Мөрөөдөлд хөтөлсөн “Ид шидийн орон”

7-р сарын 4, 2018 10:51 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 48
7-4-6

Ч.ГАНТУЛГА

Зурагт ном гартаа барьчихаад өнгө, өнгийн будгийг нь сониучирхан харах бяцхан охин. Ном унших хүсэлдээ хөтлөгдөн үсэг холбон, үг хэлхэж суугаа нэгдүгээр ангийн сурагч. Үеийн хүүхдүүд нь гадаа бөмбөг өшиглөж явахад номын сангийн идэвхтэн уншигчид ийнхүү үлгэрийн ертөнц, мөрөөдлийнхөө орноор аялж байна. Тэд ямар хөөрхөн гээч. Ном унших бүртээ өөрийгөө гол дүрийн баатраар төсөөлж, мөрөөддөг гэсэн. Сонгинохайрхан дүүрэг, бидний хэлж заншсанаар Баянхошууны зүрхэн хэсэгт “Ид шидийн орон” гэх бяцхан номын сан бий. Хэдийгээр “бяцхан” гэж онцолсон ч тэнд том мөрөөдөлтэй, ирээдүйн улстөрч, эрдэмтэн, эмч, багш, ээж аавууд хүмүүжиж байна. Гэр хорооллын дунд төвхнөсөн ч цэвэрхэн, тохилог номын сангийн нэг өдрийг сурвалжиллаа.

7000 НОМТОЙ НОМЫН САН 

Нэрнээс нь л хүүхэд насны гэгээн мөрөөдөл, инээд хөөр, аз жаргал мэдрэгдэх тус номын санг анх 2017 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулжээ. Харин үндэс суурь нь 2016 онд “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” төслөөс улбаатай юм байна. Саруулхан танхимд ороход хүүхдүүдэд зориулсан  жижигхэн, ширээ сандал. Ханыг тойруулан номын санг байгуулжээ. Хүүхдүүд хүссэн номоо өөрсдөө хайж, олох боломжтой юм байна. Номын сан байгуулагдсанаас хойш бид олон идэвхтэн уншигчтай болсон гэсээр номын сангийн эрхлэгч М.Гомбожав биднийг угтсан юм. Тэрээр “Манай номын сан 3300 гаруй төрлийн 7000 номтой. Үүний ихэнхийг хүүхэд, өсвөр насныханд зориулсан уран зохиолын болон зурагт ном эзэлдэг. Номын хуримтлалыг “Book cafe Mongolia” төслийн хамт олны тусламжтайгаар 2017 оны зунаас эхлэн хандивын журмаар цуглуулсан юм. Одоогоор 50 гаруй хүүхэд суух танхимтай. Номын сан нь онлайн системтэй. Хүүхдүүд жилийн 1000 төгрөгийн хураамжтай уншигчийн карт нээлгэдэг. Мөн уншихыг хүссэн номоо танхимаар болон гэрээр авч унших боломжтой” гэсэн юм.

70 ГАРУЙ ИДЭВХТЭН УНШИГЧТАЙ

Номын сан чимээгүй орчин. Гэвч тэнд зурагт номын тухай яриа өрнөж байв. Хүүхдүүд “Чингис хаан” зурагт номын тухай ярилцана. Нүд ирмэхийн зуур ширээгээ тойрч суугаад номонд гарч буй үйл явдал болон эзэн Чингис хааны тухай ам булаалдан ярьж, 800 гаруй жилийн өмнөх түүхийг шүүн тунгаах нь өхөөрдөм. Тус номын сан 70 гаруй идэвхтэн уншигчтай ажээ. Хамгийн бяцхан уншигч нь нэгдүгээр ангийн сурагчид. 104 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Мандахзаяа “Би хичээлээ тараад номын санд ирэх дуртай. Энд олон найзтай болсон. Бид уншсан номынхоо тухай бие биедээ ярьж өгдөг. Ном унших бүрт мөрөөдөл минь биелэх шиг болдог” гэв. Харин тус номын сангийн хамгийн ахмад идэвхтэн уншигч нь “Ид шидийн орон” төслийн сэтгэлзүйч Б.Аззаяа юм. Тэрээр “Хүүхдүүдтэй хамт номын ертөнцөөр аялах сайхан байдаг. Бид зөвхөн номоор хангаад, уншуулаад өнгөрөхийг хүсдэггүй. Тухайн номыг уншсанаар юу ойлгосон нь хамгийн чухал. Үүнээс гадна манай хүүхдүүд их сайн найзууд болдог. Бүр бүжгийн хамтлаг хүртэл байгуулсан” гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *