байгаа ажилдаа зориулж түүнийгээ хариуцлагатай хийх

-Агентлагуудыг цөөлж байгаа гэсэн. Үүнийг тодруулна уу?

-Зарим агентлаг харьяа яамдынхаа доор очиж байгаа учраас нэлээн цөөрч байгаа. Ер нь яам байхад заавал агентлаг гэдэг тусдаа  эрх мэдэлтэй, том байшинтай хүмүүсийг байлгах хэрэг байгаа юу, үгүй юу гэдгийг ч бодох ёстой. Бид энэ бүтцийг нэлээн судалж байж танилцуулж байгаа. Монгол  Улстай ойролцоо улс орнуудын Засгийн газруудтай харьцуулсан. Мөн өмнөх Засгийн газруудынхаа бүтцийг ч судалсан. Дахин хэлэхэд яамдын тоо чухал биш.

-Засгийн газрын гишүүдийн олонх нь Их хурлын гишүүн байна гэсэн яриа гарчихаж. Энэ хэр бодитой яриа вэ?

-УИХ-ын гишүүдийг Засгийн газарт оруулж болно шүү дээ. Өнгөрсөн 2008-2012 онд Ардчилсан намын зургаан гишүүн бүгд УИХ-ын гишүүн байсан. Сайд болно гэдэг тоглоом биш. Албан тушаал гэхээс илүү ажил хийх гэж ирж байгаа гэж ойлгох ёстой. Сайд нар өдөрт 12-оос доош цаг ажиллахгүй. Амралтын өдрүүдээр ч амрахгүй ажиллана. Мөн Монгол Улсын сайд учраас жилд гадаад улс руу хоёроос илүү явахгүй. Тэр байтугай манай Засгийн газрын гишүүд анх удаа тангараг өргөнө. Бид хариуцлагын тогтолцоог бий болгоё гэж бодож байгаа.

-Агентлагийн тоо цөөрснөөр төрийн албан хаагчдын тоог багасах уу?

-Одоо байгаа яамдад нийтдээ 1017 хүн ажилладаг юм. Мөн агентлагуудад 3600 хүн бий. Энэ хоёр тооны нийлбэрээс нэгээр ч илүү гарахгүй.

-Дэд сайд нар байх уу?

-Байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *