Монголын хөгжлөөс хэн хожих вэ?

7-р сарын 4, 2012 12:27 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 235

Б.САНСАР

 

ХБНГУ-ын “Дойче Велле” агентлагийн тоймч Юрген Каль манай орны УИХ-ын сонгуулийн талаар ийм гарчигтай нийтлэл бичсэнийг сийрүүлэн хүргэе.

Монголын нийт сон­гогчдын ердөө 65 хувь нь тус улсын саяхан болж өндөрлөсөн парламентын сонгуульд оролцсон бай­на. Асар их байгалийн баялаг нь цөөн хэдэн хү­ний халаасыг түнтийл­гэдэг улс төрд иргэд нь сэтгэл дундуур буйн илрэл энэ. Иймээс ч  монголчууд хоёр томоохон улс төрийн хүчний алинд нь ч олонхи болох боломж олгоогүй гэлтэй. Урьдын, 2008 оны сонгуульд нийт сонгогч­дын 74 хувь оролцож байс­ныг бодвол энэ удаагийн сонгуульд иргэ­дийн идэвхи эрс буурчээ.  

Анх удаа автомат ма­шин ашигласан сонгуу­лиас хойш гурав хоног өнгөрсөн ч эцсийн үр дүн албан ёсоор гараагүй бай­гаа юм. Хэдий тийм ч урьд­чилсан дүнгээс үзвэл, 1990 онд  тус улсад улстөр, эдийн засгийн огцом өөрч­лөлтийг өрнүүлсэн, өнөө­гийн Ерөнхийлөг­чийнх нь Ардчилсан нам пост-ком­мунист МАН-аас илүү санал авах нь тодорхой болжээ.  

Урьдчилсан дүнгээр, Ардчилсан нам парла­ментын 76 суудлын 31-ийг авах бөгөөд энэ нь дан­гаараа Засгийн газар бай­гуулахад найман суудлаар дутуу юм. МАН-ын хувьд энэ сонгууль том ялагдал. Урьдын парламентаас энэ нам даруй 17 суудал ал­даж, ердөө 29 мандат аваад байна. Энэхүү ялагдлыг тус намын экс-дарга, Монголын экс-Ерөнхий сайд, экс-Ерөн­хийлөгч Н.Энхбаяртай холбоотой гэж хэлж болно. Тэрээр МАН-аас гарч, намынхаа хуучин нэрийг авсан, зүүний чиг барим­жаатай популист, үндсэр­хэг улс төрийн хүчнийг бай­гуулсан юм. Засгийн эр­хэнд байсан МАН, АН-ын алинд ч итгэл алдарсан иргэдийн ачаар МАХН 11 суудал­тай­гаар УИХ-ын гурав­дахь том хүчин болж чад­сан байна.

22 жилийн өмнөөс коммунист засаглалаас татгалзан шинэ замд ор­сон гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улс сүүлийн хэдэн жил хур­дац­тай хөгжиж буй.

Монголд зочилсон хүмүүс тус улсын асар хурдан өөрчлөлтийг гай­хан шагширдаг. Байга­лийн баялаг нөөцийнхөө экспортын ачаар тус ул­сын эдийн засаг жил бүр хоёр оронтой тоогоор өсөх болжээ. Иймээс ч Мон­голын нийслэл Улаанбаа­тар хотод тэнгэр баганад­сан барилгууд шил шилээ даран “ургах” болсон байна. Орон сууцны нэг хороолол ашиглалтад орсон уу үгүй юу, дараа­гийн хороолол нь бариг­даж байгаа аж. Дэлхийн бусад томоохон хоттой харьцуулахад орон сууцны түрээс бараг л бэлэгдлийн гэмээр хямд, таван одтой ч хямдхан зочид буудлууд­тай, хямд үнэтэй бараа­гаар бялхсан дэлгүүрүүд­тэй хот бол Улаанбаатар. 

Германы нэгэн биз­несментэй ярилцахад, “Улаанбаатарт та Мюн­хенээс ч илүү олон “Хам­мер” жийп харж болно. Гэхдээ энэ бол монгол­чуудын баян хоосны ялгаа ямар их байгааг илтгэх нэг тэмдэг. Цөөн хэдэн баячууд тансагийн дээдээр амьдарч байгаа ч монголчуудын гуравны нэг нь үгээгүй хоосон бөгөөд хорвоогийн бор хоногийг хоолтой өнгө­рөөх гэж тэмцэж байна. Үүнийг ялангуяа хотыг бүчсэн гэр хорооллоос харж болно. Гэр хороололд хөдөө орон нутгаас нүүж ирсэн хагас сая гаруй хүн амьдардаг юм” гэлээ.

Тус улсын огцом өөрчлөлт хотод төдийгүй, намуухан байгаль, нүү­дэлч­дийн амьдралын ро­мантизмыг амтлах дуртай жуулчдын диваажин бол­сон хөдөөд ч илт мэд­рэгдэнэ. Хязгааргүй уудам талыг гэтлэн машинаараа уул өөд мацахад л хаа нэгтээ алтны уурхай ха­рагдана. Албан ёсны зөв­шөөрөлгүй бэсрэг уурхайн тоо 100 мянга хол давсан гэх. Үүнийг хүлээн зөв­шөөрч болно гэж үү? Алтны уурхайн хоршооны нэгэн тэргүүн ярихдаа, “Монголын бүх баялаг монгол иргэн бүрийн өмч. Иймд, Засгийн газар бид­ний малтлагыг хүлээн зөв­шөөрсөн ч, үгүй ч бид үйл ажиллагаагаа үргэлж­лүүлэх л болно” гэж байлаа.

ХБНГУ-ын тэргүүний хувиар Канцлер А.Меркель Монголд анх удаа өнгөрсөн оны сүүлээр айлчлахдаа хоёр зорилго­той байж. Нэгдүгээрт, түүний айлчлал Төв Ази дахь цорын ганц ард­чилсан орныг хүндэтгэн дэмжсэн явдал байлаа. Нөгөөтэйгүүр маш тодор­хой эдийн засгийн ашиг сонирхлыг агуулсан юм. 

Юу гэвэл, Германы бизнесийн хүрээ Монголд уул уурхайн технологи, техник тоног төхөө­рөм­жийг нийлүүлэхээс гадна байгалийн баялгийг нь олборлон хүртэх маш их сонирхолтой.

Ингэхэд, тус улсын байгалийн баялаг иргэд­дээ дэм болж байна уу, эсвэл гай авчирч байна уу? Байгалийн баялаг тус улсыг үүнээс хүртэгсэд болон үл хүртэгсэд гэсэн хоёр хэсэгт хуваасан гэмээр.

Монголын нөлөө бү­хий хоёр нам хоёулаа л өнгөрсөн гашуун түүхээс сургамж авсан, байгалийн баялгийг иргэн бүрт шударгаар хүргэх ний­гэмд чиглэсэн эдийн засгийг хөгжүүлнэ гэж амласаар. Ийм амлалтад монголчуудын нэлээд хэсэг нь итгээгүй ч сон­гуулийн дүн бэлхнээ ха­рууллаа. Иргэдийн нэлээд хэсэг нь сонгууль өгөхөөс ч татгалзсан бөгөөд сон­гууль өгсөн хүмүүсийн дунд цөөнгүй нь хоёр том намын популист амлалтад итгэсэнгүй.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Podofilox Amoxicillin For Sale Online Sweetcheeks cialis tablets for sale Comprar Cialis Generico Europa

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *