Монголын говийг тамгалсан шаахайн мөр

10-р сарын 3, 2012 10:02 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 401

Дундговь аймагт хайгуулын болон ашиглалтын 210 гаруй тусгай зөвшөөрөл олгосны

30-аас илүү хувийг хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байна.

Х.ХУЛАН

 Монгол Улсын Ерөн­хий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Бямба­сүрэн гуай, “Өмнөговийг Хятадын / Монголын биш шүү/ эдийн засгийн хав­сарга болчихлоо” гэж хэл­сэн удаатай. Ерөөс Мон­го­лын говь тэр чи­гээрээ хя­тадын “авдар” болчих­сон юм биш үү.  “Хойноос ирээд хот ма­найх, хотонд ороод хонь минийх” гэдэг хэлц үг ч гэсэн Монго­лынх биш, тэднийх /Хята­дынх/ юм шиг ээ. 

Хятадын уул уурхайн компаниуд  “Танай бүдүүн дар­га нар зөвшөөрсөн. Худ­­лаа гэвэл үүнийг хар” хэ­мээн лиценз сарвайж, баял­гийг минь хашаал­чи­хаад, “Энд бидний зөв­шөөр­­лөөс гадуур хэн ч нэвт­­­рэх эрх­гүй” гэсэн би­чиг­дээгүй хуулийг Мон­голд нэвт­рүү­лээд удаж байна.

Манайхан ч гэж уужуу улс юм даа. Барагтай бол тэр “хуулийг нь” зөрчих гэж хэл ам үүсгэхгүй. “Ухаад л байх юм, аваад л байх, ачаад явчих юм даа” гэж араас нь санаашир­саар үлдэх.

Гавьяат эдийн засаг­чийн хэлсэнчлэн, өдгөө Хятадын эдийн засгийн хавсарга болоод байгаа Өмнийн говь маань Дунд­говиор хүрээгээ тэлж бай­на. Яагаад гэхээр энэ ай­магт өдгөө 210 гаруй хай­гуулын болон ашиглалтын лиценз байгаагийн 30-аас илүү хувийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруу­лалт­тай компаниуд эзэлж бай­на. Хөрөнгө оруулалтаа дагаад эдлэх ёстой эрх ямба нь ч 100 хувь гээд тэд ойлгочихсон, нутгийн удирд­лагаас эхлээд ард иргэдийг нь үүндээ ит­гүүлчихсэн бололтой. Хя­тад шаахайн мөр, хятад хүнд механизмын хоёр Монголын зам шороонд гарч эхэл­сэн он жилүүдэд  бид­ний гайхамшиг гэсэн бү­хэн хоромхон зуур, нүдэн дээр минь гамшиг болон хувирдаг нь нууц биш юм.

Ганцхан жишээ  өгүүлье. Дундговь айм­гийн Говь-Угтаал сумын Хонгор багийн нутагт төм­рийн ордод ашиглалт явуу­лах зөвшөөрөл авсан хята­дын “Шанжин орд” ком­панийн мэдэлд нутгийнх­ны тахилгатай Хараат уул­тай нийлээд 32 га талбай шилжээд бараг гурван жи­лийн нүүр үзэж байна. Хятадын компанийн 100 хувийн хөрөнгө оруулалт­тай Хараатын төмрийн уурхайд өдгөө 400 хол дав­сан хятад ажилчин бай­гааг тэнд ажиллаж байгаа нутгийн иргэд батлан хэлж байна. Гэсэн ч гадаад ажилтны тоо хуульд заа­сан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд төлөх ёстой торгууль аль ч дансанд ороогүй байгаа нь ха­чир­халтай.

Манай сурвалжлах баг өнгөрсөн долоо хоногт Хараатын төмөр­тийн уурхайд очихдоо энд бүхэл бүтэн суурин бий болж байгааг нүдээрээ харсан юм. Уурхайн захир­гаа, ажилчдын байр, төмөр баяжуулж, цэвэрлэх үйлд­вэрийн барилга байшин нийлээд Оюу толгойн уур­хайн camp-аас ч хамаагүй том талбайг хамарсан ха­шаа. Харин дотор нь юу болж байгааг мэдэх бо­ломж нутгийн иргэд бай­тугай сумын Засаг даргад ч байхгүй.  тагнуул, мэр­гэжлийн хяналтынхныг шалгалтаар ирэх сургаар өнөөх олон хятад ажилтнаа уул, жалганд нууж молиго үмхүүлээд буцаана.

“Шанжин орд”-ын 100 хувийн хөрөнгө оруулалт­тай гэдэг утгаараа орон нутгийн болоод улсын тө­сөвт нэг төгрөг ч орохгүй. Ингээд л нутгийн иргэ­дийн хэдэн үеэрээ хэрэг­лэж болох гүний цэвэр усаар газраас ухаж гарга­сан хүдрээ угааж цэвэр­лээд улсын хилээр давуу­лах бэлтгэлээ базааж “Шан­жин орд”-ынхон үйлд­вэрээ барьж байна. Сумын Засаг дарга В.Ням­сүрэнтэй байгуулсан Ус ашиглах гэрээнд ямар хэм­жээний ус ашиглахыг “гурван цэг” тавиад орхи­чихсон байх юм. Биднийг тэнд очиход “Шанжин орд”-ынхон хашаан дотор усны хоёр цооног ашиг­лаж байв. Сумын байгаль орчны байцаагчаас энэ худаг зөвшөөрөлтэй эсэ­хийг лавлахад, “Саяхан мэргэжлийн хяналтынхан ирээд акталчихаад явсан худаг шүү дээ. Хэдийдээ нээчихдэг байна аа” гээд сууж байв.

Бэлчээр нутгаа сүйт­гүүлж байгаа малчид энэ бүхнийг нэн даруй зог­соол­гохоор өнгөрсөн хуга­цаанд Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж, Ерөнхий сайд асан Сү. Батболд, амйгийн Засаг даргаас хандаагүй албан тушаалтан байхгүй. Хэн нь ч  нохой хуцаж байна чинээ тоосонгүй.

Говь-Угтаал сумын зэр­гэлдээх Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулж буй /мөн л хятадын хөрөнгө оруулалттай/ по­лиметаллын үйлдвэрийн хаягдал ус болон, тэндхийн хятад ажилчдын хувцас, хирээ угаадаг ус “гол” болж урсчээ. Тэр усыг нь мал уугаад байдаг учир “Дундговь газар шороо” хөдөлгөөнөөс энэ талаар олон удаа асуудал тавьсаар ирсэн ч нутгаас нь сон­гогд­сон төрийн түшээдэд үүнд нь анхаарал хандуу­лах сэтгэл байсангүй өдий хүрч байна.

Хараат уулыг бараа­даж амьдардаг малчин өрхүүд өдгөө бэлчээр нь аалзны тор шиг хэрсэн замаар солигдож, агаар нь газар тэнгэр нийлсэн шо­роо болж хувирснаас бо­лоод “Нүүх үү, үлдэх үү”- дээ тулчихаад байна. Олон малчин аль хэдийнэ нүүчихсэн. Үлдэж хоцрох хүсэлтэй ч, хүчин мөхөс­дөж байгаа нь ч олон бай­на. Биднийг Хараат уу­ланд очиход тосч авсан, Говь-Угтаал сумын мал­чин, өндөр настнууд болон “Дундговь газар шороо” хөдөлгөөнийхөн ингэж ярьж байна.

 “Дундговь газар шороо”хөдөлгөөний тэргүүн И.Оюун-Эрдэнэ:

-”Шанжин орд” ком­панийн захиргааны байр руу орох эрх нутгийн ардад ч байхгүй байгаа та бүхэн нүдээрээ харлаа. Монгол хүн Монгол нутагтаа эзэн байх эрхгүй байгаагаас ялгаа юу байна. Яагаад өнөөг хүртэл бидний тэм­цэл төдийлөн үр дүнд хү­рэхгүй байна гэхээр анх­наасаа л шийдвэр гаргах төвшнийхөн энд хутгалд­чихсан юм. Энэ компанид зөвшөөрөл гэх зүйл үнд­сэндээ байхгүй гэж ойл­гож болно. Яагаад гэхээр бүх зөвшөөрлөө хуйвал­даж хийсэн. Хамгийн ноц­той нь, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд нутгийн иргэдийн биш, манай суманд огт байдаг­гүй хүмүүсийн саналыг тусгаж гарын үсэг зураад, тэрийг нь сумын Засаг дарга В.Нямсүрэн мэд­сээр байж баталчихсан.  Говь-Угтаал сумын Хон­гор багийн иргэд үнэндээ цөхөрч байна. Төр, засаг одоо биднийг харах хэрэг­тэй байна. Мэргэжлийн хяналтын дарга юу хий­гээд байгаа юм бэ, бид монголоо дотроосоо ухуулаад дуусах юм уу.  Хараатын уурхайн ордыг хятад компани 100 хувь эзэмшиж байна. Шинэ Засгийн газрын тэргүүнд хандаж энд цөхөрсөн ард иргэдтэйгээ уулзаж, байдлыг нүдээрээ хараач гэж хэлмээр байна. Энд зөвшөөрөлгүй ажиллаж байгаа олон хятад ажилчин байна.  Монгол ажилчдыг нэг  үг хэлэнгүүт нь дарам­талж, ажлаас нь халаад  хөөчихдөг. Монгол тогооч 300 мянган төгрөгөөр жор­лон угааж байна. Энд хэн хариуцлага хүлээж, хэн хяналт тавих юм. Мэр­гэжлийн хяналтынхан энд ирээд хяналтаа тогтоогооч. Ирэхээрээ, “Та нар хөрс хуулж болохгүй” гэж акт тавьсан болоод явдаг. Та бүхэн харж байгаа биз дээ, акт тавиад явсных нь да­раа л эргээд хуулж байна шүү дээ. Монгол нутагт байгаа хятад компанид хэн хариуцлага тооцох юм бэ. Үүнтэй хэн тэмцэх юм бэ. Нөгөө эх орончид маань хаана бай­на. Энд ирж ард бидэнтэй нийлээч гэж хэлмээр байна.

-Газрын зөвшөөрөл авахгүйгээр өндөр хүчдэл татаж, томоохон обьек­тууд барьсан гэж байна. Та энэ талаар баттай мэдэж байна уу?

-Миний л мэдэж бай­гаагаар, зөвхөн газрын зөвшөөрөл ч биш, Хараа­тын уурхайд л гэхэд бараг 20 гаруй хууль тогтоомж зөрччихсөн байгаа. ИТХ-аас зөвшөөрөл авалгүй барилга байшин барьсан гээд яриад байвал зөвшөө­рөлтэй юм энд ховор.

-Уурхайн олборлолт бэлчээр ус, амьдрах ор­чинд хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Энэ хавь усгүй болох нь. Хүмүүс нь нүүж, дүр­вэж байна. Чойроос ирж байгаа хүнд даацын маши­нууд хүссэн газраараа зам гаргадаг. Одоо бүр дээрэл­хээд хороо, гэр хоёрынх нь дундуур том машины зам гаргачихсан байгаа юм. Ийм том зам, ийм их тоос­жилт байгаа учраас малчид нутаг ус сайтай, бэлчээр сайтай газар руугаа нүүж байна шүү дээ.

 Говь-Угтаал сумын Хонгор багийн өндөр нас­тан Н.Чимэддорж:

-Хараат уулыг дээр үед Эрдэнийн уул гэдэг бай­сан юм гэнэ лээ. Бас л хятадууд ухаад байсан учраас  юм авч байсан юм байгаа биз дээ. Эрдэнийг нь аваад байхаар нэрийг нь солиод, Хараатын уул нэртэй болгож,  Жамсран сахиусаар  уулаа тахьсан юм гэнэ лээ. Түүнээс хойш нутгийн ард түмэн жил бүр энэ уулыг тахиж ирсэн. Одоо тэгээд уурхай ухаж дуусаад нөхөн сэр­гээлт хийнэ гэж байгаа. Ёроол нь дээрээ гарчихсан байгаль  дахиад нөхөн сэргэнэ гэж байдаггүй юм. Уг нь өнгөн хөрсийг нь тэр чигээр нь хадгалж байгаад тэндээ нутгийн ургамлыг суулгаж чадах юм бол хуу­чин төрхөндөө ойртдог. Гэсэн ч нутгийн дэрс да­хиж ургана гэж бодохгүй байна. Эдний ярьж бай­гаа­гаар өнгөн хөрсийг ч ашиглахгүй юм шиг байгаа юм. Ухсан нүхэндээ үйлд­вэрийн хаягдал усаа хий­гээд загас үржүүлгийн талбай болгоно гээд байгаа.

 Говь-Угтаал сумын Хонгор багийн иргэн С.Цэнд-Аюуш:

 -Зөвхөн Хараатын уур­хайгаа гадна ойр хавьд байгаа бусад уурхайгаас болоод хаа сайгүй аалзны тор шиг зам бий болчихоод байна.

-Хууль зөрчсөн маш олон үйлдэл байхад өдий хүртэл энэ уурхайн үйл ажиллагааг зогсоож хүчир­дэггүйн шалтгаан юунд байна гэж та боддог вэ?

-Ард нь Хууль зүй до­тоод хэргийн сайд асан Ц.Нямдорж байдаг гэж манай нутгийнхан ярих юм билээ. Нэг удаа түү­нийг нисдэг тэргээр ирээд газар буухгүй байсаар яв­сан тухай Ганбаа гэдэг залуу ярьдаг юм.

-Нутгийн иргэд, газар нутагт гарч байгаа хүнд­рэлүүд юу байна?

-Энэ жил гэхэд манайд ханиахгүй хурга гэж байх­гүй байна шүү дээ. Тэгээд байшин барилгаа барьж дуусчихаад өнгөн хөрсөө хуулна гэсэн чинь өнгөр­сөн жилээс эхлээд л хуул­лаа. Одоо тэгээд аймгийн мэргэжлийн хяналтынхан нэг ирж зогсоогоод л гу­рав, дөрөв хоноод ахиад л ухчихдаг. УМХЕГ-аас бас энэ зун ирээд нэг зогсоо­сон, 20-иод хоног л зогссон доо. Тэгээд л ухчихсан. Салхитай өдөр салхин доогуур нь явахын янзгүй юм билээ. Шороо нь хийсээд газар, тэнгэр хоёр нийлчихсэн байдаг.

-Сумын чинь Засаг дарга энэ талаар юу хэлэх юм?

-Нэмэргүй л гэх юм байн лээ шүү дээ. Одоо эхэлчихсэн, ухдагаараа ухахаас биш үүнийг зогсоох арга байхгүй гэх юм билээ.

-Цаашид та бүхэн яая гэж бодож байна. Ухвал ухаг гээд хаях уу?

-Ухуулахгүй юм сан л гээд үзээд байгаа шүү дээ. Мал бэлчээх ч газаргүй боллоо. Та нар харж байгаа биз дээ.

 

Нийт: 3 Сэтгэгдэл

Delly
2016 оны 4-р сарын 29

Time to face the music armed with this great infnamrtioo.

Joni
2016 оны 4-р сарын 30

Aw, this was a very good post. Taking a few minutes and actual effort to generate a very good article… but what can I say… I hesitate a lot and don2&8#17;t seem to get anything done.

Keiwan
2016 оны 5-р сарын 4

What a refreshing site!! My thanks to you and Dale for speaking to us, Jonalyn. By the way, my name’s Jon, and my eldest da#7;ter&u821ghs name is Lyn. God bless you both, true sister.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *